| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2026/0131/З |
| Дугаар | 221/МА2026/0659 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0659
Ж.М, Б.Б, Ц.Г, О.О нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.М, Б.Б, Ц.Г, О.О (Д.О-ы эрх залгамжлагч)
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0131/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Ж.М, Ц.Г, О.О (Д.О-ы эрх залгамжлагч) нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн талаар: Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий А/1009 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг үнэлэхээс илүүтэйгээр 2014 оны газар олголтын ажиллагааны хууль ёсны байдлыг шинээр хянан хэлэлцэж, газар эзэмших эрх анхнаасаа хууль бус үүссэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл шүүх тухайн үед газар олголт зөв байсан эсэх, нэхэмжлэгч нар тухайн газар дээр оршин сууж байсан эсэх, тухайн хороонд бүртгэлтэй байсан эсэх, хорооны тодорхойлолтын үнэн зөв байдал зэрэг маргааны зүйл болоогүй асуудлаар үндсэн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэх заалт, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 9-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “хэргийн оролцогчдын маргаагүй асуудал” гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно.” гэх тайлбартай нийцэхгүй байна.
3.2. Шүүх өөрөө А/1009 дүгээр захирамжийн эрх зүйн үндэслэл буруу байсныг тогтоосон атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар: Шүүх шийдвэртээ иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд энэхүү заалтыг үндэслэн эрх дуусгавар болгосон нь буруу болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл шүүх А/1009 дүгээр захирамжийн гол эрх зүйн үндэслэл буруу байсан гэдгийг зөвшөөрсөн. Мөн шүүх сонсох ажиллагаатай холбоотой зөрчил байсан болохыг тогтоосон. Гэтэл захиргааны актын эрх зүйн үндэслэл буруу, сонсох ажиллагаа зөрчигдсөн нь нотлох баримтаар тогтоогдсон байхад уг актыг хүчинтэйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэрийн дотоод логик, хууль хэрэглээний хувьд харилцан зөрчилтэй байна. Шүүхийн тогтоосон нөхцөл байдал нь харин ч маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэхэд хүргэх үндэслэл болж байна.”
3.3. Газрын тухай хуульд байхгүй шалгуурыг хэрэглэсэн талаар: Захиргааны байгууллагаас гаргуулсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх газар эзэмших эрхийг хууль бус байсан гэж дүгнэхдээ тухайн газартай холбоотой мэдээллийн талаарх 14 жилийн дараа гаргаж өгсөн албан бичигт үндэслэн нэхэмжлэгч нарыг тухайн газар дээр оршин сууж байгаагүй, тухайн хороонд бүртгэлгүй байсан нөхцөл байдлыг үндсэн шалтгаан болгосон. Гэвч Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэх талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зохицуулалтад иргэн заавал тухайн газар дээр амьдардаг байх, заавал тухайн хороонд бүртгэлтэй байх, заавал тухайн дүүрэгт оршин суудаг байх гэсэн шаардлага байдаггүй. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхтэй гэсэн хуулийн зохицуулалттай.
3.4. Дахин төлөвлөлтийн нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй талаар: Шүүх хэрэгт авагдсан баримтаар тухайн бүс нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан болохыг тогтоосон. Мөн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй холбогдсон харилцаа үүссэн талаар хэрэгт баримтууд авагдсан байдаг. Ийм нөхцөлд маргаан бүхий газар ашиглагдаагүй байдлын шалтгааныг зөвхөн нэхэмжлэгчдийн буруутай үйл ажиллагаатай холбон дүгнэж болохгүй байсан. Гэтэл шүүх дахин төлөвлөлтийн улмаас бий болсон бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлээгүй бөгөөд уг нөхцөл байдал нэхэмжлэгчдийн газар ашиглалтад нөлөөлсөн эсэхэд хангалттай дүгнэлт өгөөгүй байна.
3.5. Захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны үр дагаврыг иргэнд үүрүүлсэн талаар: Газар олголттой холбоотой бүх үйл ажиллагааг захиргааны байгууллага өөрөө хэрэгжүүлсэн. Хэрэв тухайн үед ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл түүнийгээ олон жилийн дараа иргэдийн хүчин төгөлдөр эзэмшлийн эрхийг үгүйсгэх үндэслэл болгож болохгүй. Нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, эрх нь олон жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжиж ирсэн бөгөөд зарим тохиолдолд хугацаа нь сунгагдсан байна. Ийм нөхцөлд төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дагаврыг бүхэлд нь иргэдэд хариуцуулах нь эрх зүйн итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
3.6. Маргаан бүхий захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул илт хууль бус болох талаар: Маргаан бүхий акт гаргасан үед нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан бөгөөд тухайн газар нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамжаар баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан байв. Нэхэмжлэгчид төслийн хэрэгжүүлэгчтэй хоёр талт гэрээ байгуулж, өөрсдийн газрыг төслийн хүрээнд хувь нийлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан хоёр талт гэрээнүүд, мөн төслийн хэрэгжүүлэгч “Ж” ХХК-иас баталсан архитектур төлөвлөлтийн даалгаварт хавсаргасан “Одоогийн байдлын газар чөлөөлөлт” зураг зэргээр нотлогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчид дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гурван талт гэрээ байгуулах эрхтэй этгээдүүд мөн болохыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 тоот албан бичгээр баталгаажуулсан байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчийн 2025 онд боловсруулсан үйл ажиллагааны тайлангаар тухайн төсөл бүрэн зогсоогүй, хэрэгжилт үргэлжилж байгаа нь тогтоогдож байна. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгчид газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд газрын ашиглалт нь тухайн бүс нутагт хэрэгжиж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй шууд холбоотой байсан нь тогтоогдсон. Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхийг дуусгавар болгох бүрэлдэхүүний шинж бодитоор тогтоогдоогүй нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг гаргаснаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үйл баримт бий болоогүй, үүсээгүй, бодит байдалд маргаан бүхий байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгааг хариуцагч мэдээгүй гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлд шууд хамаарахаар байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай” 19/23 дугаар тогтоолд “Нэг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоож, Үүнд 1.1-д Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 164 га, ...газар тус тус тусгагдсан. 2.2-д Хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах, иргэдийн санал хүсэлтийг судлан төлөвлөлтөд тусгах, 3.-т Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд үүрэг болгосон.” байна.
2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/546 дугаар захирамжаар “Олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн иргэдэд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэж, хавсралтаар иргэн Д.О-д Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын 10-8 тоотод иргэний ахуйн зориулалтаар 484 м.кв газар, Б.Б-т Төмөр замын 10-17 тоотод иргэний ахуйн зориулалтаар 410 м.кв газар, Ж.М-т Төмөр замын 10-30 тоотод иргэний ахуйн зориулалтаар 402 м.кв газар, Ц.Г-т Сармисны хонхор 4-62 тоот хаягт байрлах 412 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
2.3. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Ж.М, Б.Б, Д.О нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, харин нэхэмжлэгч Ц.Г-ын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй байна.
2.4. Маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 дүгээр захирамжаар “Газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.М, Б.Б, Д.О, Ц.Г нарын нийт 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
3. Хууль эрх зүйн зохицуулалтын тухайд
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
3.2. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д “Нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй” гэж заасан.
3.3. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тайлбарлах бөгөөд захиргааны акт илт хууль бусад тооцогдохын тулд тухайн шийдвэр нь эрх зүйн ямар нэг зохицуулалтад огт тулгуурлаагүй байх, эсхүл хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн маргаантай харилцаанд эрх зүйн агуулгын хувьд илэрхий хамааралгүй, бодит нөхцөл байдалд илт зөрүүтэй байдлаар хэрэглэгдсэн байх, эсхүл эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилгыг ноцтой гажуудуулсан шинжтэй байх зэрэг нөхцөлүүд бодитой тогтоогдсон байхыг шаарддаг.
4. Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд хэдийд ч захиргааны байгууллага, улмаар шүүхэд хандаж болдог бол хүчингүй болгуулах шаардлагын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тооцдогоороо ялгаатай юм.
5. Энэхүү маргааны хувьд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2022 оны А/1009 дүгээр захирамж гаргахаасаа өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан гэх боловч энэ нь мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргахад хязгаарлалт болохгүй.
6. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нар захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан эсэх нь суурь асуудал болно. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нар дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэхийг бодитой шалган тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримтыг цуглуулж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.
7. Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосноос хойш холбогдох захиргааны байгууллагууд болон шүүхэд тасралтгүй өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.
8. Нийслэлийн Засаг даргад өмгөөлөгч М.Х-аар төлөөлүүлэн 2023 онд хандсан боловч, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 дүгээр албан бичгээр “... гомдол гаргах хугацаа дууссан байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэжээ.
9. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс холбогдох захиргааны байгууллагууд болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тасралтгүй өргөдөл, гомдол нэхэмжлэл гаргаж явсаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6673 дугаар захирамжийн биелэлтийг хангах үүднээс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдолд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн байна.
10. Дээрх 6851 тоот албан бичгийг хүлээн аваад дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7620 дугаартай шүүгчийн захирамжаар “... нэхэмжлэл гаргагч тус бүр өөр ашиг сонирхолтой, шүүхэд маргах үндэслэл өөр өөр мөн шүүхийн өмнөх хүчин төгөлдөр захирамжид дурдсанаар нэхэмжлэгч тус бүр тус тусдаа нэгж талбар бүхий газрыг эзэмшиж байсан байх тул нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. ... нэхэмжлэгчид нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх үндэслэлээ дэлгэрэнгүй бичээгүйн улмаас тус захирамж нь хэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй” гэж үзэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоожээ.
11. Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шүүхээс тогтоосон хугацаанд ханган ирүүлээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8237 дугаартай захирамжаар “..нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч тус бүрээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодорхойлж, өмнө шүүхээс шийдвэрлэсэн нөхцөл байдал арилсан талаар тодорхой болгож шүүхэд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэж” нэхэмжлэлийг буцаасан байна. Уг захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан.
12. Дээрх захирамжид заасны дагуу Ж.М, Б.Б нар нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, О.О /Д.О-ы эрх залгамжлагч/ нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Ц.Г нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус дахин анхан шатны шүүхэд маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.
13. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нар маргаан бүхий актыг анх хэзээ мэдэж гомдол гаргасан талаарх үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж нэхэмжлэгч нар хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэх талаарх дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэгч нарын маргаж буй актын холбогдох хэсгийг өмнө дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 30 дугаар тогтоолд нийцүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
14. Дээрх нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна.
15. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН