Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2020/01094/И

 

 

 

 

 

  2020        08          06                                          151/ШШ2020/01094

 

                                           

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянхангай сум, 01 баг, Найрамдал хуучин төв 03 гудамж, 01 тоотод оршин суух Алаг адуут овгийн Б.П нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 03 баг, Дэлгэрэх, 15 гудамж, 10 тоотод оршин суух Бөхчин овгийн Б.Э холбогдох,

1 445 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Б.П миний бие хариуцагч Б.Паас Сум дундын 17 дугаар шүүхээр 2014 оны шийдвэрээр хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Миний хүү 2012 онд төрсөн. 2019 оноос 2020 оны хичээлийн жилд хэл ярианы бэрхшээлтэй учир Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар тусгай сургуульд Гончигдорж багштай суралцаж байсан. Би хүүгээ хотод суралцуулахын тулд хөдөө өөрийн хийж байсан ажлаасаа гарч, Улаанбаатар хотыг зорисон.  Улаанбаатар хотод төрсөн ахынх байдаг ч, тухайн сургуулиас хол байсан учир Баянзүрх дүүрэгт нийтийн эзэмшлийн 1 өрөө байрыг сарын 140 000 төгрөгөөр түрээсэлж, 2020 оны 07 сарын 07-ны өдөр хүртэл өрөө хөлсөлсөн. Ингээд 2019 оны 09 сард 110 000 төгрөг шилжүүлсэн, 10 сард 140 000 төгрөг шилжүүлсэн, энэ бүх мөнгө нь байрны түрээсэнд орсон. Нийт түрээсийн төлбөр 670 000 төгрөгийг би өөрөө төлсөн. 2019 оноос 2020 оны хичээлийн жилд хүүгээ өдөр өнжүүлэхэд өгсөн бөгөөд өдөр өнжүүлэх өдрийн 10 000 төгрөг байдаг бөгөөд 08 цагаас 18 цагийн хооронд харуулдаг бөгөөд би өөрөө цайны газар угаагч зөөгч хийж байрны түрээсээ төлдөг байсан. Энэ хичээлийн жилд жилийн 70 хоног буюу өдөр өнжүүлэхийн багшид 700 000 төгрөг төлсөн. Шкапны үнэ 35 000 төгрөг, хуримтлал 20 000 төгрөг багш нь хураасан 20 000 төгрөг, бусад зардал 25 000 төгрөг төлсөн. Хариуцагч Б.Паас энэ хичээлийн жилд хүү П.Билгүүнтэйд сурч боловсроход зайлшгүй шаардлагатай мөнгө болох 1 445 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...”Нэхэмжлэгч Б.Пгийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн шүүхэд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох байрны түрээс, хуримтлалын мөнгө, өрөөний цоож сольсон шкафны мөнгө зэрэг сар бүр төлбөл зохих 150 000 төгрөгөөс өөр бусад зардлыг нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...”2012 онд төрсөн хүү П.Билгүүнтэй нь миний хүү Б.Пын хүүхэд мөн маргах зүйлгүй, шүүхийн шийдвэрээр эхийн асрамжид үлдээсэн.  Хүүхдэд тусгай боловсрол шаардлагатай гэдгийг ойлгож байна. Б.П нь  эрхэлсэн ажилгүй тул П.Билгүүнтэй тэтгэлгийг төлж чадахгүй хуримтлагдсан байгаа. Энэ нэмэлт зардлыг төлөх боломжгүй” гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П хариуцагч Б.Пад холбогдуулан хүүхдийн нэмэлт зардал 1 445 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж шүүхийн онцгой харъяалалд заажээ.

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянхангай суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хаягаар тогтоогдож байх тул тухайн шүүх хянан шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2... тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно...мөн хуулийн 47.2-т ... тэжээн тэтгүүлэгчийн эрх ашиг сонирхол хохирсонтой холбоотой нэхэмжлэлийг түүний эцэг эх гаргаж болно гэж тус тус заажээ.

Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 08-ны өдрийн 229 дүгээр шийдвэрээр 2012 оны 04 сарын 18-нд төрсөн хүү П.Б эх Б.Пгийн асрамжид үлдээж эцэг Б.Паар тэжээн тэтгүүлэхээр шийдсэн нь нэхэмжлэгч Б.П нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Б.П хүү П.Б тэжээн тэтгэх тэтгэлэг төлөх үүрэгтэй байх хэдий ч нэмэлт зардал гаргуулах үндэслэл нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд:

            Монгол Улсын Үндсэн хуульд монгол улсын иргэн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан боловч 2012 онд төрсөн П.Б  тусгай боловсролыг зайлшгүй эзэмшүүлэх шаардлагатай болох нь Төв аймгийн Баянхангай сумын эрүүл мэндийн төвийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт болон зохигч, түүний төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. 

Мөн хүүхдэд тусгай боловсрол эзэмшүүлэхэд амьдрах орчин нөхцөл, өдөр өнжүүлэх багшийн сургалт болон бусад зардлыг 2019 оноос 2020 оны хичээлийн жилд төрсөн эх Б.П зарцуулсан болох нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн лабораторийн шинжилгээ, өдөр өнжүүлэх төвийн багшийн тодорхойлолт, нийт 1 445 000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн тухай Хаан банкны зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүхдийн нэмэлт зардлыг төлөхгүй гэх татгалзлыг тайлбарлахдаа  “тогтвортой ажилгүй тул тэтгэлэгт төлөх төлбөр хуримтлагдсан...нэмэлт зардал төлөх чадваргүй “ гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ...эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй...

53 дугаар зүйлд ...Тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох ...тэтгүүлэгч гэрлэсэн, хөдөлмөрийн чадвартай болсон ... тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрсэн... тэтгэгч эсхүл тэтгүүлэгч нас барсан тохиолдолд дуусгавар болно гэж заажээ.  

Хуульд заасан дээрх үндэслэлээр хариуцагчийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоогүй тул тэрээр үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Харин тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоогүй  байдал мөн түүний ажил хөдөлмөр эрхлээгүй байдал нь хариуцагчаас нэмэлт зардал гаргахгүй байх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд хариуцагч Б.Паас 2012 онд төрсөн хүү П.Б сурч боловсроход гарсан нэмэлт зардлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б.Паас хүү П.Б нэмэлт зардал 1 445 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус  зааснаар төрийн сангийн орлогоос 38 070 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгож, хариуцагч Б.Паас 38 070 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН