| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн ““““““““дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ өөрийн эхнэр хохирогч Х.Цийг бусадтай хардсаны улмаас зодож, биед нь хамар, баруун дээд зовхи, доод зовхи, эрүү, зүүн бугалга, цээж, баруун бугалга, нуруу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний хөдөлгөөн бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ““““““““ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Цийг бусадтай хардаж улмаар сандлаар гар, гарын бугалга, цээж, дал хэсэг рүү цохиж, гурилын бөөрөнхийгөөр гэдэс рүү нухах, сүлжмэл суран ташуураар гуя руу нь ороолгох, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Х.Ц-ийн биед нь хамар, баруун дээд зовхи, доод зовхи, эрүү, зүүн бугалга, цээж, баруун бугалга, нуруу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Агийн өгсөн: “....Би үхэр хардаг. Бандитайгаа явж үхрээ харчхаад оройны 7 цаг өнгөрч байхад ирсэн. Хүү маань их өлссөн юм байгаа биз, ээж маань сайхан хоол хийсэн байхдаа гэхээр нь утастсан чинь хийгээгүй байсан. Тэгээд өөрөө 2 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд миний утсыг авч хага шидсэн. Би бичлэг хийсэн байна боль гэсэн чинь чиний бичлэг хийх ямар хамаатай юм. Би олонтой хүн гээд өөрөө намайг нүдээд унасан. Би уурлаад жаахан цохисон өөр юм байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Цийн өгсөн: “... 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орой 18 цаг өнгөрч байхад над руу манай нөхөр утсаараа залгаад байсан, би сургалтанд сууж байсан болохоор утсаа таслаад, би сургалтанд сууж байна гэж мессеж бичсэн чинь ийм сургалттай байна гэж ямар юм байдаг юм, ирж хоолоо хийхэд яадаг юм лалар минь, гичий минь мессеж бичээд байсан. Би сургалтаа тараад 19 цаг 50 минутын үед байх гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ эрүүл сууж байсан. Тэгснээ яасан орой ирдэг юм тэр нөхөр рүүгээ зайлаарай гээд намайг хардаад байсан. Би юм дуугараагүй. Манай нөхөр шингэн хийлгэж байсан болохоор би Нямжаргал багшийг дуудаж нөхрийнхөө шингэнийг нь хийлгэж байх зуур хоолыг нь хийж өгсөн. Дараа нь шингэн хийж дуусаад нөгөө шингэн хийж өгсөн багшийгаа гэр рүү нь хүргэж өгөх гээд гэрээс гараад явж байхад миний араас манай нөхөр залгаад машин авчирч өгөөд тэр чигтээ зайлаарай наадах чинь миний машин гэсэн. Тэгэхээр би одоо очлоо гэсэн чинь битгий ирээрэй, тэр чигээрээ тэр нөхөртэйгээ яваарай гээд байхаар нь би айгаад нөгөө багшаа хүргэж өгчхөөд гэрийнхээ гудамжны үзүүрт машин дотроо сууж байгаад унтахаар нь гэртээ оръё гээд шөнийн 12 цаг 30 минут болохоор нь би гэртээ ороход гэрийн хаалга цоожилсон байсан. Манай нөхөр босож ирж гэрийн хаалга онгойлгож өгчхөөд намайг хаагуур янхандаж яваад ирж байгаа юм, миний амар тайван байдлыг алдагдууллаа гээд байсан. Тэгээд нөхөр орныхоо урд том пиво тавьсан ууж байсан, би тэр пивийг нь асгасан чинь уурлаж босож ирээд миний нүүр рүү гараа атгаж цохисон тэгэх үед нь миний толгой их манарч толгой дүүрээд явсан тэгээд намайг есөн шидээр хэлээд, хэл амаар доромжлоод яасан их явалддаг юм, яасан их янханддаг юм гээд сандлаар намайг цохих гэхээр нь би гараараа хамгаалсан чинь миний гар, гарын бугалга, цээж, дал хэсэг рүү сандлаар нэлээн олон удаа цохисон, дараа нь гурилын бөөрөнхийгөөр чи яасан их том юм хүсдэг юм гээд гурилын бөөрөнхийний нэг талын үзүүрээр миний гэдэс рүү 2 удаа нухаж түлхээд байсан. Дараа нь сүлжмэл суран ташуураар яасан их юм хүсдэг янхан бэ алаад хаячихъя гээд миний 2 гуя руу 2 удаа ороолгосон тэр үед аймаар өвдөж байсан. Тэгээд би уйлаад газар хэвтэж байхад миний нүүр рүү нүцгэн хөлөөрөө өшиглөсөн тэгэхэд миний үүдэн дээд шүд хөдөлсөн. Дараа нь би нөхрөөсөө одоо намайг зодохоо болиоч ээ гэж хэлээд гуйж эхэлсэн. Тэгэх үед манай нөхөр намайг зодохоо больсон. Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бага зэрэг согтолттой ухаантай байсан. Манай нөхөр намайг урьд өмнө зодож байсан. Би нөхөртэйгээ 2010 оноос хойш хамт амьдарч байна. Энэ хугацаанд бид 2 дөрвөн хүү төрүүлж өсгөсөн манай том хүү 11 настай, дараагийнх 9 настай, дараагийнх нь 4 настай, хамгийн бага нь 2 настай хүүхдүүдтэй. Энэ хугацаанд би их олон удаа зодуулж доромжлуулж байсан бие сэтгэлийн хохирол их амсаж байсан. .. 2023 оны 01 дүгээр сард цагдаад өгч байсан, мөн 2022 онд мөн 2 удаа цагдаад өгч байсан санагдаж байна. Манай нөхөр намайг зодохдоо дандаа согтуу архи хэрэглэсэн үедээ намайг зоддог. Эрүүл үедээ бол намайг дандаа хэл амаар доромжлоод байдаг. Ер нь бол ихэнх тохиолдолд намайг хүн амьтантай хий хардаад байдаг. Хардалтаас болж их хэрүүл маргаан болдог. Би ямар ч байсан хардуулах зүйл огт хийж байгаагүй. .. Цэцэрлэгийн 2 хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй угаасаа хөдөө хадам аавын гэрт байдаг юм. Сургуулийн насны 2 хүүхдийг хөдөө хадам аавын гэр рүү 2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой манай нөхөр явуулсан байсан. Манай нөхөр Х.А нь хүмүүсийн дэргэд намайг зодохгүй, хэл амаар ч доромжлохгүй. Харин гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд бол намайг зодож цохиж, хэл амаар доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15,17 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа өгсөн: “...Х.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 350.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Ч.Нямжаргалын өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой А-ийн эхнэр Ц.ш над руу шингэн залгаад өгөх зав байна уу гэж чат бичихээр нь ирээд авбал зав байна аа миний машины дугуй хагарсан байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ц.ш намайг машинаараа ирж аваад би гэрт нь очиход нөхөр А.А нь байсан тэр хоёр хоорондоо муудалцсан бололтой эхнэр нь юм ярихаар нөхөр нь уурлангуу хариулаад байсан өөр нарийн ширийн зүйлийг нь би сайн мэдээгүй. Тэгээд шингэнээ хийж дуусаад би 22 цагийн үед гэр рүүгээ Ц.шаар хүргүүлээд гэртээ буусан. Ц.ш гэр рүүгээ явсан удалгүй Ц.ш гэртээ ирчихлээ баярлалаа, сайхан амраарай гэж чат бичихээр нь зүгээрээ сайхан амраарай гэж хариу хэлсэн. Маргааш өглөө нь Ц.ш ажилдаа ирээгүй нөхөр нь зодсон сураг гарч байсан “ямар сонин юм бэ өчигдөр орой хоёулаа эрүүл л байсан даа би очиж нөхөрт нь шингэн хийж өгсөн” гэж би нэг багшдаа ярьсан. Ц.ш нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, нөхөр нь А.А нь харин уугаад байдаг юм. Маргааш өглөө нь тийм зүйл боллоо гэж дуулаад Ц.ш юу болсон бэ яасан бэ гэж асуухад өчигдөр орой чамайг хүргэж өгчхөөд буцаад гэртээ орсон чинь хаанаас авсан юм мэдэхгүй манай нөхөр пиво уусан сууж байсан. Тэгээд л хэрүүл үүссэн юм шиг байна лээ. Би энэ хоёрын гэрт 3 удаа л очиж байсан. Тэгээд энэ хоёрыг хөндлөнгөөс харж байхад нөхөр А.А нь эхнэртэйгээ их ширүүн харьцдаг хэг ёг хийсэн яриатай тийм л залуу юм шиг надад санагдсан. Ажлыг нь тайван хийлгэдэггүй сургуулийн жижүүр залуутай хардаад байдаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Х.Цэндбалжирын өгсөн: “...Ц.шийг танина. Миний төрсөн эгч байгаа юм. Х.А нь манай хүргэн ах байна. Энэ хоёрын ахуй амьдрал нь дунд зэргийн амьдралтай. Манай эгч л ажил хийж амьдардаг, нөхөр А.А нь ажилгүй байж байгаад саяхнаас л сумандаа уурын зууханд ажилд орсон байсан. Хүргэн ах Х.А нь манай эгчийг ажил хийлгэхгүй хардаж дарамтлаад байдаг гэсэн манай эгч Х.Ц өнгөрсөн хавраас эхэлж нөхрийнхөө нутагт *********** суманд очиж амьдарч байгаа өмнө нь Мөрөн суманд амьдарч байсан. Мөрөн суманд амьдарч байхдаа нөхөр гэрийнхээ эд зүйл, эхнэрийнхээ эд зүйлийг зарна, мөн дэлгүүрт өр тавьж архи ууна тэр бүгдийг нь манай эгч цалингаа авахаараа өр зээлийг нь дардаг байсан. Тэгээд архи уухаараа эхнэр хүүхдээ айлгана, ална, тална гэж айлган сүрдүүлдэг байсан. 2022 оны намар эгчийнхээ өмнөөс 2 удаа дуудлага мэдээлэл цагдаад дуудлага өгч байсан. *********** суманд очоод манай эгчийг ажлаа тараад ирэхэд яасан янхныхаа газраас хүрээд ирэв үү гэж хэрүүл үүсгэдэг. Тэгээд сая 2023 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө *********** сумын төвд гэртээ зодсон байсан. Тосонд очоод бол саяны ингэж зодсоныг нь би мэдэх юм. 2022 оны намар 1 удаа, өвөл нь 1 удаа тус тус зодож байсныг нь би мэднэ. Харин үүнээс өмнө гэр бүл болсноосоо хойш манай эгчийг зодлоо барьлаа гэж дуулддаг л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай: “...Х.Цийн биед хамар, баруун дээд зовхи, доод зовхи, эрүү, зүүн бугалга, цээж, баруун бугалга, нуруу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн гэмтлүүд тогтоогдлоо. .. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Х.Цийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт, бусад баримт /хх-ийн 39-41 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Х.Цийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 9 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31/07 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 22-23 тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 58-63 тал/,
Хөвсгөл аймгийн *********** сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 56 тал/,
ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх-ийн 53-55 тал/,
Шүүгдэгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би хэрэг болдог өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед хүүгийн хамт тус сумын 4 дүгээр баг руу үхрээ бөөгнүүлэхээр яваад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Ирэх замдаа хүү маань өлссөн юм уу бид хоёрыг гэртээ очиход ээж маань хоол хийгээд байж байгаа байхдаа гэж ярихаар нь сумын төвийн ард явж байхдаа эхнэр Ц.ш руу утсаар залгаж хоол ундаа хийж байгаа юм уу хүү өлсөөд байх шиг байна гэсэн чинь би ажил дээрээ байна “...Юун хоол унд хийх чамд хоол хийж өгөх албатай юм уу, би өглөөнөөс хойш гэртээ хариагүй байна..” гэж хэлээд утсаа салгасан тэгээд гэртээ ирэхэд манай хүргэн ах хөдөөнөөс орж хүүхдүүдээ аваад буцааж гарах гэж байсан. Тэгсэн 2 хүүхдээ хөдөө явуулах юм уу гэхээр нь зөвшөөрч хоёр хүүхдээ хүргэн ахдаа өгч явуулсан. Тэгээд гэртээ галаа түлж хоол хийдэг юм уу гээд сууж байхад манай эхнэр гэртээ ирсэн тэгэхэд бид 2 утсаар ярьсан зүйл дээрээ маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр түр зуур хэрэлдэж гайгүй болоод би тэр үед шингэн хийлгэх байсан юм, тэгсэн эхнэр чи шингэнээ хийлгэх юм уу гэхээр нь би хийж өгөх хүн байгаа бол хийлгэмээр байна гэсэн чинь Нямжаргал гээд багштай утсаар яриад шингэн хийлгэхээр болж эхнэр гэрээс нь очиж авч надад шингэн залгаж өгсөн. Тэгээд миний шингэнийг хийж дуусчхаад надад шингэн хийж өгсөн Нямжаргалтай эхнэр тэр хоёр гараад явсан. Би тэгээд эхнэрийг хүлээж 01 цаг хүртэл байж байгаад ирэхгүй болохоор нь гэрийнхээ үүдийг түгжээд унтсан тэгсэн шөнө 03 цаг болж байхад гэрийн үүд хүн нүдээд унахаар нь би хэн бэ гэсэн чинь Ц.ш чи хэн бол хаалгаа онгойлгож өгдөг юм бэ гэх байдлаар хэрүүлийн чанартай зүйл ярьж орж ирсэн. Би орон дээрээ хэвтээд утсаараа бичлэг бичээд байж байхад хүрч ирээд би олонтой хүн гэх зэргээр дайрч давшилж намайг орон дотор хэвтэж өргөж авч шидэж газарт унагасан. Миний гар утсыг авч шидэж хагалсан. Би тухайн үед их уур хүрч Ц.шийг зодож эхэлсэн ийм л зүйл болсон. Би тухайн үед гэртээ унтаж байсан ямар нэгэн архи согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл байсан. Харин Ц.ш өөрөө их согтуу байсан. Би суран ташуураар мөрөн дээгүүр нь давуулж хэд хэдэн удаа ороолгосон, мөн гуя хэсэгт нь ороолгосон, мөн гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Бид хоёр хоёулаа л байсан өөр хэн нэгэн байгаагүй. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ 2010 онд батлуулж байсан. Хамт амьдраад 14 жил болж байна. Бид хоёрын дундаас 4 хүүхэд төрсөн. .. Хөвсгөл аймгийн *********** суманд гэртээ байгаа. Бид хоёр эвлэрсэн байгаа зүгээр гэртээ хамт амьдарч байгаа ямар нэгэн хэрүүл маргаангүй амьдарч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруу дээр маргаагүй. Мөн сая шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлага болон хохирол төлбөрийн тухайд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл хохирогчид байхгүй тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн нэхэмжилсэн 350,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн даатгалын санд оруулах саналтай байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.А нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Ц, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Ч.Нямжаргал, Х.Цэндбалжир, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт, бусад баримт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Х.Цийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31/07 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний маягт, Хөвсгөл аймгийн *********** сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад нь Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Цийг бусадтай хардаж бие эрх чөлөөнд нь халдаж, улмаар сандлаар гар, гарын бугалга, цээж, дал хэсэг рүү цохиж, гурилын бөөрөнхийгөөр гэдэс рүү нь нухах, сүлжмэл суран ташуураар гуя руу нь ороолгох, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Х.Цийн биед нь хамар, баруун дээд зовхи, доод зовхи, эрүү, зүүн бугалга, цээж, баруун бугалга, нуруу, зүүн гуя, баруун гуянд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Цийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Агийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.А-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Х.Цийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Х.Агийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Х.А нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Цийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Х.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хэрэгт: “ ..Одоогийн байдлаар албан ёсоор эвлэрсэн зүйл байхгүй гэхдээ бид хоёр хамт амьдарч байгаа санал байхгүй...” гэх мэдүүлэг, баримт /хх-ийн 17, 93 тал/ авагдсан, шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Аг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Х.Цид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 350.000 төгрөгийг шүүгдэгч Х.Агаас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Х.А нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 350.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Агаас 350.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Агийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “..Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж чанар учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзаж үзээд шүүгдэгчид торгох ял, зорчих эрх хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийх ял гэх гурван төрлийн ялаас гэмт хэрэг үйлдсэн шинж чанар хувийн байдлыг харгалзаад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь энэ хүний гэмт үйлдэл, учруулсан хохирол, хувийн байдалд нийцнэ гэж үзэж байна. Яагаад гэвэл түрүүн дурдагдсан гэр бүлийн хүчирхийллийг яг энэ асуудалтай адил төстэй үйлдлээр 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үйлдэж шүүх хуралдаанаар орж баривчлах шийтгэл авч байсан байна. Уг үйл баримт дээрээ дүгнэлт хийхгүйгээр энэ үйл явдал нь давтагдаж 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө эрүүгийн хуульд зааснаар хүний биед гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн байна. Энэ нь гэмт үйлдлийн шинж чанар хор уршгийг нь илтгэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогчийн биед маш олон тооны гэмтэл учирсан байна. Нийлбэр дүнгээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа ч гэсэн хүний бие махбодыг хэсэг хэсгээр нь аваад үзэх юм бол хамар, нүд, гарын бугалаг, цээж, нуруу, зүүн гуя, шүд гээд маш олон хэсгүүдэд гэмтэл учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан цээрлүүлэх гэсэн зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Би шүүгдэгчээс ажлын хувиар, цагийн хуваарийг асуусан нь нийтэд тустай ажил хийх ял биелэгдэх боломжтой эсэх дээр улсын яллагчийн зүгээс дүгнэлт хийсэн. 12 цаг гараад, 12 цаг амардаг, 12 цаг гараад, 24 цаг амардаг гэдэг бол нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 цагаас илүүгүй цагаар ажиллахад ялыг биелүүлээд явахад боломжтой гэж үзэж байна. Бид нар гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хуульд заасан арга хэмжээ авч эрүүгийн хуульд заасан цээрлүүлэх болон хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс таарсан ялыг оногдуулах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх саналыг гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Агийн өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Х.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т**ж овогт Х***н А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Х.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Х.А гаас 350.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Ц-д төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН