| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2020/00717/И |
| Дугаар | 151/ШШ2020/01092 |
| Огноо | 2020-08-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2020/01092
2020 08 06 151/ШШ2020/01092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сумын Мандал 01 баг, Агьт 7 гудамж 79 тоотод оршин суух Хуасай овгийн Баярсайханы Нандинцэцэг /СЭ78010526/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
2020 оны 01 сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлээр ногдуулсан 2 сарын 20 хувийн цалинг буцаан олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр нийт 13 жил ажилласан. Энэ хугацаанд мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Н.Н нь хууль бус арга хэмжээ авсанд гомдолтой байна. Уг тушаал нь Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод 9 дүгээр зүйлийн 9.1.2.7 дах заалтыг үндэслэсэн гэжээ. Гэтэл хөдөлмөрийн дотоод журмыг надад танилцуулаагүй, хамт олны хурлаар батлаагүй, өөрийн дураар дотоод журмыг өөрчилсөн байна. Мөн сахилгын арга хэмжээ авч байгаа тухай сонсгож танилцуулаагүй. Иймд 2 сарын цалингийн суутгал нийт 354020 төгрөгийг буцаан олгуулах хүсэлтэй байна. 1 дүгээр сарын цалингийн суутгал 166322, 3 дугаар сарын суутгал 187698 төгрөг байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Байгууллагын дарга Н.Н нь хөдөлмөрийн дотоод журмыг өөрчилсөн тухай надад танилцуулаагүй. Танилцуулсан гэх боловч энэ тухай нотлох баримтгүй байна. Өөрчилсөн дотоод журмаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн сахилгын зөрчлийг хэзээнээс эхэлж тооцож шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна. Шийтгэл ногдуулахаас өмнө надад мэдэгдэх үүрэгтэй байхад мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сануулаагүй байдаг.
2019 оны 09 сард хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан харин 11 сарын 29-нд дотоод журам баталсан гээд 2020 оны 01 сард арга хэмжээ авсан.
Хариуцагч тал хоцорсон цаг минутаар ярьж байна, ажлын цагаас хоцорсон талаар маргахгүй харин мэдэгдээгүй дотоод журмаар арга хэмжээ авсанд гомдолтой байна. Удирдлагын багийн үүрэг бол дотоод журмаа өөрчилсөн тухай мэдэгдэж, танилцуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
2019 оны 09 сарын хамт олны хуралд суусан, гэхдээ дотоод журам өөрчлөх тухай яригдаагүй. Эх барих эмчийн хувьд сум орон нутгийн иргэдийг байнга хүлээн авч үздэг, ажлын цагаас хоцорсон гэх боловч илүү ажилласан цагийг яагаад тооцохгүй байгаа юм.
2020 оны 01 сарын 07-ны өдөр ханиад хүрээд эмнэлэгт үзүүлсэн байдаг, 15-ны өдрийг санахгүй байна. Иймд танилцуулаагүй дотоод журмаар сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, 2 сарын цалингийн 20 хувь 354020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа...*******ийн даргын 2020.01.29-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1-2 Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2-7 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараалан хоцорч, ажил тасалсан тул цалингийн 20%-иар хоёр сарын хугацаагаар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Нт сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг байгууллагын дарга өөрт нь өгөх гээд өрөөнд нь ороход байхгүй байсан тул нэг өрөөнд цуг суудаг эх баригч бага эмч Ичинхорлоод Нандинцэцэг эмчид өгөөрэй гэж хэлээд орхиж энэ тушаалын биелэлт 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж Б.Нийн цалингаас суутгал хийгдсэн. Б.Нийн 1 сарын цалингаас суутгал хийгдсэн байхад нэхэмжлэгч өөрөө сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг мэдээгүй, танилцаагүй байх үндэслэл байхгүй. Иймд сахилгын арга хэмжээ авч байгаа тухай сонсгож, танилцуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэтэл анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн өргөдөл гаргахдаа дээрх тушаалыг гардсанаас хойш 3-н сар 25 хоногийн дараа гомдол гаргаж байгаа нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Б.Н нь байгууллагын даргыг үл хүндэтгэн ажилдаа байнга хоцорч ирдэг, мөн ажлаа байнга таслах сумын иргэдийн хурлын ажилд авдаг. Энэ үедээ ажиллаж цалин авч байгаа байгууллагын удирдлагаас чөлөө зөвшөөрөл авдаггүй. Батсүмбэр сумын ИТХ-ын дарга М.Бат-Эрдэнээс нэг тоот ирүүлээд өөрөө 3-н өдөр ирэхгүй алга болдог. Сумын иргэдийн хурал нь жил 2 удаа хуралддаг. Гэтэл сумын ИТХ-нь 2019.12.19-нд нэг л удаа хуралдсан байдаг. БНандинцэцэг нь 2019 оны 11 дүгээр сард хоцорч ирсэн 16 удаа, үдээс хойш цайндаа явж ирэхдээ хурууны хээг бүртгүүлж уншуулаагүй 10 удаа байна. 2020 оны 12 дугаар сард хоцорсон 8, үдээс өмнө хойш явж ирэхдээ хурууны хээг бүртгүүлээгүй 10 удаа байна. 2020 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэл хоцорч ирсэн 10 удаа, үдээс өмнө хойш явж ирэхдээ хурууны хээгээ бүртгүүлж уншуулаагүй 5 удаа. Огт ирээгүй 01 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш 16 цаг 11 минутанд ажилдаа ирсэн. 15-ны өдөр бүтэн тасалсан. Б.Н нь байгууллагаас цалин авч байж дээрх байдлаар ажилдаа ирдэггүй нь байгууллагын цагийн бүртгэл хурууны хээний бүртгэлүүдээс давхар харагдах болно. Байгууллагын дотоод журам нь 2015 оны дотоод журам үйлчилж байгаад 2019.11.29-ний едреес өөрчлөн мөрдөж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр Сахилгын арга хэмжээ авах заалт өөрчлөгдсөн юм шиг бичсэн байна. Гэтэл энэ заалт нь 2015 оны дотоод журамд байгаа өөрчлөгдөөгүй хэвээр орсон байгаа. Эдгээр дотоод журмуудад нэг сард 3 буюу түүнээс дээш удаа ажлаас хоцрох, сард 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 5 минутаас дээш хугацаагаар эзэнгүй орхисон тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авна гэж заасан заалтыг үндэслэн сахилгын арга хэмжээ авсан. Иймд Б.Нийг гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь 2019 оны 06 сард шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа орж, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулая, байгууллагын дотоод журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Ингээд 2019 оны 09 сарын 07-нд хамт олны хурал хийж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотоод журмыг өөрчлөх, бусад асуудлын талаар хэлэлцсэн.
Б.Нтэй 09 сарын 09-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Байгууллагын дотоод журам нь 2015 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш нэмэлт өөрчлөлт ороогүй. Дотоод журмаа өөрчилсөн нь ажилтаны сахилга хариуцлагыг сайжруулах, иргэдийг чирэгдүүлэхгүй шуурхай үйлчлэх зорилготой бөгөөд 09 сард хамт олны хурлаар хэлэлцсэн дотоод журмыг 11 сар хүртэл ажилтан бүрт танилцуулаад нэмэлт оруулах саналгүй гэснээр 11 сард баталсан юм.
2019 оны 11 сард баталсан дотоод журмыг бүх ажилтан танилцсанаар мөрдөж эхэлсэн. 2015 онд баталсан дотоод журам болон 2019 оны дотоод журмаар ажлын цагаас хоцрох ажил тасалсан тохиолдолд сахилгын арга хэмжээ авахаар заасан байдаг, энэ заалт угаасаа байсан.
Сахилгын арга хэмжээ авсан цаг хугацаа нь 2020 оны 01 сард гаргасан зөрчлийг хамруулсан тэрээр 1 дүгээр сард 10 удаа хоцорсон, 01 сарын 7, 15-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан байдаг. Иймд сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н хариуцагч *******д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 01 дүгээр сар, 3 дугаар сарын цалингаас суутгасан 354 020 төгрөг гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2019 оны 11 сарын 29-ний өдөр баталсан байгууллагын дотоод журмыг надад танилцуулаагүй, танилцуулаагүй журмаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгож, 354 020 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2019 оны 09 сарын 07-нд хамт олны хурлаар хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг шинэчлэн байгуулахаар хэлэлцсэн. Уг хуралд Б.Н өөрөө оролцсон, дотоод журмыг мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
*******ийн даргын 2020 оны 01 сарын 29-ний өдрийн Б/08 тоот тушаалаар
...Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2.7 дах заалтыг үндэслэн ...их эмч Б.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараа хоцорч, ажил тасалсан тул үндсэн цалинг 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсугай гэжээ.
Уг тушаалаар Б.Нийн 2020 оны цалин хөлснөөс 01 дүгээр сард 166322 төгрөг, 03 дугаар сард 187698 төгрөг суутгажээ.
Хариуцагч тал дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/08 тоот тушаалд Б.Нийн зөрчил гаргасан хугацааг тодорхойлоогүй боловч шүүх хуралдаан дээр 2020 оны 01 дүгээр сард ажлын цагаас 10 удаа хоцорсон, ажлын 2 өдөр тасалсан зөрчилд авсан арга хэмжээ гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сард ажлын цагаас хоцорсон мөн 07, 15-ны өдөр ажилдаа ирээгүй талаар маргаагүй харин танилцуулаагүй дотоод журмаар арга хэмжээ авсан гэж тайлбарлаж, хариуцагч дотоод журам хэлэлцсэн хуралд өөрөө оролцсон тул мэдсэн гэж маргаж байна.
Иймд байгууллагын дотоод журам танилцуулсан эсэх талаарх үйл баримтыг тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1...Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заажээ.
Хуульд зааснаар ажил олгогч Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв нь 2019 оны 11 сарын 29-ний өдөр А/25 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам баталсан байх бөгөөд ажилтан Б.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дах хэсэгт зааснаар ажлын цаг бүртгүүлэхийг мөн журам зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж үзнэ.
Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв нь хөдөлмөрийн дотоод журам батлах мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг 2019 оны 09 сарын 07-ны өдөр 14 ажилтаны бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд уг хурлын дараа буюу 2019 оны 09 сарын 09-ний өдөр ажил олгогч Эрүүл мэндийн төвийн дарга Н.Н ажилтан их эмч Б.Н нар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Улмаар Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар ...хөдөлмөрийн дотоод журмыг баталж ...дотоод журмыг нийт ажилтанд танилцуулахыг нарийн бичгийн даргад үүрэг болгож...Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 06 сарын 12-ны А/42 тоот тушаалыг хүчингүй болгосон байна.
Дээрх тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2.7-д ажилтан 1 сард 3 буюу түүнээс дээш удаа ажлаас хоцрох сард 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 5 минутаас дээш хугацаагаар эзэнгүй орхисон тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авна гэж заажээ.
Хариуцагч тал хэдийгээр журмыг танилцуулсан талаар бичгийн баримт үйлдээгүй боловч Б.Н нь уг дотоод журмыг мэдсэн байх боломжтой болох нь 2019 оны 09 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам батлах асуудлыг хэлэлцсэн хуралд Б.Н оролцсон талаарх хурлын тэмдэглэлээр,
Уг хурлаар хэлэлцсэн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 09 сарын 09-ний өдөр байгуулсан байдлаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны А/25 тоот тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй гэх тайлбартай холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Б.Нийн 2020 оны 01 дүгээр сард 10 удаа ажлын цагаас хоцорсон зөрчлүүд нь хэлбэрийн төдий байх бөгөөд уг зөрчлөөс хохирол учраагүй байна.
Харин 2020 оны 01 дүгээр сарын 07, 15-ны өдөр ажилдаа ирээгүй болох нь гараар бүртгэсэн цагийн бүртгэл мөн цахим бүртгэлээр тогтоогдож байх хэдий ч ажилтан тухайн ажлын 2 өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар нотлох баримтыг гаргаагүй байна.
Иймд 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2.7-д заасан зүйлээр ажилтанд авсан сахилгын арга хэмжээ үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар *******д холбогдох Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 сарын 29-ний өдрийн Б/08 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, 354 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН