Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч Х.Б,

Гэрч М.Сүхбаатар /онлайн/,

Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь үргэлжилсэн үйлдлээр  2022 оны 09 дүгээр сарын 10- наас 20-ны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Улаан гэх газраас хохирогч Х.Бы 1 тооны морийг хулгайлж,  1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг Хуслуурт гэх газраас хохирогч Б.Б-ын 1 тооны улаан алаг охин бярууг 2023 оны 03 дугаар сард хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 15-ны орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Бын хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 тооны бод мал буюу олон тооны малыг хулгайлж, 3 хохирогчид 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.С нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг “Хуслуурт" гэх газраас 2023 оны 03 дугаар сард  хохирогч Б.Б-ын улаан алаг, эм тамгагүй, охин бярууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.Сгийн өгсөн: “...Х.Б ахын алаг гүү надаас авсан гүү. Азарга нь бас манайхаас авсан байсан. Манай тэнд байдаг байсан. Би өөрийнхөө сартай хүрэн азаргатай адуунаас алаг гүү зарсан. Тэрийг Х.Б ахын алаг гүү  гэж бодоод М.Сүхээ ах тэгж хэлэхээр нь Х.Б ах цагдаад хандсан байсан. Ц.Бын хээр байц гэдэг нь болохоор н.Элбэгзаяа гэдэг хүн гурван жижиг байдас хүн авахгүй байна. Зараад өгөөч гэхээр нь би таньдаг ченж н.Наранбаатар гэдэг хүнд ярьж өгөөд зарсан. Гарал үүслийн өөрөөсөө бичиж өгөөд явуулсан. Би тэрнээс мөнгө төгрөг аваагүй. Хүүхдийн сургалтын төлбөр гээд байхаар нь зараад өгсөн.  Дараа нь намайг зарсан болгоод ярьж байна лээ. Бяруу дээр би хүлээн зөвшөөрч байгаа. Манай үхэрт байдаг байсан бяруу 2 дугаар сарын эхээр алга болоод 5 дугаар сард би олсон. Сумын төв дээр явж байхад нь таараад тэгээд нэг хүнд мөнгө өгөх байж байгаад тэрнийхээ оронд тэр бярууг өгсөн. Би ирж ав гэхээр авдаггүй байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Б өгсөн: “..Би 2023 оны 03 дугаар сарын сүүлээр  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 баг Хуслуурт гэх газраас өөрийн улаан алаг эм бярууг алдсан юм. Тухайн үед үхчихсэн байх гэж бодож байтал манай сумын 2 дугаар багийн малчин Хонин хүү гэж айлын малд байгааг мэдээд гомдол гаргаж байна. Хонин хүү гэж хүнээс манай бяруу яагаад танай малд явдаг билээ гэж   асуутал манай хүү Уусгаа хүнээс худалдаж авсан гээд өгөхгүй байсан. Тэгээд сумын цагдаад мэдэгдсэн. Би өөрийн бяруугаа 500.000 төгрөгөөр үнэлж байна.  Би Хонинхүү гэж хүнийг сэжиглэж байна. Би хохиролоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, (1хх-ийн 58-59 тал),

Иргэний нэхэмжлэгч Н.Цолмонгийн өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, Тонсонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Гэндэнсүрэнгийн С*** гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүнээс 2 тооны бяруу худалдаж авсан юм. Энэ 2 бяруу нь 2-уулаа охин, улаан алаг зүсмийн бяруу байсан. Би 1 бярууг нь 350000 төгрөгөөр бодож нийт 700000 төгрөгөөр авсан. Би сумын төвд тэжээж байгаад 2023 оны 06 дугаар сарын эхээр хөдөө аваачиж өөрийн малтайгаа нийлүүлж маллаж байтал нэг алаг бярууг нь Бямбасүрэн гуайн хүүхэд Б.а гэдэг залуу С***гаас авсан 1 бярууг нь манай алдсан бяруу байна гэж манай ахынд хэлчхээд явсан байсан. Уг бярууг нь одоо манай үхэрт зүсээрээ байгаа Би С***тай зун сумын төвд таараад чамаас авсан 2 бярууны нэгийг нь Б.а манай алдсан бяруу гэж манай ахад хэлсэн байна лээ гэж хэлтэл бяруугаа андуураад байгаа юм байлгүй, манай бяруу гэж хэлж байсан. 2-уулаа улаан алаг зүстэй, 2-уулаа охин бяруу байсан. Нэг бяруу нь нэг чихэндээ хуучин имтэй байсан. Дараа нь манай дүү нөгөө бярууг нь имтэй бяруутай нь адилхан им хийсэн байсан. Би яг ямар имтэй байсныг нь ажиглаагүй. Би хавар цөөхөн хэдэн бяруу, шүдлэн худалдаж авна гэж нутгийн хүмүүст амаар хэлж амаар зарласан байсан юм. Тэрийг С*** сонсоод 2 бяруу өөрөө авчраад манай хашаанд хашсан байсан. Тэгээд би 200.000 төгрөгийг нь  бэлнээр өгөөд 500000 төгрөгийг нь дансанд нь шилжүүлж өгсөн.  Б.а надаас 1 бяруугаа авчихвал би С***гаас 1 бярууны мөнгө болох 350.000 төгрөгийг нэхэмжилнэ. Урьд нь наймаа хийж байгаагүй. Би С***гаас энэ 2 бярууг худалдаж авсан.  Өөр хүнээс үхэр мал аваагүй. ..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 62-63 тал),

Гэрч Н.Даваасүрэнгийн өгсөн: “.. 2023 оны 03 сард Цолмон ахаас утас худалдаж аваад оронд нь бяруу өгнө гэж хоорондоо тохиролцсон. Тэгсэн Цолмон ах бяруугаа авахгүй байж байгаад манай үхэр зуслан гарсан хойноо бяруугаа авъя гээд 6 сарын дундуур утсаар Цолмон ах хэлсэн Тэгэхээр нь С*** буюу С.агийнх зусландаа гараагүй өвөлжөөндөө байхаар нь С*** буюу С.а руу утсаар залгаад Цолмон ахад бяруу өгөх гэсэн юм чи надад нэг бяруу өгч байгаач би чамд буцаагаад бярууг өгнө мал зуслан гарсан байна гэж ярихад С*** буюу С.а Цолмон ахыг явуулчих гэж хэлсэн. Цолмон ах дараа нь очиж авсан байсан.  ... би мэдэхгүй байна тухайн бярууны зүсийг ч хараагүй ...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 138-139,  тал),

             Гэрч Б.Отгонбаярын өгсөн: “...Би Б.а гэж хүнийг танина манай төрсөн ах байгаа юм. 2023 оны 08 дугаар сард манай ээж Д.Амаржаргал 2023 оны 03 сард манай алдсан бяруу айлд зарагдсан байна гэж надад хэлж байсан. .. Манай ээж Д.Амаржаргал, Б.Б.а мэдэж байгаа. Надад тухайн үед охин алаг бяруу гэж хэлж байсан. Манай төрсөн ээж Д.Амаржаргал хэлж ярьж байсан...гэх мэдүүлэг (1 хх-ийн 66 тал ),

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (1 хх-ийн 46 тал),

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан:  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 49-52 тал),

2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан:  “...1 дугаарын үхэр миний алдсан үхэр мөн байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 53-55 тал),

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/7973 дугаартай шинжээчийн “...монгол бяруу...” 500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1хх-ийн 73-75 тал),

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард Б.а ахын улаан алаг охин бяруу нь эхтэйгээ хамт манай үхэрт нийлсэн явж байсан юм. Б.а ах манай гэрийн дээх нь талд байдаг. Б.Б-ын ахын үхэр нь угаасаа манай гадуур бэлчдэг юм. Ингээд манай үхэртэй нийлээд байж байгаад 2023 оны 03 дугаар сарын 20-ны хавьцаа байх нөгөө улаан алаг охин бяруу ганцаараа алга болсон байсан. Тэгээд би тухайн үедээ Б.Б-ын ээж Амраа эгчид бяруу чинь алга болсон байна гэж хэлээд хамт хайлцаж байсан. Ингээд бүүр олдохгүй байж байгаад би 2023 оны 05 дугаар сард Тосонцэнгэл сумын хойно байдаг  “Улаан үзүүр” гэх газраас үхрээ туугаад явж байсан чинь нөгөө улаан алаг охин бяруу жалганд тамир нь нэлээн муудсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би нэгэнт сумын төвийн ойролцоо явж байгаа юм байна гэж бодоод Цолмон гэдэг ахад өрөндөө өгсөн. Цолмон ах цааш нь зарсан үгүйг нь би мэдэхгүй байна. Өрөндөө өгч байгаа бяруу шүү гэж хэлээд өгсөн. Б.а ахын бяруу гэж хэлээгүй. Тухайн үед бяруу  олдсон талаар  би хэлээгүй. Харин Цолмон ахад бяруу зарсан гэдгээ би цагдаад баригдаад Б.а ахад хэлсэн. Тиймээ би зөндөө хэлсэн. Тэгсэн чинь авнаа гэж хэлдэг байсан. Манай гэр тусдаа худагтай байдаг юм. Тэгээд тэдний үхэр нь манай гэрийн гаднаас ус, өвсөө иддэг юм. Цолмон ахад өртэй байсан тэгээд тэр өрөө дарах гээд тэр бярууг өгсөн.  Б.ад хохирол одоогоор өгөөгүй байгаа. Тэгэхдээ би гомдол саналгүй болгоно...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 83 тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Харин Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Сг, 2022 оны 09 дүгээр сарын 10-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Улаан гэх газраас хохирогч Х.Бы 1 тооны морийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 07 дугаар сарын 15-ны орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Бын хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бы өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сард адуугаа алдсан. н.Баяраагийн тийшээ адуу яваад очсон байсан. Эднийхээс гаралтай адуун. 10 аад хоног байж байгаад авах гээд очиход алаг гүү байхгүй болсон байсан.   Хүмүүст захиад, хайгаад байсан. Сураг гарахгүй байсан. 2023 оны намар М.Сүхээ дүү алаг гүүг чинь хээр гүүтэй Г.С ачаад явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Сүхбаатарын өгсөн: “Би Х.Б гэдэг хүнтэй адуучин тэмцээн дээр таарсан. Би халамцуу, Х.Б бас халамцуу байсан. Тэгээд Х.Б ийм ийм гүү алдсан олохгүй  байна. н.Гэндээ ахын тэнд байгаад байсан юм. Би бодохдоо Г.Сг авчихвуу гэж бодоод байна гэсэн юм асуусан. Тэгвэл тэгсэн юм байгаа биз дээ.  Мэдсэн барьсан юм байхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэн. Намайг машинаар ачаад явсан гэж яриад байх юм. Машинаар ачаад явж байхыг нь харсан зүйл надад байхгүй .. Авсан гэж бодож байгаа бол авчихсан юм байгаа биз гэж хэлсэн. Би ачаад явсан гэж хэлээгүй. Би мэдэхгүй. Үзэж хараагүй. Дараа нь над дээр бас нэг ирсэн. Ирээд тиймэрхүү юм асуугаад байсан. Тухайн үедээ юу ярснаа мэдэхгүй. Хоёуланд нь согтуу таарч байсан. Тэрнээс хойш ярьж хөрөөгүй. .. Халамцуу байж байгаад буруу ойлголцсон байх гэж бодоод байгаа. Тулж уулзсан зүйл байхгүй. .. Яг яваад засмал руу орж байсан гээд байгаа нь бүүр худлаа. .. Адуучин тэмцээн дээр таараад ах нь алаг гүүгээ алдчихаад байгаа юм н.Гэндээ ахын тэрүүгээр манай адуу байгаад байгаа би бодохдоо н.С.г авчхав уу гэж бодоод байгаа гэсэн. Тэгээд би нарийн юмыг нь мэдэхгүй. Ачаад явсан гэж хэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сгийн өгсөн: “..Х.Б ахын алаг гүү надаас авсан гүү. Азарга нь бас манайхаас авсан байсан. Манай тэнд байдаг байсан. Би өөрийнхөө сартай хүрэн азаргатай адуунаас алаг гүү зарсан. Тэрийг Х.Б ахын алаг гүү гэж бодоод М.Сүхээ ах тэгж хэлэхээр нь Х.Б ах цагдаад хандсан байсан. Ц.Бын хээр байц гэдэг нь болохоор н.Элбэгзаяа гэдэг хүн гурван жижиг байдас хүн авахгүй байна. Зараад өгөөч гэхээр нь би таньдаг ченж н.Наранбаатар гэдэг хүнд ярьж өгөөд зарсан. Гарал үүслийн өөрөөсөө бичиж өгөөд явуулсан. Би тэрнээс мөнгө төгрөг аваагүй. Хүүхдийн сургалтын төлбөр гээд байхаар нь зараад өгсөн.  Дараа нь намайг зарсан болгоод ярьж байна лээ.. ” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Бы өгсөн:  “..Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл 4 дүгээр багт 2022 оны 09 дүгээр 10-наас 20-ны хооронд Баян-Улаан гэх газраас өөрийн  адуугаа авахад 4 шийр алаг хээр алаг гүү адуунаас алга болсон байсан. Тэгээд тэр  хавиар хүнээс сураглаж хайсан боловч олдоогүй. Тэгээд 2023 оны 09 дүгээр сард  Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байдаг Сүхээ буюу Сүхбаатар гэх залуу танай алаг  гүүг С*** гэж дууддаг залуу машинаар ачаад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм..  миний алдсан адуу  4 хөл шийр цагаан  хээр алаг гүү хоёр талдаа аз гэсэн тамгатай зөв талын гуян дээрээ 7 тоо  тамгатай адуу байсан.. Манай нутгийнхан ихэвчлэн С*** гэж дууддаг, харин нэрийг нь Г.С гэх залуу байгаа.. 2023 оны 09 дүгээр сард алдсан адууг С*** гэх залуу портер дээр  ачаад явсан талаар манай нутгийн залуу болох Сүхээ буюу Сүхбаатар надад хэлж байсан.  ... Тухайн  эзэн холбогдогчийн олж миний хохирлыг барагдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 13-14 тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Сүхбаатарын өгсөн: “...2022 оны зун байсан санагдаж байна. Манай сумын Тахилт  гэх газарт  адуучин  тэмцээн  болж байх  үеэр Б.Б-уун ахтай  таарсан юм. Тухайн үед  Б.Б-уун ах манай алаг гүү алга болчихсон Гэндэн ахын гадаа байсан тэндээс л алга болчихлоо гэж ярьж байхдаа С*** авчихсан юм шиг байна лээ гэхээр нь би тэгвэл авчихсан юм байгаа биз гэж хэлээд өнгсөрсөн. Тэгэхээс би яг алаг гүүг нь ачиж байхыг харсан зүйл байхгүй. Бид хоёрын дунд тийм яриа болоод л өнгөрсөн юм. Би Б.Б-уун ахын алаг гүүг урьд өмнө харж байгаагүй хээр алаг гүү байдаг л гэсэн...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 6-7,10-11 тал) ,

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 7 тал), 

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-023/7971 дугаартай шинжээчийн “...хээр алаг гүү...” 1,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1хх-ийн 20-23 тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б өгсөн: “ 2023 оны 07 дугаар сарын 15-ны үед бэлчээрт адуундаа байж байгаад алга болсон юм. Тэрнээс хойш олдохгүй байж байгаад Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэд гэдэг газар хүнд зарагдсан байхыг мэдээд нөгөө хүнээс очиж авах гэтэл тэр айлын эзэн надад хүн зарсан гээд хэрвээ авахаар болвол зарсан хүнтэй уулзаад аваарай гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Хээр зүсмийн 3 настай байдас цагаан үсгэн тамгаар тамгалсан юм. Нэг хүн зарсан гэж хэлсэн яг нэрийг нь бол хэлээгүй ээ. хулгайд алдсан 1 тооны хээр байдасаа 1.000.000  төгрөгөөр үнэлж байна.  2023 оны 07 дугаар сарын 15-ны үед манай адуу Улиастай гэх газар байсан. Тэгээд би адуугаа  2023 оны 08 дугаар сарын 25-ны үед Улиастай гэх газар очиж бүртгэхэд бор хээр зүстэй зоосон тамгатай байдас алга болсон байсан. Би хадлан дээрээ байхад манай сумын Цоолоо гэдэг ах хадлан дээр ирэхээр нь хээр зүстэй зоосон тамгатай шүдлэн байдас харагдаагүй биз гэж асуухад Цоолоо ах надад Түнэл сумын Баян эрхэт  гэдэг газар чиний алдсан байдастай адилхан байдас байна. Чи очиж үзээч гэхээр нь би  Түнэл сумын иргэн Цогтоо байхаа нэрийг нь сайн мэдэхгүй нэг айлд очоод  үзэхэд миний алдсан адуу мөн байсан тэгээд учрыг нь асуухад цагдаа ирээд үзээд явсан авахаар  бол цагдаатай ирж аваарай гэж надад хэлж байсан..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 116-117, 124 тал),

Гэрч Ц.Элбэгзаяагийн өгсөн: “...Анх 2023 оны 08 дугаар сарын дундуур шиг санагдаж байна манай хүүхэд оюутан болох гээд Улаанбаатар хот руу явах гэж байсан үеэр би хүүхдээ хот руу мөнгөтэй явуулах гээд өөрийнхөө адуунаас хээр зүсмийн соёолон гүү, саарал зүсмийн хязаалан байдас, дахиад хээр зүсмийн хязаалан байдас зарахаар болоод Эрдэнэтээс мал авдаг гэсэн нэг явуулын хүнд үзүүлэхэд жижиг биетэй морьд байна гэж хэлээд голоод яваад өгсөн. Ингээд байж байхад над руу С.а залгаад адууны хашаа барилцаад өгөөч манай зуслан дээр гэж хэлэхээр нь манайхаас нэлээн зайтай очиж чадахгүй, хүүхэд хот руу явах гээд мөнгөний хэрэг гараад байна адуу тушаах гэсэн юм гэхэд би таньдаг ченжтэй утсаар ярих уу гэж надад хэлэхээр нь тэгээч тэгвэл сайн байна гэж хэлсэн. Ингэж С.атай утсаар ярьж дуусаад би дараа нь нөгөө зарах гэж байсан гурван зүсмийн адуугаа С.агийн Тосонцэнгэл сумын төвөөс хойно 6 км зайтай байдаг өвөлжөөн дээр нь аваачиж хашаад буцаад гэртээ ирсэн. Ингээд энэ өдрийн маргааш нь С.а над руу залгаад би нөгөө ченжээ Мөрөнгөөс дуудсан шүү би өөрөө адуугаа өвөлжөө рүүгээ туугаад явж байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад С.агийн өвөлжөө рүү явж байхад Мундаг гэж дууддаг Даваасүрэнтэй таарсан. .. өвөлжөөн дээр нь очиход С.а өөрөө адуугаа туугаад ирсэн байсан. Надтай хамт бараг зэрэгцээд нөгөө С.агийн дуудсан ченж нь ирж байсан. Тэр ченжийг нь Баатар гэж дууддаг хүн байсан. Тухайн үед баатар ганцаараа явж байсан. Тэгээд Баатар миний зарах гэж байсан 3 зүсмийн адууг үзээд хээр зүсмйн соёолон гүү 750,000 төгрөгт, саарал зүсмийн хязаалан байдсыг 650,000 төгрөгт бодож авсан. Харин хээр зүсмийн хязаалан байдсыг бие жижиг байна гээд голоод аваагүй. Тэгэхээр нь таньдаг юм байна мөнгийг нь өгчихнө гэж бодоод С.агийн адуун дотор байсан Б.тын зүүн гуян дээрээ зоосон тамгатай шүдлэн байдсыг нь дур мэдээд тэр Баатар гэдэг хүнд 700,000 төгрөгт зарсан. .. 2023 оны 10 дугаар сард би Б.тод нөгөө зарсан адууны оронд нь хээр зүсмийн байдас өгөх гэсэн чинь бие жижиг байна гээд авахгүй байхаар нь оронд нь 1,000,000 төгрөг Б.тод өгч байсан. Тиймээ мэдэж байсан. Надад тухайн үед С.а хэлэхдээ тэр шүдлэн байдсыг Б.тод зарж байсан гэж хэлж байсан. Намайг Баатарт нэг адуугаа зарж чадахгүй байхад С.а гайгүй адуу зарчих нутгийн хүн гайгүй байлгүй дээ гэж хэлж байсан. .. тухайн үед Б.т сумандаа байхгүй ажилд явсан байсан шиг санагдаж байна. Сүүлд цагдаа сэргийлэх гээд асуудал болохоор нь би Б.тод өөрөө очиж болсон үйл явдлын талаар хэлэхэд төлөөд өгчихгүй юу гэж надад хэлж байсан. Бас Б.т надад С.ад би өргөдөл өгсөн байгаа миний адууг зарсан байна лээ гэж хэлж байсан. .. би нэг сая төгрөгийг 2023 оны 10 сарын сүүлээр Б.тод өгсөн байгаа. Уг мөнгө нь ямар учиртай мөнгө юм бэ гэхээр тухайн үед би С.агийн өвөлжөөн дээр өөрийнхөө 3 зүсмийн адууг ченж Баатарт зарах гэтэл хоёр адууг маань аваад нэг адууг маань жижиг биетэй гээд голоод аваагүй. Тэгсэн чинь С.а хээр халтар зүсмийн байдас адууг заагаад энэ адууг зарчих өмнө нь энэ адууг би Б.тод зарж байсан юм та гологдсон адууныхаа оронд зарчихгүй юу дараа нь Б.ттой та учраа олчих гэж надад хэлэхээр нь би тэр адууг зарсан. Тэгээд дараа нь Б.тын адууны мөнгө болох 1.000.000 сая төгрөгийг өгсөн. С.а надад анх гологдсон адууныхаа оронд Б.тын байдасыг зарчих гэхээр нь л би Б.ттой учраа олчих байх гэж бодоод зарсан. .. Уг нь би зарсан даруйдаа хэлье гэсэн боловч Б.т өөрөө Тосонцэнгэл суманд байхгүй ийш тийшээ ажилдаа явсан байсан. Тэгээд дараа нь буюу 2023 оны 10 сард Б.ттой Тосонцэнгэл суманд таараад чиний адууг би зарсан шүү гэж хэлсэн чинь С.аг би цагдаад өгсөн байгаа гэж надад хэлсэн. Анх би Б.тод адууг нь зарсан гэдгээ 2023 оны 10 сард хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 249-250, 2 хх-ийн 19-20 тал),

Гэрч  А.Наранбаатарын өгсөн: “....2023 оны 08 дугаар сарын эхээр Тосонцэнгэл сумын иргэн С*** буюу С.а руу утсаар залгаад 3 тооны адуу байна та ирж үзээд аваач гэж ярьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд С*** буюу С.агийн өвөлжөөний хашаанд 2 шарга азаргатай адуу хашсан байсан.  С*** буюу С.атай, Мундаг буюу /Н.Даваасүрэн/, Заяа гэх 2 хүн хамт хашсан байсан. Би хашсан байсан адуунуудыг очиж үзэхэд дугуй цагаан тамгатай хээр байдас,  тамга байхгүй улаан хээр байдас, чих цуурхай дэлтэй саарал байдаснуудыг, би 2 хээр байдсыг нь 1.400.000 мянган төгрөгөөр, саарал байдсыг нь 550.000 мянган төгрөгөөр худалдаж аваад ачаад Мөрөн сум руу орж ирээд адуундаа тавьсан. З хоногийн дараа 2  хээр байдсыг нь алдаад Тосонцэнгэл сумын Бямбаа гэх хүнтэй 2 хоног хайхад Түнэл сумын Дааганы ар гэх газар сураг гарсан. Тэгсэн хамт явж байсан Бямбаад чи энэ хоёр адууг аваач оронд нь үхэр өгөөч гэхэд Бямбаа зөвшөөрөөд надад сарлагийн соёолон гуна өгөөд хоёр хээр байдсыг байсан газраас нь очиж авсан юм. Ийм зүйл болсон. ..Би тухайн үед 2 хээр байдсыг нь С*** буюу С.агаас авсан, харин Заяа гэх хүн Саарал байдсыг миний адуу гэж хэлж байсан...С*** буюу С.агийн өгсөн 2 адууны хээр байдас нь дугуй цагаан тамгатай,  нөгөө хээр байдас нь тамга байхгүй байсан, Харин Заяа гэх хүний өгсөн дэлтэй саарал байдас нь нэг талын чих цуурхай байсан. ...Би тухайн үед 3 тооны адууны мөнгийг дансаар шилжүүлсэн юм. ..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 148-149 тал),

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 101 тал),

  Б.Б.тын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл (1-р хх-ийн 101 тал),

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан: “...2 дугаарын адуу миний алдсан адуу мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 105-108 тал),

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан: “...2 дугаарын адуу миний алдсан адуу мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 105-108 тал),

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Энэ морьдын зурагнаас 1 дугаарын морь нь миний алдсан хээр зүстэй зоосон  тамгатай морь байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 125-129 тал),

Иргэний нэхэмжлэгч Р.Бямбабатын өгсөн: “…Тухайн үед Наранбаатар хэлэхдээ би С.агаас энэ хоёр адууг авсан талаараа хэлж байсан. Тэгээд тухайн үедээ Наранбаатар энэ хоёр адуугаа хайж нэлээн явсан надтай хүртэл энэ хоёр адуугаа хайж нэлээн явсан надтай хүртэл энэ хоёр адуугаа хайж явсан. Хайж яваад сураг нь гарсан чинь Наранбаатар чи ав би ардаас явж чадахгүй хүн болохоор гээд байхаар нь тэр хоёр адууг аваад оронд нь нэг сарлагийн эр үхэр өгсөн. Наранбаатар тухайн үед 1 адуугаа 700,000 төгрөг үнэлээд нийт надад 1,400,000 төгрөгт бодож өгсөн.. Ингээд өгсөн адууг нь харсан чинь Б.тын адуу байхаар нь энэ талаар Б.тод хэлсэн чинь манайд ирээд алдсан адуу нь мөн байна гэж хэлээд аваад явсан. Одоо манай адуунд нэг адуу нь байгаа. Би  700.000 төгрөг нэхэмжилж байна. Би Хандын Баатар гэж нэрлэдэг нэрээр нь танина. ..2023 оны 07 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, Наранбаатар гуай хүнээс 2, 3 адуу худалдаж аваад алдчихлаа гээд 2 тооны шүдлэн байдас сурагласан юм. Энэ үед манайх Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Дааганы ар гэх зусаж байсан  юм. Тэгтэл манай нутгийн хүний азарга үрээ нь уг 2 байдсыг нь хураасан явж байна гэж хүмүүсээс сураг сонсоод чи энэ 2 байдсыг энд нь газраар нь худалдаад авчих,  ах нь хөгшин настай хүн араас нь яваад байж чадахгүй юм, оронд нь надад үхэр өгчих гэж хэлсэн. Тэгээд би надаас сарлагийн соёолон эр үхэр аваад явсан. Би дараа нь уг байдсыг нь өөрийнхөө адуунд нийлүүлж авсан. Тэгээд би уг хоёр байдсыг нь содон шинж им, тамгыг ажиглахад хоёулаа хээр зүстэй, нэг нь зөв талынхаа гуян дээр давхар онгин, цагаан үсэн хээр байдас байхаар нь би гэнэт Тосонцэнгэл сумын Цоолоо гэж дууддаг Б.т гэдэг хүний адууны тамга шиг байхаар нь Б.т руу залгаж  танайх байдас алдаагүй биз дээ, надад танай тамгатай адилхан зүсмийн 1 байдас наймаанд дамжиж ирсэн байна гэж хэлтэл Б.т даага байхад нь хулгайд алдсан гэж яриад байсан. Тэгээд саяхан ирээд манай адуунаас мөн байна гэж хэлээд барьж аваад явсан. Нөгөө хээр байдас нь манайд байгаа  .. Наранбаатар гуай өөрөө хүнээс авахдаа 1 байдсыг нь 700000 төгрөгөөр гэж байсан. Надад өгөхдөө 700000 төгрөгөөр бодож өгсөн. Би Сарлагийн 1.400.000 төгрөгөөр бодож 2 байдсыг нь авсан юм. ...Тосонцэнгэл сумын Гэдэн гуайн хүү С*** гэдэг хүнээс авсан юм гэж байсан...Миний худалдаж авсан байсан 2 шүдлэн байдасны 1 нь Б.тын алдсан адуу болж таараад буцааж авсан учир би одоо Наранбаатар гуайгаас нэг байдасны  үнэ болох 700.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 хх-ийн 120, 143-144 тал),

Гэрч Н.Даваасүрэнгийн өгсөн: “...манай сумын Заяа ах надтай тараад С*** Мөрөнгөөс  ченж дуудсан гэж байна. 1 адуу зарах гэж байгаа юм байна. Ах нь бас 2 адуу зарах гэж байна гэхээр нь би бас шөлний юманд хөдөө гарч байна гэсэн чинь Заяа ах хоёулаа 2 адуу зараад цаашаагаа хамт чиний шөлний юманд явъя гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр хамт явсан. Тэгээд С*** буюу Г.Сгийн өвөлжөөн дээр очиход 2 шарга азаргатай адуу хашсан байсан. .. Заяа, С*** буюу С.а, Мөрөнгөөс ирсэн Баатар гэх ченжид 3 тооны буюу хээр зүсмийн 2 байдас, саарал даага ачуулж явуулсан. ...Тухайн үед 2 хээр байдас, нэг саарал адуу байсан. Би тухайн үед им тамга хараагүй ...1 хээр 1 саарал зүсмийн адууг Заяа ах зарсан нөгөө хээр байдсыг нь  С*** буюу С.а зарсан юм. Манай нутгийн Заяа ах нутгийн найз С*** буюу С.а, ченж  Баатар бид хэд л  байсан. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй гэж хэлээд ченж Баатар адуунуудыг ачаад явсан.  Дараа нь хойноос нь Заяа С***гийн эхнэр Од нар мөрөн орж 3 тооны адууны мөнгийг бэлнээр очиж авсан. ... намайг Ням-Очирын Даваасүрэн гэдэг бөгөөд намайг таньдаг  мэддэг, бас ойр тойрны хүмүүс “мундаг” гэж хочилж дууддаг юм. .Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна.  2023 оны 07 дугаар сарын сүүл наадам дууссан үөэр Тосонцэнгэл сумын төв дээр мотоциклтой хөдөө гарч айлаас шөлний хонь авах гээд дахиж явсан чинь Заяа ах таараад намайг хаачих гэж байгаа талаар асуугаад “ чи хөдөө гарах гэж байгаа бол С.а буюу С*** махны ченж Баатар гэдэг хүнийг дуудаад нэг адуу зарах гэж байгаа гэнэ би бас  тэрүүгээр очоод Баатар гэдэг ченжид нь хоёр адуугаа бас зарах гэсэн юм, хамт явъя гэхээр би зөвшөөрөөд би хойшоо Тахилт гарна гээд хамт миний мотоцикл дээр сундлаад С*** буюу С.агийн өвөлжөөний хашаан дээр очиход С.а хоёр шарга азаргатай 30 орчим тооны адуу хашсан байсан ба адуу зарна гэж байсан бөгөөд бид хоёрыг очоод байж байтал Баатар гэдэг мах авдаг ченж нь ирээд  С.а, Заяа хоёр тэр Ченжтэй уулзаад адуун дотор нь хоорондоо юм ярьж яваад байсан. Тэгээд удалгүй С.а хоёр хээр зүсмийн нэг саарал зүсмийн дунд орчим насны нийт 3 тооны адууг ченжийн машинд амьдаар нь ачсан тэр 3 морины  нэг саарал, нэг хээр зүсмийн морь нь минийх, харин гурван морины 2 буюу  1  саарал, нэг хээр зүсмийн морь нь минийх харин нэг хээр морь нь С.агийнх гээд ярьж байсан. ... Гарал үүслийн бичиг болон мал зарах талаар надтай С.а ах ярьсан зүйл байхгүй.  .. Намайг хашаан дээр нь Заяа ахтай хамт очиход ченж нь ирээд 2 шарга зүсмийн азаргатай 30 орчим тооны адууг С*** буюу С.агийн хашаанд хашсан байсан чинь С.а, Заяа хоёр тэр ченж ахтай хамт дунд нь ороод юм яриад яваад байсан бөгөөд яг юу ярьсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд 2 тооны хээр зүсмийн 1 тооны саарал зүсмийн нийт 3 тооны адууг Заяа ах энэ гурван морины 2 буюу нэг саарал, нэг хээр зүсмийн морь нь минийх, харин нэг хээр морь нь С.агийнх гэж хэлээд тэр ченжид өгч машин дээр нь ачуулаад өгөөд явуулсан.  Энэ 3 тооны адууны жинхэнэ эзэн нь хэн байсан талаар бол би сайн мэдэхгүй байна.  Намайг С.агийн өвөлжөөн дээр очиход яагаад гэдгийг нь мэдэхгүй байна, 30 орчим тооны адууг С.агийн өвөлжөөн дээр хашчихсан байсан бөгөөд сумын төвөөс намайг гарахад Заяа ах С*** буюу С.а ченж дуудчихсан байгаа мал зарах гэж байгаа би бас 2 адуу зарна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг ( 2 хх-ийн 12-13, 16-18 тал),

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-023/8025 дугаартай шинжээчийн “...хээр зүсмийн байдас адуу ...” 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1 хх-ийн 151-152 тал),

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар  өгсөн “..Анх би 2022 оны зун өөрийнхөө адуунаас хээр зүсмийн даага алдсан байсан юм. Тэгээд даагаа хайсаар байгаад 11 дүгээр сард сургийг нь гаргаад олж авсан. Би тухайн үед Энхээ гэдэг нутгийн ахад идэшний адуу бэлэглэх ёстой байсан юм. Тэгээд нөгөө олдсон хүрэн зүсмийн даагаа адуунаас салаад байдаг болохоор нь Энхээ ахад өгч байсан. Би  Энхээ ахад өгсөн нөгөө хүрэм зүсмийн даага маргааш нь дахиж очоод үзсэн чинь  арай ч миний алдсан даага биш байхаар нь Энхээ ахыг идшинд идүүлэх гэж байсныг нь болиулсан байсан юм. Тухайн үед миний адуу биш байхаар нь тэр адууг тэгээд орхисон байсан юм. Тэгсэн чинь энэ даага Бадарчийн шарга азаргатай адуунд очоод нийлсэн байсан юм байна лээ. Тэгээд 2023 оны 08 дугаар сард Мундаг гэж дууддаг Даваасүрэн гэдэг нутгийн  залуу над руу залгаад адуу авчих таньдаг хүн байна уу гэхээр нь би таньдаг  ченж болох Хандын Баатар ахын дугаарыг өгсөн. Тэгээд намайг адуугаа өвөлжөө рүүгээ туугаад явж байсан чинь Даваасүрэн, Заяа хоёр гурван ширхэг байдас туугаад манай өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд миний шарга азаргатай адуутай хамт нөгөө гурван байдсыг хашиж аваад л Хандын  Баатар ах ирээд тэр гурван байдсыг ирээд аваад яваад өгсөн. ... Адуу авчих гэж хэлээд л өгсөн. Тэр хүрмэн  зүсмийн байдас болон нөгөө хоёр байдсыг зарахдаа би өөрийнхөө нэр дээр гарал үүслийг нь бичиж өгөөд зарсан.  Яагаад тэгсэн бэ гэхээр Даваасүрэн, Заяа хоёр мал тоолуулж байгаагүй бүртгэл байхгүй болохоор гарал үүслийг нь өөрийнхөө нэр дээр бичүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 159 тал),

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц.Элбэгзаяа, Б.Б.т нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (1 хх-ийн 223 тал),

Хохирогч  Б.Б.тын Хаан банкны  орлогын баримт (1 хх-ийн 223 тал) зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ” гэж, 1.1 дэх заалтад “...энэ хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлэг авсан.” гэж тус тус зохицуулсан байна.

Гэтэл мөрдөгч Г.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэрэгт холбогдсон этгээдийг мөрдөн байцаалтад гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах талын нотлох баримт болгон ашиглаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч нь өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заасныг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Тогтох нь гэм буруугийн талаарх: “....Шүүгдэгч Г.С нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 10-аас 20-ны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Улаан гэх газраас хохирогч Х.Бы 1 тооны морийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Б.Б-ын 1 тооны улаан алаг охин бярууг 2023 оны 03 дугаар сард хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ц.Бын хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 тооны бод мал буюу олон тооны малыг хулгайлж, 3 хохирогчид 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Х.Б, Ц.Б, Б.Б.а нарын өгсөн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК гаргасан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 тооны бод малыг хулгайлж олон тооны мал хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж гэм буруугийн талаарх: “....Өөрийн үйлчлүүлэгчийг Б.Б-ын нэг тооны бярууг зөвшөөрөлгүй авсан байна гэдгийг хүлээ зөвшөөрч байна. Х.Бы нас гүйцсэн алаг гүү, Ц.Бын байдсан гүүг авсан гэдэг нь бүрэн дүүрэн хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна. Учир нь Х.Бы эх сурвалжаа заагаад байгаа гэрчийн мэдүүлгийг шалгаж үзэх дээр М.Сүхбаатар гэдэг хүн өөрөө согтуу байсан. Буруу ярьсан байж магадгүй. М.Сүхбаатар өөрөө би тийм асуудал яриагүй. Алаг гүүг Г.С авсан юм байгаа биз гэсэн юм гэсэн. Нотлох баримтын эх сурвалжийг зааж байгаа гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Алаг гүүг авсан байх үндэслэл тогтоогдохгүй байна. н.Элбэгзаяагийн байдасны асуудал дээр зөндөө асуудал яригдана. н.Элбэгзаяа, н.Даваасүрэн нар хамт явж байгаад Г.Сгийнд очсон. Энэ хүмүүс гурван байдас авч очсон дээр маргаан байхгүй. Харин хэнд зарах уу гэдэг асуудал дээр хүн авахгүй байна гэдэг.  Х.Баатар гэдэг нөхөр мал авдаг учир очиж саяын адууны зүсийг үзээд Г.Сгаас авсан учир Г.С зарж байна гэсэн ойлголтоор хандсан юм байна лээ. Дахин шалгаж үзэхэд н.Даваасүрэн, н.Элбэгзаяа нарын гэрчийн мэдүүлэг янз бүрийн байдлаар үйл явдлуудыг тодорхойлж ярина. н.Элбэгзаяа өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд хохирлоо төлсөн баримт байгаа. Хүний малыг хулгай хийсэн үү үгүй юу гэдэг асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох ёстой. Яллах дүгнэлт бичээд ингээд шийдчихдэг байж болохгүй. Х.Б яллах дүгнэлт дээр дурдсанаар нэг морь биш нэг гүү алдсан гэж байна. Морь, гүү хоёрыг ялгахгүй байна. Тэгэхээр ийм байдлууд байж болохгүй. Гэм буруу байна гэсэн асуудал дээр маргахгүй. Хэргийн зүйлчлэл дээр олон тооны мал биш юм байна гэж ойлгосон. Саяны маргаантай асуудлууд байгаад байгаа учраас шүүгчээс энэ боломжийг олгоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуул. Нөхцөлөө гаргаад хянаад ороод ир гээд гурван удаа буцаахад улсын яллагч нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж оруулж ирж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүх нотлох баримтыг цуглуулсан. Нотлох баримт цуглуулахад Г.Сгийн үйлдэл нь  Х.Бы байдсан гүүг авсан гэдэг нь тогтоогдохгүй эргэлзээтэй байгаа учир яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх саналыг гаргаж байна. Үндэслэл нь нотлох баримт өөрөө эргэлзээтэй байна. Ийм учир эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх юм бол яллагдагчид ашигтай шийдэх хууль зүйн зарчим байгаа. Тиймээс 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.Бы гүү, Ц.Быг байдас гүүг авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож. Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх саналыг гаргаж байна. Б.Б-ын хохирлыг төлсөн байгааг анхаарч өгнө үү..” гэжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Сгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б.а, иргэний нэхэмжлэгч Н.Цолмон, гэрч Н.Даваасүрэн, М.Сүхбаатар, Б.Отгонбаяр нарын мэдүүлэг,  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/7973 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч  Г.С нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг “Хуслуурт" гэх газраас 2023 оны 03 дугаар сард  хохирогч Б.Б-ын улаан алаг, эм тамгагүй, охин бярууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Дээр дурьдагдсан хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

 Шүүгдэгч Г.С нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

            “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

            Мал хулгайлах  гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

           Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүгдэгч Г.С нь бусдын өмчлөлийн  малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар буюу тухайн малын эзэн, өмчлөгчийн нүднээс далд бэлчээрээс нь авч явсан үйлдэл нь шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Сгийн Б.Б бярууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Г.Сг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг “Хуслуурт” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Б.Б-ын 1 тооны улаан алаг, эм тамгагүй, охин бярууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгч Г.С-гийн 2022 оны 09 дүгээр сарын 10-20-ны  өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Улаан гэх газраас хохирогч Х.Б-ны 1 тооны морийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 07 дугаар сарын 15-ны орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Б-ын хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг хулгайлж  800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Шүүгдэгч Г.С нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, түүний  гэм буруугийн талаарх нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэгдсэн, эргэлзээ төрүүлэхүйц баримт мэдээлэл авагдсан байна.

Тодруулбал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг Баян-Улаан гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 10- 20-ны хооронд 1 тооны адуу хулгайд алдагдсан, уг гэмт хэргийн улмаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин Х.Бд 1.300.000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч энэ гэмт хэргийг шүүгдэгч Г.С-г үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлохоор цуглуулж бэхжүүлсэн шүүгдэгч Г.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй ба шүүгдэгч Г.Сг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн  эрүүгийн мөрдөгч Б.Батзориг  нь Ш.С.агийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн байцаалтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах талын нотлох  баримт болгон ашиглаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хууль зөрчсөн болох нь:

Шүүгдэгч  Г.Сгийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “..Цагдаа нар намайг үнэнээ хэл гэж Батзориг Мягмаржалбуу гэдэг 2 хүн цохиж зодоод байсан. Тэгээд дараа нь ахиж байцаах юм болов уу гэсэн чинь надаар хонь гаргуулаад түлээ бэлдүүлээд чи ингээд хэргээ яриад явчих юм бол ямар ч ялгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээд явчихна гэж хэлж байсан. Тэгээд намайг Улаанбаатар хот яваад ирсэн чинь хэргийг маань прокурорт шилжүүлсэн байсан. Тэгээд одоо хэрэг чинь бид нарт хамааралгүй гэж хэлсэн.. Намайг Тэмүлин дээр очоод тэгээд хэлчихвэл хэрэг чинь нааштай шийдэгдэнэ, тэгээд чи ялгүй сална гэж Батзориг надад хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байна гэж бодоод гарын үсэг зураад явчихсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бы өгсөн “..Манай хэсгийн төлөөлөгч та адуугаа алдсан уу гэж дуудсан. Тэгээд та алаг гүүгээ алдсан юм уу та яагаад цагдаад мэдэгдээгүй юм бэ гэсэн. Тэгсэн С*** авсан байна гэж хэлсэн. ..Би 2022 оны 10 дугаар сард адуугаа алдсан. н.Баяраагийн тийшээ адуу яваад очсон байсан. Эднийхээс гаралтай адуу. 10 аад хоног байж байгаад адуугаа авах гээд очиход алаг гүү байхгүй болсон байсан. Энэ хүмүүст захиад, хайгаад байсан. Сураг гарахгүй удсан. 2023 оны намар М.Сүхээ дүү алаг гүүг чинь хээр гүүтэй Г.С ачаад явсан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Сүхбаатарын өгсөн: “Би Х.Б гэдэг хүнтэй адуучин тэмцээн дээр таарсан. Би халамцуу, Х.Б бас халамцуу байсан. Тэгээд Х.Б ийм ийм гүү алдсан олохгүй  байна. н.Гэндээ ахын тэнд байгаад байсан юм. Би бодохдоо Г.Сг авчихвуу гэж бодоод байна гэсэн юм асуусан. Тэгвэл тэгсэн юм байгаа биз дээ.  Мэдсэн барьсан юм байхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэн. Намайг машинаар ачаад явсан гэж яриад байх юм. Машинаар ачаад явж байхыг нь харсан зүйл надад байхгүй .. Авсан гэж бодож байгаа бол авчихсан юм байгаа биз гэж хэлсэн. Би ачаад явсан гэж хэлээгүй. Би мэдэхгүй. Үзэж хараагүй. Дараа нь над дээр бас нэг ирсэн. Ирээд тиймэрхүү юм асуугаад байсан. Тухайн үедээ юу ярснаа мэдэхгүй. Хоёуланд нь согтуу таарч байсан. Тэрнээс хойш ярьж хөрөөгүй. .. Халамцуу байж байгаад буруу ойлголцсон байх гэж бодоод байгаа. Тулж уулзсан зүйл байхгүй. .. Яг яваад засмал руу орж байсан гээд байгаа нь бүүр худлаа. .. Адуучин тэмцээн дээр таараад ах нь алаг гүүгээ алдчихаад байгаа юм н.Гэндээ ахын тэрүүгээр манай адуу байгаад байгаа би бодохдоо н.С.г авчхав уу гэж бодоод байгаа гэсэн. Тэгээд би нарийн юмыг нь мэдэхгүй. Ачаад явсан гэж хэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Бы өгсөн:  “..Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл 4 дүгээр багт 2022 оны 09 дүгээр 10-наас 20-ны хооронд Баян-Улаан гэх газраас өөрийн  адуугаа авахад 4 шийр алаг хээр алаг гүү адуунаас алга болсон байсан. Тэгээд тэр  хавиар хүнээс сураглаж хайсан боловч олдоогүй. Тэгээд 2023 оны 09 дүгээр сард  Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байдаг Сүхээ буюу Сүхбаатар гэх залуу танай алаг  гүүг С*** гэж дууддаг залуу машинаар ачаад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм..  миний алдсан адуу  4 хөл шийр цагаан  хээр алаг гүү хоёр талдаа аз гэсэн тамгатай зөв талын гуян дээрээ 7 тоо  тамгатай адуу байсан.. Манай нутгийнхан ихэвчлэн С*** гэж дууддаг, харин нэрийг нь Гэндэнсүрэн С.а гэх залуу байгаа.. 2023 оны 09 дүгээр сард алдсан адууг С*** гэх залуу портер дээр  ачаад явсан талаар манай нутгийн залуу болох Сүхээ буюу Сүхбаатар надад хэлж байсан.  ... Тухайн  эзэн холбогдогчийн олж миний хохиролыг барагдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Сүхбаатарын өгсөн: “....  2022 оны зун байсан санагдаж байна. Манай сумын Тахилт  гэх газарт  адуучин  тэмцээн  болж байх  үеэр Б.Б-уун ахтай  таарсан юм. Тухайн үед  Б.Б-уун ах манай алаг гүү алга болчихсон Гэндэн ахын гадаа байсан тэндээс л алга болчихлоо гэж ярьж байхдаа Сааваа авчихсан юм шиг байна лээ гэхээр нь би тэгвэл авчихсан юм байгаа биз гэж хэлээд өнгсөрсөн. Тэгэхээс би яг алаг гүүг нь ачиж байхыг харсан зүйл байхгүй. Бид хоёрын дунд тийм яриа болоод л өнгөрсөн юм. Би Б.Б-уун ахын алаг гүүг урьд өмнө харж байгаагүй хээр алаг гүү байдаг л гэсэн...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 6-7,10-11 тал) зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн нь хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэв.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дүгээр талд авагдсан  хохирогч  Х.Бы өгсөн “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл 4 дүгээр багт 2022 оны 09 дүгээр 10-20-ны хооронд Баян-Улаан гэх газраас өөрийн  адуугаа авахад 4 шийр алаг хээр алаг гүү адуунаас алга болсон байсан. Тэгээд тэр  хавиар хүнээс сураглаж хайсан боловч олдоогүй. Тэгээд 2023 оны 09 дүгээр сард  Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байдаг Сүхээ буюу Сүхбаатар гэх залуу танай алаг  гүүг С*** гэж дууддаг залуу машинаар ачаад явсан гэж хэлсэн... 2023 оны 09 дүгээр сард алдсан адууг С*** гэх залуу портер дээр  ачаад явсан талаар манай нутгийн залуу болох Сүхээ буюу Сүхбаатар надад хэлж байсан.  ... Тухайн  эзэн холбогдогчийн олж миний хохирлыг барагдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг нь хэрэгт ач холбогдлын хувьд учир дутагдалтай, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Сүхбаатарын өгсөн “..Х.Б ийм ийм гүү алдсан олохгүй  байна. н.Гэндээ ахын тэнд байгаад байсан юм. Би бодохдоо Г.Сг авчихвуу гэж бодоод байна гэсэн юм асуусан. Тэгвэл тэгсэн юм байгаа биз дээ.  Мэдсэн барьсан юм байхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэн. Намайг машинаар ачаад явсан гэж яриад байх юм. Машинаар ачаад явж байхыг нь харсан зүйл надад байхгүй .. Авсан гэж бодож байгаа бол авчихсан юм байгаа биз гэж хэлсэн. Би ачаад явсан гэж хэлээгүй. .. Ачаад явсан гэж хэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлгээр  хохирогчийн мэдүүлгийн эх  сурвалж  үгүйсгэгдэж байх тул  Х.Бы алдагдсан  адууг  шүүгдэгч  Г.Сг хулгайлсан  гэдгийг нь хөдөлбөргүй нотолсон баримт гэж тус тус үзэх боломжгүй юм.

Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 07 дугаар сарын 15-ны  өдрийн  орчим хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адуу хулгайд алдагдсан, уг гэмт хэргийн улмаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин Ц.Б-д 800.000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч энэ гэмт хэргийг шүүгдэгч Г.Сг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлохоор цуглуулж бэхжүүлсэн шүүгдэгч Г.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй ба шүүгдэгч Г.Сг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын  Эрүүгийн цагдаагийн тасгийн  эрүүгийн мөрдөгч Б.Батзориг  нь Г.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн байцаалтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах талын нотлох баримт болгон ашиглаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хууль зөрчсөн болох нь:

Шүүгдэгч  Г.Сгийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “..Цагдаа нар намайг үнэнээ хэл гэж Батзориг Мягмаржалбуу гэдэг 2 хүн цохиж зодоод байсан. Тэгээд дараа нь ахиж байцаах юм болов уу гэсэн чинь надаар хонь гаргуулаад түлээ бэлдүүлээд чи ингээд хэргээ яриад явчих юм бол ямар ч ялгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээд явчихна гэж хэлж байсан. Тэгээд намайг Улаанбаатар хот яваад ирсэн чинь хэргийг маань прокурорт шилжүүлсэн байсан. Тэгээд одоо хэрэг чинь бид нарт хамааралгүй гэж хэлсэн.. Намайг Тэмүлин дээр очоод тэгээд хэлчихвэл хэрэг чинь нааштай шийдэгдэнэ, тэгээд чи ялгүй сална гэж Батзориг надад хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байна гэж бодоод гарын үсэг зураад явчихсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч  Г.Сгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Намайг 9 дүгээр сараас эхлээд цагдаа дээр байнга дуудсан. н.Батзориг гэдэг байцаагч чи Б.Тэмүлин дээр очоод наад улсуудтайгаа эвлэрч чадах юм байгаа биз дээ гэсэн. Нутгийн улсууд за болно гэж бодсон. Тэгсэн шал өөр байсан. Хялбар гэдгийг би мэддэггүй. Чи наад улсуудтайгаа чи тохирч чадах юм байгаа биз дээ эвлэрлийн гэрээ байгуулаад хялбаршуулсан гээд шийддэг юм. Тэгэхээр чи ялгүй сална. Одоо чиний хэрэг Б.Тэмүлин дээр очсон байгаа. Б.Тэмүлинтэй  учраа ол гээд явуулсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Тэдний адуу Улиастайд байсан. Би 7 дугаар сарын 20-ны өдөр адуугаа харахад манай байдас адуундаа байсан. 8 дугаар сарын 04-ний өдөр адуун дээрээ очиж үзэхэд манай байдас байхгүй болсон байсан. Уламбаяр намайг Баян эрхтэд байгаа адуунаас үз гэхэд очиж үзэхэд байсан. Баатар гэдэг хүнд Мундаг, С*** гурав ирээд зарсан гэж хэлсэн. Батзориг чиний адуу байна гэж байна чи ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Элбэгзаяа гэж хүн би авсан гэж хэлээд хохирол төлсөн. Надад гомдол санал байхгүй.. Элбэгзаяа надтай уулзаад би адууг чинь авсан, би хохирлыг чинь төлж өгье гээд мөнгө өгсөн..” гэх мэдүүлэг,     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б өгсөн: “..2023 оны 07 дугаар сарын 15-ны үед манай адуу Улиастай гэх газар байсан. Тэгээд би адуугаа  2023 оны 08 дугаар сарын 25-ны үед Улиастай гэх газар очиж бүртгэхэд бор хээр зүстэй зоосон тамгатай байдас алга болсон байсан. Би хадлан дээр байж байхад манай сумын Цоолоо гэдэг ах хадлан дээр ирэхээр нь хээр зүстэй зоосон тамгатай шүдлэн байдас харагдаагүй биз гэж асуухад Цоолоо ах надад Түнэл сумын Баян эрхэт  гэдэг газар чиний алдсан байдастай адилхан байдас байна. Чи очиж үзээч гэхээр нь би  Түнэл сумын иргэн Цогтоо байхаа нэрийг нь сайн мэдэхгүй нэг айлд очоод  үзэхэд миний алдсан адуу мөн байсан тэгээд учрыг нь асуухад цагдаа ирээд үзээд явсан авахаар  бол цагдаатай ирж аваарай гэж надад хэлж байсан.. гэх мэдүүлэг (1 хх-ийн 116-117, 124 тал),

гэрч Ц.Элбэгзаяагийн өгсөн: “...С.атай утсаар ярьж дуусаад би дараа нь нөгөө зарах гэж байсан гурван зүсмийн адуугаа С.агийн Тосонцэнгэл сумын төвөөс хойно 6 км зайтай байдаг өвөлжөөн дээр нь аваачиж хашаад буцаад гэртээ ирсэн. Ингээд энэ өдрийн маргааш нь С.а над руу залгаад би нөгөө ченжээ Мөрөнгөөс дуудсан шүү би өөрөө адуугаа өвөөлжөө рүүгээ туугаад явж байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад С.агийн өвөлжөө рүү явж байхад Мундаг гэж дууддаг Даваасүрэнтэй таарсан. Тухайн үед Даваасүрэнтэй таараад юм ярьж байхад С.агийн гэрт очиж хонь авна гэж ярьж байхаар нь би өөрийнхөө мотоциклийг үлдээгээд Даваасүрэнгийн мотоциклтой хамт С.агийн өвөлжөө рүү явсан. Ингээд өвөлжөөн дээр нь очиход С.а өөрөө адуугаа туугаад ирсэн байсан. Надтай хамт бараг зэрэгцээд нөгөө С.агийн дуудсан ченж нь ирж байсан. Тэр ченжийг нь Баатар гэж дууддаг хүн байсан. Тухайн үед баатар ганцаараа явж байсан. Тэгээд Баатар миний зарах гэж байсан 3 зүсмийн адууг үзээд хээр зүсмийн соёолон гүү 750,000 төгрөгт, саарал зүсмийн хязаалан байдсыг 650,000 төгрөгт бодож авсан. Харин хээр зүсмийн хязаалан байдсыг бие жижиг байна гээд голоод аваагүй. Тэгэхээр нь таньдаг юм байна мөнгийг нь өгчихнө гэж бодоод С.агийн адуун дотор байсан Б.тын зүүн гуян дээрээ зоосон тамгатай шүдлэн байдсыг нь дур мэдээд тэр Баатар гэдэг хүнд 700,000 төгрөгт зарсан. Тухайн үед Баатар надад Мөрөнд очиж мөнгөө аваарай гэхээр нь энэ өдрөө Баатарыг дагаж аймаг луу орж ирээд адуу зарсан нийт 2,000,000 төгрөг Баатараас авсан. ... Үүнээс хойш 2023 оны 10 дугаар сард би Б.тод нөгөө зарсан адууны оронд нь хээр зүсмийн байдас өгөх гэсэн чинь бие жижиг байна гээд авахгүй байхаар нь оронд нь 1,000,000 төгрөг Б.тод өгч байсан. .. Надад тухайн үед С.а хэлэхдээ тэр шүдлэн байдсыг Б.тод зарж байсан гэж хэлж байсан. Намайг Баатарт нэг адуугаа зарж чадахгүй байхад С.а гайгүй адуу зарчих нутгийн хүн гайгүй байлгүй дээ гэж хэлж байсан. ... тухайн үед Б.т сумандаа байхгүй ажилд явсан байсан шиг санагдаж байна. Сүүлд цагдаа сэргийлэх гээд асуудал болохоор нь би Б.тод өөрөө очиж болсон үйл явдлын талаар хэлэхэд төлөөд өгчихгүй юу гэж надад хэлж байсан. Бас Б.т надад С.ад би өргөдөл өгсөн байгаа миний адууг зарсан байна лээ гэж хэлж байсан. .. Тухайн үед буюу 2023 оны 08 сард тэр Бям хээр халтар зүсмийн байдсыг би ченж Баатард 750,000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгийг нь би өөрөө Баатарыг дагаж Мөрөн суманд орж ирээд авсан. Энэ мөнгөнөөс С.а аваагүй... Уг нь би зарсан даруйдаа хэлье гэсэн боловч Б.т өөрөө Тосонцэнгэл суманд байхгүй ийш тийшээ ажилдаа явсан байсан. Тэгээд дараа нь буюу 2023 оны 10 сард Б.ттой Тосонцэнгэл суманд таараад чиний адууг би зарсан шүү гэж хэлсэн чинь С.аг би цагдаад өгсөн байгаа гэж надад хэлсэн. Анх би Б.тод адууг нь зарсан гэдгээ 2023 оны 10 сард хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 249-250, 2 хх-ийн 19-20 тал),

Гэрч  А.Наранбаатарын өгсөн: “....2023 оны 08 дугаар сарын эхээр Тосонцэнгэл сумын иргэн С*** буюу С.а руу утсаар залгаад 3 тооны адуу байна та ирж үзээд аваач гэж ярьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд С*** буюу С.агийн өвөлжөөний хашаанд 2 шарга азаргатай адуу хашсан байсан.  С*** буюу С.атай, Мундаг буюу /Н.Даваасүрэн/, Заяа гэх 2 хүн хамт хашсан байсан. Би хашсан байсан адуунуудыг очиж үзэхэд дугуй цагаан тамгатай хээр байдас,  тамга байхгүй улаан хээр байдас, чих цуурхай дэлтэй саарал байдаснуудыг, би 2 хээр байдсыг нь 1.400.000 мянган төгрөгөөр, саарал байдсыг нь 550.000 мянган төгрөгөөр худалдаж аваад ачаад Мөрөн сум руу орж ирээд адуундаа тавьсан. З хоногийн дараа 2  хээр байдсыг нь алдаад Тосонцэнгэл сумын Бямбаа гэх хүнтэй 2 хоног хайхад Түнэл сумын Дааганы ар гэх газар сураг гарсан. Тэгсэн хамт явж байсан Бямбаад чи энэ хоёр адууг аваач оронд нь үхэр өгөөч гэхэд Бямбаа зөвшөөрөөд надад сарлагийн соёолон гуна өгөөд хоёр хээр байдсыг байсан газраас нь очиж авсан юм. Ийм зүйл болсон. ..Би тухайн үед 2 хээр байдсыг нь С*** буюу С.агаас авсан, харин Заяа гэх хүн Саарал байдсыг миний адуу гэж хэлж байсан...С*** буюу С.агийн өгсөн 2 адууны хээр байдас нь дугуй цагаан тамгатай,  нөгөө хээр байдас нь тамга байхгүй байсан, Харин Заяа гэх хүний өгсөн дэлтэй саарал байдас нь нэг талын чих цуурхай байсан. ...Би тухайн үед 3 тооны адууны мөнгийг дансаар шилжүүлсэн юм. ..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 148-149 тал),

Иргэний нэхэмжлэгч Р.Бямбабатын өгсөн: “…Тухайн үед Наранбаатар хэлэхдээ би С.агаас энэ хоёр адууг авсан талаараа хэлж байсан. Тэгээд тухайн үедээ Наранбаатар энэ хоёр адуугаа хайж нэлээн явсан надтай хүртэл энэ хоёр адуугаа хайж нэлээн явсан надтай хүртэл энэ хоёр адуугаа хайж явсан. Хайж яваад сураг нь гарсан чинь Наранбаатар чи ав би ардаас явж чадахгүй хүн болохоор гээд байхаар нь тэр хоёр адууг аваад оронд нь нэг сарлагийн эр үхэр өгсөн. Наранбаатар тухайн үед 1 адуугаа 700,000 төгрөг үнэлээд нийт надад 1,400,000 төгрөгт бодож өгсөн.. Ингээд өгсөн адууг нь харсан чинь Б.тын адуу байхаар нь энэ талаар Б.тод хэлсэн чинь манайл ирээд алдсан адуу нь мөн байна гэж хэлээд аваад явсан. Одоо манай адуунд нэг адуу нь байгаа. Би  700.000 төгрөг нэхэмжилж байна. Би Хандын Баатар гэж нэрлэдэг нэрээр нь танина. Мөрөнгөөр мал, мах  авдаг малын ченж гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. ..2023 оны 07 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, Наранбаатар гуай хүнээс 2, 3 адуу худалдаж аваад алдчихлаа гээд 2 тооны шүдлэн байдас сурагласан юм. Энэ үед манайх Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Дааганы ар гэх зусаж байсан  юм. Тэгтэл манай нутгийн хүний азарга үрээ нь уг 2 байдсыг нь хураасан явж байна гэж хүмүүсээс сураг сонсоод чи энэ 2 байдсыг энд нь газраар нь худалдаад авчих,  ах нь хөгшин настай хүн араас нь яваад байж чадахгүй юм, оронд нь надад үхэр өгчих гэж хэлсэн. Тэгээд би надаас сарлагийн соёолон эр үхэр аваад явсан. Би дараа нь уг байдсыг нь өөрийнхөө адуунд нийлүүлж авсан. Тэгээд би уг хоёр байдсыг нь содон шинж им, тамгыг ажиглахад хоёулаа хээр зүстэй, нэг нь зөв талынхаа гуян дээр давхар онгин, цагаан үсэн хээр байдас байхаар нь би гэнэт Тосонцэнгэл сумын Цоолоо гэж дууддаг Б.т гэдэг хүний адууны тамга шиг байхаар нь Б.т руу залгаж  танайх байдас алдаагүй биз дээ, надад танай тамгатай адилхан зүсмийн 1 байдас наймаанд дамжиж ирсэн байна гэж хэлтэл Б.т даага байхад нь хулгайд алдсан гэж яриад байсан. Тэгээд саяхан ирээд манай адуунаас мөн байна гэж хэлээд барьж аваад явсан. Нөгөө хээр байдас нь манайд байгаа  .. Наранбаатар гуай өөрөө хүнээс авахдаа 1 байдсыг нь 700000 төгрөгөөр гэж байсан. Надад өгөхдөө 700000 төгрөгөөр бодож өгсөн. Би Сарлагийн 1.400.000 төгрөгөөр бодож 2 байдсыг нь авсан юм. ...Тосонцэнгэл сумын Гэдэн гуайн хүү С*** гэдэг хүнээс авсан юм гэж байсан. Гэндэн гуайг бол зүс танина. Харин хүүг нь танихгүй юм билээ. ...Миний худалдаж авсан байсан 2 шүдлэн байдасны 1 нь Б.тын алдсан адуу болж таараад буцааж авсан учир би одоо Наранбаатар гуайгаас нэг байдасны  үнэ болох 700000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 хх-ийн 120, 143-144 тал),

Гэрч Н.Даваасүрэнгийн өгсөн: “...манай сумын Заяа ах надтай тараад С*** Мөрөнгөөс  ченж дуудсан гэж байна. 1 адуу зарах гэж байгаа юм байна. Ах нь бас 2 адуу зарах гэж байна гэхээр нь би бас шөлний юманд хөдөө гарч байна гэсэн чинь Заяа ах хоёулаа 2 адуу зараад цаашаагаа хамт чиний шөлний юманд явъя гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр хамт явсан. Тэгээд С*** буюу Г.Сгийн өвөлжөөн дээр очиход 2 шарга азаргатай адуу хашсан байсан. .. Заяа, С*** буюу С.а, Мөрөнгөөс ирсэн Баатар гэх ченжид 3 тооны буюу хээр зүсмийн 2 байдас, саарал даага ачуулж явуулсан. ...Тухайн үед 2 хээр байдас, нэг саарал адуу байсан. Би тухайн үед им тамга хараагүй ...1 хээр 1 саарал зүсмийн адууг Заяа ах зарсан нөгөө хээр байдсыг нь  С*** буюу С.а зарсан юм. Манай нутгийн Заяа ах нутгийн найз С*** буюу С.а, ченж  Баатар бид хэд л  байсан. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй гэж хэлээд ченж Баатар адуунуудыг ачаад явсан.  ..2023 оны 07 дугаар сарын сүүл наадам дууссан үөэр Тосонцэнгэл сумын төв дээр мотоциклтой хөдөө гарч айлаас шөлний хонь авах гээд дахиж явсан чинь Заяа ах таараад намайг хаачих гэж байгаа талаар асуугаад “ чи хөдөө гарах гэж байгаа бол С.а буюу С*** махны ченж Баатар гэдэг хүнийг дуудаад нэг адуу зарах гэж байгаа гэнэ би бас  тэрүүгээр очоод Баатар гэдэг ченжид нь хоёр адуугаа бас зарах гэсэн юм, хамт явъя гэхээр би зөвшөөрөөд би хойшоо Тахилт гарна гээд хамт миний мотоцикл дээр сундлаад С*** буюу С.агийн өвөлжөөний хашаан дээр очиход С.а хоёр шарга азаргатай 30 орчим тооны адуу хашсан байсан ба адуу зарна гэж байсан бөгөөд бид хоёрыг очоод байж байтал Баатар гэдэг мах авдаг ченж нь ирээд  С.а, Заяа хоёр тэр Ченжтэй уулзаад адуун дотор нь хоорондоо юм ярьж яваад байсан. Тэгээд удалгүй С.а хоёр хээр зүсмийн нэг саарал зүсмийн дунд орчим насны нийт 3 тооны адууг ченжийн машинд амьдаар нь ачсан ..Тэгээд 2 тооны хээр зүсмийн 1 тооны саарал зүсмийн нийт 3 тооны адууг Заяа ах энэ гурван морины 2 буюу нэг саарал, нэг хээр зүсмийн морь нь минийх, харин нэг хээр морь нь С.агийнх гэж хэлээд тэр ченжид өгч машин дээр нь ачуулаад өгөөд явуулсан.  Энэ 3 тооны адууны жинхэнэ эзэн нь хэн байсан талаар бол би сайн мэдэхгүй байна.  Намайг С.агийн өвөлжөөн дээр очиход яагаад гэдгийг нь мэдэхгүй байна, 30 орчим тооны адууг С.агийн өвөлжөөн дээр хашчихсан байсан бөгөөд сумын төвөөс намайг гарахад Заяа ах С*** буюу С.а ченж дуудчихсан байгаа мал зарах гэж байгаа би бас 2 адуу зарна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (  2 хх-ийн 12-13, 16-18 тал),

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар  өгсөн “...намайг адуугаа өвөлжөө рүүгээ туугаад явж байсан чинь Даваасүрэн, Заяа хоёр гурван ширхэг байдас туугаад манай өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд миний шарга азаргатай адуутай хамт нөгөө гурван байдсыг хашиж аваад л Хандын  Баатар ах ирээд тэр гурван байдсыг ирээд аваад яваад өсөн. ...Адуу авчих гэж хэлээд л өгсөн. Тэр хүрмэн  зүсмийн байдас болон нөгөө хоёр байдсыг зарахдаа би өөрийнхөө нэр дээр гарал үүслийг нь бичиж өгөөд зарсан.  Яагаад тэгсэн бэ гэхээр Даваасүрэн, Заяа хоёр мал тоолуулж байгаагүй бүртгэл байхгүй болохоор гарал үүслийг өөрийнхөө нэр дээр бичүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 31, 159 тал),

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц.Элбэгзаяа, Б.Б.т нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (1 хх-ийн 223 тал),

Хохирогч  Б.Б.тын Хаан банкны  орлогын баримт (1 хх-ийн 223 тал) зэргээр  тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дүгээр талд авагдсан  яллагдагч Г.С нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Бын хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б.тын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Батзориг чиний адуу байна гэж байна чи ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Элбэгзаяа гэж хүн би авсан гэж хэлээд хохирол төлсөн. Надад гомдол санал байхгүй.. Элбэгзаяа надтай уулзаад би адууг чинь авсан, би хохирлыг чинь төлж өгье гээд мөнгө өгсөн..” гэх мэдүүлэг,    мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Элбэгзаяагийн өгсөн: “...Надтай хамт бараг зэрэгцээд нөгөө С.агийн дуудсан ченж нь ирж байсан. Тэр ченжийг нь Баатар гэж дууддаг хүн байсан. Тухайн үед Баатар ганцаараа явж байсан. Тэгээд Баатар миний зарах гэж байсан 3 зүсмийн адууг үзээд хээр зүсмийн соёолон гүү 750,000 төгрөгт, саарал зүсмийн хязаалан байдсыг 650,000 төгрөгт бодож авсан. Харин хээр зүсмийн хязаалан байдсыг бие жижиг байна гээд голоод аваагүй. Тэгэхээр нь таньдаг юм байна мөнгийг нь өгчихнө гэж бодоод С.агийн адуун дотор байсан Б.тын зүүн гуян дээрээ зоосон тамгатай шүдлэн байдсыг нь дур мэдээд тэр Баатар гэдэг хүнд 700,000 төгрөгт зарсан.  ... Үүнээс хойш 2023 оны 10 дугаар сард би Б.тод нөгөө зарсан адууны оронд нь хээр зүсмийн байдас өгөх гэсэн чинь бие жижиг байна гээд авахгүй байхаар нь оронд нь 1,000,000 төгрөг Б.тод өгч байсан. ... тухайн үед Б.т сумандаа байхгүй ажилд явсан байсан шиг санагдаж байна. Сүүлд цагдаа сэргийлэх гээд асуудал болохоор нь би Б.тод өөрөө очиж болсон үйл явдлын талаар хэлэхэд төлөөд өгчихгүй юу гэж надад хэлж байсан. ..Тухайн үед буюу 2023 оны 08 сард тэр Б.тын хээр халтар зүсмийн байдсыг би ченж Баатард 750,000 төгрөгөөр зарсан. ... Уг нь би зарсан даруйдаа хэлье гэсэн боловч Б.т өөрөө Тосонцэнгэл суманд байхгүй ийш тийшээ ажилдаа явсан байсан. Тэгээд дараа нь буюу 2023 оны 10 сард Б.ттой Тосонцэнгэл суманд таараад чиний адууг би зарсан шүү гэж хэлсэн чинь С.аг би цагдаад өгсөн байгаа гэж надад хэлсэн. Анх би Б.тод адууг нь зарсан гэдгээ 2023 оны 10 сард хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 249-250, 2 хх-ийн 19-20 тал),

Гэрч  А.Наранбаатарын өгсөн: “....2023 оны 08 дугаар сарын эхээр Тосонцэнгэл сумын иргэн С*** буюу С.а руу утсаар залгаад 3 тооны адуу байна та ирж үзээд аваач гэж ярьсан. .. С*** буюу С.агийн өвөлжөөний хашаанд 2 шарга азаргатай адуу хашсан байсан.  С*** буюу С.атай, Мундаг буюу /Н.Даваасүрэн/, Заяа гэх 2 хүн хамт хашсан байсан. Би хашсан байсан адуунуудыг очиж үзэхэд дугуй цагаан тамгатай хээр байдас,  тамга байхгүй улаан хээр байдас, чих цуурхай дэлтэй саарал байдаснуудыг, би 2 хээр байдсыг нь 1.400.000 мянган төгрөгөөр, саарал байдсыг нь 550.000 мянган төгрөгөөр худалдаж аваад ачаад Мөрөн сум руу орж ирээд адуундаа тавьсан. .. Би тухайн үед 2 хээр байдсыг нь С*** буюу С.агаас авсан, харин Заяа гэх хүн Саарал байдсыг миний адуу гэж хэлж байсан...С*** буюу С.агийн өгсөн 2 адууны хээр байдас нь дугуй цагаан тамгатай,  нөгөө хээр байдас нь тамга байхгүй байсан, Харин Заяа гэх хүний өгсөн дэлтэй саарал байдас нь нэг талын чих цуурхай байсан.  ..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 148-149 тал),

Иргэний нэхэмжлэгч Р.Бямбабатын өгсөн: “…Тухайн үед Наранбаатар хэлэхдээ би С.агаас энэ хоёр адууг авсан талаараа хэлж байсан. Тэгээд тухайн үедээ Наранбаатар энэ хоёр адуугаа хайж нэлээн явсан надтай хүртэл энэ хоёр адуугаа хайж нэлээн явсан надтай хүртэл энэ хоёр адуугаа хайж явсан. Хайж яваад сураг нь гарсан чинь Наранбаатар чи ав би ардаас явж чадахгүй хүн болохоор гээд байхаар нь тэр хоёр адууг аваад оронд нь нэг сарлагийн эр үхэр өгсөн. Наранбаатар тухайн үед 1 адуугаа 700,000 төгрөг үнэлээд нийт надад 1,400,000 төгрөгт бодож өгсөн.. Ингээд өгсөн адууг нь харсан чинь Б.тын адуу байхаар нь энэ талаар Б.тод хэлсэн чинь манайд ирээд алдсан адуу нь мөн байна гэж хэлээд аваад явсан.. .. би уг хоёр байдсыг нь содон шинж им, тамгыг ажиглахад хоёулаа хээр зүстэй, нэг нь зөв талынхаа гуян дээр давхар онгин, цагаан үсэн хээр байдас байхаар нь би гэнэт Тосонцэнгэл сумын Цоолоо гэж дууддаг Б.т гэдэг хүний адууны тамга шиг байхаар нь Б.т руу залгаж  танайх байдас алдаагүй биз дээ, надад танай тамгатай адилхан зүсмийн 1 байдас наймаанд дамжиж ирсэн байна гэж хэлтэл Б.т даага байхад нь хулгайд алдсан гэж яриад байсан. Тэгээд саяхан ирээд манай адуунаас мөн байна гэж хэлээд барьж аваад явсан....Миний худалдаж авсан байсан 2 шүдлэн байдасны 1 нь Б.тын алдсан адуу болж таараад буцааж авсан учир би одоо Наранбаатар гуайгаас нэг байдасны  үнэ болох 700000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 хх-ийн 120, 143-144 тал),

Гэрч Н.Даваасүрэнгийн өгсөн: “...Заяа ах таараад намайг хаачих гэж байгаа талаар асуугаад “ чи хөдөө гарах гэж байгаа бол С.а буюу С*** махны ченж Баатар гэдэг хүнийг дуудаад нэг адуу зарах гэж байгаа гэнэ би бас  тэрүүгээр очоод Баатар гэдэг ченжид нь хоёр адуугаа бас зарах гэсэн юм, хамт явъя гэхээр би зөвшөөрөөд би хойшоо Тахилт гарна гээд хамт миний мотоцикл дээр сундлаад С*** буюу С.агийн өвөлжөөний хашаан дээр очиход С.а хоёр шарга азаргатай 30 орчим тооны адуу хашсан байсан ба адуу зарна гэж байсан бөгөөд бид хоёрыг очоод байж байтал Баатар гэдэг мах авдаг ченж нь ирээд  С.а, Заяа хоёр тэр Ченжтэй уулзаад адуун дотор нь хоорондоо юм ярьж яваад байсан. Тэгээд удалгүй С.а хоёр хээр зүсмийн нэг саарал зүсмийн дунд орчим насны нийт 3 тооны адууг ченжийн машинд амьдаар нь ачсан ..Тэгээд 2 тооны хээр зүсмийн 1 тооны саарал зүсмийн нийт 3 тооны адууг Заяа ах энэ гурван морины 2 буюу нэг саарал, нэг хээр зүсмийн морь нь минийх, харин нэг хээр морь нь С.агийнх гэж хэлээд тэр ченжид өгч машин дээр нь ачуулаад өгөөд явуулсан.  Энэ 3 тооны адууны жинхэнэ эзэн нь хэн байсан талаар бол би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 12-13, 16-18 тал),

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар  өгсөн “...намайг адуугаа өвөлжөө рүүгээ туугаад явж байсан чинь Даваасүрэн, Заяа хоёр гурван ширхэг байдас туугаад манай өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд миний шарга азаргатай адуутай хамт нөгөө гурван байдсыг хашиж аваад л Хандын  Баатар ах ирээд тэр гурван байдсыг ирээд аваад яваад өсөн. ...Адуу авчих гэж хэлээд л өгсөн. Тэр хүрмэн  зүсмийн байдас болон нөгөө хоёр байдсыг зарахдаа би өөрийнхөө нэр дээр гарал үүслийг нь бичиж өгөөд зарсан.  Яагаад тэгсэн бэ гэхээр Даваасүрэн, Заяа хоёр мал тоолуулж байгаагүй бүртгэл байхгүй болохоор гарал үүслийг өөрийнхөө нэр дээр бичүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 159 тал),

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц.Элбэгзаяа, Б.Б.т нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (1 хх-ийн 223 тал),

Хохирогч  Б.Б.тын Хаан банкны  орлогын баримт (1 хх-ийн 223 тал) зэргээр  хохирогч Б.Б.тын алдагдсан адууг Г.С  хулгайлсан гэх  үйл баримт тус тус  үгүйсгэгдэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сг Ц.Бын 1 тооны адууг, Х.Бы 1 тооны морийг  хулгайлсан гэх үйлдэл холбогдолд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Г.Сг Ц.Бын 1 тооны адууг, Х.Бы 1 тооны морийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “ олон тооны мал ” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарлажээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  359 дугаартай Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгч Г.Сгийн Ц.Бын 1 тооны адууг, Х.Бы 1 тооны морийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Г.Сд холбогдуулан ирүүлсэн яллах  дүгнэлтийн зүйлчлэлийг  өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Г.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Сгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б.ад нэг тооны бяруу буюу  500.000 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Сгийн: “ ..шүүхийн хэлэлцүүлэгт бярууг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч, хохиролыг төлсөн… гэх мэдүүлэг, хохирогч Б.Б.а нь: ..хулгайд алдсан бяруугаа Г.Сгаар  төлүүлж  хохирол гомдолгүй болсон... гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иргэний нэхэмжлэгч Н.Цолмон нь шүүхэд гаргасан: “ гомдол саналгүй. 350.000 төгрөгийн оронд хавар үхэр авахаар тохиролцсон” гэх тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч Г.Сг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  Иргэний нэхэмжлэгч  Н.Цолмон нь шүүгдэгч Г.Сгаас  тохиролцсон хугацаандаа хохирлоо аваагүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Г.Сгийн хохирогч Х.Бы 1 тооны морийг хулгайлсан гэх, мөн  хохирогч Б.Б.тын 1 тооны  адууг  хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг тус тус шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан  хохирогч  Х.Б, хохирогч Б.Б.т, иргэний нэхэмжлэгч Р.Бямбабат нь Цагдаагийн газарт  гомдол, мэдээллээ гаргаж, хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Сг “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч Б.Тогтох эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Г.С нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах Хуслуурт гэх газраас Хохирогч Б.Б-ын нэг тооны алаг бярууг 2023 оны 3 дугаар сард хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх асуудалд би өөр байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүй тэнсэх болзлыг хангасан байна гэж үзэж байна. Тэнсэх боломжтой гэж харж байна. Анх удаа энэ гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа. Энэ шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр барагдуулсан гэж үзэж байгаа. Иймд хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлыг хангаж байгаа гэж үзэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”--г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Сд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Сд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт шүүгдэгч Г.С нь 15 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сг Ц.Бын 1 тооны адууг, Х.Бы 1 тооны морийг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Г.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Өврийнхөн овогт Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Сд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Сд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Сд сануулсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Цолмон нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Сгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.Энэ хэрэгт шүүгдэгч Г.С нь 15 (арван тав) хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Б.ад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           10. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН