Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0657

 

 

 

 

 

                                                                          С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч: Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч: Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд С.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг даргалагч,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн ***** сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр захирамжаар байгуулагдсан ***** сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг /ахлагч/,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн ***** сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: С.Т

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 082 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Я.С

Хариуцагч: Ц.О

Хариуцагч: З.М

Хариуцагч: А.А

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 110/2026/0023/3

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 082 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.5.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5.2, 56.5.3, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар явуулсан санал хураалтын дүнг хүчингүй болгож, тус багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг даргалагч /тус багийн Хурлын дарга/ Ц.О-д даалгаж, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олонхын санал авсан С.Т-ыг тус багийн Засаг даргаар томилохгүй байгаа Баян-Өлгий аймгийн ***** сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус багийн Засаг даргаар С.Т-ыг томилохыг ***** сумын Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээд С.Т анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “Хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуралдааныг хууль бус гэж үзсэн тухай: Анхан шатны шүүх маргаан бүхий хуралдаанд оролцсон 2 иргэнийг “тухайн багт оршин суудаггүй, хуралдаанд оролцох эрхгүй этгээд оролцсон” гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хуралдааныг хууль бус гэж үзсэнд гомдолтой байна.

2.2. Бодит байдалд оршин суудаг иргэдийн сонгох эрхийг үгүйсгэсэн тухай: Нэр дурдагдсан 2 иргэн нь Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багт бодитоор оршин сууж, амьдарч, ажиллаж байгаа бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын статистик мэдээлэл болон өрхийн бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй иргэд юм.


2.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”гэж хуульчилсан. Шүүх зөвхөн цахим баримт эсхүл техникийн бүртгэлийн зөрүүг үндэслэн тэднийг багт оршин суудаггүй гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрх болон хурлын ирцийн хууль ёсны байдлыг буруу үнэлсэн шийдвэр болсон.

2.4. Шүүхийн шийдвэр логик зөрчилтэй, авцалдаа нийцэлгүй, хууль хэрэглээний зөрчилтэй байгаа тухай:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох болон Үндэслэх хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг ноцтой зөрчсөн.

2.5. Хуралдааныг хууль бус гэж үзсэн боловч зарим хэсгийг хүчинтэй мэтээр авч үзсэн логик зөрчил: Анхан шатны шүүх хуралдааныг бүхэлд нь “хууль бус” гэж дүгнэсэн атлаа, тухайн хуралдаанаас гарсан анхан шатны санал хураалтын дүнг үндэслэн “С.Б болон С.Т нарын хооронд дахин санал хураалт явуул” гэж даалгаж шийдвэрлэсэн нь огт авцалдаагүй шийдвэр юм.

2.6. Учир нь, хуралдаан өөрөө “хууль бус” юм бол тухайн хуралдаанаас хийгдсэн анхны санал хураалт, түүний үр дүн, нэр дэвшигчдийн дараалал ч мөн адил эрх зүйн үйлчлэлгүй болох ёстой. Гэтэл хуралдааныг нэг талаас хууль бус гэж үгүйсгэчхээд, зарим хэсгийг нь (анхны санал хураалтыг) хүчинтэй мэтээр тооцож, 2 дахь удаагийн санал хураалтыг зөвхөн хоёр хүний хооронд явуулахыг даалгасан нь хууль зүйн логик болон захиргааны эрх зүйн зарчимд огт нийцэхгүй байна.

2.7. Шүүх хуулийг ийнхүү өөрийн үзэмжээр зөрчилтэй тайлбарлан хэрэглэж, захиргааны байгууллагад биелүүлэх боломжгүй, ойлгомжгүй шийдвэр гаргаад байна.


2.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.  Нэхэмжлэгч С.Б-ээс “Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар явуулсан санал хураалтын дүнг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б, С.Т нарын хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах”-аар маргажээ.

3. Гуравдагч этгээд С.Т-аас “Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олонхын санал авсан С.Т-ыг тус багийн Засаг даргаар томилохгүй байгаа Баян-Өлгий аймгийн ***** сумын Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, тус багийн Засаг даргаар С.Т-ыг томилохыг даалгах” бие даасан шаардлага гаргажээ.

4. Хэргийн үйл баримтын тухайд:

4.1. Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагаас Улаанхад багийн сургуулийн зааланд хуралдуулахаар тогтоож, хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, багийн Засаг даргад С.Э, С.Т, С.Б, Х.Б нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон 163 хүнээс С.Э 8 санал, С.Т 47 санал, С.Б 57 санал, Х.Б 46 санал тус тус авсан байна.

4.2. Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу хамгийн олон санал авсан С.Б, С.Т хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахад 153 хүн оролцож, үүнээс нэхэмжлэгч С.Б 76 хүний санал, гуравдагч этгээд С.Т 77 хүний санал авсан тул тухайн өдрийн Хурлын 04 дүгээр тогтоолоор гуравдагч этгээд С.Т-ыг Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өлгий аймгийн ***** сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

4.3. Энэхүү Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн оршин суугч биш Баян-Өлгий аймгийн ***** сумын 4 дүгээр багт бүртгэлтэй Ц.Б, Баян-Өлгий аймгийн ***** сумын 5 дугаар багт бүртгэлтэй Х.Д нар оролцож, багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

4.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:” гээд, 23.1.1-д “нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;”гэх зэргээр заасан байх бөгөөд энэхүү анхан шатны нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурал болон орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч Засаг даргаас бүрдэнэ.

4.5. Нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” гэж тус тус заасан байна.

4.6. Дээрх хуулийн агуулгаас үзвэл, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор хуульчилсан, гэтэл энэ хэргийн тухайд 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон Баян-Өлгий аймгийн ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр багийн оршин суугч иргэд болох Ц.Б, Х.Д нар оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь хууль зөрчсөн, энэ нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.7. Тодруулбал, ***** сумын 2 дугаар багийн Засаг даргыг сонгох тухайн өдрийн Хуралд нэр дэвшигч нэхэмжлэгч С.Б 76 санал, гуравдагч этгээд С.Т 77 санал авч, 1 саналын зөрүүгээр ялагч болсон, энэхүү сонгуулийн үр дүнд санал өгөх эрхгүй 2 иргэний санал нөлөөлөх боломжтой байх тул сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзнэ.

4.8. Ийнхүү Хуралд оролцох эрхгүй иргэд оролцож, сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байхад хариуцагч ***** сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигч С.Т-ыг багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өлгий аймгийн ***** сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус, иймээс гуравдагч этгээд С.Т-ыг ***** сумын 2 дугаар багийн Засаг даргад томилохгүй байгаа ***** сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль зөрчөөгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5. С.Б, С.Т нар нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчийн шаардлагыг хангасан тухай:

5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/381 дүгээр албан бичиг, уг албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтуудаар С.Б, С.Т нар нь шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд өр төлбөргүй, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32-06/1584 дүгээр албан бичгээр С.Б, С.Т нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нь тогтоогдож байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2, 56.4.3, 56.4.4-т заасан шаардлагуудыг хангаж байна.

5.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:” гээд 56.4.1.-д “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;” гэж заасан шаардлагын тухайд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Б нь дээд боловсролтой, гуравдагч этгээд С.Т нь бүрэн дунд боловсролтой болох нь тогтоогдсон.

5.3. Хууль тогтоогчоос орон нутгийн анхан шатны нэгжүүдэд, тухайлбал багт Засаг даргад нэр дэвшигчийн болзол хангах хүн хангалттай байдаггүй бодит нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой иргэн нэр дэвшиж болохоор өөрчилсөн байдаг.

5.4. Иймд нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд С.Т нар нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан багийн Засаг даргад нэр дэвшигчийн шаардлагыг хангасан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

6. Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН