Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2020/01261

 

 

 

 

 

 

  2020         09            15                                       151/ШШ2020/01261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..........тоотод оршин суух ........ овогт Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. Эрүүл мэндийн төвд холбогдох,

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Лаборант Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлээр 3 сарын 20 хувиар бууруулсан цалингийн 569,652 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.Т, гэрч Д.Н, П.А, Я.О, Б.Г, хөндлөнгийн гэрч Д.С, А.Наранхүү, нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Б. С нь ......... Эрүүл мэндийн төвд 2012 оноос хойш нийт 8 жил лаборантаар ажиллаж байна. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байсан удаагүй. Гэтэл Эрүүл мэндийн төвийн дарга Н.Н нь 2020 оны 3 сарын 24-ний өдрийн Б/13 тоот тушаалаар 3 сарын цалинг 20 хувь бууруулан, ямарч үндэслэлгүйгээр, хууль бусаар арга хэмжээ авсанд гомдолтой байна. Учир нь:

1.Арга хэмжээ авсан хуулийн үндэслэлд холбогдох хуулийн заалтыг тусгаагүй, чухам ямар хууль дүрэм зөрчсөн нь тодорхойгүй

2.Хөдөлмөрийн дотоод журам болон надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд уг зөрчлийн талаар огт тусгагдаагүй.

3.Ямар ч нотлох баримтгүйгээр ноцтойгоор намайг гүтгэн, өөрийн хариуцлагагүй, мэдлэггүй ёс зүйгүй байдлаа хамгаалах зорилгоор энэ арга хэмжээг авлаа гэж би үзэж байна. Н.Н нь ажил авсан өдрөөс эхлэн намайг болон манай хамт олныг ажлын байран дээр байнга дарамтлан, өөрийн хууль бус

 

үйлдлүүдээ дэмжиж өөгшүүлэх, биелүүлэхийг байнга шаарддаг байсан.

...Тус тушаалд “2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ажлын байрны шалгалт хийхэд лаборант Бэхнээгийн Сарантуяа нь Эрүүл мэндийн төвийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн баримтуудыг ширээний шүүгээнд нуун далдалсан нь илэрсэн” гэжээ. Харамсалтай нь тухайн баримтын талаар би огт мэдээгүй бөгөөд хэрэв нуух байсан бол мэдээж ажлын өрөөнд ил нуухгүй байсан байх. Ажлын байран дахь гэнэтийн шалгалтыг ганц манай өрөөнд ямарч гэрчгүйгээр, танилцуулахгүйгээр, намайг байхгүйд хийсэн нь зориудын намайг гүтгэхээр зохион байгуулсан үйл ажиллагаа гэж үзэж байна. Уг тушаалд “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус Эрүүл мэндийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд тайлангийн аудит хийсэн боловч үнэн зөвийг нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар Төв аймаг дахь Төрийн аудитын газар нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан. Б. С нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, зөрчил гаргасан” гэсэн. ...2019 онд нягтлан бодох, болон няраваа халахдаа ажлыг хүлээлцүүлэн санхүүгийн бичиг баримтаа хүлээн авсан байх. 11 дүгээр сард нягтлан няраваа солихдоо байгууллагын санхүүгийн чухал бичиг баримтаа хүлээлцэж аваагүй 3 cap хүртэл үгүйлэхгүй байнаа гэдэг бол удирдлагын өөрийнх нь хариуцлагагүй асуудал гэж бодож байна. Энэ хариуцлагагүй байдлаа нуух, хариуцлагаас өөрөө мултрахын тулд надад арга хэмжээ авсан гэж бодож байна. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Б.С-д оногдуулж, цалинг 3 сараар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Үүнийг хүчингүй болгуулах, мөн цалингийн 3 сарын 20 хувьтай тэнцэх 569,652 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэ сахилгын шийтгэлийг  үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзэж байна. Б.С нь 2012 оноос хойш 8 жилийн турш тус байгууллагад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон ажлын алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Энэ байгууллагад ажиллаж мэргэшсэн лаборант байгаа юм. Өдий насны хүн, дээрээс нь жирийн нэг лаборант хүн тэр баримт бичгийг авах шаардлага байхгүй. Хэрвээ тэр баримт бичгийг нуух байсан бол шүүгээндээ нуухгүй шүү дээ. Гэтэл жилийн эцсийн тайланг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоод 01 дүгээр сарын 25-ны өдөр тайлангаа энэ байгууллага Аудитын газарт өгөх ёстой байсан. 3 дугаар сарын 06-ны өдөр шалгалт хийгээд олсон гэдэг. Тэр баримт бичгүүдийг энэ лаборант хүнд хэрэггүй байхад нуух ямар ч шаардлага байхгүй. Нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод жирийн нэгэн лаборантад үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт: энэ хүний цалин авах эрхийг зөрчиж байна. Хоёрдугаарт: энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхгүй юм. Учир нь нягтлан бодогчийн алдааг нэг лаборантын ширээнд хийчхээд үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Тэр гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь санхүүгийн баримтуудыг нуун дарагдуулсан, тайланг хоцроосон гэсэн үндэслэлээр л тушаал гаргасан байдаг. Тэр санхүүгийн баримтууд нь лаборант хүнд ямар ч хэрэггүй шүү дээ. Нягтлан бодогч нь өөрөө л тэр баримтуудаа хадгалж байх үүрэгтэй. Гэтэл лаборантын шүүгээнд хийчихсэн байгаа юм” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Б.С-д сахилгын шийтгэл ногдуулсан. Байгууллагуудын удирдлагуудын шуурхай 5 дахь өдөр болдог. Би шуурхайд суугаад ,,,,,,, сумын Засаг дарга Б.Г-с үүрэг авсан. 5S-ийн зарчмаар ажилчдынхаа ажлын байрны эмх цэгцийг шалга, шалгасныхаа дараа надад тайлагнаарай гэсэн. Би шалгалтыг өөрөө хийсэн. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үйлчлэгч нарын өрөө, угаалгын өрөө, гал тогоо, тэгээд лаборантын өрөөг шалгах явцад үүдэнд байдаг шүүгээний 2 шургуулгад юм байгаагүй. Доод талын шүүгээг онгойлгож үзэхэд наад талд нь тортой хувцас байсан. Тэр хувцсыг гаргаад ирсэн чинь цаанаас нь үдчихсэн баримтууд гараад ирсэн. Энэ ямар учиртай баримтууд вэ гэтэл 2019 оны жилийн эцсийн санхүүгийн 4 боть тайлан байсан. Тухайн үед нягтлан бодогч Б.Н халагдахдаа ажлаа хүлээлгэж өгөөгүй. Түлхүүрээ тухайн үед зүгээр өгчхөөд л яваад өгсөн. Санхүүгийн баримт гарч ирэнгүүт нь Г, А хоёрыг дуудаад, би утсаараа бичлэг хийсэн. Дээрээс Н, Б нарыг дуудсан. Н орж ирэнгүүтээ тэр баримтуудыг шууд булаасан. Тэгэнгүүт нь би баримтуудыг нягтлан бодогч Б-т өгсөн. Н нь Б-т 3 дугаар сарын 08-ны өдөр мөн 2019 оны 4 боть санхүүгийн тайлан өгсөн. Ингээд нийт 8 боть санхүүгийн баримт гарсан. Б ажлаа хийх гээд санхүүгийн тайланг хаана байгааг Н-аас асуухаар би өрөөндөө орхисон, эсхүл утсаа авахгүй, чи ажлаа хийж чадахгүй байна гээд хэл амаар доромжилдог байсан. Коронавирустэй холбоотойгоор энэ жилийн тайлан 3 дугаар сарын 16 хүртэл хойшилсон. Хорио тавигдаад Аудитын газарт очтол хугацаандаа гаргаагүй, мөн хагас жилийн тайлангаа дүгнүүлээгүй гээд улаан шугамтай бичиг өгөөд шууд татгалзсан. Тэгээд Б.С болон Ннар ,,,,, Эрүүл мэндийн төвийн санхүүгийн тайланг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Төв аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд өргөдөл гаргаж, 2020 оны 5 дугаар сарын дундуур Аудитын шалгалт манайд ирээд шалгалт хийхэд гадна болон дотор эмийн санд 15,000,000 төгрөгийн бараа дутсан. 15,000,000 төгрөг дутсан, өр байгаа гэдгийг мэдээд санхүүгийн баримтуудыг нуусан гэж үзэж байгаа. Мөн лаборант Б.С нь санхүүгийн баримтыг нуусантай холбоотойгоор нягтлан бодогч Батпүрэв нь ажлаас 2020 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн Б/14 тоот тушаалаар халагдсан. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 тоот тушаалаар санхүүгийн тайланг хоцроосон үндэслэлээр Төв аймгийн Засаг дарга намайг цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Мөн Б.С нь сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Мөнхтуяад хандсан. Таны гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхэд хандах маргаан байна гэсэн хариуг өгсөн байгаа юм. Энэ хүнээс болоод манай байгууллагын 2 хүн халагдаж, надад сахилгын шийтгэл ногдуулж байгууллагад хохирол учирсан. Манай байгууллагад 180 үзүүлэлтээр үздэг аппарат ирээд 4 жил болоход энэ хүн ажиллуулж чадаагүй. Зөвхөн тестээр л үздэг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн ажилдаа сайн байсан гэдгийг үгүйсгэж байна. Б.С-д оногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Б.С-г ямар ч хууль дүрэмгүйгээр халсан гэж байна. Өрөөнийх нь шүүгээнээс санхүүгийн баримтууд гарсан гэдгийг CD-нд хийх үзлэгээр, мөн гэрчийн мэдүүлгээр нотолно. Нутгийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Тэгэхээр хуульд үндэслээгүй гэж хэлж болохгүй юм. Тэр өрөөний хувьд хэн дуртай хүн ороод байдаггүй. Түлхүүрийг жижүүрийн өрөөнд орхидоггүй юм. Ариун өрөө байдаг шүү. Шалгалт хийх явцад тэр өрөөнөөс санхүүгийн баримтууд гарч ирж болохгүй юм. Сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг Иргэний хуулийн дагуу нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Нотлох баримтын хувьд гэрчийн мэдүүлэг болон CD-нд хийсэн үзлэгээр Б.С нь өөрөө тухайн өрөөнд байсан уу, тухайн байгууллагын ажилтнууд бүгд мэдэж байсан. Ганцхан Б.Сарантуяагийн өрөөнд шалгалтыг хийгээгүй. Мөн шалгалтыг Б.С-ийн өрөөнөөс эхлээгүй. Байгууллагын даргын эрх хэмжээний хүрээнд тэрхүү шалгалтыг хийсэн байдаг. Шалгалтаар тэр шүүгээнд наана нь палааж, цаанаас нь тэр санхүүгийн баримт гарч ирсэн байгаа юм. Шалгалт хийгээгүй бол тэр баримтууд гарч ирэхгүй байсан гэдэг нь нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна” гэв. 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Лаборант Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлээр 3 сарын 20 хувиар бууруулсан цалингийн 569,652 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч ,,,,, Эрүүл мэндийн төв нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг. ........ Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал Лаборант Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ажилтныг байгууллагын хөдөлмөрийн журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй. Сахилгын арга хэмжээ авч буй тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хууль зүйн актад тавигдах шаардлагыг хэлбэр, бүтэц, агуулгын хувьд хангасан байх учиртай.

,,,,,,,, Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар лаборант, ариутгагч Б.С-ийн гурав, дөрөв, тавдугаар сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ...Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг баримтлан, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлын байрны шалгалт хийхэд лаборант Б.С нь Эрүүл мэндийн төвийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн баримтуудыг ширээний шүүгээнд нуун далдалсан нь илэрсэн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус Эрүүл мэндийн төвийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн боловч үнэн зөвийг нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар Төв аймаг дахь Төрийн Аудитын газар нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэх үндэслэлийг заажээ. /хх-5/

,,,,,,,, Эрүүл мэндийн төв нь Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 онд шинэчилсэн гэж тайлбарлах боловч тус гэрээний хувийг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсарган ирүүлсэнд маргахгүй байна.

Тус хөдөлмөрийн гэрээгээр нэг талаас ,,,,,,,,, Эрүүл мэндийн төв, түүнийг төлөөлөн дарга Н.Н, нөгөө талаас Б.С нар харилцан тохиролцож, ажлын байр, албан тушаалыг “лаборант” гэж, хөдөлмөрийн нөхцөлийг “хэвийн бус, хортой нөхцөл”, ажлын цагийг “6 цаг” гэж, өөр ажил хавсран гүйцэтгэх “ариутгагч” гэж тохиролцож, хавсран гүйцэтгэсэн ариутгагчийн цалингийн 20 хувиар нэмэгдэл тооцон олгодог тухайд хэн аль тал нь маргахгүй байна.

Иймд Хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцсон ажлын байрыг “лоборант, ариутгагч”, ажлын цаг 6 /зургаа/ гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төсвийн тухай хуулийн 26.3-т нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана”, мөн зүйлийн 8.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна” гэж, Төсвийн тухай хуулийн 26.3-т “Улсын салбар, төсвийн бүртгэлд ашиглах нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ” гэж зааснаар тус Эрүүл мэндийн төвийн санхүүгийн тайланг гаргах, түүний үнэн зөвийг хариуцах үүрэг тус төвийн дарга, нягтлан бодогчийн үүрэгт хамаарч байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь санхүүгийн анхан шатны баримтыг бүртгэх, хөтлөх, хадгалах, хянах үүргийг нэхэмжлэгч Б.С нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээх талаар маргаагүй боловч, “санхүүгийн баримтуудыг ариутгалын өрөөнөөс хайх ёсгүй” гэж маргажээ.

Хариуцагч талын хүсэлтээр үзлэг хийлгэсэн 20200306Е121542, 20200306Е121937 нэртэй файлыг хадгалсан СиДи (CD) бичлэгт тус Эрүүл мэндийн төвийн санхүүгийн анхан шатны зарим баримт ариутгалын өрөөний шүүгээнээс гарсан болохыг нотолж, энэ тухайд нэхэмжлэгч тал маргаагүй хэдий ч тэр өрөөнд өөр хүмүүс ордог, түлхүүр жижүүрт байдаг, нэхэмжлэгчийг гэм буруутай болохыг тогтоогоогүй гэж тайлбарласан. /хх-42/

Шүүх хуралдаанаар санхүүгийн баримтуудыг олсон ариутгалын өрөөг Б.С хариуцдаг, тус өрөөнд нэхэмжлэгч, бусад жижүүрийн сувилагч, эмч нар орох эрхтэй, бохир багаж хэрэгслийг тавьж, ариутгасан багаж авдаг, өрөөний түлхүүрийг ажил тарахдаа үлдээдэг, түлхүүр хүлээлцсэн баримт хөтөлдөггүй болох нь гэрч нарын мэдүүлэг, зохигч талуудын тайлбараар тогтоогдлоо. 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Н нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчийн хувьд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд мөн боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон “тухайн санхүүгийн баримтыг ариутгалын өрөөнд нуун далдалсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, зөрчил гаргасан” гэх Б.С-ийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Дараах маргааныг шүүх шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 128.1.7-д “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол” гэж зааснаар Төв аймгийн *******ийн даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай “Лаборант Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Цалин хөлснөөс суутгасан 569,652 төгрөгийг гаргуулах тухайд

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...сахилгын шийтгэлээр бууруулсан 3 сарын 20 хувьд ногдох цалин 569,652 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сахилгын шийтгэлээр 3 сарын хугацаанд 569,652 төгрөгийг суутгасан гэж шаардах боловч хэд хэддүгээр сард суутгал тооцож, дутуу цалин хөлс авсан болохыг, хариуцагч тал тушаалын агуулгыг үндсэн цалингаас 20 хувь суутган тооцохоор гаргасан гэж тайлбарласан боловч мөн хэдэн сард цалин хөлсний ямар бүрэлдэхүүн хэсгээс хэдэн төгрөгийг суутган тооцсон тухайд няцаагаагүй бөгөөд хэн аль нь маргахгүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний баримтаас судлахад уг тушаалаар Б.С-ийн үндсэн цалингаас сар бүр 151,908 төгрөг, хавсран ажилласны нэмэгдлээс 30,381 төгрөг, удаан жилийн нэмэгдлээс 7,595 төгрөг, сард нийт 189,884  төгрөгөөр тооцон 2020 оны 4, 5 дугаар сард нийт 379,768 төгрөгийг суутгажээ. /хх-6,9/

Харин 2020 оны 3 эсвэл 6 дугаар сард суутган тооцсон эсэх, суутган тооцсон бол хэдэн төгрөгийг суутгасан болох нь нотлогдон тогтоогдохгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 189,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ....... Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай “Лаборант Б.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, 379,768 төгрөгийг ......... Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 189,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ..........Эрүүл мэндийн төвөөс 82,243 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХБҮРЭН