Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч хяналтын прокурор Б.Жамъяндорж ,

Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн *******т холбогдох 2430000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, авто засварын газарт засварчин ажилтай, ******* сумын 1 дүгээр баг “” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн сумын 9 дүгээр баг “” 1001 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, /*******,

*******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цаг 41 минутын үед Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг “” хотхоны Б1 давхарт байрлах “” ХХК-ийн ажлын байрнаас иргэн ******* “Делл” брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 00 цагийн орчимд бааранд ороод 0.5 литрийн лаазтай пиво, 0.5 литрийн Хараа нэртэй архи ганцаараа уугаад 02 цагийн үед баарнаас гараад буцаад граш руугаа явсан. Гадаа их хүйтэн, даараад явж байтал хөл бөмбөгийн талбайн хажууд байх нэг орон сууцны доод талын нэг давхрын хаалга гэрэлтэй байхаар нь би дулаацах гээд очоод хаалгыг нь таттал хаалга нь нээлттэй байсан. Би ороод хэсэг дулаацаад ширээн дээр байсан цагаан өнгийн, дэлгэцэн дээрээ хүүхэлдэйн баатруудын зурагтай зөөврийн компьютерыг аваад куртикэн дотуураа хийгээд аваад явсан. Граш дээрээ очоод би өөрийнхөө байрладаг өрөөндөө ороод авсан нөгөө нөүтбүүкээ би өөрийнхөө цүнхтэй хувцсандаа хийчихсэн. Хэд хоногийн дараа аймгийн цагдаагаас над руу утсаар яриад цагдаагийн газарт ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь би очиж уулзаад авсан нөүтбүүкээ цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 53-60 дугаар хуудас/,

хохирогч “ Би Сүхбаатар аймгийн сумын 3-р баг хотхоны Б1 давхарт байрлах “Голден битэйс” ХХК-ны ерөнхий менежерээр ажилладаг юм. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой ажлынхаа хаалгыг түгжихээ мартаад явчихсан байна лээ. 01 дүгээр сарын 10-ны өглөө ирэхэд манай ажлын газраас миний Dell маркийн саарал өнгөтэй нөүтбүүк, хар өнгөтэй утасгүй Logitech брэндийн компьютерын хулгана зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Манай оффис дотор нэг камер байх бөгөөд 01 дүгээр сарын 09-10-ны шилжих шөнө 02 цаг 41 минутад хар өнгийн малгайтай, урт куртиктэй, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамцтай, доогуураа бараан өнгийн өмдтэй үл таних эрэгтэй хүн орж ирээд оффисын эд зүйлсийг үзэж байгаад нотебүүк, утасгүй компьютерын хулганыг аваад явчихсан байгаа юм. Манай оффис дотуур тухайн хүн 2 цаг орчим эд зүйлсийг үзээд явсан байна лээ. Dell маркийн саарал өнгөтэй, металл гадаргуутай, дэлгэц ажиллагаа хэвийн, үеийг нь сайн мэдэхгүй байна. Гаднах хавтсан дээрээ 7 ширхэг хүүхэлдэй киноны баатруудын зургийн наалттай. Жил гаруй нь өмнө 2 сая орчим төгрөгөөр худалдан авч байна. Уг компьютер дотор 6 сая төгрөгийн нягтлангийн программ байгаа юм. Гол чухал зүйл нь уг программ юм. Учир нь уг программ нь өөр ямар нэгэн компьютер дээр суудаггүй, манай компанийн бүх хэрэгтэй зүйлс байгаа юм.Энэ нотебүүкийг нь миний алдсан нотебүүкийн эдгээр содон шинж тэмдэгтэй тохирч байгаа болохоор нь би таньж байна. Хүлээн авсан нотебүүкийн дэлгэц нь асахгүй байна. Дэлгэц шилжүүлэг ашиглаж асаахад дотор нь байх файл, программууд хэвийн ажиллагаатай байна. Мэргэжлийн засварчнаас асуухад удаан хугацаанд асаалттай байлгахаар дэлгэцийн лед шатдаг гэсэн. Алдагдахаас өмнө тухайн нотебүүк маань дэлгэц ажиллагаа хэвийн зүгээр байсан. Тэгэхээр нотебүүкийн дэлгэцийг засварлах мөнгийг нэхэмжилж байна. Би тухайн үед хулгайд алдсан гэх Logitech брэндийн утасгүй компьютерын хулганаа олсон. Тэгэхээр тухайн үед ганцхан нотебүүк хулгайд алдсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 27-28-р хуудас/,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №2402011 дугаартай “...Dell брэндийн Нөүтбүүк ижил төсөөтэй байдлаарх үнэ 2,100 мянган төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-44-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг хотхоны Б1 давхарт үйл ажиллагаа явуулах оффисын дотор талын хяналтын камерын 05 минут 34 секундийн дүрс бичлэгийг 1 ширхэг компакт дискт хуулбарлан хэрэгт тусгуулахаар өгснийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 17-19-р хуудас/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч 2,100,000 төгрөгийн  хохирол учирсан, үүнийг шүүгдэгч нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “ О овогтой нь хийсэн хэргээ хүлээж намайг хохиролгүй болгосон мөн гомдолгүй тул энэ хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтээр нотлогдох тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон тэнсэж, албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* 2,100,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч *******т   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.             

  

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

6.  Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг CD бичлэгийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус  тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН