Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00075

 

     Ш.Дгийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэртэй, Ш.Д-ийн нэхэмжлэлтэй, М.М-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч М.М, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдсан барааны үнээс үлдсэн 410000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай "Ахбозат" нэртэй гэр ахуй бөгөөд цахилгаан барааны төрөлжсөн дэлгүүр ажиллуулдаг. Өлгий сумын иргэн М.М нь надаас хамгийн анх 2015 оны 10 дугаар сард таг нь эвдэрсэн угаалгын машиныг /өөрийн хүсэлтээр таг нь эвдэрсэн нь асуудалгүй гэж хэлээд/ 100000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан, дараа нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 250000 төгрөгийн үнэтэй оёдлын олон төрөлт машиныг худалдаж авсан. Иргэн М.М нь тухайн худалдаж авсан барааны үнийг шууд бэлэн мөнгөөр төлөөгүй бөгөөд бид хоёр хоорондоо тохиролцож, өөрөөр хэлбэл миний захиалгаар зарим төрлийн зүйлийг оёж өгч, зээлээр авсан барааны үнийг төлж ирсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сард М.М-тай тооцоо хийж үзэхэд, би 150000 төгрөгийн авлагатай болж тооцоо гарсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надаас дахин 260000 төгрөгийн үнэтэй угаалгын машиныг зээлээр худалдаж авсан ба 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо хийхэд өмнөх үлдэгдэл 150000 төгрөг дээр нэмж сүүлд авсан 260000 төгрөг, нийт 410000 төгрөг авахаар болсон ба М.М "...өнөөдөр 5 дахь өдөр байна, миний нөхрийн цалин буух ёстой, 1 дэх өдөр өгнө..." хэмээн хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд, М.М-аас 410000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Ш.Д-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Угаалгын болон оёдлын машиныг авч үнийг нь Ш.Д-гийн захиалгаар зарим төрлийн зүйлийг оёж өгч төлбөрийг нь барагдуулахаар болсон. Сүүлд нь 240000 төгрөгөөр үнэлж угаалгын машиныг авсан бөгөөд уг машин нь эвдэрхий байсан тул янзлуулахад 40000 төгрөг гарсан. Мөн захиалгаар юм оёулж авсан тул би түүнд 150000 төгрөг төлөх ёстой.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч М.М-аас 410000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 130/ШШ2018/00317 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Энэхүү шийдвэр бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж гарсан буруу шийдвэр гэж үзээд эс зөвшөөрч байна. Учир нь: хэргийг шийдвэрлэсэн шүүгч К.Бүлдирген нэхэмжлэгч Ш.Д, гэрч И.У нар бүгд Казахын Т омгийнхон, нэг сумын хоорондоо ах дүү улсууд. Шүүх хуралд энэ асуудлыг надаар яриулаагүй. Нөгөө талаар би хууль мэддэг гэж М.А-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулсан боловч тэр хүн хэргийн талаар юу ч мэдэхгүй тул хэргийн талаар ярьж чадаагүй, нөгөө талаар намайг яриулаагүй. Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж хэргийн талаар ярих үүрэг хүлээж чадаагүй болно. Шүүхийн нарийн бичгийн дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч та хоёрын аль нэг нь хэргийн талаар ярих ёстой гэж ойлгуулаагүйгээс би юу ч хэлж чадаагүй болно. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар шүүх хурал дээр хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэг нь хэргийн талаар ярина гэвэл би өөрөө хэргийн талаар тайлбарлаж,

хэргийг хойшлуулж бичгийн шинжилгээг давтан хийлгэх хүсэлтээ гаргах байсан. Харамсалтай нь шүүгч хариуцагч надад шүүх хурал дээр үг хэлүүлээгүй, өөрсдөө ах дүүгээрээ нийлж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч М.М-ы “2017.11.01. угаалгын машин 8,5 кг 260,000 төгрөг авсан. 2018.01.20. 150 төгрөг оёдлын машинаас үлдсэнд нэмж өгнө. М 99418601” гэх гарын баримтаар, шүүхэд гаргасан тайлбар болон зохигчдын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар тус тус хариуцагч М.М нь нэхэмжлэгч Ш.Д-д өглөгтэй болох нь нотлогдож байна.” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримт нь шаардлага хангахгүй тоо засвартай, нотариатаар батлуулаагүй, уг бичиг хүчингүй гэж үзнэ. 250,000 төгрөг М гэж дугуйлж зурсан нь гараар нэхэмжлэгч тал засвар хийж хариуцагч миний гарын үсгийг дуурайлган зурсан гэж тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй явдлыг эс зөвшөөрч байна. Нөгөө талаар гарын баримтад эрүүл хүн 150 төгрөг гэж дугуйлан зурж бичихгүй шүү дээ. Би Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзнэ.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч М.М-д эд хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө, эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлж, худалдан авагч М.М нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн байх ба энэ үүргийг хариуцагч М.М нь зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн байна гэж үзлээ” гэж намайг буруутгасныг эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагч би нэхэмжлэгч болох Ш.Д-д түүний захиалгаар хөлс авахгүйгээр хэчнээн зүйл оёж өгсөн талаар шүүх нарийвчлан шалгаагүй, захиалгаар юм оёж өгсөн талаар нэхэмжлэгч болон хариуцагч би шүүхэд тайлбар гаргаж хэлсээр байхад анхан шатны шүүх шалгахгүйгээр нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэр гаргасанд гомдолтой юм.

4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “М.М-ы хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бичсэн бичмэл нэхэмжлэгч Ш.Д-гаас худалдаж авсан оёдлын машиныг засварласан эсэх нь ямар оёдлын машин засварлаж 40,000 төгрөг авсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ” гэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэлгүйгээр нотлох баримт гэж үнэлээгүйд гомдолтой байна.

Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчөөгүй болно. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 130ШШ2018/00317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Энэхүү шийдвэр нь бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн, хэргийг шийдвэрлэсэн шүүгч, нэхэмжлэгч, гэрч нарын ургийн овог нь Төлек бөгөөд нэг омгийнхон, нэг сумын ах, дүүс юм...” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т “...уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал...” шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж заасан. Хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргах бүрэн эрхтэй. Тэрээр, хариуцагчийн хувьд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч өөрөө хүсэлт гаргаагүй, ер нь татгалзан гаргах хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг хангах хуулийн боломж нь байхгүй. Учир нь, нэг омог болгоныг төрөл, садангийн холбоотой гэж үзэх боломжгүй бөгөөд Баян-Өлгий аймгийн хэмжээнд Төлек овогт иргэд хэдэн мянгаараа тоологддог болохыг дурдаж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон М.А нь хэргийн талаар ярьж чадаагүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулах хуулийн зохицуулалт байхгүй болно. Түүнчлэн, хариуцагчаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үндэслэлүүдийг эс зөвшөөрч байна гэж давах гомдолдоо дурдсан хэдий ч ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч М.М-д холбогдуулан худалдсан барааны үнэ 410000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нотлохоор хэргийн 4 дүгээр талд авагдсан М.М-ы үйлдсэн гэх бичмэл нотлох баримтыг гаргаж өгчээ.

 

            Хариуцагч М.М нь уг баримтын бичвэр болон түүнд зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2018/00749 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн бичгийн хэв тогтоох зорилгоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 29 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

            Анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч М.М-аас “...баримтад бичгийн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулсан байгаад гомдон ийнхүү гомдол гаргаж байна.” гэсэн хүсэлтийг бичгээр /хэргийн 64 дүгээр тал/ гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийн агуулга, үндэслэл, шаардлагыг хариуцагч талаас тодруулахгүйгээр хүсэлтийг нотлох баримт гэж үзэж /хэргийн 70 дугаар тал/, эсрэг талд танилцуулан, шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөнөөс гадна хариуцагчийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан эрхийг зөрчсөн байна.

 

            Хариуцагчийн анхан шатны шүүх хуралдаанд бичгээр гаргасан уг хүсэлтийн агуулга, үндэслэл, шаардлага нь хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтын талаар бичгийн хэв тогтоох дахин шинжилгээ хийлгэх хүсэлт мөн эсэхийг тодруулсны эцэст, шүүхээс шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хариуцагчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн /хүсэлт шийдвэрлүүлэх/ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

            Хуульд зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн  хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч М.М-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК