| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/05223/И |
| Дугаар | 101/ШШ2021/00551 |
| Огноо | 2021-02-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2021/00551
| 2021 02 23 | 101/ШШ2021/00551 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Б а ХХК-нд холбогдох,
1,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б ХХК-иас манай компанид 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 09 тоот албан бичиг ирүүлсэн ба уг албан бичигт “2011 оноос хойш ойн цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна, 20 га газрын ойжуулалт хийх гэж байгаа тул 20,000 ширхэг тарьц өгнө үү, тарьцын төлбөр 2,400,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр танай компанийн дансанд шилжүүлэх болно” гэсэн байсан.
Ингээд бид, уг хүсэлтийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч компанийн захирал А.З өөрийн биеэр манай мод үржүүлгийн талбай дээрээс 20,000 ширхэг 2 настай шинэс модны тарьцыг шууд ухуулж бэлтгүүлэн авч явсан.
Гэрээнд зааснаар хариуцагч нь тарьцны үнэ 2,400,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул манай компани удаа дараа тус компанид шаардлага хүргүүлсэн боловч жилийн дараа 2018 оны 11 дүгээр сард 1,200,000.00 төгрөгийг дансаар төлсөн.
Гэвч үлдэгдэл 1,200,000.00 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй биднийг хохироосоор байна. Манай компани үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардахад “өгч чадахгүй, явдаг газар байвал яваад олоод авахыг чинь харья” гэх зэргээр увайгүй зан гаргахаар нь аргаа бараад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч өргөдлийг хүлээн авахаас татгалзсан.
Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч нь эвлэрэхийг хүсээгүй. Иймд, хариуцагчаас 1,200,000.00 төгрөгийг гэрээний 6.3 дахь заалтыг үндэслэн 600,000.00 төгрөгийн алдангийн хамт нийт 1,800,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 20 га газарт ойжуулалт хийх зорилгоор 20,000 тарьцыг худалдаж авсан ба гэрээгээр тохирсон 20 га газрыг ойжуулах ажлыг гүйцэтгэж байх үед ажилтны буруутай үйлдлийн улмаас компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан.
Тусгай зөвшөөрлийг сэргээхэд 1 жилийн хугацаа зарцуулагддаг тул гэрээгээр гүйцэтгэж байсан ажил зогссон. Тус төлбөр төлөгдөөгүй үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ын зан харилцаанаас болсон.
Би, түүний гаргасан ёс зүйгүй үйлдэлд уур хүрсэн учраас 1,200,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Бид хоёр шүүхийн эвлэрүүлэн зуучлал дээр маргалдаж, дараа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн үүдэнд намайг заамдаж байхад шүүхийн цагдаа камераар бид хоёрыг хараад гарч ирж салгасан.
Асуудал нэгэнт ийм болсон учраас уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд 1,200,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ч алдангийг төлөх боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-нд холбогдох 1,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Б ХХК нар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 20,000 ширхэг тарьцын өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохирчээ. Тодруулбал, уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь мод үржүүлгийн газарт технологийн дагуу тарьж ургуулсан шинэс модны 2 настай 20,000 ширхэг тарьцыг нэг бүрийг 120 төгрөг, нийт 2,400,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.
Зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 20,000 ширхэг тарьцыг өөрийн мод үржүүлгийн газрын талбай дээрээс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч нь 2,400,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн “Х банк” ХХК дахь тоот дансад шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.
Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно” гээд 207.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт” гэж, мөн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, .............................................. газар” гэж, түүнчлэн 207.2-т “Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу 20,000 ширхэг шинэс модыг үл хөдлөх хөрөнгө болохын хувьд хүлээлгэн өгөх газрыг тухайн тарьц мод байгаа газарт, харин гэрээний үнийг нь худалдагчийн дансанд шилжүүлэхээр тус тус үүрэг гүйцэтгэх газрыг тодорхойлсон байна.
Үүнээс үзвэл талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 20,000 ширхэг шинэс модыг хүлээн авсан талаар маргаагүй. Иймээс нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Б ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцдог.
Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч буюу худалдан авагч тал 2,400,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөх үүргээ зөрчиж, 1,200,000.00 төгрөгийг төлөөгүй байх тул дээр дурдсан хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд, нэхэмжлэгч буюу худалдагч нь худалдан авагч болох хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 1,200,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болно. Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 6.3-т “Худалдан авагч тал тогтоосон хугацаанд тарьцны үнийг худалдагч талд шилжүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заажээ.
Тодруулбал, зохигчид Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирсон байна. Уг хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.
Талуудын алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангасан ба хариуцагч нь 2,400,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөх үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул түүнд алданги төлөх үүрэг үүснэ.
Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” зохицуулалттай ч хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар нотлоогүй.
Ингээд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих буюу нэхэмжилсэн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,200,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан буюу алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн 600,000.00 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар тодорхой төрлийн гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.
Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК-ийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх ёстой 1,200,000.00 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжилснийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, тус компаниас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2019 оны 04 дүгээр сард, мөн тус дүүргийн прокурорын газарт 2019 оны 01 дүгээр сард өргөдөл, гомдол гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус зааснаар 1,200,000.00 төгрөгийг алдангийн хамт нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолоход дуусгавар болоогүй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,200,000.00 төгрөг, алданги 600,000.00 төгрөг, нийт 1,800,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР