| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308032900047 дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *********дугаар байрны хажууд явж байхдаа “автомашины замаас холдох” талаар шаардлага тавьсан хохирогч *********нүүрэнд нэг удаа цохиж эрүүл мэндэд “эрүүнд зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хоёр шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би цохиж хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1,500,000 төгрөг өгсөн. Гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2308032900047 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *********: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ****** дотор автомашинаа зогсоолд тавих гээд тойроод ****** байрны хажуу талд явж байсан чинь танихгүй залуу согтуу гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь би “холдоорой” гэж хэлсэн чинь миний машины урд гүперний номер хавьд 1 удаа өшиглөсөн. Шууд над руу ирээд ам руу 1 удаа цохисон. Би машинаасаа буугаад уг залууг барьж унагаагаад тухайн үед эхнэр *********тай утсаар ярьж байсан ба эхнэр лүү “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн чинь эхнэр гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Уг залуу зугтаахаар нь би гүйж барьж авахад цагдаа нар ирээд уг залууг аваад явсан. ...********* миний шүдний эмчилгээний зардал 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.11.07-ны өдрийн 13986 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *********биед эрүүнд зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хоёр шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Гэрч *********ын: “...23 цагийн үед нөхөр ********* уг байрны машины зогсоолд машинаа тавих гээд зогсоол хайж явахдаа надтай утсаар ярьж байсан. Тэгээд юм цохих шиг чимээ гарахаар нь “юу болсон бэ” гэсэн чинь нөхөр ********* “машины гүпер лүү нэг залуу өшиглөчихлөө” гэж хэлсэн. Удалгүй нөхөр “ёооё” гэж хэлсэн. Манай нөхөр “хүнд зодуулчихлаа, гараад ир” гэж надад хэлсэн. Гараад очсон чинь нөхрийг ********* гэх залуу ам шүд рүү гараараа 1 удаа цохисон байсан. Дээд, доод уруул нь язарсан, доод 2 үүдэн шүд нь хөдөлчихсөн байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Шүүгдэгч С.*********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед найз *********, *********нар “гараад ир, уулзья” гэсэн. *********машин барьчихсан эрүүл, ********* нэлээн согтуу байсан. ********* “ганц шил архи ууя” гээд 2.4 литр хэмжээтэй пиво аваад *********, *********нарын хамт машин дотор ууж дуусаад ********* дэлгүүрээс 1 шил архи нэмж аваад хувааж уусан. Би гэр лүүгээ харихаар машины зам дээр явж байхад нэг машин гараад ирсэн. Жолооч “холдоорой” гэж хэлэхэд нь би согтуу байсан тул уг машины гүпер лүү нэг удаа өшиглөсөн. Уурандаа жолооч руу нь очоод ам хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн намайг авч яваад эрүүлжүүлэх саатуулах байранд оруулсан. Би уучлалт гуйгаад эвлэрсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 76 дахь тал),
хохирогчид “1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх дансны хуулга (хх-34-35),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-26), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-24), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-27), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-29), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-30), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-31), Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хорооны Засаг даргын “*********нь тус хорооны **** тоотод түр оршин суудаг үнэн болно” гэх тодорхойлолт (хх-38), дансны хуулга (хх-39-49), АСАП сангийн лавлагаа (хх-52-54), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-68), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-89-90), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-88) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *********дугаар байрны хажууд явж байхдаа “автомашины замаас холдох” талаар шаардлага тавьсан хохирогч *********нүүрэнд нэг удаа цохиж эрүүл мэндэд “эрүүнд зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хоёр шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч *********мэдүүлэг (хх-8-9, 11), шүүх эмнэлгийн 13986 дугаар дүгнэлт (хх-20-21), гэрч Ч.*********ын мэдүүлэг (хх-13), шүүгдэгч С.*********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-16, 76) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.*********ын согтуурсан үедээ, автомашины замаас холдох шаардлага тавьсан хохирогч *********нүүрэнд нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Шүдний эмчилгээний зардал 1,500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-11)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар байрны хажуу талд явж байх үедээ “автомашины замаас холдох” талаар шаардлага тавьсан хохирогч *********нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд “эрүүнд зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хоёр шүдний сулрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч *********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, автомашины замаас холд гэж шаардлага тавьсан хохирогчийн нүүрэнд нэг удаа цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй, эвлэрсэн” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт **********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********500,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР