| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
улсын яллагч Б.Жамъяндорж /томилолтоор/,
хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/,
шүүгдэгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 233000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****оны *** дугаар сарын ***-ны өдөр ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт ******* сумын 4 дүгээр баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,
*******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж түүний хоёр гар руу өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх ******* ээж нь манай хүү архи уугаад хөөж туугаад байлгахгүй байна гэж ярьж байсан. Нэг шуургатай өдөр ******* дүү нь ээжийнх нь малыг тэнгэрийн муухайгаар манай руу явган тууж ирсэн. Би амдаж авч байсан. Ээж нь “түүнийг хөөж туугаад байна,танайд малаа байлгая” гэж хэлсэн. Тэр үед хавар байсан, мал нь тогтохгүй байдаг байсан. Нэг өдөр хонио хараад явж байхад ******* таарсан. Тэгээд би чи яахаараа ээжийгээ хөөж туудаг юм. Цөөхөн хэдэн малыг нь хараад байж болохгүй байна уу гээд энэ асуудал болсон...”гэв.
- Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би малаа хашаад аавынхаа төрсөн дүүгийнх рүү явж байхад таараад миний хажууд зогсоод эхнэрийг минь машинаас буулгаад “чи яагаад ээжийгээ, малтай нь хөөгөөд байгаа юм” гээд намайг цохисон. Машинаас чирч буулгаад өшиглөсөн. Би өөдөөс нь зодолдоод барахгүй болохоороо босоод зугтаасан. Тэгэхэд араас мотоциклтой ирээд намайг нүүр нүдгүй зодсон. Нүүр рүү өшиглөхөд би гараараа хамгаалсан. Тэгэхэд гар минь хугарсан байх. Тэгээд би ахынд очоод ах эгч хоёртойгоо хамт эмнэлэгт үзүүлэхээр явсан. Би 5 дахь хагалгаандаа орохоор Улаанбаатар хот руу явна. Баруун гар минь ямар ч бэхэлгээгүй байгаа. Энэ жил хөдөө явж чадахгүй хэдэн малаа айлд тавьсан байсан. Мал минь дууссан гэсэн. Одоо маш их гомдолтой байна. Би өөрөө малаа харсан бол мал минь үхэхгүй байх байсан. Би мэргэжил ч байхгүй. Одоо би өөрөө явъя гэсэн сэтгэл байгаа ч унаа байхгүй, хүнд юм өргөж чадахгүй гомдолтой байна...” гэв.
Эрүүгийн 233000000124 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч яллагдагчаар өгсөн: Би тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний орой хониныхоо бэлчээр дээр байхад манай үеэл С.******* машинтайгаа хойшоо ахын гэрийн зүг явж байхаар нь би мотоциклтойгоо амдаж очоод С.*******ийг зогсоогоод уулзахад С.******* машинаа барьчихсан, эхнэртэйгээ явж байхаар нь би мотоциклоосоо бууж очоод С.*******т хандан "чи яагаад төрсөн ээжийгээ хөөж туудаг юм бэ, ээжийнхээ хэдэн малыг өөрөө маллаж чадахгүй байна уу" гэж хэлээд эхнэрийг нь та түр бууж бай гээд буулгаад жолоочийн эсрэг талын хаалгаар ороод "чи яахлаараа төрсөн ээжийгээ хөөж туугаад далчигнаад байгаа юм бэ" гээд С.*******ийг нүүр рүү нь баруун гараа атгаад нэг удаа цохиод жолоочийн эсрэг талын хаалгаар чирч гаргаж ирээд дахин нүүр рүү нь цохисон. Тэгсэн С.******* босоод явган зугтаахаар нь араас нь би мотоциклоо унаад гүйцэж очоод барьж аваад унагаагаад 2 удаа өшиглөсөн. Тухайн үед С.******* гараараа хамгаалаад байсан. Өшиглөх үед гар нь хугарсан байх гэж бодож байна. Би тэр үед хатуу хромон гуталтай байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 32-34-р хуудас/,
- Хохирогч С.*******: 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн хооронд эхнэрийн хамт улсын дугаартай Портер маркийн тэврийн хэрэгсэлтэй манай аавын төрсөн дүү болох гэх ахынх руу явж байх замд ******* мотоциклтой явж байхад нь би зогсож уулзсан. ******* нь машины буруу талын хаалгаар ирээд надтай мэндлээд “чи малаа авахгүй юм уу, мал чинь тараад хэцүү байна” гэсэн. Би тэгэхээр нь “ээж танайд авчирч тавьсан биз дээ” гэхэд манай эхнэрийг "та бууж бай" гээд машинд орж ирээд шууд миний нүүр лүү гараараа цохиж, миний гутлын түрийнээс чангааж машины буруу тал руу чирч буулгаж миний толгой нүүр лүү цохиж, мөн гар хөл рүү өшиглөж чамайг ална гээд дайраад байхаар нь би явган зугтаасан. Миний араас явган хөөгөөд гүйцээгүй болохоор мотоциклоо унаад араас хөөж ирээд намайг барьж эргэж зодсон. Тэгж байхад манай эхнэр бид хоёр дээр ирж ийг "чи одоо болиоч хүн аллаа" гэж хэлэхэд тоохгүй намайг өшиглөөд байсан. Тэгээд бид гурав машин руугаа явсан. Тэнд очсон хойно “та маргааш өглөө хонио авсан байгаарай үгүй бол ална шүү” гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 7-8-р хуудас/,
- Гэрч : 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр малаа хотлуулчхаад 18:00 цаг өнгөрч байхад нөхрийн хамт машинтай гэх газар луу ах ын гэр лүү явсан. Бид хоёрыг явж байх замд ******* ганцаараа мотоциклтой таарахаар нь уулзах гээд зогссон. Тэгсэн нь миний сууж байгаа талаар ирээд бид хоёртой мэндлээд манай нөхрийг “чи яагаад ээжийгээ хөөгөөд явуулсан юм, ээжийнхээ малыг өөрөө маллахгүй яасан юм” гэж хэлсэн. Тэхээр нь манай нөхөр "би ямар хөөсөн юм уу танайд ээж өөрөө тавьсан" гэхэд намайг та машинаас бууж бай гэж намайг буулгаад манай машин руу ороод шууд манай нөхрийг минь зодоод эхэлсэн. Машин дотроос нөхрийг маань татаж гаргаж ирээд зодсон. Би утсаар хүнд хэлхээр машинаасаа урагшаа гарч ярихад ******* нь манай нөхрийг хөөж туугаад өшиглөж цохиод байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 11-12-р хуудас/,
- Гэрч : ******* сумын харьяат С.******* гэх хүн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, 14-ний өдөр мэс заслын гэмтлийн их эмч Ц.Алтансүх, У.Бямбаа эмч нарын хамт С.******* хоёр шуу ясыг хадах мэс заслын эмчилгээ хийсэн. С.******* нь баруун гарын шуу яс дунд гуравны нэгээр хөндлөн хугарсан байсныг металл ялтас 4 ширхэг шургаар хадаж бэхэлсэн. Мөн зүүн гарын шуу яс нь урд 3/1-р хугарсан байсныг эвлүүлэн бэхэлсэн. Тэгээд мэс заслын шарх эдгээд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Түүнээс хойш С.******* нь дахиж ирж үзүүлээгүй алга болсон” гэх мэдүүлэг /хэргийн 124-125-р хуудас/,
- Гэрч : С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хоёр гарын шуу хугаралтай, хүнд зодуулсан гэх тайлбартай манай мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хоёр шуу ясны хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал амжилттай хийгдсэн. Хагалгааны дараа 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс амбулаторийн эмчийн хяналтад эмнэлгээс гарсан. С.******* нь эмнэлгээс гарснаас хойш өөртөө анхаарал тавих, эргэж эмнэлгээр боолт цэвэрлэгээ муу хийлгэсэн байсан. Үүнээс үүдэж шарх үрэвсэж дахин эмчилгээ, хагалгаа хийхэд хүрсэн нь С.******* өөрийнх нь хувийн зохион байгуулалт, хариуцлагын асуудал гэж үзэж байна. Эмч эмнэлгийн зүгээс анхны хагалгааны дараа дахин үзүүлэх, боолт цэвэрлэгээ хийлгэх талаар хангалттай сайн ойлгуулж хэлээд явуулж байсан. Би С.******* хагалгаа хийсэн хоёр гарын шууны зургийг сайн дурын үндсэн дээр гаргаж өгч хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хэргийн 128-129-р хуудас/,
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай нэмэлт “ 1.2.3. С.******* биед баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хэргийн 174-176-р хуудас/,
- Өвчний түүхийн хуулбар /хэргийн 135-173-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт /хэргийн 118-121-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаартай “1. Гэмт хэргийн улмаас С.******* сэтгэцэд стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 183-184-р хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 35 дугаар хуудас/
- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 40-42, 45-46 дугаар хуудас/
- ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023.05.26-ны өдрийн 200 дугаартай тодорхойлолт /хэргийн 43 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.26-ны өдрийн 26/199, 2023.11.28-ны өдрийн 26/319 дугаартай албан бичиг, зардлын түүх /хэргийн 115-116, 118-121-р хуудас/,
- Хохирогч С.******* хоёр гарын рентгэн зураг /хэргийн 190-192 дугаар хуудас/
- Хохирогч С.******* дансанд 5,000,000 төгрөг төлсөн баримт /хэргийн 194 дүгээр хуудас/
- Хохирогч С.******* тус шүүхэд гаргасан гомдол
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний хоёр гар руу өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан хохирогч С.******* “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед эхнэрийн хамт өөрийн Портер машинтай явж байх замд ******* мотоциклтой явж байхад нь би зогсож уулзсан. ******* надтай мэндлээд “ чи малаа авахгүй юм уу, мал чинь тараад хэцүү байна” гэсэн. Би “ээж танайд авчирч тавьсан биз дээ” гэхэд манай эхнэрийг "та бууж бай" гээд машинд орж ирээд шууд миний нүүр лүү гараараа цохиж, миний гутлын түрийнээс чангааж машины буруу тал руу чирч буулгаж миний толгой нүүр лүү цохиж, мөн гар хөл рүү өшиглөж чамайг ална гээд дайраад байхаар нь би явган зугтаасан. Миний араас мотоциклоо унаад хөөж ирээд намайг барьж эргэж зодсон. Намайг өшиглөөд байсан ” гэх,
гэрч "2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр малаа хотлуулчхаад 18.00 цаг өнгөрч байхад нөхрийн хамт машинтай ах ын гэр лүү явж байх замд ******* мотоциклтой таарч уулзах гээд зогссон. миний сууж байгаа талаар ирээд мэндлээд, манай нөхрийг “чи яагаад ээжийгээ хөөгөөд явуулсан юм, ээжийнхээ малыг өөрөө маллахгүй яасан юм” гэж хэлсэн. Манай нөхөр "би ямар хөөсөн юм уу танайд ээж өөрөө тавьсан" гэхэд намайг “та машинаас бууж бай” гэж буулгаад машин руу ороод шууд манай нөхрийг минь зодоод эхэлсэн. Машин дотроос нөхрийг маань татаж гаргаж ирээд зодсон. Би утсаар хүнд хэлхээр машинаасаа урагшаа гарч ярихад ******* нь манай нөхрийг хөөж туугаад өшиглөж цохиод байсан” гэх,
гэрч “******* сумын харьяат С.******* гэх хүн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж тус сарын 14-ний өдөр мэс заслын гэмтлийн их эмч Ц.Алтансүх, У.Бямбаа эмч нарын хамт С.******* хоёр шуу ясыг хадах мэс заслын эмчилгээ хийсэн. С.******* нь баруун гарын шуу яс дунд гуравны нэгээр хөндлөн хугарсан байсныг металл ялтас 4 ширхэг шургаар хадаж бэхэлсэн. Мөн зүүн гарын шуу яс нь урд 3/1-р хугарсан байсныг эвлүүлэн бэхэлсэн. Тэгээд мэс заслын шарх эдгээд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Түүнээс хойш С.******* нь дахиж ирж үзүүлээгүй алга болсон” гэх,
гэрч “С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хоёр гарын шуу хугаралтай хүнд зодуулсан гэх тайлбартай манай мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хоёр шуу ясны хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал амжилттай хийгдсэн. Хагалгааны дараа 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс амбулаторийн эмчийн хяналтад эмнэлгээс гарсан. С.******* нь эмнэлгээс гарснаас хойш өөртөө анхаарал тавих, эргэж эмнэлгээр боолт цэвэрлэгээ муу хийлгэсэн байсан. Үүнээс үүдэж шарх үрэвсэж дахин эмчилгээ, хагалгаа хийхэд хүрсэн нь С.******* өөрийнх нь хувийн зохион байгуулалт, хариуцлагын асуудал гэж үзэж байна” гэх,
шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “ 2023 оны 05 дугаар сарын 24-ний орой бэлчээр дээр байхад манай үеэл С.******* машинтайгаа явж байхаар нь уулзахад эхнэртэйгээ явж байсан. С.*******т "чи яагаад төрсөн ээжийгээ хөөж туудаг юм бэ, ээжийнхээ хэдэн малыг өөрөө маллаж чадахгүй байна уу" гэж хэлээд эхнэрийг нь “та түр бууж бай” гээд буулгаад "чи яахлаараа төрсөн ээжийгээ хөөж туугаад далчигнаад байгаа юм бэ" гээд С.*******ийг нүүр рүү нь баруун гараа атгаад нэг удаа цохиод, жолоочийн эсрэг талын хаалгаар чирч гаргаж ирээд дахин нүүр рүү нь цохисон. С.******* босоод явган зугтаахаар нь мотоциклоо унаад гүйцэж очоод барьж аваад унагаагаад 2 удаа өшиглөсөн. Тухайн үед С.******* гараараа хамгаалаад байсан. Өшиглөх үед гар нь хугарсан байх гэж бодож байна. Би тэр үед хатуу хромон гуталтай байсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 32 дугаартай нэмэлт “... 1.2.3. С.******* биед баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,
С.******* Өвчний түүхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч С.*******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтанд нийцсэн байна.
С.******* эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 32 дугаартай нэмэлт “ 1.2.3. С.******* биед баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч С.******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч С.******* хоёр гар руу өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн улсын яллагчаас “ Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар хоёр гар руу өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт бэхжүүлж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.Гэмт хэргийн улмаас хохирогч С.******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч С.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч нь 6,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.Хохирогч С.******* биед учирсан гэмтлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,129,400 төгрөгийг олгосон, үүнийг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн гэм хорыг талууд хүснэгтээр гаргуулахгүй гэсэн тохиолдолд шинжилгээний байгууллагаар тогтоолгож болно. Тухайн журам нь 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш хэрэглэж байгаа. Энэ хэрэг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн тул Иргэний хуулийн буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмын дагуу шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй. Мөн өмгөөлөгчийн зүйлчлэлтэй холбоотой саналын хувьд хүндрүүлэн зүйлчлэх тохиолдол бий тул шүүх хуралдааныг хойшлуулж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовуурь үүссэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь үйлдэгдэх үеийнхээр зүйлчлэгдэнэ. Гэмт хэргийн улмаас цаашид үүссэн бол гэж хууль тогтоогчид зүйлчлээгүй. Энэ гэмт хэрэгт хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан. Гэмт хэргийг үйлдэх үедээ хүндрүүлэн зүйлчлэх тохиолдол бий болоогүй” гэх дүгнэлтийг,
хохирогчийн өмгөөлөгчөөс “ Прокурорын зүгээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоогоогүй. Бие махбодод шаналал зовуурь үүсгэсэн, мөн сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. ******* нь С.*******ийг зодож хоёр гарын шуу хэсгийн хоёр ясыг хугалсан. Хоёр гар хоёулаа хугарсан тул эдгэх хүртэл хохирогч ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу хоолоо идэх, юм барих гэх мэт ямар ч зүйл хийж чадахгүй, шаналсан нөхцөл байдалтай явж байгаад зүүн гарын яс нь арай эрт бороолж эдгэсэн, одоо баруун гарын яс нь эдгэхгүй хүндэрч хагалгаа хийлгээд эмчлүүлж байгаа. Ингээд энэ хүн малаа маллах чадваргүй болж арга барсандаа хүнээр малаа түрээслэн харуулж байгаа. Гэтэл мал нь тэжээл дутагдаж, мөн цас зудтай байгаагийн улмаас малууд нь үхсэн. Шүүгдэгч хохирогчийг унасны дараа хохирогч нэг гараараа хаасан. Тэр үед нөгөө гар дээр нь гишгэж хугалсан гэж байдаг. Хоёр гарын шууны яс хоёулаа хугарсан. Энэ гэмтлийн дараа хохирогч аягатай цайгаа барьж чадахгүй байсан. Энэ нөхцөл байдалд сэтгэл санаа болон хөдөлмөрийн чадвар алдагдаж, зовуурь шаналал үүссэн гэх нөхцөл байдал болно. Үүнийг хууль тогтоогчид хүндрүүлэх ёстой нөхцөл байдал гэж тогтоосон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийг зөв хэрэглэх санал тавьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовуурь үүссэн.
Хохирогчид сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоож, 2 дугаар зэргийн дүгнэлт гарсан нь буруу байна. Хүндэвтэр гэмтэлд 3 дугаар зэрэгт заасан дүгнэлт гарах ёстой, гэтэл бичиг үсгийн алдаа гаргасан юм уу, 2 дугаар зэргийн дүгнэлт гэж бичсэн байсан. Иргэний хуульд сэтгэцэд учирсан хохирлыг зохицуулсан байдаг. Харин ямар аргаар энэ хохирлыг тооцож бодох бэ гэдэг зохицуулалт сүүлд Шүүхийн шинжилгээний тухай хуульд орж ирсэн. Иргэний хуульд зааснаар шүүхийн практикт шийдээд хохирлыг тооцоод явж байгаа. Шинжээч томилсон нь хохирогчийн хүсэлтээр тогтоогоогүй. Мөрдөгч шинжээч томилно гэж өөрийн хүсэлтээр шинжээч томилсон байгаа. Шинжээч зэрэглэл тогтоохдоо хохирогчид ашигтай байдлаар тогтооно гэсэн аргачлал байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэл гэж тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнийг шүүх залруулах боломжтой. Иймд хохирогчийн хоёр гар хугарсан, бие махбодын зовуурь шаналал үүсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн зохицуулалтын дагуу энэ шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
6. Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ хохирогч С.*******ийн хоёр гар хугарсан нь бие махбодын зовиур, шаналал үүсгэсэн нөхцөл байдалд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй ” гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргаж буйг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон хууль тогтоогчоос хуульчилжээ.
“Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэдэгт хохирогчид олон удаагийн гэмтлүүд учруулах замаар буюу гэмтэл учруулахын тулд онц хүчтэй өвдөлт, зовиур үүсгэх, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулан шаналгах зэрэг зориуд санаатай хийсэн үйлдлүүдийг санаатай хийж хохирол учруулсан үйлдлүүдийг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд энэ нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Тодруулбал, шүүгдэгч *******ийн хувьд тухайн өдөр мал хариулж явахдаа тохиолдлын байдлаар хохирогч ******* таарч, түүний гэр бүл, эхийн хооронд үүссэн харилцаанаас улбаалан түүнтэй маргаан үүсгэн, улмаар түүнийг машинаас чирч буулгах, гараар цохих, өшиглөж зодох явцдаа эрүүл мэндэд нь “баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал ” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хийгээд хохирогч С.******* 2 гарыг хугалах, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хохирол учруулах шууд санаа зорилгоор тухайн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт нотлогдоогүй болно.
Түүнчлэн, хохирогч С.******* эрүүл мэндэд учирсан “баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий хохирол нь тухайн үед үүссэн шинжээрээ буюу гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдлаараа хүндэвтэр хохиролд хамаарч байгаа бөгөөд харин түүний эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл эдгэхгүй удааширч дахин хагалгаа хийлгэсэн нь тухайн гэмтэл учрахад буюу уг гэмтлийн гаралтай гэмтлээс шууд үүсээгүй, харин С.*******ээс эмнэлгийн хяналтад шархаа эмчлүүлээгүйгээс хүндэрч үрэвсэл болсон гэдгийг гэрч Б.Мангалжав “2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэс заслын гэмтлийн их эмч Ц.Алтансүх, У.Бямбаа нарын хамт С.******* хоёр шуу ясыг хадах мэс заслын эмчилгээ хийсэн. Мэс заслын шарх эдгээд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Түүнээс хойш С.******* нь дахиж ирж үзүүлээгүй алга болсон”, гэрч У.Бямбаа “С.*******т хоёр шуу ясны хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал амжилттай хийгдсэн. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс амбулаторийн эмчийн хяналтад эмнэлгээс гарсан. С.******* нь эмнэлгээс гарснаас хойш өөртөө анхаарал тавих, эргэж эмнэлгээр боолт цэвэрлэгээ муу хийлгэсэн байсан. Үүнээс үүдэж шарх үрэвсэж дахин эмчилгээ, хагалгаа хийхэд хүрсэн нь С.******* өөрийнх нь хувийн зохион байгуулалт, хариуцлагын асуудал гэж үзэж байна” гэж тус тус мэдүүлжээ.
7. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг зодсоноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогч С.*******ийг цохих, өшиглөж биед нь хохирол зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Энэ хэргийн хувьд хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг өшиглөж зодсон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу түүний уг үйлдлийн улмаас хохирогч С.*******тийн биед “баруун шуу яс, зүүн богтос ясны далд хугарал” бүхий гэмтэл учирсан болно.
9. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, хохирогч С.******* нар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан, үүний улмаас ******* нь С.******* биед халдаж, түүнийг өшиглөж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч С.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол хор уршигтай холбоотой баримт гаргаагүй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид 6,500,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдоно.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хохирогч С.******* нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 4,129,400 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.26-ны өдрийн 26/199, 2023.11.28-ны өдрийн 26/319 дугаартай албан бичиг, зардлын түүх /хэргийн 115-116, 118-121-р хуудас/ зэргээр нотлогдоно.
Иймд шүүгдэгч *******оос 4,129,400 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй “Иргэний хуульд сэтгэцэд учирсан хохирлыг зохицуулсан байдаг. Урьд иргэний хуульд заасан зохицуулалт байгаа учир ямар аргаар энэ хохирлыг тооцож бодох бэ гээд зохицуулалт нь сүүлд Шүүхийн шинжилгээний тухай хуульд орж ирсэн. Иргэний хуульд зааснаар шүүхийн практикт шийдээд хохирлыг тооцоод явж байгаа тул С.******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэл гэж тооцож гаргуулах үндэслэлтэй” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч С.******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тогтоол гаргасан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.******* сэтгэцэд учирсан хор уршгийг “хоёрдугаар зэрэглэл”-ээр тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Шүүх хэргийн үйл баримт, хохирол хор уршигтай холбоотой асуудлыг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хууль, журамд үндэслэн тогтоох бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан хууль, тогтоомж мөрдөгдөж эхлээгүй байсан байна.
Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заасан хийгээд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар тус тус батлагджээ.
Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуульд энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй байна.
Иймд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, 2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно ” гэх зохицуулалтанд хамааралтай.
5. Шүүх хохирогч С.******* “ Шүүгдэгч *******оос бусдаар мал маллуулсны хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг энэ тогтоолоор шууд хангах боломжгүй гэж үзлээ.
Учир нь тухайн асуудлыг гэрээний тал болох мал хариулж буй этгээд , С.*******ийн эхнэр Л.Аззаяа нараас тодруулан тогтоох шаардлагатай буюу нотлох баримт бүрдүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хохирогч С.******* нь энэ асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй болно.
6. Хохирогч С.******* нь цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирол нөхөн төлсөн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч С.******* зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 6,500,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 4,129,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэх, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх ” дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч *******оос “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэж маргаагүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь садан төрлийн хүмүүсийн дундын үл ойлголцол, харилцаанаас үүдэлтэй, түүний зүгээс хохирогч С.******* эмчилгээний зардалд 6,500,000 төгрөг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч буй, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хувийн байдал зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”. гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдья.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг шүүгдэгч *******ид анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 4,129,400 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.******* нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр хохирогч С.*******т 6,500,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН