| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч Г.С
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагвын *********од холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********”баарны үүдэнд “бааранд оруулахгүй” гэх шалтгаанаар бусадтай маргалдаж улмаар Г.Сын нүүр рүү нь мөргөж уруулд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны гадаа Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг нүүр рүү нь мөргөж унагаан толгой руу нь өшиглөж, зодон биед нь уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уын өгсөн: “...Би бааранд найзуудаасаа түрүүлж ороод сууж байсан. Манай найз орж ирэхгүй удаад байхаар нь гарч очсон. Тэгтэл ********** баарны гадаа маргалдсан зогсож байсан. Би хүнийг дээл хувцастай байна. Оруулахгүй гэж хэлээгүй. Г.С манай найзтай нилээн чанга дуугаар маргалдаж байсан. Би хажуугаас нь очоод боль гэсэн. Тэгтэл Г.С над руу юм ярьсан. Тэгээд бид хоёр барилцаж авсан. Тэрнээс үндэсний дээлээ өмссөн хүн хаана, юу хийх нь надад огт хамаагүй. Би хүнийг гадуурхсан, оруулахгүй гэсэн тийм юм байхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сын өгсөн: “...12 дугаар сарын 29-ний өдөр н.Одондаваа, н.Эрдэнэдаваа, н.Одонхүү гээд манай ангийн залуучууд хөдөөнөөс орж ирсэн байсан. Эд нарын машин замдаа эвдрээд би машиных нь сэлбэгийг аваачиж өгсөн. Тэгээд машинаа янзлаад явж байсан. Маргааш нь н.Эрдэнэдаваагийн төрсөн өдөр байсан юм. Өнөө шөнөдөө буцаад явна. Хальт пиво ууя гэхээр нь би тэгье гээд бид нар ********** баар орсон. Баарны гадаа очоод би машин дотор хүнтэй утсаар ярьчхаад бууж ирэхэд ийм зүйл болсон байсан. Би буугаад та нар яагаад ингээд байгаа юм бэ, гэсэн чинь нөгөө хэд нь дайраад дээл хувцастай гэж яг ингэж хэлдгээрээ хэлсэн. Тэгээд оруулахгүй гэсэн. Манай найзууд хөдөө нуурт явж байгаад машин нь эвдэрсэн байсан. Машинаа янзлуулаад явахын хооронд ийм юм болсон. Машинаа янзлуулж байхдаа манай найзууд пиво уусан байсан юм байна лээ. Тухайн үед би бол эрүүл байсан. Тэгээд найзуудаа машиндаа суулгах гэхэд маргаан үүссэн. Бид хоёр цохилцоогүй. Больё гэхээр нь болих гэж байгаа юм болов уу, гэж бодоод эргээд харсан чинь мөргөж унагаасан. Тэр хугацаанд би хот руу явах ажилтай байсан. Шаврын машин түрээсэлдэг. Шаврын машинаараа барилга дээр дотор засал хийдэг байсан юм. Би нутгийнхаа шинэ жилд орох гээд ирсэн байсан. Тэгээд тийм зүйл болоод гэр орноосоо гарч чадахгүй, хот руу ч явж болохгүй болсон. Намайг энд зөндөө удаасан. Цагдаа нь амарсан байгаа 1 дүгээр сарын 4-ний өдөр ирнэ шүү гэж хойшлоод, дараа нь хот явна, хуяглан явна гэж хойшилсоор байгаад Б.Тэмүлин гэдэг байцаагчид хэргийг шилжүүлж байсан. Энэ хугацаанд би ажиллаж чадаагүй ажлын мөнгө, түрээсийн мөнгөө тооцож хэлсэн. Тэгэхэд би чамд 500,000 төгрөг өгье гэсэн. Тэрнээс хойш уулзаагүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Сын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз Эрдэнэдаваа, Одбаяр, Одонхүү нартай хамт оройны 20 цаг өнгөрч байхад ********** бааранд орох гээд явсан. Тэгээд баарны гадаа ирээд Эрдэнэдаваа, Одбаяр, Одонхүү нар түрүүлээд баар руу орох гэхэд манай сумын ********* гэдэг залуу бас *********той хамт явж байсан хэдэн хүмүүс манай нөгөө гурвыг дээлтэй явж байсан болохоор оруулахгүй гээд маргаан үүсгэж байгаад Одбаяр, Одонхүү хоёрыг онцгой байдлын газрын саарал хувцастай залуучууд хавирч унагахаар нь би очоод юу болж байна та нар юу юм бэ гээд маргаан үүсгэж байхад цаанаас ********* учир зүггүй орилж гарч ирээд Эрдэнэдаваа, Одбаяр хоёрыг дахиад хавирч газар унагаасан. Тэгээд ********* одоо болъё гээд намайг хүзүүдэж аваад баарны үүд хэсгээс гараад хажуугийн төмөр саадны тэнд аваачиж байгаад намайг шууд мөргөөд газар унагаж байгаад тархи толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед би машин бариулах гээд Эрдэнэдаваагийн дүүг дуудсан. Тэр залуу намайг *********од зодуулж байхьг харсан. Тэгээд тэр Эрдэнэдаваагийн дүү нь намайг *********оос салгаад аваад явсан. Ингээд намайг гэрт хүргэж өгсөн. .. Би *********ыг танина. Манай нутгийн залуу. Намайг дээрэлхэж болдог юм байна гэж бодоод л цохисон байх. Бас намайг нөгөө хэдийгээ өмөөрөөд *********ын найзуудтай маргалдсан болохоор цохисон байх. Би *********ын биед халдаагүй. ********* л намайг зодсон. Намайг зодсон газар нь ********** баарны яг урд харалдаа засмал зам дээр болсон. *********той уулзаад би ажлаа алдсан, уруул ам гэмтсэн байна, ажлаа алдсан хоногийн мөнгө гэж 1,200,000 төгрөг өгчихгүй юу гэхэд 500.000 төгрөг авахгүй юу гэж надад хэлж байсан. *********оос би чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж асуухад чи л манай найзууд руу томроод байсан биз дээ гэж хэлсэн. *********од зодуулж байхад Эрдэнэдаваа, Одбаяр, Одонхүү нар харж байсан. Эр хүн шиг уулзах юм болов уу гэхээр урдаас пээдийгээд байх юм байна лээ. Миний ажлын өчнөөн хоног алдагдсан, бас нүүрний гоо сайхан алдагдсан. Би нийт 10 гаран хоногийн ажлаа алдсан. Хувиараа эм, тариа авч хэрэглэсэн, эм тариа авсан гэх баримт байхгүй байна. Гомдолтой байна. *********оос би 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12,13-14 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...Г.С нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Ж.Одбаярын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-нд оройны 20 цагийн үед ********** баар руу найз С.р, Эрдэнэдаваа, Одонхүү нартай хамт орсон. Тухайн үед баарны гадаа машинтай ирээд би түрүүлээд баар руу орох гээд явж байхад үүдэн дээр нь манай сумын ********* гэдэг залуу 2-3 хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд ********* намайг харчихаад хаачих гэж байгаа юм гэхээр нь баар руу орох гэж байна дээлтэй болохоор оруулж болдоггүй юм уу гээд хэлсэн чинь ********* намайг нааш ир гээд дуудахаар нь яваад очсон чинь намайг шууд хавираад унагаасан. Газарт унаад босоод ирэхэд дахиад хавирч унагаасан. Ингэхээр нь би болъё ах гэж хэлсэн чинь ********* за тэгвэл больё больё гэж хэлээд яваад өгөхөөр нь би баар руу орох гэж байхдаа *********ын ардаас эргээд харсан чинь баар руу ордог төмөр хашааны хажууд С.р суусан хажууд нь ********* байж байсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь С.рын амнаас нь цус гарсан байхаар нь тэнд байсан хүмүүсээс С.рыг салгаад гэр рүү нь дагуулж орсон. Тухайн үед би С.р юу болсон юм хэн цохисон юм гэж асуухад ********* намайг цохичихлоо гэж надад хэлж байсан. Тэгээд би С.рыг гэрт нь оруулж өгсөн чинь эхнэр нь С.рын уруулыг оёулна гээд эмнэлэг дагуулаад явсан. Удаагүй С.р эхнэртэйгээ буцаж ирээд урууландаа 13 оёдол тавиулсан гэхээр нь би яваад өгсөн. .. Эрдэнэдаваа, Одонхүү хоёр намайг С.рт хавируулж байхад хажууд салгах гээд байж байсан. .. зүгээр л хоорондоо хэл амаараа боль барь л гэж ярьж байсан. ********* нь С.рын биед халдсан эсэхийг би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 тал/,
Гэрч Ж.Одонхүүгийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-нд оройны 20 цагийн үед шиг санагдаж байна. ********** баар руу найз С.р, Эрдэнэдаваа, Одбаяр нартай хамт орохоор болсон. Тэгээд баарны гадаа ирээд С.р, Эрдэнэдаваа, Одбаяр нар түрүүлээд баар руу орохоор явсан. Ардаас нь харж байхад энэ гурав баарны гадаа хэдэн залуучуудтай маргалдаад байгаа бололтой байхаар нь яваад очсон чинь ********* гэдэг залуу Одбаярыг хоёр, гурван удаа хавсарч газар унагаахаар нь би очоод одоо боль барь гэж хэлээд энэ хэдийг салгасан. Ингээд байж байхад *********ын хэдэн найзууд С.ртай маргалдаад байхаар нь би очоод бас боль барь гэж хэлээд байж байхад ********* нь хажуунаас орж ирээд С.рыг чи яасан том пизда вэ гэж хэлээд ам хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би шууд С.рыг *********оос салгаад Одбаяр, Эрдэнэдаваа нарыг дагуулаад С.рын гэр рүү очсон. .. Харин С.рын ам хэсэг рүү ********* мөргөсөн. .. Бид дөрөв *********той явсан хэдэн хүмүүстэй л маргалдсан. Тухайн үед Эрдэнэдаваа хамт байсан. Энийг харсан байх. Одбаяр харин тухайн үед бид нараас хол байсан болохоор хараагүй байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч М.Эрдэнэдаваагийн өгсөн: “..2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн суманд байх ********** нэртэй паб руу Одбаяр, Одонхүү, С.р нарын хамт орох гэтэл пабын гадна байсан залуучууд хэрүүл өдөөд оруулахгүй байсан. Тэгэхээр нь манай найз С.р наад паб руу чинь орж болдоггүй юм уу гэж хэлсэн чинь тэнд байсан нэг залуу манай найзыг цохиод авахаар нь бид нар боль гээд салгасан чинь тэнд байсан 5-6 залуучууд бид нарыг хавирч унагаагаад байсан. Бид нар тэд нартай хэрэлдэж маргалдаагүй зогсож байсан чинь ********* гэдэг залуу манай найз С.рыг мөргөж унагаагаад хэвтэж байхад нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь бид нар боль гээд салгасан чинь С.рын нүүр ам цус болчихсон ууруул нь сэтэрчихсэн байсан. Тэндээс С.рыг аваад бид нар гэр рүү нь явцгаасан. .. Тухайн үед ********* С.рын нүүр рүү мөргөсөн чинь С.р газар унаад өгсөн тэгтэл ********* хэд хэдэн удаа өшиглөсөн. С.рын биед *********оос өөр хүн гар хүрээгүй. *********, С.рын нүүр рүү мөргөөд унагасан тэгээд хэд хэдэн удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Т.Шаравдоржийн өгсөн: “...Тухайн өдөр Д.У бид хоёр оройны 20 цагийн үед Мөрөн сумын ********** нэртэй бааранд орсон. Бааранд ороод бид хоёр нэг нэг пиво уугаад хэсэг байж байгаад баарнаас гарах гэтэл баарны гадаа үүдэн дээр хэдэн залуучууд *********той зодоон хийх гээд байхаар нь би *********ыг тэр залуучуудаас салгаад аваад явсан. Тэгээд л бид хоёр гэр гэр рүүгээ явсан. Тиймээ согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан. Бид хоёр 2-3 лаазтай пиво уугаад тэгээд баар руу ороод бааранд нэг нэг пиво уугаад тэгээд гарсан. Өөр хүн яваагүй бид хоёр л хамт явж байсан.Би яг зодоон хийж байхыг нь бол хараагүй. Миний мэдэж байгаагаар баарнаас эхлээд ********* гарсан. Ардаас нь би тооцоогоо хийгээд гараад ирсэн чинь нэг залуу *********той барилцаад авсан зогсож байхаар нь би *********ыг тэр залуугаас салгаад л аваад явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор анзаарч хараагүй шууд *********ыг салгаад аваад явсан. Нээх удаагүй 2-3 минутын дараа л гарсан байх. .. Харин намайг тооцоо хийгээд гарж ирэх хооронд юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай: “...Г.Сын биед уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байх боломжтой. Г.Сын биед үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Хохирогч Г.Сын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж, гаргасан өргөдөл /хх-ийн 8 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31/022 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 16-17 тал/,
Шүүгдэгч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ********** нэртэй бааранд Шаравжамц гэдэг найзтайгаа хамт орсон. Тухайн үед би бааранд 20-30 минут байж байгаад баарнаас гараад ирсэн чинь Шаравжамцтай С.р маргалдсан зогсож байсан. Юунаас болж маргалдсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би тэр 2 дээр очоод Шаравжамцыг С.р салгаад байж байхад С.р над руу томроод бид хоёр барилцаж авсан. Ингээд байж байхад Шаравжамц бид хоёрыг салгаад тэгээд бид 2 яваад өгсөн. Би С.рын биед халдаагүй. С.ртай маргалдаж байхыг Шаравжамц харсан. Бүүр замын урд талд танихгүй хэдэн залуучууд хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч Д.У нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны үүдэнд бааранд оруулахгүй гэх шалтгаанаар бусадтай маргалдаж улмаар Г.Сын нүүр рүү нь мөргөж уруулд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Г.Сын өгсөн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын баримт, гэрч н.Одбаярын өгсөн мэдүүлэг, гэрч н.Одонхүүгийн өгсөн мэдүүлэг, гэрч н.Эрдэнэдаваагийн өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 64 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Дээрх гэмт хэргийг Д.У нь санаатайгаар буюу гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.У нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.С, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Ж.Одбаяр, Ж.Одонхүү, М.Эрдэнэдаваа, Т.Шаравдорж нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Сын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31/022 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны гадаах засмал зам дээр Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр рүү нь мөргөж унагаан толгой руу нь өшиглөж, зодон биед нь уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Сын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Уын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Уын хохирогч Г.Сын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.У нь хохирогч Г.Сын нүүр рүү нь мөргөж унагаан өшиглөж хохирогчийн биед уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Уын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Уын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Г.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.200.000 төгрөг нэхэмжилж байх боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Д.Уоос хохирогч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120.000 төгрөгийг шүүгдэгч Д.Уоос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.У нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Уоос 120.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Уын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уын өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.У-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Д.У нь хувийн байдлын хувьд, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтнээр ажилладаг, тогтмол орлоготой зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Уод тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б***** овогт Дагвын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дагвын *********ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уод оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Уоос 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, шүүгдэгч Д.Уоос хохирогч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Уод оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН