Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/042

 

Ө.Э

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Яллагдагч Ө.Э

Нарийн бичгийн даргаар Д.Чимидцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/390 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр Ө.Э холбогдох эрүүгийн 1914005450026 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн, Ө.Э, ............., улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Ө.Э нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид тогтвортой ноолуур төсөл байгууллагын 2019 оны 2 сард өгсөн бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 39-12 УНП улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшин бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Ө.Э холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.Үүнд:

1/         Шүүгдэгч Ө.Эийн... Миний хувьд *******, *******, *******, *******, ******* чараас зөвшөөрөл авч хурлаар хэлэлцүүлж зарсан болохоор захиран зарцуулах эрхтэй мөн холбооны дүрэм дээр захиран зарцуулж болохгүй гэсэн зүйл байхгүй учир захиран зарцуулах эрхтэй,…*******ас надад худалдаж авах хүсэлт өгөхөөр би хүсэлтийг *******, Ж.Батсайхан, *******, *******, ******* нартай ярилцаад гарсан шийдвэрийн дагуу 8.000.000 төгрөгөнд худалдсан,...*******ын хувьд малчдын холбооны гүйцэтгэх захирал болохоос Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал биш,.... *******ыг Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглалтын холбооны гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр байдаггүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-173/

Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын... Ө.Э 2015 оны дунд үеэс манай холбооны тэргүүнийг хийж байгаа, холбооны тэргүүн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, харин удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх эрхтэй албан тушаалтнууд байгаа... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 28-33/,

Иргэний нэхэмжлэгч ын... Ө.Эээс тухайн фургон машиныг зараач гэсэн хүсэлт тавьсны дагуу Ө.Эээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан….гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36/,

 Гэрч ын... Ө.Э холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй гэж бодож байна, Ө.Эийн хувьд холбооны гишүүд болон удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсэн байх,….Ө.Эийн хувьд 2019 онд ямар нэг хурал зохион байгуулаагүй, 2019 оны 06 дугаар сард гүйцэтгэх захирал ******* хурал хийсэн тэрнээс хойш хурал болоогүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40/,

Гэрч ын... Сумын бэлчээр ашиглалтын холбоонд зориулж гаргасан ном байдаг тэр номон дээр бүх гишүүдийн хурлаар болон удирдах зөвлөлийн шийдвэрээр тэргүүлэгч гишүүн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг,...Ө.Эийн хувьд фургон автомашиныг зарахдаа манай холбооны хэлэлцүүлсэн зүйл байхгүй, дур мэдэн зарсан байсан, Ө.Эийн хувьд 2019 онд ямар нэг хурал зохион байгуулаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41/,

Гэрч гийн... Хил хазааргүй малын эмч, агрономчид төслийн байгууллагаас манай бэлчээр ашиглалтын холбоотой хамтарч ажиллаж байсан. Тухайн үед манай холбооны тэргүүнээр Ө.Э, гүйцэтгэх захирлаар ******* нарыг сонгоод, малчдаас 12 тэргүүлэгч гишүүн сонгогдсон,... тэргүүлэгч Ө.Э нь холбооны бүх гишүүдийн хурлаар болон удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр захиран зарцуулах эрхтэй гэж ойлгож байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42/,

Гэрч ийн... Жолооч ын хувьд фургон машиныг хүлээлгэж өгөх шийдвэр гарснаас хойш машиныг илтэд муутгасан бодвол өөрөө акталж авах бодол байсан байх..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77/ зэргээс үзэхэд Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоог үүсгэн байгуулах 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл / хх-ийн 246-247/ хэрэгт авагдсан бөгөөд тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоог үүсгэн байгуулагдсанаас хойш гүйцэтгэх захирлаар томилогдсон тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, бусад эрхийн акт гаргаж байсан эсэх болон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанд оролцож байсан эсэх, мөн 2019 оны 6 дугаар сард гүйцэтгэх захирал ******* хурал хийсэн эсэх,

Түүнчлэн Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны удирдах зөвлөлийг томилсон тогтоол шийдвэр байгаа эсэх, удирдах зөвлөлд хэн хэн ордог эсэх, хэдэн удаа хуралдуулж ямар тушаал шийдвэр гаргаж байсан.... Ө.Э нь эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй... талаарх холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах

2/ Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоог үүсгэн байгуулагдсанаас хойш хуулийн этгээдээр бүртгүүлсэн буюу албан ёсны хэвлэмэл маягт /бичиг баримт, / баланк хэрэглэж байсан эсэх, тамга тэмдэг байгаа талаар хохирогч байгууллагын төлөөлөгч ******* болон гэрч нараас тодруулж мэдүүлэг аваагүй

3/ Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн ... уаз фургон маркийн 04-21 БНХ улсын дугаартай авто машин 12000000 төгрөгийн үнэлгээтэй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 156-157/ хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т...оролцогчид шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно...гэж хуульчилсан бөгөөд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байхад яллагдагч, түүний өмгөөлөгчийн нарын эрхийн хангаагүй хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан байх тул яллагдагч Ө.Э холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Учир нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд тогтоогддог.

Гэрч *******, н. зэргийн мэдүүлгээр Ө.Э нь машин худалдан борлуулах талаар ямар нэгэн санал хүсэлт аваагүй өөрөө дур мэдэн зарж борлуулсан талаар мэдүүлсэн бөгөөд тухайн машин зарах зөвшөөрөл авсан гэх хурлын тэмдэглэл бүхий бичгийг эхлээд гишүүдээр гарын үсэг зуруулсныхаа дараа өөрөө үйлдсэнийг гэрчүүд мэдүүлдэг.

Тухайн Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны дүрэмд тэргүүн нь аливаа эд хөрөнгийг захиран зарцуулах, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг холбогдолтой асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэх гэж заасан байхад яллагдагч Ө.Э нь тухайн тээврийн хэрэгслийг дур мэдэн зарах эрхгүй нь тодорхой байна.

Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоо нь Улсын бүртгэлд 2017 онд хуулийн этгээдээр бүртгүүлсэн бүртгүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн баримтуудад холбооны дүрэм, тухайн холбоог үүсгэн байгуулах талаар хурлын тэмдэглэл, тухайн хурлын тэмдэглэлд хэн ямар эрх үүрэгтэй, ямар ажил албан тушаал эрхлэх зэргээ тусгаж зааж өгсөн байдаг.

Нөгөөтээгүүр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ө.Э нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгсөн материалыг би бүрдүүлж өгсөн, тухайн хурлын тэмдэглэлээр намайг тэргүүнээр томилсон тэрнээс ямар нэгэн эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэрээр хурлын тэмдэглэлийг үндэслэн томилсон зүйл байхгүй талаар мэдүүлсэн зэргээс дүгнэхэд иргэний нэхэмжлэгч, хохирогч *******ыг гүйцэтгэх захирлаар томилсон албан ёсны тушаал шийдвэр байхгүй, хурлын тэмдэглэлд дурдсанаар гүйцэтгэх захирлаар томилогдсон, мөн холбооны албан бичгийн бланк, тэмдэг байдгаас өөр ямар нэгэн эрх зүйн акт гаргах бланк шийдвэр байхгүй талаар тодорхой ярьсан бөгөөд *******ыг тухайн албан тушаалаас халсан, чөлөөлсөн, өөрчилсөн ямар нэгэн шийдвэр байхгүй зэргээс харахад тэрээр Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоог төлөөлөх бүрэн эрхтэй. Энэ талаар анх цагдаагийн газарт гаргаж өгсөн хүсэлт, иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцуулах талаар ирүүлсэн албан бичиг зэргийг мөн давхар дурдах нь зүйтэй.

Яллагдагч Ө.Эийн зарж борлуулсан гэх тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаараа яллагдагчийн зүгээс

дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд ямар нэгэн санал хүсэлт, гаргаагүй бөгөөд харин өмгөөлөгчийн зүгээс прокурорын хяналтад гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрлэсэн байдаг.

Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан дүгнэлт тодорхойгүй, эргэлзээтэй, бүрэн биш хийгдсэн, шинэ нөхцөл байдал тогтоогдсон зэрэг тохиолдолд нэмэлт ба дахин дүгнэлтийг хийхээр хуульчилсан байна.

Эндээс дүгнэхэд тээврийн хэрэгслийг үнэлсэн Энх нахиа ХХК-ийн эрх бүхий шинжээч нь дүгнэлтэд хэрхэн ямар зарчмаар зах зээлийн ямар үнэ ханшид тулгуурлан дүгнэлтийг гаргасан талаар дэлгэрэнгүй тусгасан нь тухайн дүгнэлтийг тодорхойгүй эргэлзээтэй хийгдсэн гэх үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр тухайн худалдан борлуулсан тээврийн хэрэгслийг зарсан үнэлгээгээр тухайн тээврийн хэрэгслийг үнэлнэ гэсэн хуулийн ямар нэгэн заалт байхгүй болно.

Иймд шүүхээс хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтын буюу хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд яллагдагч Ө.Э холбогдох эрүүгийн 1914005460026 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 390 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, гэмт үйлдэл нь хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан, захирамжийг хэвээр үлдээх саналтай байгаа гэв.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад.;

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос Ө.Эийг Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид тогтвортой ноолуур төсөл байгууллагын 2019 оны 2 сард өгсөн бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 39-12 УНП улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшин бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоог гишүүд  2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, дүрмээ батлан “бэлчээрийн менежментийг сайжруулах” үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн 0371001117, регистрийн 8251061 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000138642 гэрчилгээ  авсан, хуулийн этгээдийн эрхтэй байгууллага байна.

Энэ талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын тогтоол, тэмдэглэл, дүрэм зэргийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж, хэрэгт авагджээ./ 1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дугаар тал/

 Дээрхи баримтуудаас харахад Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх бөгөөд *******, Ж.Батсайхан, Ө.Э, *******, ******* нар нь удирдах зөвлөлийн гишүүн байх бөгөөд холбооны тэргүүн буюу удирдах зөвлөлийн даргаар Ө.Эийг, гүйцэтгэх захирлаар *******ыг сонгосон байна.

Тухайн үед гүйцэтгэх захирлаар *******ыг сонгож байсан хэдий ч дүрмийн 5.5.2-д зааснаар удирдах зөвлөл болон удирдах зөвлөлийн даргаас *******ад   ажил үүргийн ямар эрхийг гэрээгээр хүлээлгэсэн, ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг  болох нь тодорхойгүй, нөгөө талаар Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь хуулийн этгээд болохынхоо хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч байхад хувь хүн *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн... хохирол хүлээсан.... хуулийн этгээдийг хохирогч гэнэ” , 8.5 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн.... хохирол нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа.... хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

 Мөн *******ыг хуулийн этгээдийг төлөөлөх этгээдээр томилж байгаа бол *******ад хуулийн этгээдийг төлөөлөх эрх хуулийн дагуу олгогдсон эсэхийг анхаарах шаардлагатай юм.

Яллагдагч Ө.Эийн өмгөөлөгч *******ын Прокурорт гаргасан хүсэлтийг прокурор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хүсэлтийг  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “ хүсэлт... хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт... дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж заасан байхад тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагааны үед прокурорт дахин хүсэлт гаргах боломжийг хязгаарласан гэж үзнэ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг болохыг анхаарах шаардлагатай юм.

Иймд дээр дурдсан үндэслэл болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/390 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

        1.1-д тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/390 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ө.Э урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ