Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/00486

 

 

 

 

 

 

 

 

 

                      2021        02           08  

        101/ШШ2021/00486

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Газарчин хотхон өөрийн байранд байрлах “Х ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011076033, регистрийн дугаар 2787881/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Автобусны хойно “Асио” ХХК-ийн байранд байрлах Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Боржигон овогт Баасандоржийн Баясгалан /Регистрийн дугаар ЕЙ67070935/-д холбогдох,

2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Халиунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ” ХХК-ийн захирал Б.Э  нь 2014 оны 09 сарын 25-ны өдөр өөрийн хүү Б.Батмөнхөд итгэмжлэл олгохоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байранд байрлах нотариат дээр очсон. Тухайн үед нотариат дээр Б.Э , хүү Б.Батмөнх, хүү Б.Батмөнхийн найз н.Дэлгэрмөнх, нотариатч Б.Б  нар байсан. Гэтэл нотариатч Б.Б  нь огт танихгүй Т.О  гэх хүнд “Х ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах, 000099899 тоот гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн 000305957 тоот гэрчилгээтэй 4533 м.кв талбайтай газрыг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эрхийг олгосон 1683 болон 1684 тоот итгэмжлэлүүдийг хийжээ. 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683 болон 1684 тоот итгэмжлэлүүдэд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь иргэн Б.Э гийнх биш, харин манай “Х ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд албан ёсны бүртгэлтэй хөрөнгөнүүд байсан болох нь эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээнүүдээр нотлогдоно. Гэтэл нотариатч Б.Б  нь дээрх итгэмжлэлүүдийг хувь хүн Б.Э гээс Ц.Оюунчимэгт олгохоор үйлдэж гэрчилсэн байдаг. Хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлах үүрэгтэй байтал нотариатч энэ үүргээ биелүүлээгүй, энэхүү итгэмжлэлийг гэрчилж баталснаас гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөөгүй, манай компани болон иргэн Б.Э  нь өөрсдийн огт танихгүй “Алтандавхарга” ХХК-ийн захирал Т.О  гэгчид өөрийн хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах агуулга бүхий итгэмжлэлүүдийг олгох хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн Т.О  нь өөрийн компанийн нэр дээр Капитал банктай 2014 оны 10 сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж манай газар болон барилгыг мөн банктай 2014 оны 01 сарын 13-ны өдөр байгуулсан 3,200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэдгийг 2017 оны намар мэдээд эрүүгийн журмаар түүний үйлдлийг шалгуулахад барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь “Х ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э гийн гарын үсэг биш болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 831 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба уг маргаан 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 1/479 дугаартай албан бичгээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Бид тус шүүхэд 2018 оны хавар нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 101/Ш32019/09816 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн уг нэхэмжлэлтэй холбоотой 180605045 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байна гэдэг үндэслэлээр манай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдал арилж эцэслэн шийдвэрлэгдсэн учраас иргэний журмаар энэ асуудлыг  шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг бүртгэлийн хэрэг 2020 оны 05 сарын 08-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэхдээ хуурамч бичиг баримт үйлдсэн, гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Энхтүвшингийн хувьд Т.О ийг танихгүй. Итгэмжлэлээс харахад Т.О ийн гарын үсэг байдаггүй. Хариуцагчийн зүгээс итгэмжлэл гэдэг нэг талын хэлцэл учраас нэг тал нь гарын үсэг зурсан байхад болно гэж тайлбарладаг. Т.О  гэж зурсан гарын үсгийг Б.Б  өөрөө зурсан байдаг. Энэ хоёр хүн харилцаа, холбоотой танилууд. Зээлийн гэрээ байгуулахдаа итгэмжлэлийг үзүүлж байж Б.Э гийн компанийн эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Итгэмжлэл хийхэд тодорхой хэмжээний нотлох баримтыг хавсаргасан байдаг. Тухайлбал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааллаа гээд байгаа хуулийн этгээдийн эзэмшлийн газар, өмчлөлийн эд зүйлийн гэрчилгээг хавсаргасан байх ёстой. Б.Б  гэдэг нотариатч өмнө нь Н.Батмөнхөд олгосон итгэмжлэлд хавсаргаж байсан баримтуудыг итгэмжлэлүүдэд хавсаргасан байдаг. Хуулийн этгээд байсан учраас итгэмжлэлд тамга дарагдах ёстой байсан. Гэтэл тамга, тэмдэг байхгүй итгэмжлэл үйлдсэн байдаг. Б.Э гийн компани нэг гишүүнтэй. Хэрэв хуулийн этгээдийн эд хөрөнгийг барьцаалах юм бол тухайн компанийн нягтлан бодогч, няраваас нь тодруулах хуулийн зохицуулалттай. Гэтэл нягтлан бодогчоос нь огт тодруулаагүй. Нотариатын үйлдэлтэй холбогдуулж хэлэхэд итгэмжлэлийн 6 загвар байдаг бөгөөд Б.Б  нотариатч орон сууц захиран зарцуулах, газар захиран зарцуулах гэсэн итгэмжлэлийн загвараар хийсэн байдаг. Итгэмжлэлийн агуулгаас захиран зарцуулах эрх олгож байна гэдэг нь харагдаж байхад хэн ч огт танихгүй хүнд компанийн эд хөрөнгийг зарцуулах эрхээ өгнө гэдэг боломжгүй зүйл. Итгэмжлэлийг хийхдээ буруу загвар ашигласан. Барьцаанд тавихад энэ загварыг ашиглах боломжгүй байсан гэж үзэж байна. Итгэмжлэл болон итгэмжлэл олгосон баримт бичгүүд хоорондоо ялгаатай. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс миний гээд техникийн алдаа гаргасан учраас компанийн тамгыг дараагүй, холбогдох баримт бичгийг шаардаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Уншаагүй гарын үсэг зурсан нь Б.Э гийн буруу гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ чинь нотариатын үйлдэл. Монгол Улсын хууль, дүрэм, журмын дагуу нотариат өөрийнхөө итгэмжлэлийг үнэн зөв гэдгийг нотлоод өөрөө тухайн итгэмжлэлийг хийх үү, талуудын хооронд хийгдэж байгаа итгэмжлэл хууль ёсны эсэхэд өөрөө үнэлэлт, дүгнэлт өгснийхөө дараа тамгаа дарах үүрэгтэй тусгай зөвшөөрөл бүхий этгээд. Ийм алдаатай итгэмжлэлээр компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бусдад шилжихгүй гэдэг нь тодорхой байхад нотариат баталгаажуулаад байгаа нь нотариатын буруутай үйлдэл юм. Нотариат үүнийг батлахгүй байх үүрэгтэй. Гэтэл Б.Э  гарын үсэг зурсан гэсэн ганцхан тайлбараар энэ бүх алдаа нь залруулагдахгүй. Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1.1-т бичиг баримт дутуу бол нотариатын үйлдэл хийхгүй, 1.9-т нотариатын үйлдэл хийсэн тэмдэглэлд үйлчлүүлэгч нар нотариатчийн дэргэд гарын үсэг зурна, тэмдэглэл үйлдсэний дараа оролцогчдод уншиж сонсгоно гэж заасныг зөрчсөн байна. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хууль дээдлэх зарчим, 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар үйлдэл хийхэд шаардлагатай баримт бичиг мэдээллийг хуулийн этгээдээс шаардан авах эрх байсан. 21.2.1-т зааснаар нотариатын үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлан өгөх үүрэгтэй байсан, 21.3.5-д зааснаар үйлдэл хийх эрх зүйн зөвлөгөө өгөхөөс татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаарыг тэмдэглэнэ, 26.3-т зааснаар үйлчлүүлэгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна гэж заасныг зөрчсөн. 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар Т.О ийн хувийн байдлыг нягтлаагүй, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоогоогүй. 37 дугаар зүйлд зааснаар үндсэн материалуудыг шалгах байсан. 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар хуулийн этгээдийн олгож байгаа итгэмжлэлийг гэрчлэхдээ материалуудыг нягтална гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 3.6, 4.6, 7.1-т заасан журмуудыг байна. 1683, 1684 дугаартай итгэмжлэлүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад нотариат баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Х ” ХХК нэг гишүүнтэй бөгөөд тэрхүү нэг гишүүн нь болох үүсгэн байгуулагч Б.Э  компанийхаа нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг бусдад зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах итгэмжлэл олгохоор компанийхаа улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хамт өөрөө авч ирж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичгийг үйлдэж, тэрхүү эд хөрөнгүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах итгэмжлэлийг “Алтандавхарга” ХХК-ийн захирал Т.О  гэдэг хүнд олгохоор өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нотариатчийн үйлдлийн зардлыг ч өөрөө төлж, мөнгө төлсөн баримтан дээр гарын үсгээ зурсан. Итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд итгэмжлэгч тал болох Б.Э  хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэлд гарын үсгээ зурж, итгэмжлэгдэгч тал болох Т.О  уг хүсэл зоригийг хүлээн авч зээлийн үүргийн гүйцэтгэлдээ тухайн эд хөрөнгүүдийг барьцаалснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу уг хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Мөн “Х ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ганц гишүүн нь болох Б.Э  компанийхаа нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөө бусдын зээлийн үүрэгт барьцаалуулах хүсэл зоригоо илэрхийлэн компанийхаа улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээ нотариатч дээр өөрөө барьж ирсэн. Б.Э гээс өөр хэн ч түүнийг бусдын зээлийн үүрэгт барьцаалуулах итгэмжлэл олгох боломжгүй нь тодорхойн дээр нотариат дээр үйлдсэн баримт бичгийг өөрөө танилцан, гарын үсгээ сайн дурын үндсэн дээр зурж баталгаажуулсан. Гэтэл уг барьцаагаар баталгаажсан зээлийн үүрэг биелэгдэх боломжгүй болмогц компанийн хөрөнгийг бусдын зээлийн үүрэгт барьцаалуулах итгэмжлэлийг иргэн Б.Э  олгохоор хийсэн нотариатчийн үйлдэл хууль бус гэж маргаж байгаа нь нэг агуулгыг хоёр талаас нь тайлбарласан явуургүй үйлдэл гэж үзэж байна. Хүү Н.Батмөнхдөө итгэмжлэл олгохоор очсон гэдэг асуудал болоогүй, ийм тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Т.О  нь хүү Н.Батмөнхийнх нь таньдаг хүн учраас түүнд итгэмжлэл олгуулаад барьцаалж зээлсэн мөнгөнөөс нь хагасыг нь авахаар тохиролцож, ээжийгээ компанийнх нь бичиг баримттай хамт нотариат дээр дагуулж очсон үйл баримт байдаг. Нотариатч яасан гэж хүний бичиг баримтыг нь авч итгэмжлэл хийх юм бэ,  бичиг баримтуудын эх хувь нь компани дээрээ, эзэндээ байгаа. Ээжтэйгээ ярилцаж тохиролцоод Т.О т итгэмжлэл олгуулахаар очсон байдаг. Итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн асуудал ярьдаг. “Х ” ХХК нь 1 гишүүнтэй, Б.Э  үүсгэн байгуулсан компани. Үл хөдлөх хөрөнгө, газраа компанийнхаа нэр дээр бүртгүүлсэн байдаг. Үүсгэн байгуулагч Б.Э  бичиг баримтаа өөрөө авч очоод өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд итгэмжлэлийг бичүүлээд өөрөө гарын үсэг зураад хөлс мөнгийг нь төлсөн. Итгэмжлэл олгохдоо “Алтандавхарга” ХХК-ийн захирал Т.О ийн авах зээлэнд барьцаалахаар итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Итгэмжлэл нэг талын хэлцэл. Нэг талын хэлцэл гэдэг нь нэг тал нь итгэмжлээд нөгөө тал нь үүрэг хүлээгээд дуусгавар болж байгаа хэлцэл. Тийм учраас Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу нотариатаар гэрчлэгдээд хүчин төгөлдөр болсон хэлцэл гэж үзнэ. Тухайн үед Т.О  байгаагүй гэдэг нь тодорхой. Үүнийг нотариатч Б.Б  өөрөө мэддэг. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан асуудал байхгүй. Итгэмжлэлийн бичвэрийг Б.Б  нотариатч өөрөө бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ард нь Б.Э  болон Т.О  нарын нэрийг бичсэн байдаг. Бичсэн нэрний ард тухайн хүмүүс нь гарын үсэг зурах ёстой. Б.Э  гарын үсгээ зураагүй, Т.О  тухайн үед байхгүй байсан учраас гарын үсгээ зураагүй. Итгэмжлэлээ авч очоод банкинд барьцаалсан байдаг. Банк мэдээж Т.О ийн гарын үсэг зурагдаагүй итгэмжлэлээр барьцааны гэрээ хийнэ гэж бодохгүй байна. Шүүхэд ирсэн зээлийн гэрээнд итгэмжлэл байхгүй байсан. Итгэмжлэлийг Т.О  хүлээж аваад өөрөө гарын үсэг зураад банкинд барьцаалж зээлээ авсан. Б.Э гийн хүсэл зориг хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Б.Э  гэдэг хүн Т.О ийг огт танихгүй гэдэг нь үндэслэлгүй, нотлогдоогүй. Хүүтэйгээ ярьж тохиролцоод нотариатч дээр очсон байдаг. Бичиг баримт дутуу байгаагүй. Компанийн бүх бичиг баримтуудыг авч очсон. Б.Э  уг эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхтэй гэдгээ нотолж, бичиг баримтуудыг шалгаад хийсэн нотариатчийн үйлдэл юм. Итгэмжлэлд “Х ” ХХК-ийн захирал Б.Э  гэж бичих байсныг орхиж техникийн алдаа гаргасан болохоос нотариатчийг мэргэжлийн алдаа гаргасан, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Б д холбогдуулан 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуульд заасны дагуу хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Б  нь 2014 оны 09 сарын 25-ны өдөр 1683, 1684 дугаарт бүртгэсэн итгэмжлэлийг гэрчилсэн байх бөгөөд 1683 дугаартай итгэмжлэлд Б.Э  нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах, 000099899 тоот гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, 1684 дугаартай итгэмжлэлд дээрх хаягт байршилтай газар эзэмших эрхийн 000305957 тоот гэрчилгээтэй, 4533 м.кв талбайтай газрыг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эрхийг Т.О т итгэмжлэн олгож буй талаар дурдаж, итгэмжлэлд төлөөлүүлэгч Б.Э  гарын үсэг зурж гэрчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлүүдэд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь “Х ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд албан ёсны бүртгэлтэй хөрөнгүүд байхад хувь хүн Б.Э гээс Т.О т олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчлэхдээ Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтуудыг зөрчсөн тул эдгээр нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн А/501 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 133016/0078 дугаар бүхий 4533 м.кв газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг “Х ” ХХК-д олгож, 2014 оны 06 сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000305957 дугаартай гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-16-17, 18/

Мөн “Х ” ХХК нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өмчлөх эрхийн Ү-2204011222 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 1792 м.кв талбайтай барилгын өмчлөгч болох нь  2004 оны 04 сарын 21-ний өдөр олгогдсон 000099899 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-20/

2014 оны 09 сарын 25-ны өдөр 1683, 1684 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлүүд нь иргэн Б.Э гээс иргэн Т.О т Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 000305957 дугаар гэрчилгээтэй 4533 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн 000099899 дугаар гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн асуудлаар итгэмжлэл олгосон агуулга бүхий байх бөгөөд тухайн итгэмжлэлүүд болон нотариатын бүртгэлийн дэвтэрт “Х ” ХХК-аас хуулийн этгээдийн хувьд итгэмжлэл олгож байгаа талаарх бичиглэл хийгдээгүй байна. /хх-84-86, 96, 99/

Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд итгэмжлэл гэрчлэх асуудлыг зохицуулсан бөгөөд 41.1-д зааснаар хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг  нягталж шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлага тавигдана.

Нотариатч Б.Б  нь “Х ” ХХК-ийн өмчлөх эрхийн 000099899 дугаар гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, газар эзэмших эрхийн 000305957 дугаар гэрчилгээтэй, 4533 м.кв талбайтай газрыг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эрхийг Т.О т итгэмжлэн олгох итгэмжлэлүүдийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг нягталж шалган нотариатын үйлдэл хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь “Х ” ХХК нь 1 гишүүнтэй, компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч болох Б.Э  компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөө бусдын зээлийн үүрэгт барьцаалуулах хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэл үйлдсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгжийг хуулийн этгээд гэнэ гэж заасан. Хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасны дагуу компанийг төлөөлж компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагыг хариуцахгүй, 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан.

Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар үйлчлүүлэгч хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулахаар нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах эрхтэй. Мөн нотариатч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.13-т зааснаар нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах, 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар үйлчлүүлэгч хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн бүртгэлийг нягталж, хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг шаардлага хангасан эсэхийг шалгах үүрэгтэй.

Нотариатч нь итгэмжлэл үйлдэж буй Б.Э  нь “Х ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч мөн боловч компанийг төлөөлөн компанийн эд хөрөнгийн асуудлаар хэлцэл хийх эрхтэй этгээд мөн эсэхийг Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дээр дурдсан заалтуудын дагуу нягталж шалгасан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд үйлчлүүлэгчид олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх, эрх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох талаар тайлбарлах үүргээ хэрэгжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Нотариатч Б.Б  нь нэхэмжлэлд дурдсан нотариатын үйлдлүүдийг хийхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 болон Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д зааснаар үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомжид харшилж байвал нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар заасан бөгөөд нотариатч нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэхээргүй байх тул хуулийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцохоор заасныг баримтлан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагч нотариатч Б.Б гийн 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан хариуцагч нотариатч Б.Б гийн 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ЦЭРЭНДОЛГОР