Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,                     

              Улсын яллагч Б.Тогтох,

           Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн ******дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал явах замд **** гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Тоёота лексус RX450 маркийн 44-94 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д  Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой  байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчиж аюул саад тулгарах үед зогсоох арга хэмжээ авалгүй онхолдож улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ц.Д, насанд хүрээгүй хохирогч Д.Ө, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж мөн Тоёота лексус RX450 маркийн 4494 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 68.240.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т заасан “Автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн ******дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Тоёота лексус RX450 маркийн 44-94 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны  чиглэлд явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасныг тус тус  зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн   Алаг-Эрдэнэ сумын ****  гэх газарт онхолдож улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Д, Д.Ө, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн Тоёота лексус RX450 маркийн 4494 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 68.240.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дын өгсөн: “... би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Д.Өын өгсөн: “...Би гэр бүлийхэн буюу аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотоос 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл чиглэлд 4494 УЕМ улсын дугаартай RХ-450 маркийн машинтай Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 цагийн үед ирээд цааш Хатгал сум руу 17 цагийн үед явж үедээ би өөрийнхөө гар утсаар тоглоом тоглоод явж байтал нэг мэдсэн машинаас гараад газар замын хажуугийн хайрган дээр хэвтэж байсан. Юу болсон гэдгийг нь мэдээгүй. Газар хэвтэж байгаад нүдээ нээгээд хартал аав маань нааш цааш гүйгээд машин маань онхолдоод ээж газар хэвтэж байсан. Харин дүү нарын хаа  Н.гхарсан. Э.Нийг болон Д.М эгчийг олж хараагүй. Тэгээд би босох гэтэл миний баруун талын эгэм, нуруу зулгарч, толгой өвдөөд босч чадахгүй байсан. Тэгтэл  эмч эгч ирээд намайг босгож өгсөн. Тэгээд аймгийн түргэн ирээд ааваас бусдыг нь эмнэлэг рүү аваад явсан. Би машиныхаа арын жолооны хүрдтэй тал буюу баруун талд нь суугаад явж байсан. Эгч машин жолоодоод ээж урд суудал дээр хажууд нь аав зүүн талын хаалганы талд хоёр дүү маань аав бид хоёрын дунд сууж явж байсан. Миний баруун талын эгэм хугарсан, нуруу зулгарсан, толгойгоор лугшиж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Миний биеийн байдал хэвийн хичээлдээ явж байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32 тал/,

             Насанд хүрээгүй хохирогч Ц.Н өгсөн: “...Би  тухайн өдөр өөрийн эмээ, өвөө, ээж, дүү, нагац ахын хамт Хөвсгөл аймагт явж байсан. Тэр үед манай ээж Д.М жолоо барьж байсан, би арын суудал  дээр өвөө дүү ахтай хамт сууж явж байсан, эмээ урд суудал дээр сууж байсан. Бид нарыг явж байтал нэг машин зам дээр бид нарын урдуур шахаад зам хаасан. Тэгтэл манай ээж сандраад тоормосоо гишгээд дээшээ доошоо болоод онхолдоод зогссон. Тэгээд машин онхолдоод зогсож байх үед миний ээж дүү хоёрыг эмнэлэг рүү хүмүүс аваад явсан. Дараа нь эмнэлэгийн машин, цагдаагийн машин бид нарыг эмнэлэг рүү авч явсан. Миний нүүр, тохой өвдөг шалбарсан. Өвөө маань намайг тэврээд сууж байсан.  Би шүүх эмнэлэгт үзүүлнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

             Хохирогч Ц.Дын өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Лексүс-450 маркийн 4494 УЕМ улсын дагаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн охин Д.М /29 настай/, хүү Ө.Р /14 настай/, нөхөр Дэмбэрэлсүрэн, зээ охин Н.Э /7 настай/, зээ охин Э.Н /3 настай/ нарын хамт Улаанбаатараас Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан Хөвсгөл гэх маршрутаар явж 2023 оны 07 дугаар 16-ны өдөр 16 цагийн орчимд Мөрөн хотод очиж цааш Хөвсгөл далай руу явах 20 км орчим зайд явж байтал айраг зарж байсан айл өнгөртөл дугаарыг нь санахгүй байна ХӨН гэсэн дугаартай мөнгөлөг өнгийн Пробокс автомашин хоёр урсгалтай асфалтан зам дээр голлоод яваад байсан. Тухайн үед миний охин Д.М жолоо барьж байсан тул уг тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх зорилгоор дохиогоо өгтөл бидний урдуур зам хааж орж ирсэн. Тухайн үед миний охин жолоо барьж байсан тул уг тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх  зорилгоор дохиогоо өгтөл бидний урдуур зам хааж  орж ирсэн. Тухайн үед манай охин тоормосоо гишгээд замын хажуу руу машинтайгаа шидэгдээд 6,7 удаа машинтайгаа өнхөрч байгаад бидний машин дөрвөн дугуйгаараа газарт зогссон. Тухайн үед манай машиных нь хаалга онгойхгүй байсан ба замаар зорчиж байсан хүмүүс ирж туслаад машины хаалгыг онгойлгож бидэнд туслаад бага зээ охин Э.Нийг охин Д.Мын хамт Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд араас нь түргэн тусламж ирээд хүү Ө.Р зээ охин Н.Э нарт туслалцаа үзүүлэхээр эмнэлэг рүү аваад үлдсэн. .. Тухайн үед миний баруун гар хоёр хугарч нүүр толгой хэсэг бэртсэн. Харин миний охин Д.Мын баруун эгэм хугарсан, нүүр толгой хэсэгт нь бэртсэн, баруун гарын зөөлөн эд нь гэмтсэн, хүү Ө.Рын нуруу нь зулгарсан баруун эгэм хугарсан, нөхөр Дэмбэрэлсүрэнгийн баруун талын дал нь бяцарсан, хөлийнх нь зөөлөн эд гэмтсэн, зээ охин Э.Ний толгой нь хагарч, эгэм нь хугарсан, том зээ охин Нандин-Эрдэнийн нүүр, тохой, өвдөг шалбарсан. Би жолоочийн хажуугийн буюу урд суудал дээр зорчиж явсан. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Бусад нь зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. .. Урд зорчиж байсан гэх саарал өнгийн Хөвсгөл аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн содон шинж тэмдэг ажиглагдаагүй. Би тухайн тээврийн хэрэслийн улсын дугаарын ХӨН гэх үсгийг нь л санаж байна. Бид нарын урдуур зам хааж голлож шахсан биднийг осолд оруулсан Хөвсгөл аймгийн дугаартай тээврийн хэрэгслийг олж хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна.. Нэхэмжлэх зардал, санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг / хх-ийн 22, 119 тал /,

              Насанд хүрээгүй хохирогч, Ц.Н, Ц.Э нарын хууль ёсны төлөөлөгч Т.ЦЭ.Ний өгсөн: “...Манай эхнэр Д.Д, охин Ц.Н /7 настай, эмэгтэй/, охин Ц.Э /3 настай/ хадам аав Дэмбэрэлсүрэн, хадам ээж Д.М, эхнэрийн  дүү Ө.Р нар зуны амралтаараа Баянхонгор, Говь-алтай, Завхан, Хөвсгөл, чиглэлд аялалаар явсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор хамт явж чадаагүй хотод үлдсэн болохоор ослын талаар сайн мэдэхгүй байна. Манай 2 охины биеийн байдал одоо хэвийн сайн байгаа. Уг хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байна. Зам тээврийн осолтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 38 тал/,

              Иргэний нэхэмжлэгч Д.Соёл-Эрдэнийн өгсөн: “...Би ослын талаар сайн мэдэхгүй байна.  2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.М болон Дэмбэрэлсүрэн нар нь зээлийн гэрээ байгуулж 74.000.000  төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Тоёота лексус RX 450 болон Макта титан  загварын автомашинуудыг худалдан авч манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хэвийн хэмжээнд төлөгдөж байгаа. Тоёота лексус RX450 загварын автомашины үнэлгээг хийлгэж  хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 тал/,

              Гэрч Ц.Дэмбэрэлсүрэнгийн өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Мөрөн суманд орж ирээд барилгын материалын дэлгүүрээс 2 ширхэг хийн газ худалдаж аваад Мөрөнгөөс Хатгалын чиглэлд гарсан. Замдаа Сод шатахуун түгээх станцаас машиндаа бензин авахаар зогсож бензинээ авчихаад, колонк дээр охин Д.Мтай жолоо солилцож суугаад цааш хөдөлсөн. Тэгээд Хатгал руу явах замд **** гэдгийг өгсөж явахад урд Пропокс маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл бид нарын урд талд явж байхдаа зам руу орж гараад тоормослоод явж өгөхгүй байсан. Би тухайн үед наад жолооч чинь согтуу байж магадгүй шүү болгоомжтой яваарай гэж хэлсэн тэгээд даваа өгсөөд уруудах үед мөн нөгөө машин бид нарын урд замын дунд цагаан зураас нэг даваад нэг буцаж орох гээд байдлаар  гүйцэж түрүүлэх боломж олгохгүй яваад байсан. Тэгсэн давааны уруудаад давааны доод хэсэгт нөгөө урд явсан машиныг манай охин гүйцэт түрүүлэх гээд гэрлээрээ дохиж сигналдсан чинь буцаж зам руугаа орох үед манай охин  хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед нөгөө машин дахин наашаа шахсан. Тэр үед замын ховил таарсан тэр ховил дээр бага зэрэг машин овгос гээд явсан. Тэгэхэд тэр машин хажуу талд яваад байсан. Тэгсэн охин сандраад машины рулээ зүүн дараад замын хөвөө хэсэгт очих үед баруун дарж байгаа харагдсан. Тэгсэн машин замын хажуу руу эргээд онхолдсон. Онхолдож байх үед хоёр хүүхэд машинаас шидэгдэж гарсан. Тэгсэн нэг хүүхэд маань салтаан дунд ороод ирэхээр нь нөгөөхөө тэврээд авсан машин 3 лав эргэх шиг болсон тэгээд 4 дугуйн дээрээ буцаж зогссон.  Тэр үед би машинаас анх гараад нөгөө тэвэрч явсан охиноо эхэлж гаргаад дараа нь урд сууж явсан эхнэр, охин хоёроо хараад гайгүй юу гэж асуусан. Мөн машинаас шидэгдэж гарсан хоёр хүүхдээ авсан. Том хүүхэд нь замын хажуу талд харин нөгөө охин нь машины урд талд хэвтэж байсан. Тэр үед тус замаар явж байсан хүмүүс зогсож эхнэр, охиныг машинаас гаргасан. Мөн бэртэж гэмтсэн Э.Нээг ээж Д.Мын хамт нэг танихгүй жолооч аймгийн эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Тэгээд байж байхад хоёр замын цагдаа ирсэн. Ийм зүйл л болсон. Урд явж байсан тээврийн хэрэгсэл ямар ч байсан ХӨВ серийн дугаартай байсан. Дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Осол болох үед машин ямар хурдтай явсан. Зорчигч нар суудлын бүс зүүсэн эсэхийг би анзаарч хараагүй. Даваа уруудаж явсан учир зөөлөн явж байсан байх. Би болон  хойд суудалд сууж явсан 4 хүн бол хамгаалах бүс хэрэглээгүй. Урд сууж манай эхнэр хамгаалах бүстэй явж байсан. Жолоочийг хамгаалах бүстэй явсан үгүйг мэдэхгүй байна. Манай эхнэр Д.М жолоочийн эсрэг талын урд суудалд, би эхнэрийнхээ ард талын чиг суудалд миний хажуу хоёр жоохон охин сууж явсан. Түүний цаад  талын суудалд манай хүү сууж явсан. Тухайн тээврийн хэрэгсэл  нь Улаанбаатар хотын банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй  явж байгаа. Уул нь манай эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байсан юм. Сая 5 дугаар сард банк бусад тавьсан. Д.М нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолооны курс төгсөөд 2 жил гаран болж байгаа юм. Эхнэр Д.Мын баруун урд шуу хэсгээрээ хоёр газар хугарсан, баруун нүдний ухархай цөмөрсөн, Э.Нээ тархи хагарсан, эгэм хугарсан, Ө.Рын хувьд тархи хагарсан, эгэм хугарсан. Жолоочоос эмч нар шоконд орсон байна гээд ямар нэгэн шинжилгээ аваагүй. Миний баруун гарын мөр, нуруу хэсэг, баруун талын чихний ард талд хавдаж гэмтсэн, зүүн шагай хавдаж гэмтсэн зэрэг  гэмтлүүд учирсан.  ..” гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 тал /,

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 02-ны өдрийн 9695 дугаартай: “...Ц.Эий  биед тархи доргилт, зүүн эгэмний зөрөөтэй далд хугарал, зулайн хуйхны язарсан  шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 48 тал /,

            Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн эмчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн дүрс оношилгооны дүгнэлт / хх-ийн 49-51 тал /,

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 02-ны өдрийн 9699 дугаартай: “...Д.Дын биед баруун атгаал ясны хөндлөн, зөрүүгүй далд хугарал, баруун бугалга, шуунд язарсан шарх, эрүүгд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 55 тал /,

             Дүрс оношилгооны эмчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өвчтөн илгээх бичиг / хх-ийн 56 тал /,

             Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 02-ны өдрийн 9693 дугаартай: “...Ц.Дын биед баруун шуу богтос ясны далд хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулайн хуйх, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн хөх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 61 тал /,

            Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн дүрс оношилгооны дүгнэлт / хх-ийн 62 тал /,

             Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 02-ны өдрийн 9701 дугаартай: “...Д.Өын биед баруун эгэм ясны зөрөөтэй далд хугарал, ууцанд язарсан шарх, зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 67 тал /,

            Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн дүрс оношилгооны дүгнэлт / хх-ийн 68 тал /,

               “МАГНА ПРОФИТ ЭНД ИНВЕСТМЭНТ ББСБ” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23/3149 дугаартай: “...Магна профит энд инвестмэнт ББСБ нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Д, Ц.Дэмбэрэлсүрэн нартай ЗГ-20230426000716 тоот зээлийн гэрээ байгуулан 74.000.000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн барьцаанд Иргэний хуулийн 231.1.6, 235 дугаар зүйлийн заалтуудыг үндсэнлэн ФГ-20230426000716 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуүлсан тул Хөвсгөл аймаг, Мөрөн сумаас Хатгал явах замд 2023 оны  07дугаар сарын 16-ны өдөр Тоёота Лексус RХ 450 маркийн 44-94 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хажуу руу онхолдож бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт иргэний хариуцагчаар оролцох боломжгүй..” гэх албан бичиг / хх-ийн 89 тал /,

              2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №20230426000716 дугаартай зээлийн гэрээ, хавсралт / хх-ийн 97-99 тал /,

              2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №20230426000716 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх  гэрээ, хавсралт / хх-ийн 100 тал /,

           Тэнцвэр Эстимэйт ХХК-ны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №27880768 дугаартай: “...Тоёота Лексус RХ 450 маркийн 44-94 УЕН улсын дугаартай  авто машин нь 2013 онд үйлдвэрлэсэн, 2023 онд орж ирсэн,  хар өнгөтэй, арлын GYL162405984 дугаартай ... шууд зардлын дүн 58.980.000 төгрөг, үнэлгээгээр 68.240.000 төгрөг болно..” гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 137-148 /,

           2023 оны 10 дугаар  сарын 15-ны өдрийн 1105 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 101-102 тал /,

           Тээврийн хэрэгслийн хар хайрцаг буюу DRT-Н61 төхөөрөмжинд үзлэг хийсэн: “...Тухайн хар өнгийн төхөөрөмжийн SD байх хэсгээс мемори картыг авч албаны компьютерын процессорт хийж үзэхэд дэлгэж дээр 2gb-н диск гарч ирэх ба файл хэсэг рүү нэвтэрч ороход 5 төрлийн folder хэсэг харагдана.  Тус бүр рүү орж бичлэг байгаа эсэхийг үзэж шалгахад ямар нэгэн бичлэг хадгалагдаагүй 1.78gb fгее оf 1.87 gb гэсэн үзүүлэлтийг зааж байсныг зургаар бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 123-124 тал /,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “....Уг осол хэрэг гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал явах зам ертөнцийн зүгээр хойд зүгт 29 км зайд асфальтан замын хэсэг болон уг замын ертөнцийн зүгээр баруун талд тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай байлаа. Албаны тээврийн хэрэгсэлтэй бүрэлдэхүүний хамт очиж үзлэгийг гаднаас дотогш чиглэл буюу анх тээврийн хэрэгсэл замаас гарсан цэгээс эхлэн үзлэгийг явуулахаар тогтов. Уг газар нь давааны уруу хэсэг байх ба асфальтан замаас зүүн тал руу гарсан тээврийн хэрэгслийн мөрийг А үсгээр тэмдэглэж түүнээс замын хөвөөнд үүссэн ул мөрийн хэсгийг Б үсгээр А-аас Б цэг хүртэл 26,60 см, түүнээс цааш мөн замын хөвөөнд үүссэн ул мөр шороон хэсэгт В үсгээр тэмдэглэж Б-ээс В цэг хүртэл 11,80 см, мөн цаад талд нь үүссэн ул мөрийг Г үсгээр тэмдэглэж В-ээс Г хүртэл 5,60 см зайтай түүнээс тээврийн хэрэгслийн наад талд үүссэн мөр хэсэгт Д үсгийг тавьж Г-ээс Д цэг хүртэл ЗЗ м, Д цэгээс тээврийн хэрэгсэл хүртэл хэмжиж үзэхэд 10,90 см зайтай байв. А цэгээс тээврийн хэрэгсэл хүртлэх хэсэгт тээврийн хэрэгслийн эд зүйл болон тээврийн хэрэгсэлд ачиж явсан ачаа, бараа аяны хэрэгслүүд газарт унаж эмх цэгцгүй байдалтай байлаа. Тус осолд Тoёота Лексүс-450 маркийн 4494 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орсон ба уг тээврийн хэрэгсэл нь урдаас хойд чиглэлд явж байгаад замын хажуу хэсэг рүү орж онхолдсон ба тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай зогссон байна. Уг тээврийн хэрэгсэл нийт 6 зорчигч зорчиж явсан гэх ба 3 хүүхэд 3 том хүн явж байжээ. .. Зорчих хэсгийн өргөнийг хэмжиж үзэхэд 7 м өргөнтэй, асфалтан зам байх ба эсрэг хөдөлгөөнтэй замын хайсгүй байв. Хэргийн газрын ойролцоо үл хөдлөх цэг тавих зүйл байхгүй байсан учир  GPS тавьж  үзэхэд 49”51”00.24 N. 100”02”04.19” Е заалтыг зааж байсанг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл / хх-ийн 4-5 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 тал/,

Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг: зохицуулдаг уулзвар, бусад, замын ангилал: ердийн, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: тэгш,  зорчих хэсгийн өргөн 7 метр, үзэгдэх орчин: чөлөөтэй, үзлэгдэх орчин: гэрэлтүүлэггүй, цаг агаар: цэлмэг, замын харьяалал: суурингийн гадна, эгнээний тоо: 2, хөдөлгөөний чиглэл эсрэг, сөрөг, замын байгууламж: хашлагагүй...” гэх тухай тэмдэглэл / хх-ийн 11 тал/,  

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж  өгсөн“...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

             Улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал явах замд **** гэх газарт 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Тоёота лексус RX450 маркийн 44-94 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж аюул саад тулгарах үед зогсоох арга хэмжээ авалгүй онхолдож улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ц.Д, насанд хүрээгүй хохирогч Д.Ө, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж мөн Тоёота лексус RX450 маркийн 4494 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 68.240.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож нотлогдсон байх тул гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Д нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсанхохирогч Ц.Дын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Ө, Ц.Э нарын  мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ЦЭ-ний мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, Д.Соёл-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Ц.Дэмбэрэлсүрэнгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9695 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9693 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9701 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9697 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 9691 дугаартай дүгнэлт, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №27880768 дугаартай техникийн үнэлгээний тайлан “Магна профит энд инвестмэнт ББСБ”-ийн зээлийн гэрээ, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  зам тээврийн  ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал,  хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн хар хайрцаг буюу DRT-H61 төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгон явах замд **** гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Тоёота лексус RX450 маркийн 44-94 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-д заасан заалтыг зөрчиж аюул саад тулгарах үед зогсоох арга хэмжээ авалгүй онхолдож улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ц.Д, насанд хүрээгүй хохирогч Д.Ө, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, мөн Тоёота лексус RX450 маркийн 4494 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 68.240.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Д, насанд хүрээгүй хохирогч Д.Ө, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

           Тодруулбал: тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Д нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

            Шүүгдэгч Д.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг  тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

               Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, мөн уг гэмт хэргийн улмаас их хэмжээний  хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын ****  гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн байна.

 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж мөн,  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Д.Д-ын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн  гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр шүүгдэгч Д.Дын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д-ын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн  гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Д.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Д, насанд хүрээгүй хохирогч Д.Ө, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт ирүүлээгүй,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Ц.Д нь “ ...миний зүгээс нэхэмлэх зүйл  гомдол саналгүй гэх гар бичвэр /хх-ийн 156 тал/-д, насанд хүрээгүй хохирогч  Д.Өын хууль ёсны төлөөлөгч  Ж.Оюунбат нь: “ ...Д.Ө биеийн байдал сайн гомдол санал байхгүй гэх гар бичвэр /хх-ийн 154 тал/-д, насанд хүрээгүй хохирогч Ц.Эий хууль ёсны төлөөлөгч Т.ЦЭ.Н нь : “...хүүхдүүдийн биеийн байдал сайн, гомдол санал байхгүй гэх гар бичвэр /хх-ийн 155 тал/-д тус тус хэрэгт авагдсан шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул хохирогч  Ц.Д, насанд хүрээгүй хохирогч  Д.Өын  хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунбат, насанд хүрээгүй хохирогч Ц.Эий хууль ёсны төлөөлөгч Т.ЦЭ.Н нарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Шүүгдэгч  Д.Дын гэм буруутай үйлдлийн улмаас Тоёота Лексус RХ 450 маркийн 44-94 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтлийн үнэлгээгээр 68.240.000 төгрөг учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт ХХК-ны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №27880768 дугаартай дүгнэлтээр,  дээрх авто машин нь “Магна профит энд инвестмэнт ББСБ”  эзэмшигч өмчлөгч болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тус тус  тогтоогдож байна.

           Иргэний нэхэмжлэгч “Магна профит энд инвестмэнт ББСБ” нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёл-Эрдэнийн өгсөн: “...Тоёота лексус RX 450 загварын автомашины зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хэвийн хэмээнд төлөгдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Даас  иргэний нэхэмжлэгч  “Магна профит энд инвестмэнт ББСБ”  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Д.Дын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Д нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

              Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр  хасаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилтийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3-т зааснаар  үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэх хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1-т зааснаар гэм хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогчид учруулсан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, тухайн автомашины 68,240,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авах саналтай байна...” гэв.

              Шүүгдэгч Д.Д нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...байхгүй...” гэв.

              Шүүгдэгч Д.Д-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д-ын гэм буруутай үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,   2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн санкцтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

              Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-дэх хэсгийн 1.5-д зааснаар 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг тухайн үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

           2.  Шүүгдэгч  ********** овогт Д.Д-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

3.  Шүүгдэгч  Д.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч “Магна профит энд инвестмэнт ББСБ”-д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Д-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.  Энэ хэрэгт шүүгдэгч  Д.Д цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичигггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй иргэний бичиг баримт ирээгүйг  тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН