| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Э.Жы өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.М, Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Э.Ж нарт холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М, Э.Ж нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны 1 дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5,656,500 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх газарт хураасан байсан Р.Л-ийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны 1 дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5,656,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн өгсөн: “...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Өөрөө ойлгож мэдэж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Жы өгсөн: “...Би энэ өвсийг хулгай гэж мэдээгүй ачилцаад өг гэхэд нь ачсан. Өөр юм бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Лийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Тариалан сумын Ар тархи 2 дугаар багийн Жаргалантын ам гэдэг газар өөрийн малын хадланг хадаж бэлтгээд хадсан өвсөө преслэж хурааж орхисон тухайн үед 1230 ширхэг преслэсэн өвс хашаан дээр хурааж орхисон юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Тариалан суманд ирээд Ар тархи 2 дугаар багт байгаа өвсөө ачих гэж очсон чинь хураасан өвснөөс 419 ширхэг преслэсэн өвс байхгүй алга болсон байсан. Тэгэхээр нь ойр хавийн айлуудаас өвсөө асуусан чинь өвс алга болсон талаар мэдэхгүй, ачааны машин бол манай энүүгээр их явсан. Тэгээд асууж байтал нэг малчин залуу нэрийг нь сайн мэдэхгүй байна. 2023 оны 02 дугаар сарын эхээр шөнө машин дуугархаар нь гарч харсан чинь цагаан өнгийн Вонго-3 маркийн явж байсан гэж ярьсан. Бас тэр залуу 2 дугаар сарын үер Тариалан сумын төв ороод хөдөө гарч явсан чинь цагаан өнгийн Вонго-3 маркийн машин зөрсөн чинь хамт явсан хүн нь М.Г явж байна гэж надад хэлсэн гэж ярьсан. Миний өвсөө перэслэж хураасан өвсний ойрхон нутгийн айл Ганаа, Огоно .дууддаг залуугийнх Ням-цоож, Халтар, нэрийг нь мэдэхгүй, бас нэг айл эдгээр айлууд байдаг. Өвс хураасан хашаан дээр бол айл байхгүй. Өвсөн пресс өвсний зах зээлийн ханш бол 15.000-16.000 төгрөгийн үнэтэй байгаа.Тухайн үед би өвсөө хадаж преслэхдээ Сайнбуян, Даваадорж, Шижирбаатар эдгээр хүмүүс хамт байсан. Энэ хүмүүс 1230 ширхэг пресс өвс хураасныг мэднэ. Миний преслэж хураасан өвсийг М.Г хамт явдаг залуу хоёр л авсан гэж би сэжиглэж байна. 1 ширхэг өвсөн прессээ 16.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан өвсөө олж авмаар байна. .. Би алдсан өвсөн прессний үлдэгдэл өвсийг аваагүй, 10 гаран өвс үлдсэн байсан болохоор өвс авсан. М.Гийг 419 ширхэг пресс өвсний хохирлыг барагдуулчих гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн өвсийг авахгүй гэж хэлсэн. Миний хохирлыг 03 дугаар сарын 10-ны дотор барагдуулж дуусна гэж М.Г надад хэлсэн. М.Г надад хохирол барагдуулах мөнгө олдохгүй байна. Та ээжийн машиныг хохиролдоо авчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн өгнө гэсэн машиныг авахаар болсон байгаа. ...Би Ашид билгүүн ХХК-ны үнэлгээчний гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тийм ээ, би Д.М гэх хүнийг миний пресслэсэн өвснөөс хулгайлж аваад Бонго-3 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дээрээ аччихсан Тариалан сумын төвд хүнд өвс зарж байхад нь харсан. Тухайн тээврийн хэрэгслийн тэвшний дугаар нь Булган номертой байсан. Миний бэлдсэн өвснөөс 1 удаагийн ачилтаар сайн ачихад 120 ширхэг боодол өвсийг ачих боломжтой. Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Тариалан сумын Ар тархи 2 дугаар баг ********* гэх газарт өвсөө ачихаар очиход Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн ирж, эргэж тойрсон мөрүүд нь 3-4 удаа давхралдаж гарсан байсан. Д.М гэх хүн бол 3-4 удаа дээрх тээврийн хэрэгсэл дээр миний өвсийг ачиж явсан байсан. Өөр машин явсан мөр байгаагүй. Ганцхан тэр Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн мөр л байсан. Би гомдолтой байна. 419 ширхэг боодол өвс алдсанаас 32 ширхэг боодол өвсийг минь Баярцэнгэл байцаагч манай ажилтан Шижирбаатарт хүлээлгэж өгсөн байсан. Яагаад гэвэл миний бие Тариалан суманд байдаггүй учраас тэгэхээр одоо 387 ширхэг боодол өвснийхөө хохиролыг барагдуулчихвал өөр гомдол, санал, байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 39, 41 тал/,
Гэрч Ч.Чулуун-Эрдэнийн өгсөн: “...Би Д.Мээс 2023 оны 02 дугаар сарын эхээр малдаа өгөх 28 ширхэг пресс өвс 1 ширхгийг нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Д.М нь тухайн зарж байгаа пресс өвсөө Эрдэнэбулган суманд хүнд өвс ачиж өгөөд хөлсөндөө авсан гэж хэлж зарсан. Д.М цагаан өнгийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгсэл дээр 28 ширхэг пресс өвс ачиж ирж өгсөн. Д.М Эрдэнэбулган сумаас хэн гэдэг хүнээс хэдэн ширхэг пресс өвс ачиж ирсэн талаараа яриагүй. Хүнд өвс ачиж өгөөд хөлсөндөө авсан гэж л ярьж байсан. Д.Миййг надад 28 ширхэг пресс өвс зараад би бэлэн мөнгө 80.000 төгрөг өгсөн тэгж байтал пресс өвсний эзэн гээд нэг залуу Д.Мтэй уулзаад хэрүүл хийгээд байсан. Удалгүй сумын цагдаа црээд миний худалдаж авсан 28 ширхэг пресс өвсний 18 ширхгийг ачаад аваад явсан. Бусад 10 ширхэг нь задарсан байсан болохоор үлдээгээд явсан. Би Д.Мээс 28 ширхэг пресс өвсний 18 ширхэг нь аваад явсан 10 ширхэг пресс өвсний 80.000 төгрөг л өгсөн... ”гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 тал/,
Гэрч Б.Шижирбаатарын өгсөн: “..Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи 2 дугаар багийн нутаг *********анд хураасан пресс өвс Р.Лийн эзэмшлийн пресс өвс байгаа юм. Тухайн өвсийг 2022 оны 08 дугаар сарын дундуур Ар тархи 2 багийн нутаг *********наас хадаж пресслэж хураасан өвс байгаа юм. Би Р.Лийн өвснөөс хамт хадалцаж, преслэж өгсөн. Тэгээд өвөл болохоор том машинаар Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу ачна гээд Жаргалантад байх өөрийн өвөлжөөний хашаан дээр хурааж орхисон юм. 2023 оны 01 дүгээр сар гараад тухайн Ар тархи 2 дугаар багийн *********анд хураасан пресс өвсийг ачих гэж очоод өвснөөс 419 ширхэг пресс өвс алга болсон талаар мэдсэн. Тухайн үлдсэн өвсөө ачаад Тариалан сумын төв рүү орж ирсэн. Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг *********анд пресс өвс бэлтгэхэд би Р.Л, Сайнбуян, Батцэнгэл, Хундалай бид нар преслэж хурааж бэлтгэсэн. *********анд нийт 3 мянга гаран пресс өвс хурааж орхисон. 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Р.Л Мөрөн сум руу шаланз гэдэг том машинаар 1 удаа ачсан тэгээд 1230 ширхэг пресс үлдсэн. Үлдсэн прессийг 2023 оны 01 дүгээр сарын эхээр ачих гэж ирсэн 419 ширхэг өвс алга болсон байсан. 2023 оны 01 дүгээр сарын эхээр ачих гэж ирээд 419 ширхэг пресс өвсийг Тариалан сумын иргэн Д.М цагаан өнгийн Вонго маркийн машинаар ачсан гэж мэдсэн. Д.Мийг цагаан өнгийн машин шөнөөр явсан талаар ярьж байсан нутгийн хүмүүс. Алга болсон пресс өвсний преслэгч нь шал өөр Тариалан суманд байдаггүй өөр төрлийн преслэгч машин байдаг юм. Тиймээс тухайн пресс өвсийг танихад амархан. Бусад преслэгч машинаас 10 см өргөн 10 см зузаан боогддог юм. Д.М Тариалан сумын төвд пресс өвс зараад байна гэхээр нь Р.Л зарсан өвсийг нь очиж үзсэн чинь Р.Лийн хурааж орхисон пресс өвс мөн байсан. Тэгээд Д.М мөн өөрөө ачиж авсан талаараа хэлсэн. Би сүүлд нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд байсан Д.Мийн цагаан өнгийн Вонго маркийн машин дээрээс 32 ширхэг пресс өвс Р.Лид хэлж байгаад ачиж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,
Гэрч Н.Ган-Өлзийгийн өгсөн: “... Би Д.Мийг сайн танина. Харин Э.Ж гэдэг залууг сайн танихгүй. М.Г миний нас барсан эхнэр Д.Наранжаргал гэдэг хүний төрсөн дүү байгаа юм. Би Д.Мийн хүргэн ах нь байсан. Би М.Гийг Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг ********* гэдэг газраас боодолтой пресс өвс ачиж, тээвэрлэсэн талаар мэдэхгүй. Манайх Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг Өндөр улаан Алмантын ам гэдэг газар нутаглаад 1997 оноос хойш нутаглаад 27 жил болж байна. Ар тархи 2 багийн нутаг ********* гэдэг газар манай гэрээс ойрхон 4-5 километрийн зайтай байдаг.
Д.Мийн хадлан авдаг хадлангийн талбай гэж байхгүй. Харин хүргэн Д.Шижирцогт гэдэг айлын мал Ар тархи 2 багийн нутагт байдаг тэндээс хадлан авдаг Д.М хүргэн Д.Шижирцогтоос л хадлангийн өвс авдаг байсан байх түүнээс Д.М өөрөө хувиараа хадаж авах газар байхгүй. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Д.М, Э.Ж нар өвс ачих гэж манай гэрт ирдэггүй, би ч Д.М ирдэггүй, би ч Д.Мтэй уулздаггүй юм. Манай Ар тархи 2 дугаар багийн нутаг манай ойролцоо айлуудад надаас өөр Ганаа гэдэг нэртэй хүн байхгүй. Намайг л нутгийн хүмүүс Ганаа гэж дууддаг юм. 2022 оны зун Д.М надад хэлэхдээ хадлангаас чинь хамт туслалцаад 200 бухал өвс авъя гэхээр нь тэгээ надтай хамт өвс авж өгөөд ав гэж хэлсэн. Д.М чимээгүй хадлан авч дуустал над дээр ирээгүй. Тиймээс М.Гт би ямар ч өвсний өглөг байхгүй. 2022 оны намар Р.Л Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг *********анд өвс хадаж пресс хийж хурааж орхисон байсан.
Р.Лийн хураасан пресс өвснөөс Л.Ж өөрөө болон өөр хүн ачиж байхыг хараагүй. Р.Л Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг ********* гэдэг газраас хадлан 2021, 2022 онд авсан, түүнээс өмнө авч байгаагүй. Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг *********анд өвс хурааж орхисон хашаа нь Тариалан сумын иргэн Батцэнгэл гэдэг хүний эзэмшлийн хашаа, хашаан дээр айл байхгүй эзэнгүй байдаг юм. Р.Л Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг Жаргалантын аманд 2022 оны намар өвс хадаж, пресс хийж хураахдаа Шижирбаатар, Сайнаа гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй, мөн хашааны эзэн Батцэнгэл зэрэг залуустай хамт өвс бэлтгэж байсан. Д.М өвс ачих гэж Тариалан сумын Ар тархи 2 багийн нутаг руу явахдаа манай гэрт ирээгүй, надтай ерөөсөө уулзаагүй. Би М.Гт *********анд хураасан пресс өвсийг зааж өгөөгүй, би тухайн хураалттай пресс өвснөөс ачаад ав гэж хэлсэн удаа ч байхгүй... Д.Мт Тариалан сумын Ар тархи 2 багийн нутгийн хүмүүс пресс өвс өгөх өглөгтэй, Д.М пресс өвс худалдаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 тал/,
Гэрч Ж.Мягмаржавын өгсөн: “...М.Г, Э.Ж нар хоорондоо төрөл садан болохоор ээж болох Н.Даваасүрэн дүү нарынхаа хамт Тариалан сумын Мандал багийн Шарга морьтын 4-3 тоотод оршин суудаг. Д.М нь суурь хүмүүжил муутай гэмт хэрэг зөрчилд орж согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Аливаа зүйлд бусдыг уруу татдаг жаахан хөдөлгөөнтэй залуу байгаа. Харин Э.Жы талаар сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 тал/,
Гэрч Н.Даваасүрэнгийн өгсөн: “... Д.М нь миний хүү байгаа юм. Харин Э.Ж нь миний хүү Д.Мийн найз юм. Д.М, Э.Ж нар нь хүнд тусч сайхан сэтгэлтэй хүүхдүүд байгаа юм. Бонго Ж-3 маркийн 49-91 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Өвс ачсан талаар сайн мэдэхгүй байна.. Тариалан сумын хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Доржсүрэн олон нийтийн цагдаа Тулга 2023 оны 04 сарын 04-ний өдөр нь манайд ирж мөрдөгчийн дуудах хуудас Д.М Э.Ж нарт өгсөн, тэр хоёр байхгүй ямаа самнах гээд явсан болохоор нь би гарын үсэг зурж авч үлдэж нөгөө хоёр өгсөн. Би удаа М.Г Э.Ж цагдаагийн хэсэг дээр очиж уулз гэж хэлэхэд зугтаагаад яваад байсан. Д.М 4-5 хоногийн өмнө айлд ямаа самнаж байна гэж утсаар ярьсан тэрнээс хойш холбоо бариагүй. Харин Э.Ж өчигдөр ирж гэртээ ирж хоносон юм. Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Өмнөх эзэмшигчийн хасалт хийлгээд 49-91 ХӨН улсын дугаар авсан. Тухайн тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг нь хийгээгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахад машины аравчинд бичээстэй байсан. Би машины номероо аваад арилгаж шинэ номер 49-91 ХӨН номерыг бичүүлэх гээд бичүүлээгүй яваа хуучин байсан номер нь арилаагүй юм. Шинэ авсан улсын дугаараа машиндаа хийгээгүй урд хойно хоёр нь улсын дугааргүй. Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг манай том хүү Д.Л.Ж Булган аймгийн Баян-Агт сумаас 2023 оны 01 дүгээр сард худалдаж аваад Би хүү Д.Л.Жоос 2023 оны 02 дугаар сард албан ёсоор нэр дээрээ шилжүүлж авсан. Д.Мийг пресс өвсийг хэзээ хаанаас тээвэрлэж авчирч хураасныг мэдэхгүй байна. Хэдэн ширхэг пресс байсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 56, 57 73-74 тал/,
Гэрч Д.Отгонжаргалын өгсөн: “.. Би төрсөн дүү Д.Мийн цагдаад шалгагдаж байгаа хэргийн талаар сайн мэднэ. Тариалан сумын Ар тархи 2 дугаар багт хураасан байсан пресс өвс авсанаас болж хулгай хийсэн гэж шалгагдсан. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотойгоор цагдаагаас зугтаад гэртээ ирэхгүй хөдөөгүүр яваад байгаа. Сумын цагдаа нар олон ч удаа манай гэрт Д.Мийн асууж ирсэн, би дүү М.Гт ирээд хэргээ шийдүүл гэж зөндөө олон удаа хэлсэн миний үгэнд орохгүй зугтаагаад байгаа юм.. Би дүү М.Гтэй хамгийн сүүлд 10 гаран хоногийн өмнө Тариалан сумын төвийн Улаанчулуутын гол дээр ус авч байгаад таарсан. Би эхний дуудан ирүүлэх хуудсыг 2023 оны 06 дугаар сард ирсэн хуудсыг нь л мэдсэн нөгөө хоёрыг нь мэдээгүй. 2023 оны 06 дугаар сарын 27-ны орой манай дүү М.Г манай гэрт ирээд хашааны гадаа нэг удаа хий буудсан гэсэн би ямар зорилгоор буудсан талаар мэдэхгүй байна. Би тухайн үед гэртээ байхгүй байсан... Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүхээс гаргасан дуудан ирүүлэх хуудастай танилцсан... манай дүү М.Г даруухан, бид нартай муухай ааш араншин гаргадаггүй. Д.М Тариалан сумын Улаанчулуут гэдэг газарт байгаад байгаа надтай утсаар хааяа холбоо барьдаг... ” гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 тал/,
Гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “..2023 оны 06 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байж байхад М.Г манайд орж ирсэн. М.Г орж ирээд “гар утас байна уу би эгч, ээжтэйгээ утсаар яримаар байна” гэхээр нь би “утас байна, нэгж байхгүй гэсэн. Тэр үед манай утасны орох, гарах ярианы эрх хаагдсан байсан. Тэгтэл М.Г, “ та хамт явчаад эгчийг дуудаад гаргаад ирээч” гэхээр нь би М.Гтэй хамт явж төрсөн эгч Отгоог нь дуудаж өгсөн. Тэрнээс хойш дахин таараагүй. М.Гийн хар өнгийн мотоцикльд сундалдаж бид хоёр Отгоо гэх эгчийнд нь шөнө 00 цагийн орчим очсон. Тэдний хашаа нь араараа завсартай байсан. М.Г энүүгээр ороод эгчийг дуудаад гаргаад ир” гэхээр нь би тэрүүгээр орж хаалгыг нь тогшиход тэдний охин хаалга онгойлгож өгсөн. Тэгээд Тэгээд би Отгоо байна уу гэхэд эгч нь цаанаас гарч ирэхээр нь “чамайг гадаа дүү чинь дуудаад байна” гэж хэлсэн. Отгоогийн нөхөр Огооноо “хэн бэ” гэхээр нь би “Баагий” байна гэж хэлсэн. Тэгээд эгч нь гарч ирээд дүүтэйгээ уулзсан. Тэр үед М.Г “Огооноог ална” гээд буу гаргаж ирээд дээшээ хий 2 ч удаа буудсан. Тэгэхээр нь Отгоо бид 2 М.Гийг хориглосон. Тухайн үед М.Г “Огооноог буудаж ална цагдаа дуудвал дуудаг, би цагдаатай нь хамт буудаж ална” гэж орилоод байсан. Эгч нь М.Гийг дуугай байгаач, яваач гээд байсан. тэгж орилж байгаад явсан. Тэгээд буцааж намайг хүргэж өгчихөөд М.Г яваад өгсөн. Хар буу байсан. Би бууны нэр, марк сайн мэдэхгүй. М.Г надад ярихдаа “нарийн эскэз” гэж хэлсэн. Тэр буу нь дурантай буу харагдсан. Хаанаас, хэний бууг авч явсныг би мэдэхгүй, өөрөө ярихдаа миний буу л гэсэн. Манай гадаа байхдаа М.Г надад “цагдаагаас би зугтаж яваа” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,
Гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: “... Д.М 2023 оны хавар ямаа самнах үеэр манай хөдөө гэрт очиж ямаа самнаж өгч байсан. Дараа нь 06 дугаар сарын үеэр манай гадаа мотоциклтой ирж зогсоод намайг цагдаад хэлсэн хүн байх юм бол малд чинь хясалдаа өгч бүгдийг нь ална, хүнийг ална, хүнийг тархийг нь зад буудаж ална гээд байсан. Тэгж явахдаа мотоциклийн хажууд хар буу уясан явж байсан Тухайн үед манай гадаа зогсож байхад нь манайд дороом мотоцикл наашилсан чинь зугтаад яваад өгсөн чинь мотоциклтой цагдаа ирээд араас нь явсан. 2023 оны 06 дугаар сарын үеэр очоод дахиж ирээгүй Улсын баяраас хойш харагдахгүй байгаа би хаана байгаа талаар нь мэдэхгүй байна... ”гэх мэдүүлэг / хх-ийн 66-67 тал/,
Мөрдөгчийн хууль бус шийдвэр /үйл ажиллагаа/-г хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 13 тал /,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 27 тал/,
Хохирогч Р.Лийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-ийн 28 тал /,
Эд зүйлд үзлэг хийсэн: “... Үзлэг хийж байгаа тээврийн хэрэгсэл нь тэвшин дээрээ 51-89 БУА улсын дугаар бүхий цагаан өнгийн бонго-3 загварын ачааны тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгсэл урд талын болон ар талын номер байхгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр боож дөрвөлжилсөн өвснүүд ачсан байна. 32 ширхэг өвс байна. Үзлэгийн явцад 4 кадр зураг бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30 тал /,
Мөрдөгчийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 75-76 тал/
Мөрдөгчийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 80 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-923/6034 дугаартай: “...үнэлэгдэж буй 419 боодол ногоон өвсний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 5.656.500 (таван сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуу)-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойллоо...” гэх дүгнэлт / 2 хх-ийн 34-36 тал /,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1001598 дугаартай: “...Н.Даваасүрэнгийн эзэмшлийн 4991 ХӨН улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн Bongo 3 coach маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 11,000,000 (арван нэгэн сая)-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 100 тал/,
Шүүгдэгч Э.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт байх Д.Мийн гэрт түүнтэй хамт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байж байтал 18 цагийн үед М.Г хандаж “Ар тархиас моринд өвс ачаад ирье, хамт явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрч, бид хоёр н.Л.Ж ахын Бонго-З маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй 19 цагийн үед сумын төвөөс хөдлөөд өвс байх газарт очихоосоо өмнө замаараа Ганаа гэх айлаар орсон. Ороход Ганаа гэх хүн ганцаараа байсан. Би ч сайн анхаарч сонсолгүйгээр гадаа гараад тамхи татаж байгаад гэрт нь ортол Д.М “хоёулаа явъя” гээд бид хоёр Ганаагийн гэрээс урд зүгт 2 км зайд байх өвс байгаа газарт нь тэр шөнө 23 цагийн үед очсон. Д.М машинаа жолоодож байсан. Тухайн газарт нуруулдчихсан пресс барагцаагаар 1000 гаруй боодол байх шиг байсан. Тэндээс Д.М бид хоёр тоололгүйгээр Бонго-3 загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээр тухайн шөнөдөө дүүртэл 2 удаа ачиж сумын төвд байх Д.Мийн амбаарт тээвэрлэж авч ирээд буулгасан. Миний мэдэх зүйл энэ л байна. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой л би анх удаа тэр газарт очсон. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи 2 дугаар багийн нутаг дэвсгэрт л байсан. Газрын нэрийг нь бол мэдэхгүй. Нуруулдчихсан пресс барагцаагаар 1000 гаруй боодол байсан. Хэн гэх хүн нуруулдаж пресслэсэн болохыг нь би мэдэхгүй ээ. Мориндоо өвс авч ирнэ хамт явалцаад өгөөч гэхээр нь л би цуг явсан. Тэрнээс биш би хэнээс өвс авах гэж байгаа юм, ямар учиртай өвс юм гээд сонирхож лавлаж асуугаагүй, угаасаа би хүний юманд нээх оролцоод хошуу дүрээд байдаггүй. Би бодохдоо өвс ачихаасаа өмнө нь Ганаа гэх айлаар ороод юм яриад байсан болохоор Ганаагийнх нь өвс юм байх л гэж бодсон. Угаасаа 2022 оны намар Ганаа гэх хүнээс М.Г 200 бухал өвс авах гээд чадаагүй, даваа зам зэргээс болоод чадаагүй гэж яриад байдаг байсан болохоор би бодохдоо Ганаагийнх нь хураасан өвс юм байх л гэж бодсон. Тухайн өдрийн өглөө эрт Д.М бид хоёр модны ажилд явчхаад үд өнгөрч байхад орж ирсэн. Би гэрт нь амраад байж байтал Д.М “моринд өгөх өвсгүй болчхож, гадуур хүнтэй уулзаж өвс асууж байгаад ирье” гээд гараад явсан. Тэгээд гэртээ 18 цаг өнгөрч байхад Д.М орж ирээд “Тархи давж хамт өвс ачилцаад ирье” гэхээр нь л хамт явсан. Бид хоёр ачсан өвсөө тоолоогүй. Д.Мийн төрсөн ах Л.Жийн Бонго-З маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр 2 удаа ачсан, улсын дугаарыг нь мэдэхгүй ээ. Тэр тээврийн хэрэгслийг ихэвчлэн Д.М унаж хэрэглэдэг. Яагаад гэвэл Д.Л.Ж ах тал харвачихсан, бие муутай хүн би бол Д.Л.Ж ахын тээврийн хэрэгсэл гэж бодоод байгаа, албан ёсоор хэний эзэмшил гэдгийг нь бол мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн өндөрлөгөөнөөс дээш 1 үе л тавьсан гэхээр 1 удаагийн ачилтанд 50-60 ширхэг боодол өвс орсон гэж бодож байна. Тэрнээс дээш ачвал даваагаар явах боломжгүй болчихно. Тухайн шөнөдөө 2 удаа яг адилхан ачсан болохоор 100-120 ширхэг боодол өвс ачсан байх гэж бодож байна. Би бол Д.Мтэй тэндээс өвс 2 удаа ачихад л хамт явсан, тэрнээс өөр дахиад Д.М өвс ачиж авсан эсэхийг би мэдэхгүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Ганаа гэх хүн бол Д.Мийн төрсөн эгчтэй сууж байсан хүн. Д.М бид хоёр багаасаа нэг нэгнийгээ мэднэ, нэг нутгийнх. Д.Мтэй багаасаа дотно найзууд бол байгаагүй, сүүлийн 1 жилийн хугацаанд л Д.М надад “ахын машин ирчихсэн, мод, түлээний ажил хийе” гэхээр нь л хамт ажил хийж явалцаад ойрхон байдаг болсон. Тэр шөнө 2 удаа ачиж ирсэн боодол өвсүүдээ бүгдийг нь Д.Мийн хашаанд байх морины зүчээний хажуу талын жижиг амбаарт хийсэн Д.М мориндоо өгөөд байгаа л харагдсан. Би бол тэр өвснөөс нь огт
аваагүй. Тэрнээс өмнө бол Д.Л.Ж ах айлуудын хашаан доторх бухалдчихсан өвсийг эзнээс нь гуйж аваад мориндоо өгдөг байсан. Д.М бид хоёр өвс авч ирээд морины зүчээний хажуу талын амбаарт оруулсан цаг хугацаанаас хойш буюу энэ оны 02 дугаар сард /өдрийг нь мэдэхгүй/ Д.Мийн хашаан доторх гэрийнх нь ар талын зуслангийн байшин дотор 100 гаруй боодол өвс харагдаж байсан. Ямар учиртай хаанаас авсан өвс гэдгийг нь бол асууж тодруулаагүй мэдээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125 тал/
Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Р.Л гэх хүний 120 ширхэг боодол өвсийг зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр би маргах юм байхгүй. Харин 419 ширхэг боодол өвсийг бол би аваагүй. Би 120 ширхэг боодол өвсийг ачихдаа Бонго-З маркийн 4991 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваагүй. Би 120 ширхэг боодол өвсийг 2 удаа 60 ширхэг, 60 ширхэгээр нь ачсан. Ачихдаа свиди кантер загварын хөх өнгийн тээврийн хэрэгслээр Э.Жы хамт ачсан. Э.Ж өвс хулгайлж ачиж байгаа талаар мэдээгүй. Миний өвсийг л ачиж байгаа гэж ойлгосон. Тухайн үед бид 2 өвс ачихынхаа өмнө Ганаа гэх айлаар орж би Ганаагаас өөрийнхөө 150 бухал өвсийг асуухад мэдэхгүй гэсэн зүйлийг ярихаар нь би Ганаагийн гэрээс урд талд байх Тариалан сумын Ар тархи 2 дугаар баг ********* гэх газарт байсан нуруулдсан өвснөөс 2 удаагийн ачилтаар 120 ширхэг боодол өвс л авсан. Хэдэн оны хэдэн сард авсанаа санахгүй байна. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би 2022 оны 7 дугаар сард Булган аймгаас энэ тээврийн хэрэгслийг 9.900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өөрийнх нь нэр дээр шилжүүлж аваагүй байж байгаад 2022 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Дархан-Уул аймаг руу төмрийн хогонд 4.800.000 төгрөгөөр машиныг зарчихсан. Одоо надад байхгүй. Э.Ж бол Ганаагийн гэрт ч ороогүй намайг өвс хулгайлж очиж байгааг мэдээгүй. 2022 оны намар самарнаас орж ирсний дараахан би өмнө нь бэлдсэн өвсөө хурааж авъя гээд Жаргалсайхан хамт явсан чинь миний самарт гарахын өмнө Тариалан сумын Ар тархид бэлдсэн 150 бухал өвс байхгүй болсон байхаар нь би ойрхон байдаг айл Ганаагийнд очиж асуухад мэдэхгүй гээд “...манайхаас урагшаа гадны хүмүүс өвс пресэлсэн байгаа тэндээс авчихгүй юу гэж ..” гэж хэлэхээр нь зааж өгсөн газарт нь очиход их хэмжээний өвс нуруулдаж орхисон байсан. Ганаа бид 2-ын хооронд ийм яриа болоход Жаргалсайхан байгаагүй гадаа машинд хүлээж байсан. Энэ 2 машинд яг адилхан 4 үе л тавигддаг гэж үзэхээр 60 ширхэг пресс өвс л ордог юм байна лээ. Би малдаа л өвсийг нь өгсөн. Сүүлд 38 боодол өвс үлдсэн байхад нь Доржсүрэн цагдаад өгөөд явуулсан. Жижигхэн амбаар дотор би нөгөө ачсан 120 ширхэг өвсний үлдэгдэл 38 ширхэг пресс өвсний үлдэгдэл байсан. Өөр өвс байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан: “....Шүүгдэгч Э.Ж, Д.М нарын үйлдлийн тухайд 49-91 ХӨН улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж өөрийн гэртээ аваачсан үйл баримт тогтоогдож байна Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсвэл үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг хамтран оролцсон гэж ойлгохоор заасан. Улсын яллагчийн зүгээс Д.М, Э.Ж нарыг бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг хулгайлан авч 5,656,500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар миний үйлчлүүлэгч ямар нэгэн маргаан байхгүй учир гэм буруугийн талаар тусгайлан гаргах саналгүй...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Жы өмгөөлөгч Ч.Будхүүгийн гаргасан: “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг сонслоо. Улсын яллагч санаа зорилгоор нэгдээгүй ч гэсэн үйлдлээр хамтран оролцсон гэж үзэж байна. Сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн мэдүүлгийг сонссон. Бусад гэрчүүдийн мэдүүлгийг ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Бид нар Монгол хүмүүс учир бие биедээ тусалъя гэж хамт юмаа хийдэг. Тиймээс найз нөхдөдөө тусалъя гэсэн үүднээс Э.Ж Д.Мтэй хамт явсан. Хулгайн зүйл гэдгийг мэдсэн бол Э.Ж энэ хэрэгт оролцохгүй байсан. Найз нөхдийн хувиар тусалсан учир би буруутай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна. Өөрөө ч мэдүүлж байна. Д.М ч хэлж байна. Тиймээс Э.Ж санаа зорилгоор нэгдээгүй учир намайг гэм буруугүйд тооцож өгнө үү гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ санаа зорилготой нэгдэж гэм буруугүй юм байна. Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ гэж, Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заажээ.
Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэдэг нь үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй үзэл бодол, зорилго сэдэлтээрээ нэгдсэн байх шаардлага тавигддаг.
Улсын яллагчийн зүгээс Э.Жыг Л.М.Гтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн тул гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Ж нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх газарт хураасан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө Д.Мтэй хамт ачсан нь тогтоогдсон хэдий ч түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар Э.Жы өгсөн “......Нуруулдчихсан пресс барагцаагаар 1000 гаруй боодол байсан. Хэн гэх хүн нуруулдаж пресслэсэн болохыг нь би мэдэхгүй ээ. Мориндоо өвс авч ирнэ хамт явалцаад өгөөч гэхээр нь л би цуг явсан. Тэрнээс биш би хэнээс өвс авах гэж байгаа юм, ямар учиртай өвс юм гээд сонирхож лавлаж асуугаагүй, угаасаа би хүний юманд нээх оролцоод хошуу дүрээд байдаггүй. Би бодохдоо өвс ачихаасаа өмнө нь Ганаа гэх айлаар ороод юм яриад байсан болохоор Ганаагийнх нь өвс юм байх л гэж бодсон...гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн: “...Э.Ж өвс хулгайлж ачиж байгаа талаар мэдээгүй. Миний өвсийг л ачиж байгаа гэж ойлгосон. ...Э.Ж бол Ганаагийн гэрт ч ороогүй намайг өвс хулгайлж очиж байгааг мэдээгүй... гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би энэ өвсийг хулгай гэж мэдээгүй ачилцаад өг гэхэд нь ачсан. Өөр юм бол мэдэхгүй.. Тийшээ очихдоо бид хоёр орой 7 цагийн үед гараад шөнийн 10,11 цагийн үед н.Ганаа гэдэг айлд очсон. н.Ганаа гэдэг ганцаараа байсан. Энэ хоёр юм ярьж байсан. Би хүний ярианд оролцдоггүй болохоор гадаа гарч тамхи татлаа гэж гарчхаад орж ирсэн чинь Д.М хоёулаа явъя гээд явсан. Тэгээд тэр өвсөн дээр очиж ачсан. Би тэгэхдээ хэний өвс хаанаас яах гэж ачиж байгааг бол мэдээгүй. Намар тэндээс өвс авна гэж ярьж байсан. Миний 200-аад бухал байгаа гэж ярьж байсан. Тэрнээс би хулгай гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Мийн өгсөн “Хаанаас хэний өвсийг ачих гэж байгааг Э.Ж мэдээгүй, .. Нэг нь мэдээгүй. Би өөрөө мэдэж байсан болохоор ачсан. Бүгд миний буруу. Энэ хүн мэдээгүй.. Би энэ хулгай юм шүү гэж хэлээгүй..” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Жыг бусадтай бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Тодруулбал шүүгдэгч Э.Ж нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх газарт хураасан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө Д.Мтэй хамт ачсан үйлдлээ бусдаас нууж өөрийн үйлдлийг үгүйсгэх, эсхүл уг 419 ширхэг боодолтой өвсийг борлуулж ашиг олох гэсэн үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл Д.Мийн гуйлтын дагуу түүнтэй хамт явж өвс ачсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн авч, захиран зарцуулж ашиг олох гэсэн хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн агуулаагүй байна гэж үзэв.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Р.Л, гэрч Ч.Чулуун-Эрдэнэ, Б.Шижирбаатар, Н.Ган-Өлзий Ж.Мягмаржав, Н.Даваасүрэн, Д.Отгонжаргал, Э.Бат-Эрдэнэ, Д.Цэцэгмаа нарын мэдүүлэг, мөрдөгчийн хууль бус шийдвэр /үйл ажиллагаа/-г хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Р.Лийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-923/6034 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1001598 дугаартай гэх дүгнэлт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Д.М, Э.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “*********” гэх азарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5,656,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Мийн үйлдэл идэвхтэй, хохирогч Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.М нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Мийг шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Д.Мийн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Д.М нь өвс хулгайлахдаа тухайн газартаа хурдан хүрэх, хулгайлсан өвсөө зөөвөрлөх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор “bongo 3” загварын 49-91 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашигласан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Мийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.н М.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Лид 5,656,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-923/6034 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Р.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн: “... учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Д.Мээс 4.000.000 төгрөг, мөн 2 портер задгай өвсийг авахаар тохиролцсон тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх баримт хэрэгт авагдсан, шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Мийг хохирогч Р.Лид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
шүүгдэгч Д.Мийг “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.М нь урьд хулгайлах гэмт хэрэг болон 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан нөхцөл байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн бол хорих ялаас хөнгөрүүлж шийдвэрлэх талаар зохицуулсан. Д.Мийн тухайд гэм буруугийн маргаан байхгүй. Хохирол төлбөрөө бүрэн төлснийг дурьдсан. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Жы хэргийн хэрэгсэхгүй болгосон байгаа. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг оруулж байна...” гэжээ.
Шүүгдэгч Д.Мийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “bongo 3” загварын 49-91 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Н.Даваасүрэнгийн өмчлөлийнх болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Даваасүрэнгийн өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1001598 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “bongo 3” загварын 49-91 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Даваасүрэнгийн эзэмшил, өмчлөлд нь үлдээж, шүүгдэгч Д.Мээс тээврийн хэрэгслийн үнэ 11.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.М нь 96 /ерэн зургаа/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.н М.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Х***** овогт Д**н М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.н М.Гийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 1 ( нэг ) жил, 6 ( зургаа ) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “bongo 3” загварын 49-91 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Даваасүрэнгийн эзэмшил өмчлөлд үлдээж, шүүгдэгч Д.Мээс тээврийн хэрэгслийн үнэ 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийн цагдан хоригдсон 96 (ерэн зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь хохирогч Р.Лид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН