Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00076

 

Ц.Н, Д.Б нарын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00337 дугаар шийдвэртэй, Ц.Н, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ители овогт Яайн Сьездийн нэхэмжлэлтэй, М.А холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Засварын хөлс, бусад зардал болох 3521311 төгрөгийг гаргуулах” тухай.    

Нэхэмжлэлд: “Иргэн Ц.Н нь нөхөр Д.Б-ын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 байрны 45 тоотод байнга оршин суудаг. Ц.Н уг орон сууцыг 1998 оны үед төрөөс үнэгүй хувьчилж авч эдүгээ 19 дэх жилдээ амьдарч байна. Тус 8 байр нь 5 давхар ба тэдний орон сууц 45 тоот номертой 4 давхарт байрлалтай. Ц.Н-гийн орон сууцны эгц дээд талаас буюу 5 давхрын 48 тоотоос 2012 оноос хойш байнга халуун, хүйтэн ус алдсанаас болж тус орон сууцанд үлэмж хэмжээний хохирол учирсан. 48 тоот байрыг эзэн нь байнга оюутан нарт түрээслүүлдэг учраас жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдгийг анхны үед мэдэхгүй байсан боловч уг байрны хууль ёсны өмчлөгч нь Баян-Өлгий аймгийн ХААН банкны ажилтан М.А гэдгийг мэдсэн. Ц.Н нь М.А рүү утсаар ярихад тэрээр “манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаа, танайд очиж байрыг үзнэ” гэсэн. Ингээд М.А-ын нөхөр гэх н.Хурманбай тэдний орон сууцанд ирж орон сууцны бодит байдлыг нүдээр харж, орон сууцанд учруулсан гэм хорыг буюу хохирлыг төлж өгнө гэж амласан боловч утсаа ч авахгүй сураггүй алга болсон.  Уг орон сууцанд халуун, хүйтэн ус байнга дээд давхрын орон сууцнаас алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон. Үүнээс болж орцны хана ч мөөгөнцөртөж, будаг, шохой нь ховхорч унасан. Ингээд дээд давхрын орон сууцны өмчлөгч М.А нь тус орон сууцанд учруулсан хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй "Азын хос шагай" ХХК-иар орон сууцанд засварын ажлын төсвийг хийлгэж, улмаар орон сууцны барилгын засал чимэглэлийг "НULD" ХХК-иар хийлгэсэн. Дээр дурдсан зардалд нийт 3521311 төгрөгийн бодит зардал гарсан. Иймд Ц.Н-гийн хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс болох 3421711 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 төгрөгийг М.А-аас гаргуулан Ц.Н-д олгуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч өөрийнхөө орон сууцанд хийсэн засварын мөнгийг бусдаас нэхэмжилж, хөршийн эрхийг зөрчиж байна. Бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, санаатайгаар оргон зугтаж байгаа мэтээр нэхэмжлэл бичсэнийг зөвшөөрөхгүй. Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хувийн өмчлөлийн орон сууцтай гэдгээ зөвшөөрч байна. Би уг байрны эзэн гэдгийг тус байрны сууц эзэмшигчдийн холбооноос мэдэх бүрэн боломжтой бөгөөд миний бие байнгын оршин суугаа газартаа тогтвортой оршин сууж байгаа. Хэрэв надаас хууль, журмын дагуу шаардсан, нэхэмжилсэн зүйл байгаа бол би тухай бүрд нь өгөх бүрэн боломжтой. Ус манай байрнаас алдсан эсхүл байрны усны хоолой хагарсан эсэх нь тогтоогдохгүй байхад шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Манай байрны доторх сантехник, усны хоолойнууд бүтэн байсан ба ямар нэгэн байдлаар ус алдсан гэх зүйл байхгүй. Уг барилгын байрнуудын хоорондох нууц хоолойнуудаас гарсан байж болзошгүй. Тэрхүү ус алдаж буй газар нь хаана, хэний эзэмшлийн газар гэдэг нь тодорхой бус байгаа. Манай байрны ил монтажнаас ус алдаж байгаагүйг нэхэмжлэгч болон түүний гэр бүлийнхэн ч гэсэн нүдээр үзэж, харж байсан. Тус байрны далд хоолойноос ус алдсан бол СӨХ хариуцах ёстой. Иймд хариуцагчаа буруу тодорхойлжээ. Түүнчлэн, би орон сууцны даатгалыг сар бүр төлж байсан тул нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлыг засвар хийлгэхээс өмнө надад мэдэгдсэн бол даатгалын компанид хэлээд, даатгалын байгууллагын төлөөлөл оролцуулан үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгүүлэн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлэх боломжтой байсан. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлээ нотолж чадаагүй. Нэхэмжлэл хэрэгсэхгүй болох ёстой атал нэхэмжлэлийг шүүх буцааж тогтоол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн явдал болсон. Үүнээс болж би нэг хэрэгт 2 дахь удаагаа хариуцагчаар татагдаж байна. Хуулиараа тус нэхэмжлэлийг буцаах биш хэрэгсэхгүй болгох байсан юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчид хууль зөрчиж тусгайлан боломж олгосноос болж миний эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна. Хэрэв шүүхээс энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэвэл нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй шүүх бүрэлдэхүүнээс гэм хороо буцаан нэхэмжлэх болно. Нэхэмжлэгч нь өөрсдийнхөө байрыг шинэчлэн засварлаж, гарсан зардлыг биднээр төлүүлэн авахыг эрмэлзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.          

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00337 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан М.А-аас 3521311 төгрөгийг гаргуулан Ц.Н-д олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг талын эрх ашгийн үүднээс, хэрэг хянан шийдвэрлэх тухай журмыг зөрчиж үнэлсэн. Мөн Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч М.А нь өмчлөх, эзэмших эрхээ эдлэхдээ бусдад гэм хор учруулсан мэтээр шүүх дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байхад гэм хорыг бүхэлд нь гаргасан явдал нь хууль нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудын талаар миний өмгөөлөгч  хэргээс хасуулахаар хүсэлт гаргаж байсан. Гэтэл уг хүсэлтийг шүүхийн шийдвэртээ тусгахаар болж тогтоол гарсан боловч анхан шатны шүүх шийдвэртээ уг хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус үлдээснээс гадна тухайн нотлох баримтуудад үндэслэн шүүх шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хариуцагч М.А гэм хор учруулсан бол эхний ээлжид өөрт мэдэгдэж, учруулсан гэм хороо арилгуулахыг шаардах ёстой. М.А нь энэхүү асуудлыг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс л олж мэдсэн. М.А нь нэхэмжлэгчийг огт танихгүй бөгөөд доод талын айлын эзэн гэдгээ ч мэдэхгүй. Урьд өмнө нь түүнтэй огт уулзаж, ярьж байгаагүй. Тэгсэн хэрнэ доод айлын эзэн байгаа гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн хувьд шүүхэд гэм хор юунаас болж учирсныг тогтоох хэрэгтэй тул үзлэг, шинжилгээ хийлгүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн орон байранд М.А гэм хор учруулсан гэм буруутай гэж үзсэн нь үндэслэл муутай болсон. Хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар гэмтэл осолтой холбоотой ямар нэгэн акт тогтоолгож байгаагүйгээ хэлж байсан. Гэтэл нэг жилийн дараа нөхөж акт авч хэрэг дотор нэмсэн байдаг. Энэхүү актыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Иргэний хуулийн 497 дүгээр 497.2.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Н, Д.Б нар нь хариуцагч М.А-т холбогдуулан орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг нийт 3521311 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “манай дээд давхарын 48 тоот айлаас 2012 оноос хойш байнга ус алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, хүн амьдрах аргагүй болсон энэ талаар хэлж байсан боловч хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй компаниар засварын ажлын төсвийг хийлгэж, засаг чимэглэлийн засвар хийлгэж 3521311 төгрөгийн бодит зардал гарсан” гэж тайлбарлаж, хариуцагч “ус манай байрнаас алдсан эсхүл байрны завсарт байгаа усны хоолой хагарснаас алдсан болох нь тогтоогдохгүй байхад шууд тулган шаардаж байгаа нь үндэслэлгүй, миний эзэмшлийн байрны дотор байгаа бүх сантехник, усны хоолойнууд бүрэн бүтэн байсан тул гэм буруугүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч М.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 8 дугаар байрны 48 тоот айлаас нэхэмжлэгчийн өмчлөлийн 45 тоот айлын дээрээс 2012 оноос байнга ус алдаж нэхэмжлэгч нарт хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Санчир” сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 019 дугаартай тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, “HULD” ХХКомпанид засварын хөлс, материалын үнэ төлсөн 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Азын хос шагай” ХХК-д төсвийн ажлын хөлс 99600 төгрөг төлсөн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний баримт, төсөв боловсруулах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрт учирсан хохирлыг арилгуулахыг шаардсан байхад хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан зохицуулалт нь гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотлолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх эрхийг зохицуулсан, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахыг шаардаж байх тул хуулийн дээрх заалт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00337 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497.2,” гэснийг хасаж, “Ц.Н” гэснийг “Ц.Н, Д.Б нарт” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                        Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ