| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00404/И |
| Дугаар | 133/ШШ2020/00053 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2020/00053
| 2020 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 133/ШШ2020/00053 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух Т овогт Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлэгт холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Ц нь 2017 оны 05 сараас эхлэн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 11 сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай сум дундын эмнэлгийн эрхлэгчийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ц.Ц би ажлын талаар ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Ц.Ц намайг Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлгийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх үеийн ажилгүй байсан хугацааны цалинг Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлгээс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын Б/22 дугаар тушаалаар тус эмнэлгийн нягтлан бодогчийн ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Иймд Ц.Ц нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; гэж заасныг тус баримтлан ажлаас чөлөөлсөн боловч Ц.Ц-ийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг нотолсон нотлох баримт хэргийн материалд байхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж зааснаар холбогдох байгууллагын дүгнэлт гараагүй байхад чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасныг баримталсан боловч нотолсон нотлох баримт хэргийн материалд байхгүй. Иймд Ц.Ц-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тус эмнэлгийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа Ц.Ц-ийг 2017 оны 05 дугаар сард ажилд авсан. Нэхэмжлэгч нь анх ажилд орохдоо дээрээс яриулж, намын шахалт, даалгавраар ажилд орсон. Ц.Ц 2 жил 6 сар ажиллахдаа 2017 оны төгсгөл 2018 оны төгсгөлд аудитын шалгалтаар орсон. Миний хувьд Аудитын газар нь төрийн байгууллагуудыг хянадаг хамгийн том эрх бүхий байгууллага гэж үзэж байна. Уг аудитын шалгалтаар Ц.Ц хязгаарлалттай дүгнэлт авсан. Хэргийн материалд аудитын дүгнэлтийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Уг хязгаарлалттай дүгнэлт авсны дагуу манай хамт олон хурал хийсэн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хамт олны хурал хийж, Ц.Ц-т сануулах шийтгэл ногдуулсан. Сануулах шийтгэлийг Эмнэлгийн албан бичгээр өгсөн. Уг албан бичигт сануулах шийтгэл ногдуулсантай холбоотойгоор нягтлан бодогч Ц.Ц-т алдааг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах болохыг мэдэгдэж байна гээд Ц.Ц-т өөрт нь гардуулсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад эхэлсэн 08 дугаартай хурлын тэмдэглэлд нягтлан бодогч Ц.Ц санхүүгийн аудитын шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авсан тул сануулах шийтгэл оногдуулах саналтай байна. Та бүхэн ямар саналтай байна вэ? гэхэд эмийн санч Ц.Ц ажлаа сайн хий гэж хэлсэн байдаг. Би анх Ц.Ц-ийг ажилд авахдаа манай эмнэлгийн нягтлан бодогч байж байгаад Засаг даргын Тамгын газрын дарга болсон н.Б, Төрийн сангийн мэргэжилтэн н.Н, Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч н.Ц нараас зөвлөгөө аваад ажлаа хий гэсэн боловч ажлаа хийхгүй байсаар аудитын шалгалтаар сөрөг дүгнэлт авсан. Иймд Ц.Ц-ийг Эрүүл мэндийн газрын даргын албан бичиг болон Аудитын газрын хязгаарлалттай дүгнэлтүүдийг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан. Би хүний их мэргэжилтэй хүн бөгөөд хуульч мэргэжилтэй хүн биш. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; гэж заасныг баримталсан. Ц.Ц нь 2 жил ажиллахдаа Аудитын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын шалгалт, Эрүүл мэндийн газрын шалгалт гэх мэт очсон шалгалт бүхэнд удаа дараа ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч байсан. 2 удаа хязгаарлалттай дүгнэлт авсан бол 3 дахь удаа хязгаарлалттай дүгнэлт гарвал Эрүүл мэндийн яаманд асуудал үүснэ гэсэн асуудлыг удаа дараа тавьж байсан. Мөн манай хамт олон хурал хийж Ц.Ц-ийг залуу хүн эхний жилдээ алдаж болно. Хоёр дахь жилээсээ засаад залруулаад яв гээд итгэл хүлээлгэсэн. Гэтэл хоёр дахь жилдээ давтан алдаа гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ц.Ц нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь ...Ц.Ц нь өөрийн мэргэжил, мэдлэгийн хувьд дутмаг, нягтлан бодогчийн албан тушаалдаа удаа дараа алдаа гаргасан нь сүүлийн хоёр жилийн аудитын дүгнэлтээр хязгаарлалттай дүгнүүлсэн, хамт олны хурлаар сануулах арга хэмжээ авсан мөн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу ажлаас чөлөөлсөн... гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлэгт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай Ц.Ц-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, нэхэмжлэгчийн 1104439 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлэг нь Ц.Ц-тэй 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нягтлан бодогчоор ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 480 тоот албан бичгийг үндэслэн Ц.Ц-ийг ажлаас чөлөөлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ...Ц.Ц-ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; гэж заасныг баримталсан. Ц.Ц нь 2 жил ажиллахдаа Аудитын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын шалгалт, Эрүүл мэндийн газрын шалгалт гэх мэт очсон шалгалт бүхэнд удаа дараа ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч байсан. 2 удаа хязгаарлалттай дүгнэлт авсан бол 3 дахь удаа хязгаарлалттай дүгнэлт гарвал Эрүүл мэндийн яаманд асуудал үүснэ гэсэн асуудлыг удаа дараа тавьж байсан. Мөн манай хамт олон хурал хийж Ц.Ц-ийг залуу хүн эхний жилдээ алдаж болно. Хоёр дахь жилээсээ засаад залруулаад яв гээд итгэл хүлээлгэсэн. Гэтэл хоёр дахь жилдээ давтан алдаа гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.
Энэ нь маргааны зүйл болох ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай тушаал тул уг тушаалын үндэслэл болсон тухайн албан тушаал, ажил дээр хийвэл зохих ажил үүргийг бүрэн эрхлэн биелүүлэхэд нягтлан бодогч Ц.Ц мэргэжлийн мэдлэг, түүнийгээ хэрэглэх ур чадвар хүрэхгүйгээс ажил үүрэг бүрэн хийгдэхгүй байгааг мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэгч Ц.Ц-ийг ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн үндэслэл нь үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.
Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэдэг нь ажилтан сахилгын зөрчил гаргасныг тодорхой хугацааны дараа эсхүл хяналт шалгалтаар уг зөрчлийг илрүүлсэн байдлыг ойлгох бөгөөд уг илрүүлсэн зөрчилд нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахыг харин зөрчил гаргаснаас хойш зургаан сар гэдэг нь тухайн зөрчлийг гаргаснаас зургаан сарын дотор ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон сахилгын шийтгэл ногдуулахыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад тус эмнэлэг нь 2017, 2018 оны санхүүгийн аудитын дүгнэлтээр хязгаарлалттай дүгнүүлсэн болох нь санхүүгийн хяналт, аудитын шалгалтын явцад тогтоогдсон байх бөгөөд уг зөрчлийг илрүүлж Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/113 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаар мэдэгдсэн байх боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 11 сарын дараа нэхэмжлэгч Ц.Ц-ийг ажлаас чөлөөлсөн байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх шаардлагатай юм. Гэтэл ажил олгогч нь хуульд заасан мэдэгдэх ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллагаас өөрийн тушаалын үндэслэл болсон баримтууд болох Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай Аудитын гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/56 дугаартай Төлбөр барагдуулах тухай акт, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/23 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04/63 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага,
- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 160 дугаартай Аудитын гэрчилгээ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/103 дугаартай Төлбөр барагдуулах тухай аудитын акт, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/113 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/113 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлага,
- Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь сум дундын эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, тус эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 171 тоот албан бичиг зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Ц нь эрхэлсэн ажил, мэргэжилдээ алдаа зөрчил гаргаж байсан болох нь тогтоогдож байх боловч шүүх тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар дутмаг байдалд үнэлэлт өгөх бус ажил олгогчийн гаргасан шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байдалд дүгнэлт хийдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд Ц.Ц-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 02 сар 11 хоногийн олговор 1.350.708 төгрөгийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлгээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ц.Ц-т олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 8, 9, 10 дугаар сарын цалин 1.620.857 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлэгт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын эмнэлгээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.350.708 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36.561 төгрөг, нийт 106.761 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т овогт Ц.Ц-г Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь сум дундын эмнэлгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь сум дундын эмнэлгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.350.708 /нэг сая гурван зуун тавин мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь сум дундын эмнэлэгт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.350.708 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 36.561 төгрөг, нийт 106.761 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сум дахь сум дундын эмнэлгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ