Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330000000286 дугаартай  хэргийг  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, өдөр ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, ******* сумын 2 дугаар баг “Урт” гудамж 3-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, /*******,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 7 дугаар баг зүүн бүсийн худалдааны төвд байрлах “Жавхлант” гэр ахуйн барааны дэлгүүрт ******* эзэмшлийн Ай фоне Икс Аар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчид гар утасных нь үнийг төлөөд, уучлалт гуйсан. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэв.

 

 Эрүүгийн 2330000000286 дугаартай хэргээс:   

 

Хохирогч ******* өгсөн “...Би ******* сумын 5 дугаар багийн иргэн юм. Би Жавхлант худалдааны төвд гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагч ажил хийдэг юм. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажлаа хийж байгаад ажил дээрээсээ Iphone XR гар утсаа хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би тэр өдөр 17 цагийн үед гар утсаа хураалттай сандлуудын дээр тавьж орхисон удаагүй гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд гар утсаа руугаа залгаад үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан...Би дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж үзэхэд манай дэлгүүрт олон хүн орж ирээгүй тухайн үед миний гар утсаа үлдээсэн газарт 1 хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн явж байсан бичлэг байна лээ. Би тэр хүнийг миний гар утсыг авсан байх гэж сэжиглэж байна. Би тухайн үед тэр эмэгтэйг таньдаггүй байсан юм. Цагдаагаас ирж бичлэг үзэж, Пос машины жагсаалтыг харчхаад гарсны маргааш ******* гэдэг эмэгтэй надтай ирж уулзан миний утсыг авсан үнэн учраа тайлбарлаж миний утсыг авч уучлалт гуйгаад хохирлыг барагдуулаад явсан юм...******* нь миний гар утсыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан бөгөөд миний гар утсыг хүүхдүүддээ тоглуулж байгаад алга болгосон талаараа надад хэлсэн яг ижил утсыг худалдаж авч өгөхөөр тохиролцож худалдааны газраас Iphone XR маркийн гар утасны үнийг судалж 880,000 төгрөг гэж байсан тул ******* нь чи өөрөө худалдаад авчих гээд надад бэлэн мөнгө болох 880,000 төгрөгийг бэлнээр өгсөн одоо надад хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-13-р хуудас/

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №2302328 дугаартай “...үнэ 650,000 төгрөг байна гэж үзлээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-30-р хуудас/,

 

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг /хх-ийн 3-4-р хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-50-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 7 дугаар баг зүүн бүсийн худалдааны төвд байрлах “Жавхлант” гэр ахуйн барааны дэлгүүрт ******* эзэмшлийн Ай фоне Икс Аар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* 650,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч ******* мэдүүлэг, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №2302328 дугаартай “...үнэ 650,000 төгрөг байна гэж үзлээ.” гэх шинжээчийн дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 7 дугаар баг зүүн бүсийн худалдааны төвд байрлах “Жавхлант” гэр ахуйн барааны дэлгүүрт ******* эзэмшлийн Ай фоне Икс Аар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* 650,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тухайн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсны улмаас хохирогчид 650,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн гар утсыг хулгайлж хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэйгээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлээр илэрдэг болно. Шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн эд хөрөнгөд хохирол учруулж болохыг ухамсарлаж, зориуд эд хөрөнгөд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 650,000 төгрөгийн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...”  гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Улсын яллагчаас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  саналтай. Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD” бичлэгийг хэрэгт хавсарган хадгалах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...”  саналыг гаргав.

 

Шүүгдэгч ******* : Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээрийн хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* 650,000 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №2302328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.  Шүүгдэгч ******* нь хохирогч ******* учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн. Иймд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг /CD/ бичлэгийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд ялтан *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг /CD/ бичлэгийг хэрэгт хавсаргах, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй хохирогч Ц.Урангоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР