Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0728

 

 

 

 

 

 

 

С.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

          Илтгэгч шүүгч Б.Тунгалагсайхан

        Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч:С.Ч

          Хариуцагч:Улсын бүртгэлийн ерөнхий газар

          Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга

          Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

          Гуравдагч этгээд: М.М

          Гуравдагч этгээд: П.Б

          Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийг П.Б-д холбогдох хэсгээс 106 м.кв газрыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, С.Ч-ийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106.м.кв. хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг даалгах” гэж,

          Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаартай М.М-ын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж,

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дүгээр шийдвэрийн П.Б-д холбогдох хэсгээс 84 м.кв-ыг хүчингүй болгуулах” гэж тус тус тодорхойлон маргажээ.

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 762 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч: С.Ч,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Б,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ш,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л,

          Гуравдагч этгээд: М.М,

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Г.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Дөлгөөн

          Хэргийн индекс: 128/2026/0143/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч С.Ч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийг П.Б-д холбогдох хэсгээс 106 м.кв газрыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, С.Ч-ийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106.м.кв. хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг даалгах” гэж,

          Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаартай М.М-ын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж,

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дүгээр шийдвэрийн П.Б-д холбогдох хэсгээс 84 м.кв-ыг хүчингүй болгуулах” гэж тус тус тодорхойлон маргажээ.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 762 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Ч-ээс Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийн П.Б-д холбогдох хэсгээс 106 м.кв-ыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дүгээр шийдвэрийн П.Б-д холбогдох хэсгээс 84 м.кв-ыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, С.Ч-ийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаартай М.М-ын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1.“...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч миний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв дүгнэх, хэт нэг талыг баримтлан үзэж зөв дүгнэлт гаргаж шийдвэр гаргаагүйд иргэн би гомдолтой байна. Миний бие нь уг газар дээрээ 2000 оноос одоо хүртэл 26 жил шударга өмчлөгчөөр 4 үеэрээ тогтвор суурьшилтай амьдарч байна. Харин Б нь манайхтай 2001 оноос хойш хөрш айлаар 2026 оны 8 сар хүртэл амьдарсан байна.  Тухайн үед буюу 2001 оноос 2013 он хүртэл хөрш айл Б манай хоёрын хашаа дундуураа тасалгаатай байж байгаад 2014 онд Б нь өөрөө хилийн зэсээ гаргаж хамар хашаагаа өөрөө барьсан. 2009 онд П.Б нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаар Кадастрын зургаа гаргуулахдаа хашаа хооронд хамар гаргаагүй байсныг хашааны талбайн хэмжээг буруу зааж кадастр хийлгэснээс болж миний шударгаар олон жил өмчилж амьдарсан газар руу зургаа оруулж авснаас болж газрын маргаан үүссэн. Энэ нь газрын албаны буруу, зургаар кадастрыг хээрийн болон суурин судалгаа хийхгүй кадастрын зургаа буруу гаргаснаас миний эрх зөрчигдөж байна. Энэ тухай эхнэр Н-аас асуухад бид мэдэхгүй газрын албаныхан буруу хийсэн байна, мөн нөхөр Б нь бас мэдээгүй гэсэн хариу өгсөн.

          3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар 400 м2 хэмжээтэй газрыг ашиглах эрхтэй эзэмшлийн гэрчилгээ олгосон байдаг. Уг газраа өмчилж авахаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан. 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа 325,83 м2 болгон багасгаж хээрийн болон суурин судалгаа хийлгүй өмчлүүлсэн нь намайг хохироож олон жил амьдарсан миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Иргэн П.Б-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр захирамжаар эзэмших эрхийн **** дугаартай гэрчилгээ олгохдоо талбайн хэмжээ 326 м2 газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлэхээр олгов гэсэн байдаг. Б газар өмчлүүлэх хүсэлт дээрээ 322 газрыг өмчлүүлэх өргөдөл гаргасан байхад Нийслэлийн Засаг дарга өмчлүүлэх шийдвэр гаргахдаа газрын хэмжээг нэмэгдүүлж 347 м2 болгож олгосон нь шударга бус шийдвэр гэж иргэн Чминий бие үзэж байна. Иргэн П.Б нь иргэн М.М-д өөрийн хөрөнгөө худалдах худалдан авах гэрээгээр зарахдаа хамар хашаанаас нааш манай газар гэдгийг хэлж М үүнийг нь зөвшөөрч худалдаж авсан байдаг. М нь газрын хэмжээгээ мэдсээр байж миний өмчилсөн газар руу орж байгаа, мөн шүүх хурал дээр хашаанаас нааш манай газар гэж хэлж худалдсан гэдэг үгийг хэлж байсан. Шүүх хурал дээр би М-оос “Чи анх худалдаж авахдаа газрын хэмжээгээ үзэхгүй яасан юм бэ” гэхэд “би залуу хүн учраас мэдээгүй” гэдэг тайлбар өгч байсан.

          3.3. Иргэн Б нь өөрийн газрын хилийн зэсээ хамарласан хашаанаас нааш гэдгийг 2 удаа бичгээр тайлбар бичиж өгөөд байхад шүүгч энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь иргэн миний эрх ашгийг зөрчиж байна. Маргаан бүхий газар дээр миний төрсөн охин Ч.Ш нь нөхөр, дөрвөн хүүгийн хамт ам бүл зургуулаа 2015 оноос хойш амьдарч байна. 2021 онд зөөврийн сууцыг захиалан хийлгэж суурилуулсан нөхөр Б нь Сүү ХХК-д лаборант, эхнэр Ш нь бага насны 4 хүүгээ асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.

          3.4. Миний бие нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 2008 оноос эхлэн ББСБ-д барьцаанд тавьж өөрийнхөө амьдрах орчноо сайжруулах зорилгоор модон хашааг дааман хаалга зэргийг шинээр хийлгэж төмөр хашаа болон гүйдэг хаалга хийлгэсэн. Мөн 2021 онд зөөврийн сууцаа суурилуулахдаа 30 м2 талбайг бетон зуурмаар бүхэлд нь битүү цутгаж байршуулсан, одоо ч миний үл хөдлөх хөрөнгө ББСБ-д барьцаанд байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр 2003 оноос хойш айл хөрш амьдарч байгаа иргэн Д.Т, 1978 оноос хойш амьдарч байгаа Х.Э, 2009 оноос хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Л.Ц нарыг гэрчээр оруулж өөрийн 26 жил тогтвор суурьшилтай шударгаар амьдарч байгаа газар дээр ямар нэгэн өөрчлөлт буюу хууль бусаар газраа сунгах, мөн хөрш Б-тайгаа ямар харилцаатай байсан талаар тайлбар өгүүлсэн боловч шүүгч гэрчүүдийн  мэдүүлэг тайлбар дээр ямар нэг тайлбар өгөөгүйд иргэн би ойлгохгүй байна. Миний энэ 26 жил шударга өмчлөгчөөр тогтвор суурьшилтай, 4 үеэрээ амьдарч байгаа газрыг минь хууль бус гэж үзэж шийдвэр гаргасанд иргэн С.Ч миний бие гомдолтой байгаа учир захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шударга бус шийдвэрийг судалж иргэн миний эрхийн зөрчлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

          4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:

          4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1-т маргаан бүхий асуудлыг нэхэмжлэгч С.Ч нь хэзээ мэдсэн талаар зөв дүгнэж бичсэн. Мөн шүүхийн шийдвэрийн 2,3-д нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн тухайд, гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүссэн тухайд, дүгнэлт хийж үйл баримтыг зөв тогтоосон. Атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д (“Хэрэгт авагдсан баримт шүүхээс хийгдсэн ажиллагаа, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаас үзвэл иргэн маргаан бүхий газрыг эзэмшихээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана.” гэж зааснаар нэхэмжлэгч С.Ч нь өргөдөл гаргасан нь тогтоогдохгүй, өөрийн өмчлөлийн газрын хашаалсан хэмжээгээр нэмэгдүүлж хувийн компаниар кадастрын зураг хийлгэсэн зэрэг нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий гуравдагч этгээдийн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлохгүй.” ) гэжээ.

          4.2. Дээрх үндэслэлийн Татгалзал: Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамж нь 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг үндэслэл болгож шийдвэр гаргасан мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.”

          4.3. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ.”, 27.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг дундаа эзэмшиж болно.” гэж заасан байхад хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтлаагүй. Захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг иргэн тодорхой хэмжээнд итгэж болох иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг анхаарч үзсэнгүй.

          4.4. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны Б/11 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар “Уг ашиглах зөвшөөрөл олгогдсон газруудын схем зургийг батлуулж, мэргэжлийн байгууллагын техникийн нөхцөл, үнэлгээ дүгнэлт гаргуулахыг аж ахуйн нэгжийн захирал нарт, газрыг баталгаажуулж, газрын төлбөр оногдуулалтад хяналт тавьж, гэрээ байгуулж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны алба /Ю.Д-д/-д үүрэг болгосон байхад Анхан шатны шүүх 2002 онд батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын Газрын тухай хуулийг хэрэглэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

        4.5. Анх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч С.Ч-ийн аав Ц.С Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар 400 м2 газрыг эзэмших эрхтэй болсон байхад нийслэлийн Засаг дарга 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа 325,83 м2 болгон багасгаж, хээрийн болон суурин судалгаа хийлгүй өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газар дээр үе удмаараа (4 дэх үе) хашаалсан хашаагаараа нэхэмжлэгч С.Ч-ийн газар мөн. Гуравдагч этгээд М-д хашаагаа зарсан талаар гуравдагч этгээд П.Б бичгээр хүлээн зөвшөөрч тайлбарлаж байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн буруутгасан нь үндэслэлгүй. Гуравдагч этгээд М нь 2025 оны 08 дугаар сард Худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ хашаа байгаа хэмжээгээрээ шилжүүлсэн талаар тайлбар ирүүлснийг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн гуравдагч этгээд М.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдан авсан “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байхад нэхэмжлэгч С.Ч-ийн эрх ашгийг хөндөн маргаж байна.

          4.6. Тухайн үеийн 2001 оны газрын харилцаа өнөөдрийнх шиг хөгжөөгүй, хэмжилт нарийн байгаагүй харин газар зохион байгуулагч, хээрийн болон суурин судалгаа хийж кадастрын гар зураг хийдэг байсан. Одоо хэрэгжиж байгаа Газрын тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 онд хэрэгжиж эхэлсэн байхад 2001 оны үйл баримтыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу хүсэлт гаргаагүй гэж буруутгасан нь ойлгомжгүй. Мөн гуравдагч этгээд П.Б манай хашаа байгаа хэмжээгээр манай газар мөн  хөрш айл С.Ч-ийн газар хашаа байгаа хэмжээгээр мөн олон жил ашиглаж ирсэн талаар удаа дараа бичгээр тайлбар өгсөн байхад анхаарч үзсэнгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 14, 16, 19, 21 дахь талын 978 дэс дугаар, 28, 29, 147, 156 дахь тал. 2 дугаар хавтаст хэргийн 190 дэх талд гуравдагч этгээд Б-гийн маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн газар мөн гэж хүлээн зөвшөөрсөн нотариатаар батлуулсан өргөдөл.

          4.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д заасан үндэслэлийн татгалзал:

          Монгол Улсад 1994 онд батлагдсан анхны Газрын тухай хууль болон 1997 оны Газрын төлбөрийн тухай хуулийн үед өнөөгийнх шиг нарийвчилсан, бие даасан цахим системд суурилсан “Хээрийн болон суурин судалгаа хийх журам” гэж тусгайлан байсангүй. Тухайн үеийн хууль тогтоомжид газар зохион байгуулалт, кадастрын зураглал хийх ерөнхий заавар, аргачлалын хүрээнд талбайн (хээрийн) болон бичиг баримтын (суурин) ажлууд зохицуулагддаг байсан.

          1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.” /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. гэж заасан. Маргаан бүхий газрын кадастрын зургийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн үйлдэж байсан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч С.Ч-ийн кадастрын зураг, талбайн хэмжээ 400 м2, 383 м2, 348 м2 , 325.83 м2, гэж өөр , өөрөөр нотлох баримт байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй харин төрийн байгууллагын буруутай ойлгомжгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хохирох нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 28, 31, 163, 164 дэх тал. 2 дугаар хавтаст хэрэг 44, 49 дэх тал.

          4.8. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д заасан үндэслэлийн татгалзал: Гуравдагч этгээд П.Б өөрийн 20 гаруй жил амьдарсан газрынхаа цэгээ тэмдэглэж ашиглаж байсан талбайгаа хүлээн зөвшөөрч, өөрөө хамар хашаагаа 2014 онд барьсан талаараа шүүхэд 2 удаагийн бичгээр тайлбар өгсөн. П.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин П.Б нь одоо хэрэгжиж байгаа 2002 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн. П.Б өөрөө 2007 онд кадастрын зураг хийлгээгүй манай хэмжээ нэмэгдэж гарсныг мэдээгүй. Газрын албаны буруу би мэдэхгүй байна гэж тайлбарладаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1124 дүгээр албан бичигт С.Ч-ийн ********************* хуучин нэгж талбарын дугаар нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул шинэ нэгж талбарын **************дугаар нь мэдээллийн санд бүртгэлтэй тухайн газруудыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэгдсэн байдлаар агаар сансрын зурагтай давхцуулан ирүүлсэн байдаг. Төрийн байгууллага нь кадастрын мэдээллийн санг хөтлөх үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 174.

          5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9, 10-д заасан үндэслэлийн татгалзал:

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд П.Б-д эзэмшил газрын гэрчилгээний **** дугаар гэрчилгээ олгохдоо талбайн хэмжээг 326 м2 газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлэхээр олгов гэжээ. Улмаар Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд хүсэлт гаргасан газрын нийт хэмжээ урт 23 м, өргөн 14 м, 322 м2 газрыг хүсэж хүсэлт гаргасан байхад нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэхдээ ямар хүсэлтийг үндэслэж газрын хэмжээг нэмэгдүүлж 347 м2 болгож олгосон нь ойлгомжгүй.

          Гуравдагч этгээд П.Б-д газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дүгээр шийдвэр нь 2002 оны Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3., 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл 28.1.1, 29 дүгээр зүйл, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл заалтууд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14.1.4, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаалыг үндэслэн гарсан.

(П. Б 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 339 дүгээр шийдвэрийг гаргуулан авахдаа кадастрын зураг хийлгээгүй буюу хавтаст хэрэгт байхгүй байдаг харин өмчилж байгаа газрын байршил кадастрын зургийг анх удаа 2009 оны 01 дүгээр сарын 23-нд хийлгэсэн байдаг.)

          Гуравдагч этгээд П.Б Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага ханган хүсэлт гаргаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасныг зөрчиж бусдын эзэмшил, ашиглалтай давхцуулах газар эзэмших эрхтэй болсон.

          1 дүгээр хавтаст хэргийн 107, 148 дахь тал. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын  Хоёр. “Газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, нягтлан шалгах”

          2.1.Өргөдөл гаргахад дараах ерөнхий шаардлага тавигдана:

          2.1.2. газар эзэмших, ашиглах эрх бүхий этгээд нь өргөдлөө газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /цаашид "ГХГЗЗГ" гэж товчлох"/-аас баталсан маягтын дагуу гаргана;

          2.1.3. өргөдөл гаргасан газрын байршил нь харьяалсан аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулж болохоор заагдсан байна;

          2.1.4. эзэмшиж, ашиглахыг хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна;

          2.3. Төрийн байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулахад энэ журмыг мөрдөнө.

          2.4. Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл нь "Газрын тухай хууль"-ийн 32.2, 32.3-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд холбогдох баримт бичгийг хавсаргасан байна;

          2.4.1. Иргэний өргөдөлд дараахь зүйлийг тусгана. Үүнд:

          б/ эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;

          2.7. Өргөдөл нь энэхүү журмын 2.1.1-2.1.5-д заасан шаардлага хангаагүй, уг өргөдөлд дурдагдсан газар эзэмших, ашиглах эрхийн талаар эрх зүйн маргаантай, эсхүл бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхардсан зэрэг зөрчилтэй бол энэ талаарх үндэслэлийг ажлын 15 өдөрт багтаан ГХГЗЗГ-аас баталсан загварын дагуу мэдэгдлээр хариуг өгч, хүсэлт бүртгэх дэвтэрт холбогдох бичилтийг хийж, бүртгэлээс хасна.

          2.8. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь өргөдөлд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдээс магадлах, судалгаа, тодорхойлолт авах, харьяалах засаг захиргааны нэгжийн бүртгэл мэдээлэлтэй тулган үзэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд нийцэж буй эсэх талаар хянан үзэх зэргээр нэг бүрчлэн шалгана.

          2.9. Тухайн шатны газрын алба, сумын газрын даамал нь шаардлагатай бол өргөдөлд дурдагдсан газарт биечлэн очиж танилцах бөгөөд өргөдлийг хуанлийн 30 хоногийн дотор нягтлан шалгаж, шийдвэр гаргуулахаар эрх бүхий Засаг даргад уламжилна.

          Дээрх журмын заалтаас үзвэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн

32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана:”

32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар;”

32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;” гэж заасан шаардлагыг хангаж нутаг дэвсгэрийн харьяалал хэмжээ зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг байхгүй мөн бусдын эзэмшил, ашиглалттай давхцалтай байхад П.Б-д 2007 онд эзэмших эрх 326 м2-аар 2009 онд өмчлөх эрх 347 м2-аар ямар нэг үндэслэлгүй нэмэгдүүлж олгосон нь үндэслэлгүй.

32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэж заасны дагуу нягтлан шалгах үүргээ Сонгинохайрхан дүүргийн газрын даамал хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

          Харин нэхэмжлэгч С.Ч-ийн 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн аав Ц.С-д эзэмшил газрын *******дүгээр гэрчилгээ олгохдоо 400 м2 газрыг гэрээнд заасны дагуу ашиглуулахаар олгов гэж. Улсын бүртгэлийн дугаар *******дугаарт өргөдөл гаргахдаа талбайн хэмжээгээ 400 м2 гэж тодорхойлж байсан. Нэхэмжлэгчийн эрх олж авсан он цаг хуулийн үйлчлэл 1994 оны газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан бөгөөд газрын кадастрын тойм зураг, гэрээг иргэнтэй байгуулах үүргийг дүүргийн Засаг даргаас томилсон төрийн албан хаагч гүйцэтгэдэг байсан. Энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

          1 дүгээр хавтаст хэргийн 28, 29, 118, 137, 147, 166,

          5.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д заасан үндэслэлийн Татгалзал:

          Маргаан бүхий дүүргийн болон нийслэлийн Засаг даргын захирамжууд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”  гэж заасан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална.”

          4.2.1. хуульд үндэслэх;

          4.2.2. шуурхай, тасралтгүй байх;

          4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх;

          4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;

          4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлалгүй миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг илтэд хөндсөн хууль бус шийдвэр гаргасан.

          5.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-д заасан үндэслэлийн татгалзал:

          Шүүх бүртгэлийн хуульд нийцсэн гэж дүгнэхдээ бүртгэл хийх үед бүрдүүлсэн баримт бичиг, газар өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийн хууль ёсны байдал, газрын хил заагийн давхцал, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангалттай шалгаж тогтоох үүрэгтэй байхад нэхэмжлэлийн шаардлагаар маргаж буй үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

          Учир нь шүүх маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ************* дугаартай, М.М-ын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хуульд нийцсэн гэж дүгнэхдээ тухайн бүртгэлийг хийх үндэслэл болсон баримт бичгүүд хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэх, газар өмчлөх эрх шилжүүлсэн үндэслэл хууль ёсны эсэх, маргаан бүхий газрын байршил, хил зааг, кадастрын зураг болон бодит нөхцөл байдал баримт бичиг, эрх шилжүүлсэн хэлцэл болон бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тус бүрд нь шалгаж тогтоогоогүй.

          Улсын бүртгэгчийн хуульд заасан үүргийг бүрэн хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;”, 19.4.2.-т  “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” үүргийг тус тус хуульчилсан.

          Гэтэл шүүх маргаан бүхий бүртгэлийг хийхдээ улсын бүртгэгч дээрх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, бүртгэлийн материалд авагдсан баримт бичгүүд хоорондоо зөрчилтэй байсан эсэх, тухайн газрын эрхийн бүртгэл болон кадастрын мэдээллийг тулган шалгасан эсэхийг тодорхойлон дүгнээгүй.

          Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг бодит нөхцөл байдалтай уялдуулан үнэлээгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг хуульчилсан. Энэхүү зохицуулалт нь зөвхөн мэдээллийг бүртгэлийн санд оруулж баталгаажуулах ажиллагаагаар хязгаарлагдахгүй бөгөөд бүртгэлд тусгагдсан. эрхийн үндэслэл, холбогдох баримт бичгийн хууль ёсны байдлыг шалгах газрын хил зааг, байршил, кадастрын зураг, зөрүү, давхцал байгаа нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр бүртгэлийг хууль ёсны гэж үзсэн нь хэргийн бодит нөхцөл, хуульд бүрэн үндэслээгүй дүгнэсэн.

          6. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 321, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2. Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Ч-ээс ...хэрэгсэхгүй болгосугай.” гэжээ.

          Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хууль хэрэглээний татгалзал.

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Ц.С-д газар эзэмших эрх олгохдоо (1994.11.11-ний өдөр батлагдсан 1995.04.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1...) хуулийг үндэслэн гаргасан. (2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тус хууль хүчингүй болсон) хуулийг баримталсан.

          6.1. Нийслэлийн Засаг дарга 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар Ц.С-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх эрх олгохдоо (2002.06.27-ны өдөр батлагдсан 2003.05.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоол)-ыг үндэслэн гаргасан. (хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа) хуулийг баримталсан,
 


          6.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр захирамжаар П-ийн Б-д газар эзэмших эрх олгохдоо (Газрын тухай хуулийн 21.5.3, 27, 28.1.1, 29, 37, 38 дугаар заалтууд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14.1.4, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаал), (хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа харин Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаал хүчингүй болсон.) хуулийг баримталсан.


 
     6.3. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжаар П.Б-д газар эзэмших эрх олгохдоо (2002.06.27-ны өдөр батлагдсан 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4 болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48, 2005 оны 3/14, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14 дүгээр тогтоолууд)-ыг үндэслэн гарсан. (хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа), хуулийг баримталсан.

          6.4. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаартай, М-ийн М-ын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1,19.4.2, 19.4.3 дахь заалтуудыг шүүх нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг үндэслэн бүрэн дүүрэн дүгнээгүй.

          7. Шүүх хуулийг буцаан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хэт нэг талыг баримтлан хууль хэрэглээний зөрүү гаргаж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0768 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.

          2.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дүгээр захирамжийн П.Б-д холбогдох хэсгээс 84 м.кв-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          2.2. Гуравдагч этгээд П.Б-гаас анх 2007 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Газрын албаар уламжлуулан 07 дугаар хорооны Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр “Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, амины хашааны газар эзэмших эрхийг шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар П овогтой Б-д Сонгинохайрхан дүүрэг, 07 дугаар хороо, Баянхошууны 16-18 тоот хаягт 326 м.кв талбай газрыг амины хашаа зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож шийдвэрлэсэн.

          2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...гуравдагч этгээд П.Б Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага ханган хүсэлт гаргаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасныг зөрчиж бусдын эзэмшил, ашиглалтай давхцуулах газар эзэмших эрхтэй болсон...”гэж маргасан.

          2.4. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1124 дүгээр албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч С.Ч болон гуравдагч этгээд М.М нарын газруудыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар дурдсан онуудын агаар сансрын зургуудаас үзвэл тухайн газрууд нь давхцалгүй байна.

          2.5. Нэхэмжлэгч С.Ч нь хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газрыг эзэмшихээр өргөдөл гаргасан нь тогтоогдоогүй бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/3252 дугаар албан бичигт  “...нэгж талбарын ***************, *************** дугаартай газруудыг мэдээллийн сангийн кадастрын зургийн түүхчилсэн архиваас харахад 2006 оноос одоог хүртэл эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөгдөөгүй” гэжээ.

          2.6. Дээрхээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр захирамжийн П.Б-д холбогдох хэсгээс 84 м.кв-ыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

          2.7. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 16 дугаар гудамжны  271 а тоот хаягт 325.83 м.кв  талбайтай газрыг иргэн Ц.С, Д.С нарт өмчлүүлж, Ц.С-гаас 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр С.Ч-т дээрх газрыг бэлэглэлийн гэрээгээр бэлэглэжээ. С.Ч-ийн нэр дээр 2007 оны 03  дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ************ дүгээр гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Баянхошууны 16 дугаар гудамжны 15 тоот хаягт байрлах 348 м.кв талбайтай газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэжээ. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/029 дүгээр захирамжаар 347 м.кв талбайтай газрыг иргэн П.Б-д өмчлүүлсэн байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын зүгээс хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургуудаар С.Ч-ийн ашиглаж буй газрын хэмжээ нь 454 м.кв, харин М.М-ын ашиглаж буй газрын хэмжээ нь 258 м.кв, дутуу ашиглаж буй талбай 88 м.кв гэдэг нь тогтоогдсон.

          2.8. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/1922, 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2/2047 дугаар албан бичгүүдэд “...Дээрх нэгж талбаруудыг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн солбицлын цэгийн утгатай давхцуулан шалгаж үзэхэд 97 м.кв талбайгаар давхцалтай байна” гэжээ.

          2.9. Шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан кадастрын зураг, холбогдох онуудын агаар сансрын зургууд, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын албан бичигт хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын газрууд бодит байдал дээр давхцалтай бөгөөд нэхэмжлэгч нь 2011 оноос гуравдагч этгээдийн газарт гэр барьж, П.Б нь 2014 онд өөрийн олгогдсон газраас багасгаж хашаалсан, нэхэмжлэгч 2021 оноос гуравдагч этгээдийн газар дээр зөөврийн сууц байрлуулан өөрийн өмчлөлийн газраас илүү хэмжээгээр ашиглаж байгаа болох нь тус тус тогтоогдсон.

          3. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолдоо “...М нь 2025 оны 08 дугаар сард Худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ хашаа байгаа хэмжээгээрээ шилжүүлсэн талаар тайлбар ирүүлснийг шүүх анхаарч үзсэнгүй.” гэжээ.

          4. Хэрэгт авагдсан П.Б, М.М нарын хооронд байгуулагдсан 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнд  газрын хэмжээг 346 м.кв гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

          5. Мөн түүнчлэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газрыг дээрх байдлаар эзэмших эрхгүй байна.

          6. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийг П.Б-д холбогдох хэсгээс 106 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          6.1.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд хүсэлт гаргасан газрын нийт хэмжээ урт 23 м, өргөн 14 м, 322 м2 газрыг хүсэж хүсэлт гаргасан байхад нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэхдээ ямар хүсэлтийг үндэслэж газрын хэмжээг нэмэгдүүлж 347 м2 болгож олгосон нь ойлгомжгүй.” гэжээ.

          6.2. Хэрэгт авагдсан баримтуудаар 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр П.Б Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөлдөө хүсэлт гаргасан газрын нийт хэмжээг урт 23 м, өргөн 14 м, талбайн хэмжээг заагаагүй байна. 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн П.Б-гийн газрын байршлын кадастрын зургийг үйлдэхэд талбайн хэмжээ 347 м.кв гэж гарсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх гомдол үндэслэлгүй.

          6.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй:”, 12.1.3.-т “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48, 2005 оны 3/14, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14 дүгээр тогтоолуудад үндэслэн, П.Б-гийн өргөдлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дүгээр захирамжаар олгогдсон эзэмшлийн газрыг 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн кадастрын зургийн талбайн хэмжээгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийн П.Б-д холбогдох хэсгээс 106 м.кв газрыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

          7. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-02/7355 дугаар албан бичгээр татгалзсан татгалзлыг хууль бус гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч С.Ч-ийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

          8. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай М.М-ын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гуравдагч этгээд М.М Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, нотлох баримтаар  2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр П.Б-тай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хавсаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу тус гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19  дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.”, гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана.” гэж тус тус заажээ.

          Дээрхээс үзвэл 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай гуравдагч этгээд М.М-ын газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг

холбогдох хууль, журамд нийцэж хийгдсэн, хүчингүй болгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

          9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

       ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

                  ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН