| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Г.Янжиндулам,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208036551753 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, “**********” караокены урд хохирогч **********үл ялих шалтгааны улмаас маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “дух, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, доод уруулд шарх, гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Караокеноос гарч яваад ********** ахтай таараад элдвээр хэлээд байхаар нь 1 цохиж, өшиглөсөн. Ухаан алдаад сэргэхээр нь уучлалт гуйсан. Эмнэлэгт эргэж, хувцас хунар авч өгсөн. Манайд байхдаа “гомдолгүй” гэж байсан. Өмнө нь миний утсыг аваад явсан байсан. Хохирогч шар малтаад, уур хүрээд л цохисон. Эмнэлэгт 600,000 орчим төгрөг ор, хоногийн төлбөрт төлсөн. Нийтдээ 1,2 сая төгрөг л өгсөн. Сүүлд 2,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн” гэв.
Эрүүгийн 2208036551753 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “Би өчигдөр “****” төвийн гадна найз **********тай тааралдаад нэг шил архи уугаад салаад найзындаа хонохоор явсан. Баруун салааны автобусанд суух гээд явснаа санаж байна. Үүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Миний биед халдаж зодсон хэргийг би санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.11.17-ны өдрийн 15390 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед дух, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, доод уруулд шарх, баруун хөлний эрхий хуруу, зүүн хөлний дунд хурууны хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдээс хөлийн хурууны хөлдөлт нь нам хэмийн нөлөөгөөр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “Миний бие хохирогч **********таньж мэддэг байсан. Хангай зах орчмоор явдаг байсан. Миний гар утсыг хулгайлж авах гэж байгаад баригдаж байсан удаатай. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз **********тай 1 шил пиво уучихаад буцаад “**********” караоке орох гэтэл урд нь миний утсыг авч байсан ********** гэх ах зогсож байсан. ********** намайг “сайн уу дүү” гэж асуусан. Би “та одоо хүний утсыг хулгай хийж баригдчихаад дүүтэйгээ мэндлээд яахав дээ” гэхэд өөдөөс шорон яриад хэл амаар доромжлоод “ах нь 18 жил шоронд явсан” гэсэн. Тэгэхээр нь би “таны нарсанд ямар байсан нь надад хамаагүй шүү, холхон байгаарай” гэхэд “чи том биендээ бардаад байгаа бол ах нь бас төмрөөр хатгачихаж болно, чи ахынхаа араас шоронд ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад ********** ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиод баруун хөлөөрөө нэг удаа толгой, нүүр хэсэгт нь өшиглөсөн. Ингээд ухаан алдаад хэсэг байсан. Сэргээгээд “бие нь гайгүй юу, уучлаарай ах ганц юм авахуулах уу” гэж асуухад “үгүй” гэхээр нь би яваад өгсөн. Би хохирогчийг эмнэлэгт байгааг мэдээд байнга асарч тордож байсан. Өглөө, оройгүй хоол цай зөөж, эмнэлгээс гараад очих айл байхгүй гэхээр нь гэртээ хонуулж, бүрэн хувцасласан. Эмчилгээний зардалд нь 580,000 төгрөгийг, мөн өөрт нь 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “Нийт 5 минутын бичлэг байна. Бичлэгийн цаг нь харагдахгүй байна. Бичлэгт хохирогч ********** ганцаараа зогсож байв. Бичлэгийн 1 минут 40 секундэд хохирогч **********тэй оролцогч ********** уулзаад гар барьж байгаа нь харагдаж байна. 1 минут 55 секундэд ********** нь **********ийг зүүн гараараа нүүр хэсэг рүү нь цохиж байна. 1 минут 56 секундэд ********** нь баруун хөлөөрөө хохирогчийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөж байлаа. 02 минут 00 секундэд ********** нь хохирогчийг хэвтэж байхад хажууд нь зогсож байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэжээ (хх-46-50),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-116), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-101), шийтгэх тогтоолын хуулбар (хх-103-108), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-109), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-121), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, төлбөрийн мэдээлэл (хх-165-166) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн өмгөөлөгчийн хүсэлт, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн албан бичиг, ********** “Тархины хагалгаанд орон баруун талын гавлын ясыг авахуулсан. Одоо хамгаалалт хийлгэж нөхүүлэх хэрэгтэй байгаа тул 2 сая төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг өгсөн нөхцөлд хохирол гомдол байхгүй. **********ад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, интернэт гүйлгээний “2,000,000 төгрөг шилжүүлсэн” мэдээлэл зэрэг 5 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, ...талаар санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасны дагуу хавтаст хэргийн 177 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана” гэж заасан байх ба хэрэгт авагдсан хохирогчоос дахин мэдүүлэг авсан уг тэмдэглэл нь хэн, хаана, хэзээ авсан нь тодорхойгүй тул нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэн нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” караокены урд хохирогч **********үл ялих шалтгааны улмаас маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “дух, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, доод уруулд шарх, гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид 2 сая төгрөг төлсөн, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын сангийн 3,7 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй. Шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн. Нийтдээ хохиролд 3,7 сая төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлнө...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” караокены урд хохирогч **********үл ялих шалтгааны улмаас маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “дух, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, доод уруулд шарх, гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ********** “...юу болсныг би санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон...” гэх мэдүүлэг (хх-35-36), шүүх эмнэлгийн 15390 дүгээр “1. ********** биед дух, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, доод уруулд шарх, баруун хөлний эрхий хуруу, зүүн хөлний дунд хурууны хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-70-71), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...1 минут 55 секундэд ********** нь **********ийг зүүн гараараа нүүр хэсэг рүү нь цохиж байна. 1 минут 56 секундэд ********** нь баруун хөлөөрөө хохирогчийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөж байлаа...” гэжээ (хх-46-50), шүүгдэгч **********“...********** ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиод, баруун хөлөөрөө нэг удаа толгой, нүүр хэсэгт нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-99) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч ********** нүүрэнд цохиж унаган, өшиглөж хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад ГССҮТ-ийн 583,350 төгрөг, хувцас болон бусад зардалд нийтдээ 1,200,000 төгрөг төлөгдсөн байна.
Мөн шүүгдэгчийн зүгээс цаашид хийгдэх эмчилгээний зардалд хохирогчийн “...баруун талын гавлын ясыг авахуулсан, одоо хамгаалалт хийлгэж нөхүүлэх хэрэгтэй тул 2 сая төгрөг хэрэгтэй байгаа, энэ мөнгийг өгсөн нөхцөлд хохирол гомдол байхгүй...” гэх хүсэлтийн дагуу 427 дугаар хорих ангид ял эдэлж байгаа хохирогч ********** хохиролд тооцуулахаар дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн зэргийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч Г.********** нь гэмт хэргийн улмаас нийт 3,475,650 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (хх-65-66)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн хувийн байдал, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг харгалзсан...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлж барагдуулсан”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” байгаа. Хохирогч гар утас хулгайлж баригдсан, шоронд явуулна, хутгална гэсэн байдаг. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй. Торгох ял оногдуулж өгнө үү. Ялын зорилгыг харгалзан үзнэ үү. Хөдөлмөрөөрөө орлого олж торгох ялыг биелүүлэх боломжтой. Хорих ял оногдуулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал шүүгдэгч **********мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...өөдөөс шорон яриад хэл амаар доромжлоод ах нь 18 жил шоронд явсан. Чи том биендээ бардаад байгаа бол ах нь бас төмрөөр хатгачихаж болно, чи ахынхаа араас шоронд ирнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учир хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж хохирогчийн нүүрэнд нэг удаа цохиж унагасан, унасны дараа нүүр лүү нэг удаа өшиглөж, эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч **********12,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********12,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********аас 3,475,650 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР