Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00077

 

Д.Бын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэртэй, Д.Б-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/41 дугаартай, “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус газрын харьяа Асрамжийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нярваар ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Д.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай”  б/41 дүгээр тушаалаар  чөлөөлөгдсөн. Миний бие ажил олгогчийн дээрх шийдвэрийн үндэслэлийг хариуцагчаас тодруулж асуухад “чиний орон тоо хасагдсан” хэлсэн. Тус Асрамжийн төвийн 2017 болон 2018 оны батлагдсан төсвийг харвал цалингийн фондод өөрчлөлт ороогүй байна. Түүнчлэн тус Асрамжийн төвийн бүтэц өөрчлөгдөөгүй байна. Иймд ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Нөгөө талаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга уг албанд 2016 оны 10 дугаар сард томилогдсон бөгөөд 2017 оны 6 дугаар сард холбогдох хуулийг зөрчин байж урьд өмнө төрийн албанд огт ажиллаж байгаагүй, хөдөө мал малладаг байсан эхнэрийнхээ төрсөн дүү болох З.Х гэгчийг тус Асрамжийн төвийн жижүүрээр томилсон. Үүнээс болж Асрамжийн төвийн ажилчид нэмэгдлээр авч байсан цалин хөлсөө огт авч чадахаа больж ажил олгогчид хандаж гомдол гаргасан. Тэгтэл ажил олгогч эхнэрийнхээ төрсөн дүү З.Хумарханыг бус улсад 25 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн, урьд өмнө зөрчил гаргаж байгаагүй, аливаа хэрэгт холбогдож байгаагүй намайг ажлаас халсанд туйлын гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Д.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Д.Б-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор батлагдсан төсөв орон тоог танилцуулж, нярав 7 хоногт нэг л удаа хүнс гаргаж өгдөг, тийм учраас цалин хүрэхгүй хасагдан гэдгийг тодорхой дэлгэрэнгүй хэлж, Монгол улсын МNS5823:2016 стандарт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол зэрэг эрхийн актуудыг танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэж мэдэгдэх хуудас өгсөн. Манай байгууллагад 2017 онд 48,4 сая, 2018 онд 43,1 сая төгрөг цалингийн фонд батлагдсан холбогдох материалыг хавсарган хүргүүллээ. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Асрамжийн төвийн жижүүрээр ажиллаж байсан Н.О өндөр насны тэтгэвэрт гарсан тул З.Х-ыг түүний оронд томилсон. Асрамжийн төвийн жижүүр хийхэд төрийн албанд ажиллаж байсан эсэх нь огт хамаагүй. Асрамжийн төвийн жижүүрийн тухай асруулагч нарын аюулгүй байдал, амьдрах тав тух, янз бүрийн сэтгэцийн өвчтэй тахир дутуу хүмүүс жижүүрт гарах үед баас шээс угаах ажил гардаг. Нярав хийх ажилгүй, илүү жижүүр хийлгүүлэх талаар санал тавихад Д.Б нь би баас шээс угаахгүй, түүний оронд гаргачих гэж хэлж байсан. Энэ хэлсэн үгээ өөрөө тод санаж байгаа байх. Д.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн тэтгэмж олгосон ба 2017 онд 2018 оны төсвийн төсөлд 9 хүнээр 48505908 төгрөгөөр санал өгсөн боловч 7.5 хүнээр 43492100 төгрөг батлагдсан ба үүнээс үндсэн цалин 33871800 төгрөг нэмэгдэж 9620,3 төгрөг төлөвлөсөн болж зайлшгүй нэг хүн цомтголд орох асуудал хөндөгдөж зөвхөн хүнс тараахаас өөр хийх ажилгүй нярвыг хассан. Асрагч жижүүр нь хамгийн хүнд хэцүү ажил тул хасах боломжгүй. Нярвын орон тоо хасагдсан болохоос жижүүрийн орон тоо хасагдаж Д.Б-ыг ажлаас чөлөөлөөгүй. Ажил олгогч миний бие ажлын ачааллыг харгалзан ажлын байр, цалингийн фондыг үндэслэн ажлын байрыг цөөрүүлсэн маань огт хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Д Байболын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан Д.Б-ын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Д.Б-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох иргэнийг хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ-Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавин нийтлэг шаардлага-МNS 5823:2016 “Монгол Улсын стандартын 6.5.3 “Асрамжийн газрын хүний нөөцийг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд: Захирагч, санхүүч, нярав, техникийн ажилтан, сэргээн засахын эмч, сувилагч тус бүр 1 байх.“ гэжээ заасан байна. Уг тогтоолд “Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө” гэж тусгасан байна. Тус асрамжийн газрын нярваар ажиллаж буй Д.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн тус ахмад настны асрамжийн газрын нярваар ажиллаж байгаа ба Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 51 дүгээр тогтоолоор түүний ажиллаж байсан орон тоо хасагдах ёсгүй гэж үзэж байна.

2. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ба-ны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн Хөдөлмөр. халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-нд явуулсан № 01\54 тоот албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е-ын Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд илгээсэн 2016 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн № 5-03 105 тоот албан бичгээс үзэхэд тус аймгийн асрамжийн газрын 2017 онд батлагдаж байсан орон тоо, төсөв нь хэвээр байгааг нотолж байна. Д.Б нь 2017 онд тус асрамжийн газарт нярваар ажиллаж байсан. Ингэхээр түүний ажиллаж байсан нярвын орон тоо бодит байдалд хасагдаагүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3. Нярав Д.Б-ын орон тоо хасагдсан гэх Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Аймгийн 2018 оны төсөв батлах тухай” 26 тоот тогтоолын “Аймгийн асрамжийн газар” гэсэн хэсэгт заасан 6 гэсэн орон тооны дотор чухам нярвын орон тоо хасагдсан гэдэг нь эргэлзээтэй байна. Нөгөө талаас энэхүү бичиг баримтад дурдсан орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл нь чухам ямар учраас цөөрүүлэх болсон нь тодорхой бус, санхүүгийн ямар үндэслэлээр хийгдэх болсон нь тодорхой бус байна. Иймд уг тогтоолыг үндэслэн зөвхөн нярав Д.Б-ын ажиллаж байсан нярвын орон тоо хасагдсан гэж үзэх нь учир дутагдалтай байна. Тус асрамжийн газарт тогоочоор ажиллаж байсан Ш.А-ийн орон тоог 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн цомхотгосон гэж ажил олгогч тушаал гарган, мэдэгдэх хуудас өгсөн боловч тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буцаагаад орон тоо цомхотгосон тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон байна. Иймд нярав Д.Б-ын орон тоо цомхотгосон эсэх нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон явдалд гомдолтой байна.

4. Ажил олгогч нь тушаалдаа нярав Д.Б-ын ажиллаж байсан орон тоог цомхотгохдоо Монгол Улсын Стандарт МNS 5823:2016 баримталсан бөгөөд бодит байдалд уг стандартыг заавал мөрдөх, Ахмадын асрамжийн газарт нярвын орон тоо заавал байхаар тусгасан асуудалтай зөрчилдөж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг ханган, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх Д.Б-ын нэхэмжлэлийг авч хэлэлцэхэд хэрэглэвэл зохих бүх хуулийн заалтыг хэрэглэн хавтаст хэрэгт авагдсан материалыг үнэн зөвөөр дүгнэж шударга шийдвэр гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ба-ны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/54 албан тоот, Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5-03/105 тоот албан бичгүүд нь өөрсдөөс нь зайлуулж төсвийн төсөлд өгсөн төслийг дутуу баталж өгснийг хүлээн зөвшөөрч хариуцлагаас зугтаасан нэр төдий дүр эсгэсэн тоот гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын орон тоо, төсөв баталсан хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болохоос тоот хүчин төгөлдөр нотлох баримт биш. Энэхүү баталсан төсвөөс илүү зарцуулах эрх надад байхгүй. Төсвийн тухай хуульд хатуу хориглосон байдаг. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2018 оны төсөв батлахдаа “Асрамжийн газар” гэсэн хэсэгт цалин хөлс нэмэгдэх урамшууллыг 43.492.100 төгрөгөөр ажиллагсдыг 6, Үүнээс: удирдах ажилтан 1, үйлчлэх ажилтан 5 байхаар баталсан. Харин миний бие эрх хэмжээний хүрээнд тушаал гарган төсөвт багтаан чухал шаардлагатай гэж үзсэн дараах албан тушаалуудыг баталж хэрэгжүүлж байгаа. Үүнд: Нийгмийн ажилтан 1, үйлчлэгч/ асрагч/-4, тогооч-1, туслах тогооч-1, нябо 0,5 байхаар баталсан энэ бүх үйлдэл маань ямар нэг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэгжүүлсэн Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар хуралдаанаар баталж өгсөн цалингийн сан бүтэц орон тоог баталж өгсөн бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна. Харин уг тогтоолд ажиллах ажилчдын орон тоог албан тушаалаар нь нэр зааж өгөөгүй, чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.2, 40.5 дахь хэсгүүдэд зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаа өгч, нэг сарын тэтгэмжээ олгож, ажлаас чөлөөлсөн маань ямар нэг хууль зөрчөөгүй болно.Иймд нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон хангахгүйгээр шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаартай шийдвэрийг хэвээр баталж өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Д.Б нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан тус газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “асрамжийн төвийн 2017, 2018 оны батлагдсан төсвийг харвал цалингийн фондод өөрчлөлт ороогүй, бүтэц өөрчлөгдөөгүй” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “нярвын орон тоо хасагдсан, 2018 онд орон тоо 7.5 хүнээр батлагдсан тул нярвын орон тоог хассан” гэж шүүхэд маргасан байна.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвд 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс нярваар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба Д.Б-ыг ”Орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Монгол улсын МNS-5823:2016 стандарт, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан бүтэц орон тоог үндэслэн орон тоо хасагдсан үндэслэлээр Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.  Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримталсан боловч “орон тоо хасагдсан” гэж үндэслэсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

            Нярвын орон тоо хасагдсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад асрамжийн төвийн бүтцэд байхгүй орон тоонд буюу нярвын ажилд Д.Б-ыг томилох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх журмыг зөрчжээ.

 

            Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Д.Б-ын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Б-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,  2 дахь заалтыг:

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар Д.Бын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200.00 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ