| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/206 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/206
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308020931384 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, “**********” зочид буудалд хохирогч **********“гар утсаа өгч байгаач, фейсбүүк орж хэрэглээд өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний “Samsung А51” маркын гар утсыг авч залилан 405,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” РС тоглоомын газраар үйлчлүүлж байсан хохирогч **********“өөрийн сим картаа хийж, хүнтэй утсаар яриад, мөнгө шилжүүлчихээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний “iphone 8” загварын гар утсыг авч залилан 240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 онд эхнэртэйгээ маргалдсан, сонин үе байсан. Сүүлийн хэрэг дээр залилах санаа байгаагүй. Найзтайгаа уулзах гэж явсан. Одоо ухаарсан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Сая хоригдоод эрх чөлөө, цаг хугацаа, хайртай хүмүүстэйгээ хамт байж чадахгүй байгаагаа сайн ухаарсан. Ээж бие муутай тул торгох ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 2308020931384 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ********** төвийн хойно “**********” нэртэй ПС тоглоомын газар 18 цагийн орчимд 2 дүүгийн хамт тоглож байсан чинь танихгүй эрэгтэй хүн ирээд “ахдаа гар утсаа түр хэрэглүүлээч, сим картаа хийгээд хүнтэй яриад өгье” гэхээр нь би “iphone-8” маркын утсаа өгсөн. Тухайн хүн миний хажууд сууж хүнтэй утсаар ярьж байгаад “ах нь “ПС тоглоомын цагаа нэмүүлчихээд ирье” гэхээр нь “за” гээд би үргэлжлүүлээд тоглосон. Хэсэг хугацааны дараа ахын араас явсан чинь миний утсыг аваад гараад явчихсан байсан. Тэгээд гадуур хайсан ч олдохгүй болохоор нь цагдаад хандсан. Миний утсыг авсан хүнийг цагдаагийн хүмүүс олж тогтоож өгсөн. Хурдан шуурхай олж өгсөнд баярласан. Надад гомдол санал байхгүй. Утсаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023.07.06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-457 дугаар тайланд: “iphone 8 маркын гар утас 1 ширхэг 240,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч **********: “2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ПС тоглоомын газар найз **********, түүний ах ********** хамт тоглож байхад ах ********** танихгүй хүнтэй юм яриад байсан. 5 орчим минутын дараа ах ********** түрүүнд надтай юм яриад байсан ах “утсаа түр өгөөч, сим картаа хийгээд ярьчихаад өгье гэж хэлээд гараад зугтаачихлаа” гэхээр нь бид гурав хайгаад олоогүй болохоор тухайн утасных нь байрлал тогтоогчоор үзсэн чинь Цамбагаравын хойд талын байранд заасан. Тэгээд тоглоомын газраас гараад *** дүгээр байрны гадаа очоод, ********** цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү орж өргөдөл гаргасан. Хэсэг хугацааны дараа ********** цагдаагийн албан хаагч нартай ирээд тухайн байрны гадна талын хяналтын камерыг шүүж байгаад гар утас дээрэмдсэн хүнийг олоод цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч **********ын: “...ПС тоглоомын газар найз **********, ах ********** хамт тоглож байхад ахын “iphone-8” загварын гар утас надад байсан. ПС дотор байсан огт танихгүй хүн “утас руу чинь сим картаа хийгээд хүн рүү яриад өгье” гэж 2 удаа асуусан. Би эхэндээ “үгүй” гэсэн, дахиад асуухаар нь “тэг” гээд утсандаа сим картыг нь хийлгэсэн. Хэсэг хугацаанд хүмүүстэй яриад байсан, “утаснаас чинь мөнгө шилжүүлээдэхье” гээд касс руу яваад эргэж ирээгүй, тэр чигтээ гараад зугтсан. Бид 2 хайгаад олоогүй болохоор тухайн утасны байрлал тогтоогчоор үзсэн чинь Цамбагаравын хойд талын байранд заасан. ...Хэсэг хугацааны дараа ********** хоёр цагдаагийн алба хаагчтай ирээд тухайн байрны гадна талын хяналтын камерыг шүүж байгаад гар утас дээрэмдсэн хүнийг олоод цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” нэртэй ПС тоглоомын газар тоглосон. Зүс таних 3 дүү байсан. 16 цаг өнгөрч байхад миний тоглоомын цаг дуусаад хажуу талд сууж байсан хүүхдээс “гар утсаа өгч байгаач, сим картаа гар хийж байгаад цагаа сунгая” гэж хэлсэн чинь “тэгье” гээд надад утсаа өгсөн. Би тоглоомын цагаа сунгуулчихаад хэсэг тоглосон. Тухайн өдөр найзтайгаа уулзахаар товлосон байсан, би найзаасаа мөнгө авах ёстой байсан. 18 цагийн орчим найзтайгаа утсаар яриад уулзахаар болоод нөгөө хүүхдийн гар утсыг хэлэлгүй аваад гарсан. Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байрны урд найзтайгаа зогсож байсан чинь цагдаагийн алба хаагчид ирсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), хохирогч ********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-3), эд зүйл хүлээлгэн өгсөн “2023.06.30-ны өдөр цагаан өнгийн “Айфоне 8” маркын гар утас баруун дээд доод буланд хагарч цуурсан байдалтай эд зүйлийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хх-4), хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-61-68),
Хохирогч **********: “2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажил буюу Баянгол дүүргийн **** дугаар хороо, “**********” зочид буудлын ресейпшн дээр 8 цагийн үед ирсэн. 12:25 цагийн үед нэг залуу орж ирээд орой 19 цаг хүртэл унтана гээд нэг ортой өрөөнд 25,000 төгрөг төлөөд орсон. Тэр залуу 19:15 цагийн үед гарч ирээд “хонохоор болсон шүү эгчээ” гээд миний гар утсыг гуйгаад “фейсбүүк орж хэрэглээд өгье” гэхээр нь би утсаа кодыг нь тайлаад өгсөн. Тэр залуу утсаар хажууд зогсоод 1 цаг орчим оролдсон. Удахгүй манай найз охин хүрээд ирнэ гээд гуйгаад байхаар нь яриулаад хажууд нь зогсож байсан. Тэр үед буудалд өрөө авахаар хүмүүс гаднаас орж ирээд юм асуухаар нь би тэр хүмүүс рүү анхаарлаа хандуулаад яриад өрөөний түлхүүр гээд яриад зогсож байхад тэр залуу гэнэт гүйж байсан. Араас нь гараад харсан чинь зам гарах гээд гүйж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дахь тал),
“Дамно” ХХК-ийн 2022.04.11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний БГ2-22-668 дугаар тайланд: “Самсунг А51 маркын гар утас 1 ширхэг 405,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 125-126 дахь тал),
Гэрч **********: “Би тус гар утсыг 2021 оны 09 сарын 12-ны өдөр 14 цагийн үед өөрийн фэйсбүүк хаягаас “гар утас 400,000-500,000 төгрөгийн хооронд авна” гэж 2 групп дээр зар тавьсан. 15 цагийн үед нэг эрэгтэй хүн фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан. Тухайн хүнтэй мессэж бичээд уулзахаар болсон. Тухайн залуу “гар утсаа миний байгаа газар хүргээд ирье” гэхээр нь би “Зурагтын шинэ эцсийн буудал дээр байна, энд утсаа үзье” гэж хэлсэн. Тухайн үед удалгүй над дээр ирээд утсаа надад үзүүлж би 420,000 төгрөгөөр авахаар болсон. Би “тооцоогоо шилжүүлье” гэхэд нөгөө залуу “надад банкны карт байхгүй, бэлэн өгөөч” гэхээр нь АТМ ороод бэлэн авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-95), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-107-110), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-136-140),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-26), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-153), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-28), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-30), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-31), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-32), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “**********нь Сүхбаатар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлж Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.01.30-ны өдрийн 13, 2022.07.05-ны өдрийн 153 дугаар тогтоолоор тус тус дуусгавар болгож шийдвэрлэсэн байна” гэх албан бичиг (хх-50) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч **********хохирол 405,000 төгрөг төлсөн гэх 1 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**********” зочид буудалд хохирогч **********“гар утсаа өгч байгаач, фейсбүүк орж хэрэглээд өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн “Samsung А51” маркын гар утсыг авч залилан 405,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо “**********” нэртэй ПС тоглоомын газраар үйлчлүүлж байсан хохирогч ********** “iphone 8” загварын гар утсыг “өөрийн сим картаа хийж, хүнтэй утсаар яриад, мөнгө шилжүүлчихээд өгье” гэж хуурч залилан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Болормаад учирсан 405,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай. Хохирогч **********240,000 төгрөгийн хохирол учирсан, гар утас биет байдлаар нөхөн төлөгдсөн тул төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү. Үйлдэлдээ харамсаж байна...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**********” зочид буудалд хохирогч **********“гар утсаа өгч байгаач, фейсбүүк орж хэрэглээд өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний “Samsung А51” маркын гар утсыг залилан авч 405,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” нэртэй ПС тоглоомын газраар үйлчлүүлж байсан хохирогч **********“өөрийн сим картаа хийж, хүнтэй утсаар яриад, мөнгө шилжүүлчихээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний “iphone-8” загварын гар утсыг залилан авч 240,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ********** “...Тухайн хүн миний хажууд сууж байгаад хүнтэй утсаар ярьж байгаад “ах нь тоглоомын цагаа нэмүүлчихээд ирье” гэхээр нь “за” гээд би үргэлжлүүлээд тоглосон. Хэсэг хугацааны дараа миний утсыг авсан ахын араас явсан чинь гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-10-11), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “iphone 8 маркын гар утас 1 ширхэг 240,000 төгрөг...” гэх тайлан (хх-22-23), насанд хүрээгүй гэрч ********** “...манай найзын ах **********, түрүүнд надтай юм яриад байсан ах “утсаа түр өгөөч сим картаа хийгээд утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд гараад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь бид нар хайгаад олоогүй....” гэх мэдүүлэг (хх-18), насанд хүрээгүй гэрч **********ын “...танихгүй хүн “утас руу чинь сим картаа хийгээд яриад өгье” гэж 2 удаа асуусан. Утсандаа сим картыг нь хийлгэсэн. Хэсэг хугацаанд хүмүүстэй яриад байсан, утаснаас чинь мөнгө шилжүүлээдэхье гээд касс руу явсан чинь эргэж ирээгүй тэр чигтээ гараад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-21), хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-61-67), хохирогч ********** “...миний гар утсыг гуйгаад “фейсбүүк орж хэрэглээд өгье” гэж хэлэхээр нь би утсаа өгсөн. ...тэр залуу гэнэт хажуунаас гараад гүйж байсан” гэх мэдүүлэг (хх-122-123), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А51 маркын гар утас 1 ширхэг 405,000 төгрөг” гэх тайлан (хх-125-126), гэрч ********** “...би тухайн гар утсыг 420,000 төгрөгөөр авч, мөнгийг бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг (хх-145-146), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-136-140) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********хохирогч ********** гар утсыг “гар утсаа өгч байгаач, фэйсбүүк орж хэрэглээд өгье” гэж, хохирогч ********** гар утсыг “өөрийн сим картаа хийж, хүнтэй яриад өгье, мөнгө шилжүүлчихээд өгье” гэж хуурч худлаа хэлж авсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокуророос **********2 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн 2 удаагийн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул үргэлжилсэн гэмт хэрэг үзэхгүй.
Гэмт хэргийн улмаас хохирогч **********240,000 төгрөгийн, хохирогч **********405,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ********** гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн (хх-4), хохирогч ********** 405,000 төгрөгийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван төлж барагдуулсан, хохирогчийн “405,000 төгрөг авсан, хохиролгүй нь үнэн” гэх хүсэлтийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцож хасуулах саналтай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжтэйгээ хоёулаа амьдардаг зэргийг харгалзсан. Хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй...” гэж,
шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь хохирогч нарын эзэмшлийн гар утсыг худлаа хэлэн хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулан авч бусдын эд хөрөнгийн эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт 645,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж саад учруулсан, хувиараа үхрийн ферм ажиллуулдаг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа үхрийн ферм ажиллуулж, сүүгээ худалдан борлуулж орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч **********2,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Улсын яллагчийн “Нийтэд тустай 420 цагийн ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг бөгөөд шүүгдэгчийн болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдал (урьд хоёр удаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж эдэлж дууссан, дахин уг ялыг оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхгүй гэж үзсэн)-ыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч **********цагдан хоригдсон 8 (найм) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 120,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,880,000 төгрөгөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********цагдан хоригдсон 8 (найм) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 120,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,880,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1,880,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд шүүгдэгч ********* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР