Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2020/00548

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2020/00548

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд багийн 7-5 тоотод оршин суух, И.м овогт Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Э би 2019 оны 08 сарын 15-нд Говь-Алтай аймгийн Солонго ДС-д орон нутаг хариуцсан менежерээр ажилд орж улмаар 8 сар ажилласан. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй байхад захирал Л.О нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул намайл ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 16-нд орон нутаг хариуцсан менежерийн албан тушаалд ажилд орсон. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 тоот тогтоолоор үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалинг баталж өгсөн. Энэ тогтоолд орон нутаг хариуцсан менежерийн орон тоо батлагдаагүй бөгөөд эрх бүхий хүмүүсийн аман шийдвэрээр танай үйлдвэрийн газарт Дарви, Эрдэнэ, Жаргалан сумдын халаалтын байгууллагуудын үйл ажиллагааг хариуцуулах менежерийн орон тоог нэмж баталж өгнө гэсний дагуу тушаал гарган ажилд томилсон. Ц.Э-т ажилд орсон өдрөөс нь эхлэн эрх бүхий байгууллагаас тухайн орон тоог батлуулсан шийдвэр гаргуулж ирэх талаар сануулсаар ирсэн. 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Төрийн Аудитын газраас шалгалт хийн албан шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад менежерийн батлагдсан орон тоо байхгүй байхад Ц.Э-ыг авч ажиллуулан цалин хөлс олгон зөрчил гаргасан байна гэсэн албан шаардлага ирсэн. Дээрх шаардлагын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 тоот захирлын тушаалаар Ц.Э-ыг ажлаас чөлөөлсөн. Ц.Э-ын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.О нь Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 тоот тогтоолоор үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалинг баталж өгсөн. Энэ тогтоолд орон нутаг хариуцсан менежерийн орон тоо батлагдаагүй бөгөөд эрх бүхий хүмүүсийн аман шийдвэрээр танай үйлдвэрийн газарт Дарви, Эрдэнэ, Жаргалан сумдын халаалтын байгууллагуудын үйл ажиллагааг хариуцуулах менежерийн орон тоог нэмж баталж өгнө гэсний дагуу тушаал гарган ажилд томилсон бөгөөд Төрийн Аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 тоот захирлын тушаалаар Ц.Э-ыг ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт орон нутаг хариуцсан менежерээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 0.......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Ц.Э-ыг 2019 оны 09 сарын 16-ны өдрөөс ТҮ-7-2 шатлалаар цалинжуулан орон нутаг хариуцсан менежерээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хэрэгт нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ирүүлжээ.

Уг тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Ц.Э-ыг ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч нэхэмжлэгчийн дээрх тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хуулбар хувь байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн хариуцагч Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас хэрэгт нотлох баримтаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ирүүлжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.О-ын Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалд үндэслэл болгосон хуулиуд болон зүйл, заалтууд нь өөрчлөгдсөн байгааг хариуцагч Л.О нь шүүх хуралдаанд Манай бичиг хэргийн ажилтны Ц.Э-т гардуулсан тушаал буруу тушаал байсан тул сүүлд зассан гэж тайлбарлаж байгаагаар анх гаргасан тушаалаа өөрчилсөн болох нь тогтоогдож байх тул дээрх хоёр тушаалд дүгнэлт хийх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 тоот тогтоолоор үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалинг баталж өгсөн. Энэ тогтоолд орон нутаг хариуцсан менежерийн орон тоо батлагдаагүй бөгөөд эрх бүхий хүмүүсийн аман шийдвэрээр танай үйлдвэрийн газарт Дарви, Эрдэнэ, Жаргалан сумдын халаалтын байгууллагуудын үйл ажиллагааг хариуцуулах менежерийн орон тоог нэмж баталж өгнө гэсний дагуу тушаал гарган ажилд томилсон. Ц.Э-т ажилд орсон өдрөөс нь эхлэн эрх бүхий байгууллагаас тухайн орон тоог батлуулсан шийдвэр гаргуулж ирэх талаар сануулсаар ирсэн. 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Төрийн Аудитын газраас шалгалт хийн албан шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад менежерийн батлагдсан орон тоо байхгүй байхад Ц.Э-ыг авч ажиллуулан цалин хөлс олгон зөрчил гаргасан байна гэсэн албан шаардлага ирсэн. Дээрх шаардлагын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 тоот захирлын тушаалаар Ц.Э-ыг ажлаас чөлөөлсөн гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаалуудад хууль зүйн дүгнэлт хийхэд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Ажилтныг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдээс зайлшгүй баримталсан байхыг шаарддаг.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тоо, цалин батлах тухай тогтоолын хавсралтаар тус станц нь 31 орон тоотой байх бөгөөд үүнд орон нутаг хариуцсан менежерийн орон тоо батлагдаагүй атал уг орон тоог бий болгон нэхэмжлэгч Ц.Э-ыг томилсон байх бөгөөд батлагдсан орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд Энэ тогтоолд орон нутаг хариуцсан менежерийн орон тоо батлагдаагүй бөгөөд эрх бүхий хүмүүсийн аман шийдвэрээр танай үйлдвэрийн газарт Дарви, Эрдэнэ, Жаргалан сумдын халаалтын байгууллагуудын үйл ажиллагааг хариуцуулах менежерийн орон тоог нэмж баталж өгнө гэсний дагуу тушаал гарган ажилд томилсон... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалуудын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ц.Э-ыг Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынорон нутаг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь хариуцагч нь шүүх хуралдаанд Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь улирлын чанартай, 05 дугаар сард галлагаа зогсож, 09 дүгээр сараас дахин галлаж эхэлдэг хэмээн тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгчийг 2020 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус үйлдвэрийн газар нь 09 дүгээр сар хүртэл амардаг байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгох нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.3-д зааснаар улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тоооцож ажил олгогч төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тоооцож хариуцагчаар нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.м овогт Ц.Э-ыг Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон нутаг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ