Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2021/00068

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Ренчинпэлжээгийн гудамж, ********, ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ******** баг, ******** тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай ******** овогт ******** ******** холбогдох 12,902,801 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******** нь ******** Өвөрхангай салбараас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******** тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18,00%-ийн хүүтэй цалингийн зээл авч, нийт 6 удаа зээлэнд өөрчлөлт оруулан хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 15,031,590.29 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 22,8%-ийн хүүтэй цалингийн зээл авсан.

Зээлдэгч **************** тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 408 хоног хугацаа хэтэрч муу зээлийн ангилалд ороод байна. Зээлдэгч ******** банкны зүгээс утсаар ярьж, уулзаж зээлийг төлөхийг шаардаж байгаа боловч зээлийг төлөх санаачлага гаргахгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн ******** тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 12,893,801 /арван хоёр сая, найман зуун ерэн гурван мянга, найман зуун нэг төгрөг/, нэхэмжлэлтэй холбоотой материал нотариатаар баталгаажуулсны төлбөр 9000 төгрөг, нийт 12,902,801 төгрөгийг зээлдэгч ******** гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******** нь 2014 онд Өвөрхангай аймгийн ******** харилцаж эхэлсэн. Үүнээс хойш 5-6 удаагийн давтамжтай зээл авсан. Хугацаандаа зээлээ төлөөд явж байсан боловч ******** өөрийнх нь тайлбарлаж байгаагаар тэтгэвэрт гараад ажилгүй болоод зээл төлөх боломжгүй гэсэн тайлбар хэлдэг. 2020 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар 12,902,801 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүх хуралдаанд оролцох замын зардал бензины мөнгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...******** овогтой ******** би 1966 онд төрсөн. ******** регистрийн дугаартай, эмэгтэй 55 настай. Миний бие анх 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15.000.000 /арван таван/ төгрөгийн цалингийн зээлийг авсанаас хойш дахин 6 удаа зээл авсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15,031,590.29 төгрөгийн зээлийн авсан. Миний бие өвдөж /Нүдны даралт цусны даралт, зүрхний голын судасны нарийсал, зүүн ховхлогын хатуурал/ гэсэн оноштой ажлаа хийх чадваргүй болж тэтгэврээ тогтоолгосон. Энэ хугацаанд тэтгэврийн зээл болон бусад санхүүгээ эрүүл мэнддээ зарцуулж ирсэн. Өөрийн боломжоороо эмчилгээний зардлаасаа өөрийн ах дүүсийн тусламжнаас илүүчлэн 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 2020 оны 12 дугаар сарын 02-ны хооронд нийт 11,205,026.51 төгрөг тушаасан байна. Энэ төгрөгийг задлаж үзвэл үндсэн зээлд 5,171,795.76 төгрөг үндсэн хүүд 5,963,575.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69,655.23 төгрөг төлсөн зээлийн хуулга байна. Эндээс үзэхэд үндсэн төлөлт нь муу хасагдсан байна.

Тус банк зээлээ төлөх санаачилга гаргаагүй гэж шүүхэд хандсан байна. Би энэ банкнаас 2017 оны 12 дугаар сарын 07 өдөр 15,031,590.29 төгрөгийн зээлийг авсан нь үнэн бөгөөд өөрийн боломжоороо төлсөн мөнгөний 53.8% буюу 6033,230.75 төгрөг нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдсөн байна. 15,031,590.29 11,205,026.51 хассан дүн нь 3,826,563.78 төгрөг байна.

Иймээс иргэн миний эрүүл мэнд, санхүүгийн боломж зэргийг харгалзан үзэж өмнөх төлсөн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс үндсэн төлбөр рүү оруулж хүү болон нэмэгдсэн хүүнээс чөлөөлж үндсэн зээлийг нь төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******** шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэргийн материалтай танилцсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 11,205,026 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үүнээс тооцоод үзэхэд хүүний 53.8 хувь буюу 6,033,230 төгрөгийг төлсөн. Гэрээнд зааснаар биш 3,826,563 төгрөгийг тооцоод үлдсэнийг нь тооцоогүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага 12,893,801 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн энэхүү тайлбарыг дэмжин оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ******** зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,893,801 төгрөг, нотариатаар баталгаажуулсаны төлбөр 9000 төгрөг нийт 12,902,801 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч зээлийн эргэн төлөлтөөс үндсэн зээл бага хасагдсан, эрүүл мэнд, санхүүгийн боломжийг харгалзан төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс үндсэн зээлийг тооцож, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү гэж маргаж байна.

******** ХХК, ******** нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******** дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, түүнээс хойш 5 удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдсан нь өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7-12 дугаар хуудас/

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******** дугаартай зээлийн гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, өмнөх зээлийн хэмжээг 2,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 15031590.29 төгрөгийг 48 сарын хугацаанд жилийн 22.8 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн тооцоог гаргасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-д заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

**************** зээлийн дансны хуулгаар зээлдэгч ******** нь үндсэн төлбөрт 5,171,795.76 төгрөг, үндсэн хүүнд 5,963,575.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 69655.1 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлт бүрээс тооцсон нь ******** дугаартай зээлийн гэрээний 2.5-д заасан заалттай нийцжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч зээлдэгч ******** нь сар бүр зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл, 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар, 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл, 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл, 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй нь ******** зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадахгүй байгаа талаар тайлбар гаргасан байна.

Зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг ******** ******** 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан ******** дугаартай зээлийн гэрээний 3.3.3, 3.3.4-т заасантай нийцэж байна.

Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүйгээс зээлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цуцалж, гэрээг цуцалсан өдөр хүртэл зээл 9,859,794.53 төгрөг, хүү 3,034,006.47 төгрөг нийт 12,893,801 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******** ХХК зээлдэгч ******** зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 12,893,801 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн эрүүл мэндийн байдал, санхүүгийн боломжийг харгалзан төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс үндсэн төлбөрт оруулж тооцож, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгөхийг хүссэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм.

Хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаад маргаагүй болно.

Зээлийн гэрээний 5.1-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч зээлээ төлөлгүй 408 хоног хугацаа хэтэрч муу зээлийн ангилалд орсон тул цар тахалтай холбогдуулан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбар гаргасан байна.

Иймд хариуцагч ******** зээл, зээлийн хүү нийт 12,893,801 төгрөгийг гаргуулж ******** ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 9000 төгрөг нэхэмжилсэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарахгүй, шаардах эрхгүй тул 9000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ирэх унааны зардал 90000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гээд ******** ХХК-ийн баримт гаргаж өгсөн бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийн бичгээр гаргах ёстой.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,394.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ******** ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,893,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,394.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА