Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00180

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00180

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг  тоотод оршин суух Наранбаатарын Нямбаатар

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  Хаппиверитас ХХК

 

Гэм хорын хохиролд 3,335,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

хариуцагчийн төлөөлөгч Д.Э,С.Д,

Ч.Б

хариуцагчийн өмгөөлөгч П.А

нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Нямбаатар нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр Хаппиверитас оношилгооны төвд, 2016 оны 1 сарын 04-ний өдөр Элэгний төвд очиж хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ өгсөн бөгөөд вирус тоологдоогүй гэсэн хариуг авсан. Хэсэг хугацааны дараа буюу 2016 оны 4 сарын 01-ний өдөр Элэгний төв болон 2016 оны 4 сарын 02-ны өдөр Сонгдо эмнэлэгт хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ хийсэн ба мөн хариу нь вирус тоологдоогүй гэж гарсан. Харин тэрээр 2016 оны 8 сарын 13-ны өдөр Хаппиверитас оношилгооны төвд хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ өгсөн ба шинжилгээний хариуд С вирусийн РНХ илэрсэн хариу гарсан. Тухайн үед эмч нь хепатитийн С вирусийн РНХ тоологдсон тул элэгний хатуурал эхэлсэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу 2016 оны 8 сарын 18-ны өдөр элэгний хатуурал үүссэн эсэхийг шалгах багц шинжилгээг хийсэн бөгөөд элэгний хатууралгүй эрүүл гэсэн хариуг авсан. Элэгний хатуурал үүсээгүй нь азтай боловч хепатитийн С вирус нь тоологдсон тул эмчээс эмийн жор авч тухайн үед урт цагаанд байрлах эмийн сангаас хепатитийн С вирусийн эмийн 2016 оны 08 сарын 19-ний өдөр 909,200 төгрөг, 08 сарын 24-ний өдөр 1,818,400 төгрөг, нийт 2,727,600 төгрөг буюу 3 сар хэрэглэх эмийг авч уусан. 3 сар эмийг хэрэглэсний дараа вирусийн төлөв байдал хэр өөрчлөгдсөнийг шалгах үүднээс 2016 оын 11 сарын 25, 28-ны өдөр Элэгний төвд шинжилгээ өгсөн. Мөн Элэгний төвөөс хийдэггүй зарим шинжилгээг Юү Би нэгдсэн төв лабораторид 2016 оны 11 сарын 24, 29, 12 сарын 01-ний өдөр өгсөн. Гэвч тус шинжилгээний хариунууд бүгд элэг эрүүл гэж гарч ялангуяа Элэгний төвөөс 11 сарын 25, 28-ны өдөр авсан хариунууд хепатитийн С вирусгүй гэж гарсан. Тухайн үед Элэгний төвийн эмч нь эрүүл хүн химийн бодис буюу эмийг 3 сар хэрэглэсэн учраас биед ямар нэгэн сөрөг үр дагавар үүссэн байж болзошгүй тул шалгаж үзэхийг зөвлөсөн. Элэгний төвийн эмч зөвлөсний дагуу 2017 оны 03 сарын 27-ны өдөр УБ Сонгдо эмнэлэгт ходоодны дуран хийсэн ба ходоодны зарим хэсэг улайрсан гэсэн хариу авсан. Хаппиверитас ХХК-ийн оношилгооны төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх буюу доголдолгүй, дутагдалгүй оношилгооны үйлчилгээг өгөх үүргийг үйлчлүүлэгчийн өмнө хүлээдэг. Ямар шалтгаанаар болон субьектив хандлагаар шинжилгээний хариу буруу гарсныг жирийн иргэдийн хувьд мэдэх боломжгүй ба үйлчлүүлэгч болон эмч нар нь тус оношилгооны дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол хэлний их тайлбар тольд оношилгоо өгөх гэдгийг өвчин эмгэгээ тодруулан тогтоолгох хэмээн тодорхойлсон. Оношилгоо өгөх гэдэг нь тус үйлдлээр зогсохгүй оношилгооны үр дүнд өвчин эмгэг илэрсэн тохиолдолд дараагийн арга хэмжээ авах үр дагаварт хүргэдэг. Тиймээс буруу оношилсон тохиолдолд түүний хохирол нь тус үйлдлээр хязгаарлагдахгүй тус үйлдлийн улмаас үйлчлүүлэгчээс авсан дараагийн арга хэмжээнүүдэд салшгүй холбоотой байдаг. Хэрэв шинжилгээний хариу нь зөв гарч хепатитийн С вирус тоологдоогүй байсан бол их хэмжээний төлбөрийг төлж эмийг худалдаж авах, тус эмийг хэрэглэснээр ямар нэгэн эерэг болон сөрөг үр дагавар үүссэн эсэхийг шалгах шаардлагагүй байсан. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Хаппиверитас ХХК-ийн Хаппи веритас оношилгооны төв нь үйлчлүүлэгчид доголдолтой буюу дутагдалтай үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүний улмаас үйлчлүүлэгч нь зохих арга хэмжээг авсан ба тус арга хэмжээнүүд нь оношилгооны төвийн шинжилгээний хариуны улмаас авагдсан тул гэм буруутай үйлдэл болон хохирол хооронд шалтгаант холбоотой болох нь тодорхой байна. Тиймээс Хаппивертас ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм буруутай үйлдлийг хийсэн, тус үйлдэл нь хохиролтой шалтгаант холбоотой тул тус компаниас буруу оношилсон шинжилгээний төлбөр 200,000 төгрөг, тус оношилгооны улмаас хийсэн багц шинжилгээний төлбөр 206,000 төгрөг, худалдаж авсан эмийн зардал 2,727,600 төгрөг, эмийг хэрэглэсний дараа өгсөн шинжилгээний зардал 135,000 төгрөг, эм хэрэглэсний улмаас сөрөг үр дагавар үүссэн эсэхийг шалгах зорилгоор өгсөн шинжилгээний зардал 67,000 төгрөг нийт 3,335,600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас хоёр үндэслэлээр маргаж байна. Нэгдүгээрт шинжилгээ дээр маргаж байна. Хаппиверитас төвд 2016 оны 4 сард шинжилгээ өгч байхад элэгний С вирусгүй гэж гарч ирсэн. Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өгсөн 3 шинжилгээний хариуны аль алинд нь PCR not detectable гэж гарч ирсэн. Энэ цар тахлын үед түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээ хоёрын ялгааг бид ойлгож эхэлж байна. Жишээ нь түргэвчилсэн оношлуураар үзээд дараа нь заавал PCR шинжилгээгээр тоолж байж вирустэй юу, үгүй юу гэдгийг тогтооно гэсэн зааварчилгаа байгаа юм. Тухайн үед үйлчилж байсан Эрүүл мэндийн яамны зааварчилгааг шүүх бүрэлдэхүүн харах хэрэгтэй байх. Үүн дээр хэрвээ анти боди илрэх юм бол заавал PCR шинжилгээгээр вирусийг тоолох ёстой. Хаппиверитас төвд ямар асуудал үүсэж байна гэхээр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өгсөн шинжилгээний хариунд байх анти боди гэдгийг өөрийнхөөрөө зөвтгөж, бид PCR шинжилгээ хийж вирус тоолж гаргаж ирсэн гэж тайлбарлаж байна. Огт тийм биш юм. Ийм их хэмжээний элэгний С вирус байна, тийм учраас эм уух ёстой гэж тайлбарлаад эм уулгасанд гол асуудал байгаа юм. Үүнийг Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өгсөн шинжилгээнд анти боди байна, энэ нь элэгний С вирустэй гэсэн үг тийм учраас манай шинжилгээний хариу зөв гэж тайлбарлаж байна. Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өгсөн PCR шинжилгээний хариунд вирус тоологдоогүй, анти боди асуудалгүй гэж байсан. Мэргэжлийн эмч архи уух ч юм уу, элэг тодорхой ачаалал авах юм бол үүсэж болно гэж хэлж байна. Үүнийг Элэгний төвийн шинжилгээний хариу дээр тодорхой тайлбарлаж өгсөн байна. Үнэхээр хариуцагчийн хэлж байгаагаар 2016 оны 8 сард элэгний С вирусийг тоолж гаргаад, Харвони эмийг 3 сар уугаад, 2016 оны 11 сард гарч ирээгүй бол PCR шинжилгээгээр Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй адилхан анти боди нь байна, элэгний С вирус устсан байна гэдэг хариу гарах ёстой. Тийм хариу байхгүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа энэ хүнд элэгний С вирус тоологдоогүй байхад баахан эм уулгасан. Үүнийг л бид ярьж байна. ABI 7000 тоног төхөөрөмжийн хувьд уг аппарат нь клиникийн оношлогоонд хэрэглэгддэг өөрөөр хэлбэл PCR шинжилгээ хийж вирус тоолох чадвартай аппарат мөн юм уу, биш юм уу гэдэг зүйл гол асуудлыг үүсгэж байна. Үйлдвэрлэгчийн зааврыг нотлох баримтаар өгсөн байна. Түүнд зөвхөн судалгаа шинжилгээнд ашиглана, төгсгөлд нь клиникийн оношлогоонд ашиглахыг хориглоно гэсэн зааварчилгаа өгсөн байна. Нөгөө талаас манай тал ашиглаж байсан, сайн чадвартай аппарат мөн гээд батламжууд гаргаж ирээд, гадаад үнэлгээ хийлгэсэн гэдэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл гаргаж өгөөд байгаа газар нь ХӨСҮТ юм. Энэ бол адилхан эмнэлэг юм. Ийм учраас бид шинжээч томилуулсан. Хариуцагчийн өөрийнх нь эрх ашгийг хамгаалдаг Монголын лабораториудын нэгдсэн сүлжээ гэсэн ТББ-ыг шинжээчээр томилоод ABI7000 гэдэг аппаратыг хэрэглэхийг хориглоно гэсэн хариу ирсэн. Хариуцагчийн зүгээс н.Н гэдэг хүн гарын үсэг зураад байна, энэ хариу эргэлзээтэй гэж хэлдэг. Шүүхээс Эрүүл мэндийн яамнаас нотлох баримт гаргуулахад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээрээ ABI 7000 аппарат нь клиникийн оношлогоонд хориглоно гэдгийг нотолж ирүүлсэн байна. Хариуцагчийн зүгээс ABI7000 аппаратыг хэрэглэж болох уу, болохгүй юу гэдэг журам байхгүй гэдэг. Гэтэл одоо ч журам байдаггүй гэж хэлсэн. Тухайн аппаратын үйлдвэрлэлийн зориулалтад клиникийн оношлогоо хийж болохгүй шүү гэдэг зааварчилгаа байхад Монгол улсад журамлах шаардлага байхгүй. Монгол улсад журамлаагүй учраас ямар ч аппаратаар хэнийг ч шинжилгээнд хамруулж, мөнгө олж болно гэж ойлгож болохгүй. Энэ хоёр үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм буруугийн асуудал тогтоогдож байна. Гэм хорын хохирол нь гэм буруу, хор уршиг, шалтгаант холбоо гэсэн зүйлээр тогтоогдож байвал гэм хорын хохирол мөн гэж үздэг. Магадгүй гэрээний маргаан учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, одоо ийм зүйл ярих ёсгүй гэж байх шиг байна. Үгүй. Зөвхөн шинжилгээ өгсөн мөнгөний асуудал гэрээтэй холбоотой асуудал байж болно. Гэтэл үүнтэй холбоотойгоор өөрийгөө элэгний С вирустэй гэж итгээд эм авч уугаад байна. Дахин үүнийг нотлуулахын тулд өөртөө эргэлзээд удаа дараагийн шинжилгээ өгч байгаа нь гэм хорын хохирол учирч байгаа юм. Гэм буруутай үйлдэл нь худлаа шинжилгээний хариу гаргасан байна. Хохирол нь тодорхой мөнгөн дүнгээр тогтоогдож байна. Анхнаасаа уг аппарат нь клиникийн оношлогоонд ашиглахыг хориглосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Хариуцагч Х В ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Н.Нямбаатар манай компаниас гэм хорын хохиролд 3,335,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. Н.Нямбаатар 2016 оны 11 сар Элэгний төвийн шинжилгээгээр С вирусгүй гэж гарсан шинжилгээний хариуг үндэслэлээ болгон Хаппи веритас ХХК нь буруу оношилж, хохирол учруулсан гэж тайлбарлан 2020 оны 02 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Гэм буруутай үйлдлийг хийсэн, тус үйлдэл нь хохиролтой шалтгаант холбоотой тул буруу оношилсон шинжилгээний төлбөр 200,000 төгрөг, тус оношилгооны улмаас хийсэн багц шинжилгээний төлбөр 206,000 төгрөг, худалдан авсан эмийн зардал 2,727,600 төгрөг, эмийг хэрэглэсний дараа өгсөн шинжилгээний зардал 135,000 төгрөг, эм хэрэглэсний улмаас сөрөг үр дагавар үүссэн эсэхийг шалгах зорилгоор өгсөн шинжилгээний зардал 67,000 төгрөг, нийт 3,335,600 төгрөг гаргуулж хохиролгүй болгоно уу гэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь анх 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр манай лабораторид, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр элэгний төв-д, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээ тус тус хийлгэхэд идэвхжилгүй гэж гарсан боловч 2016 оны 04 сарын 02-ны өдрийн УБ Сонгдо эмнэлгийн шинжилгээгээр HCV-Ab 37.42 буюу эерэг гарсан байгаа нь С Вирусын халдвартай байсныг нотолж байна. Энэ үед Н.Нямбаатарын элэгний үйл ажиллагаа хэвийн байсан байна. Үүнээс хойш Н.Нямбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай лабораторид элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэх үед РНХ 1308824 IU/ml, элэгний үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт АЛАТ 52,7 гарч, хэвийн хэмжээнээс өндөр байсан нь С вирусын эсрэг эмчилгээ хийх заалтанд нийцэж байгаа юм. 2016 оны 08 сарын 19-ний өдөр С вирусын эсрэг эмчилгээнд орохын тулд ЭМСЯ-ны 2016 оны 196 тоот тушаалаар батлагдсан Гепатитын С вирусын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар-ын дагуу С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны бүлэгнэлтийн шинжилгээ, бөөрний түүндгэрцрийн шүүлтийн хурд тодорхойлох шинжилгээ, сахарын нарийвчилсан шинжилгээ, бамбайн гормоны эмчилгээ, биохимийн шинжилгээ, элэгний хавдрын маркерын шинжилгээг хийлгэжээ. Энэ шинжилгээнүүдэд дүгнэлт хийхэд Н.Нямбаатарын С вирус идэвхжсэн, эсвэл С вирусын халдвар шинээр дахин авсан байна. Тухайн үед Н.Нямбаатар нь эмчлүүлэх эмчээ өөрөө сонгох эрхийнхээ хүрээнд Монгол Улсын хүний гавъяат эмч цолтой, манай эмнэлгийн дотрын зөвлөх эмч Н.Чойжамцыг эмчлэгч эмчээрээ сонгосон байх ба эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу элэгний С вирусийн эсрэг эмчилгээний жор бичүүлж, эмээ авсан боловч нэхэмжлэгч эмчилгээний явцад болон эмчилгээний дараа манайд хяналтын шинжилгээ өгч, эмчлэгч эмчийнхээ хяналтанд ирээгүй болно. Н.Нямбаатарын 2016 оны 11 сарын 26-ны өдөр Элэгний төвд хийлгэсэн шинжилгээгээр С Вирусын идэвхжил дарагдаж С вирусын HCV-Ab сөрөг гарсан нь вирусын эсрэг эмчилгээ өндөр дүнтэй болсныг илтгэж байна. Ер нь нэхэмжлэгч Н.Нямбаатар нь элэгний вирусын халдвартай гэдгээ өөрөө сайн мэддэг бөгөөд зөвхөн ганц лабораториар үйлчлүүлдэг бус дээрх нэхэмжлэгч бүхий лабораториудаар шинжилгээ давхар хийлгэж, С вирус идэвхжиж байгаа эсэхийг байнга хянаж, баталгаажуулж ирсэн байдаг. Н.Нямбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан цаг үеийн нөхцөл байдалд хамаарах өөр санаа зорилготой байж болзошгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Уг тайлбарыг нотлох баримт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дүгнэлтэд тулгуурлан гаргасан болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан хууль зүйн үндэслэлээр 3,335,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гэж ойлгож байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар харилцаа үүссэн бэ гэхээр нэхэмжлэгч иргэн Н.Нямбаатар нь хариуцагч байгууллагад хандан гэрээний харилцаа буюу үндсэндээ миний биед вирус байна уу гэдгийг шинжлээд өг гэж даалгавар өгсний дагуу хариуцагч компани тухайн шинжилгээг хийсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж ойлгож байна. Хэдийгээр Төрийн хяналт шалгалтын олон хууль, журам, дүрмээр зохицуулагддаг харилцаа боловч талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний харилцаатай холбогдуулан ямар нэгэн гомдол, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбогдох гомдол 2016 оноос энэ нэхэмжлэлийг гаргах болсон 2020 оныг хүртэл ямар нэгэн байдлаар байхгүй байсан. Энэ талаар ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруу байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь иргэний эрүүл мэндэд хууль бусаар, санаатайгаар, болгоомжгүйгээр буруутай үйлдэл гаргаж үүний улмаас надад хохирол учирлаа гэж байна. Ямар хохирол учирсан бэ? Гэм буруутай гэж үзэж байгаа бол гэм буруутай гэдгийг юугаар тогтоож байгаа юм бэ? ямар нөхцөл байдлаар тогтоож байна гэхээр Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа 2020 оны 8 сарын Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч нарын А107 гэдэг комисс томилсон 004 байцаагч нарын дүгнэлтээр тогтоогдсон гээд байгаа үйл баримтыг 2015 он, 2016 оны үйл баримт руу оруулж цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлаар гэм бурууг үүгээр тайлбарлаж байх шиг байна. Гэтэл өнөөдөр тэр актыг хууль бус гэж хянаж байна. Гэм буруутай гэж тогтоогдсон ямар нэгэн үйл баримт байдаггүй нь миний өгсөн, төлөөлөгч нарын хэлж буй жил жилийн Монгол улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, мэргэжлийн бүх байгууллага нь энэ компанийг хангалттай гэдгийг тогтоосон, энэ нөхцөл байдлуудыг үгүйсгэсэн баримт хэрэгт алга байна. Гэм хор учруулсан юм бол яаж учруулсан бэ гэдэг нь байх ёстой. Маргааны үйл баримт бол 2015 он, 2016 он юм. 2015 он, 2016 онд Монгол улс дахь эрүүл мэндийн салбар, тэр тусмаа лаборатори шинжилгээний харилцаа нэгдсэн, өнөөдрийн түвшинд байгаагүй. Энэ талаарх баримт бичгийг мэргэжлийн байгууллагаас гаргуулж өгсөн. Өөр хаана ч энэ нөхцөл байдлыг дүгнэхгүй. Эрх зүйн тогтолцоонд хориглосон заалт байсан бол, нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг хориглосон байхад нь ABI7000 төхөөрөмжөөр шинжилгээ авсан нөхцөл байдал байх юм бол өнөөдөр нэхэмжлэгчийн зөв гэж утга агуулгын хувьд ойлгож болно. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс ирүүлсэн баримтаар ABI7000 төхөөрөмжийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь тухайн үед АНУ-ын эрүүл мэндийн салбарт нийцэж хэрэглэж байсан төхөөрөмж юм. Энэ төхөөрөмжийг оруулж ирж, засвар үйлчилгээг хариуцдаг албан ёсны дистрибьютер компанийн баримтууд хэрэгт бий. Тэгээд ч зогсохгүй Монгол улсад хамгийн анхны элэгний В, С вирусийг уг төхөөрөмжөөр шинжилгээ хийж илрүүлдэг гэдгийг оруулж ирсэн байдаг. Энэ шинжилгээг хийсний дагуу Хаппиверитас ХХК-ийн үйл ажиллагаанд үндэслэгдэн Эрүүл мэндийн яам тухайн үед маш сайшаалтай байна гэж магтаж байсан. Гэтэл Элэг төвийг үүсгэн байгуулагч н.Наранбаатар болон Оном сан нь удаа дараа янз бүрийн мэдэгдлүүд хийж Хаппиверитас ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж байдаг. Бодит байдалд зөрүүтэй тайлбарыг ярьдаг. Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ гэдэг ТББ нь мөн н.Наранбаатарынх юм. Шинжээчийн дүгнэлт хүргүүлж байгаа н.Наранбаатар гэдэг хүн өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны А/90 тоот тушаалаар Хаппиверитас ХХК-д шалгалт хийх бүрэлдэхүүнд дэд даргаар орсон байдаг. Яагаад төрийн хяналт шалгалтыг хувийн хэвшлийн хүн орж ирээд Хаппиверитас ХХК-ийн санхүүг нэг бүрчлэн юу ч үлдээхгүй, үйл ажиллагаа хэрхэн явагддаг зэргийг бүгдийг нь шалгах эрхтэй юм гэдэгт гомдол гаргасан. Шалгахыг хүссэн боловч шалгуулаагүй. Шалгуулаагүй тухай цахимаар их цацагдсан. Эрүүл мэндийн яамны хууль зүйн хэлтсийн дүгнэснээр Эрүүл мэндийн даатгалын газрын А/190 тоот тогтоолыг өөрчилж, шалгах комиссын бүрэлдэхүүнийг өөрчил гэсэн байдаг. Ингээд манай гомдлыг хүлээж авсны үндсэн дээр шалгалтын бүрэлдэхүүнийг сольж байгаа юм. н.Наранбаатар гэдэг хүн Эрүүл мэндийн даатгалын газраас хийгдэх бүх лабораториудыг шалгах ажиллагаанаас хасагдсан юм. Хасагдсан нөхцөл байдалтай уялдуулан өнөөдрийг хүртэл цахимаар Хаппиверитас ХХК нь шүүхэд ялагдсан, хуурамч оношлогоо хийдэг, ABI7000 төхөөрөмжийг судалгааны төхөөрөмж гэж тайлбарлаж ярьдаг. Өнөөдөр хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт гэж ирүүлээд байгаа дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй. Төрийн бус байгууллага нь хариуцагч байгууллагын эрх ашгийг хамгаална гэсэн үүрэг, чиглэл нь өөр байгаа юм. Тусгай мэргэжлээр, шүүхэд үнэлэгдэх байдлыг өгөх, гаргах шинжээчийн эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол лабораториудын шинжилгээний хариу байдаг. Тухайн хариу 3 төрөл байна. Хаппиверитас ХХК-аар хийлгэсэн шинжилгээний хариу, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хариу, Элэг төвөөр хийлгэсэн шинжилгээний хариу байна. Элэг төвөөр хийлгэсэн шинжилгээний хариу дээр н.Одгэрэл, шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт дээр мөн н.Одгэрэл гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа хүн Элэг төвийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй шинжилгээний хариу дээр гарын үсэг зурсан хүн болж байгаа юм. Улаанбаатар Сонгдо эмнэлэг бол хөндлөнгийн эмнэлэг юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь яг нарийн үзүүлэлтүүдийг сайн үзээгүй, ойлгоогүй байснаас шүүхэд ийм нэхэмжлэл гарсан байх. Улаанбаатар Сонгдо эмнэлгийн шинжилгээний хариу дээр энэ хүнийг элэгний C вирустэй гэж гарсан байдаг. Гэтэл өнөөдөр элэгний C вирусгүй байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхэд гэрчээр асуугдсан маш олон жилийн туршлагатай, Монгол улсад үнэлэгддэг эмч хүн тэр шинжилгээний хариуг уншиж өгсөн. Мөн Улаанбаатар Сонгдо эмнэлэг уг шинжилгээний хариуг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас үзэх юм бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн. Энэ нь өөрөө үнэлэгдэх боломжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй баримт юм. Энэ нөхцөл байдал цаашаа ч үргэлжилнэ. Гэм хорын хохирлын гэм буруутай нөхцөл байдал, шалтгаант холбоо, учирсан хохирол гэх энэ гурван зүйлийг хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй. Ийм цаг хугацааны дараа гэрээний үүргийг ерөөсөө ярихгүй байна. Яагаад энэ нэхэмжлэл гарах болсон бэ гэхээр н.Наранбаатар гэдэг хүнийг Оном сан, лабораторийн нэгдсэн сүлжээ зэрэг энэ нөхцөл байдал нь захиргааны шүүхэд байгаа хэрэгтэй уялдаа холбоотойгоор үүсэж гарч ирж байгаа маргаан юм. Өнөөдөр Хаппиверитас ХХК-ийг буруутгах, Хаппиверитас ХХК-ийн оношлогоо, тус компанийн эрх зүйн байдлыг дордуулах нь тэр хүн ашигтай байгаа учраас энэ олон жилийн өмнөх асуудлаар ийм үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Н.Нямбаатар нь хариуцагч Хаппиверитас ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд уух шаардлагагүй байсан эмний үнэ болон шинжилгээний төлбөрт 3,335,600 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ клиникийн оношлогоонд ашигладаггүй зөвхөн сургалтын зориулалтаар ашиглах ABI7000 аппаратаар элэгний С вирус тоолох шинжилгээ хийж, шинжилгээний хариу буруу гаргаж эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан, огт С вирусын халдваргүй байсан гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч ЭМЯ болон ХӨСҮТ-өөс зохион байгуулдаг С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний чанарын үнэлгээнд 2015, 2016 онд ABI7000 аппаратаар хамрагдаж байсан, энэ аппаратаар шинжилгээ хийхийг хориглоогүй, нэхэмжлэгчийн удаа дараа олон лабораторит өгсөн шинжилгээнээс харвал С вирус идэвхжиж байгаа эсэхээ байнга хянаж байдаг, С вирусийн халдвартай гэдгээ мэддэг байсан гэж маргаж байна.

 

Талуудын хооронд үүссэн харилцааг хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаагаар зохицуулна. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар хариуцагч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага бөгөөд уг үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдсон нөхцөлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг арилгах үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Н.Нямбаатар нь Хаппи веритас ХХК-ийн оношлогооны төвд 2015 оны 3 дугаар сарын 04, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд элэгний С вирус тоолох, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр элэгний хатуурал шалгах шинжилгээг Хаппи веритас ХХК-ийн оношлогооны төвд, 2013 оны 12 дугаар сарын 10, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд элэгний С вирус /эсрэг бие/ илрүүлэх, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр С вирус тоолох шинжилгээг Улаанбаатар Сонгдо эмнэлэгт, 2016 оны 1 дүгээр сарын 07, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд С вирус тоолох, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С вирус /эсрэг бие/ илрүүлэх шинжилгээг Элэгний төв лабораторит өгсөн үйл баримт тогтоогдов. Энэхүү шинжилгээнүүдээс Улаанбаатар Сонгдо эмнэлгийн 2013 оны 12 дугаар сарын 10, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдийн шинжилгээгээр HCV-ab Pos буюу С вирусийн эсрэг бие эерэг гэсэн дүгнэлт гарсан байх ба үүнийг гэрч Хаппи веритас ХХК-ийн дотрын зөвлөх, элэгний В,С вирусийн эмчилгээ хариуцсан эмч Н.Чойжамц С вирус илрүүлэх шинжилгээг 2 удаа Сонгдо эмнэлэгт өгөхөд халдвар авсан гэсэн хариу гарсан байна гэж тайлбарлажээ. Дээрх шинжилгээний дараа 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт С вирус тоолох буюу вирусийн ачаалал тодорхойлох /HCV-PHX/ шинжилгээ өгч вирус идэвхжилгүй гэж шинжлэгдсэн байх ба 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хаппи веритас ХХК-ийн оношлогооны төвд С вирус тоолох шинжилгээ өгөхөд С вируст хепатитийн рибонуклейний хүчил 1,308,824 IU/ml гэж тодорхойлогдсон байна. Энэхүү шинжилгээний хариуг хэрхэн ойлгох талаар Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/249 дугаар тушаалаар батлагдсан С вируст хепатитийн илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар-ын 3.4, 4 дүгээр бүлэг, нэр томъёоны тайлбар хэсэгт С вирусийн эсрэг бие илэрсэн хүмүүст С вируст хепатитийн рибонуклейний хүчил /РНХ/ тодорхойлогдвол С вируст хепатитийн халдвартайг илтгэнэ гэж заажээ. /I-хх-ийн 5-6, 17, 113-116, 118-122, 165-168, 175-176, 197 дугаар тал/

 

Хариуцагч нь С вирус тоолох буюу вирусийн ачаалал тодорхойлох /HCV-PHX/ шинжилгээг ABI7000 аппаратаар хийсэн байх ба уг аппаратны шинжлэх чадамжийг 8.8-294.117.647 IU/ml гэж заасан байна. Энэхүү аппаратыг нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч ABI7000 аппаратыг клиникийн оношлогоонд ашиглаж болохгүй, нэгэнт эмнэл зүйн оношлогоонд хэрэглэхийг зөвшөөрөөгүй аппаратаар хийгдсэн шинжилгээний хариуг баталгаатай гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Харин халдварт өвчний хяналт, оношлогооны асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий тусгай мэргэжлийн байгууллага болох Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хаппи веритас ХХК-д ABI7000 аппаратаар элэгний С вирусийн нуклейн хүчил /HCV-PHX/ тодорхойлох шинжилгээ хийх зөвшөөрөл олгож шинжилгээний чанарын гадаад үнэлгээний дүгнэлт хийсэн байна. Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/249 дугаар тушаалаар С вируст хепатитийн илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар батласан байх ба уг зааврын 3.4-т СВХ-РНХ буюу вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээг бодит хугацааны урвуу транскриптаз нуклейн хүчлийн полимеразын гинжин урвалын аргаар, илрүүлэлтийн доод хязгаар нь 20 IU/ml хүртэл хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй, бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчний нөөц бүхий лабораторид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оношлуур урвалж, стандарт, хяналт ашиглан хийнэ гэж заасан. Иймд энэхүү шаардлагад нийцүүлэн ХӨСҮТ-өөс ABI7000 аппаратаар элэгний С вирусийн нуклейн хүчил /HCV-PHX/ тодорхойлох шинжилгээ хийх зөвшөөрлийг хариуцагчид олгосон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу Хаппи веритас ХХК-ийн лабораторийг тухайн үед зөвшөөрсөн аргаар С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийсэн гэж үзэв. /I-хх-ийн 5, 127, 175, II-хх-ийн 241, III-хх-ийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь С вирус тоологдсоны дараа эмч Н.Чойжамцаас өгсөн зөвөлгөөгөөр С вирус устгах 3 сарын хэрэглээний эмийг 2016 оны 8 дугаар сарын 19, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авч уусан гэж тайлбарласан байх ба эмч Н.Чойжамц гэрчийн мэдүүлэгтээ эм уугаад 3 сарын дараа шинжилгээ өгч тоологдохгүй бол С вирус устсан, эмчлэгдсэн гэж үздэг гэж мэдүүлсэн байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/249 дугаар тушаалаар баталсан С вируст хепатитийн илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар-ын 6.9-д эмчилгээ дууссанаас хойшхи 12 дахь долоо хоногт СВХ-РНХ тодорхойлогдохгүй бол вирусийн тогтворт хариу урвал үүссэн буюу СВХ-ийн халдвар устсан гэж үзнэ гэж заасан байна. Иймд С вирус устгах эмийг 3 сар уусны дараах шинжилгээгээр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн С вирус илрээгүй /HCV-RNA not detected/ гэсэн хариу гарах боломжтой байна. /I-хх-ийн 121, 166, 176, 186 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй С вирусийн эсрэг бие илрээгүй гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжилгээний талаар эмч Н.Чойжамцаас гэрчийн мэдүүлэг авахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч эм уугаад дахиад шинжилгээ өгөхөд анхнаасаа С вирусгүй гэсэн хариу гарсан, энэ нь шинжилгээний асуудал байна уу гэж асуусан байх ба гэрч мэдүүлэгтээ шинжилгээний асуудал гэж, мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр элэгний эсийн задрал харуулдаг гол шинжилгээнүүд өндөр гарсан байна, энэ нь архи, ажлын хортой нөхцөлөөс хамаарч болох ч гол нь вирус гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжилгээний талаар мэргэжлийн эмч шинжилгээний асуудал байна гэж үзсэн байна. /I-хх-ийн 167-168 дугаар тал/

 

Иймд гэрчийн мэдүүлгээс үзвэл С вирус устгах эм уусны дараах С вирусийн эсрэг бие сөрөг гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэг удаагийн шинжилгээг үндэслэн нэхэмжлэгчийг элэгний С вирусийн халдварт өртсөн болохыг тодорхойлсон 2 удаагийн шинжилгээ, С вирусийн халдвартай гэж тодорхойлсон 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжилгээг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч арилгах үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хаппи веритас ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 3,335,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нямбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,320 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Н.ХАНГАЛ