Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/52

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: У.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Угийн Бөд холбогдох эрүүгийн 2412.............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........ аймгийн ..........сумын ....... дүгээр баг ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, О овогт Угийн Б /РД:............./  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 30-11 тоотод 2024 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Б.Ц нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчны мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч У.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 30-11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Цтай хувийн таарамжгүй харилцааны үүсгэн улмаар хохирогч Б.Цын хамар руу нь 1 удаа цохиж түүний биед хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчны мурийлт бүхий гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  Б.Цын “...2024 оны 01 дүгээр сарын 07-ны орой би өөрийн найз болох Дын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Нэфтүн нэртэй бааранд сууж байхад миний хамтран амьдрагч У.Б орж ирээд надтай мэнд мэдэж байсан залуутай маргаж намайг хардаад хэл үгээр доромжилж байгаад гараад явсан. Би тухайн үед уур хүрээд өөрийн ээж Зийг дуудаж болсон асуудлыг хэлээд У.Бийн араас хамт явсан. Э гэх залуугийн гэрт нь очиж У.Бөд хандаж чи надаас салаад явсан биз дээ тэгээд одоо намайг энд тэнд таарахаараа янз бүрээр доромжлох хэрэг байна уу гээд маргалдсан. Тэр үед У.Б уурлаж миний хамар хэсэг нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад би хамрынхаа цусыг тогтоох гэж байхад У.Б гараад явчихсан бөгөөд би тэр үед цагдаа дуудаад Бийн араас нь аавынд очиход тэнд байсан. Ингээд би Бтэй хэрүүл хийгээд байж байтал цагдаа ирж бид хоёрыг авч явсан юм. У.Б өмнө 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр намайг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулж цагдаагийн байгууллага шалгаж байсан өөрөөр бол намайг зодож цохиж байгаагүй. У.Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, 2020 оны 09 сараас хойш амьдарч байгаа бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны үед гэж санаж байна У.Б нь надаас сална гээд явсан байсан юм. Тухайн үед манай ээж З, У.Б болон түүний найз Э нар байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед намайг У.Бөөс өөр хүн зодож цохиогүй.  Тухайн үед У.Б архи уучихсан нэлээд согтуу байсан. Би Эыг У.Бтэй нийлж архи уулаа гээд нэг удаа толгой хэсэг рүү нь зөөлхөн цохисон. Өөрөөр хэн нэгнийг цохиж зодсон асуудал гаргаагүй. Би шүүх шинжилгээний эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. У.Б миний хохирол болох хамарт түрхэх тос, өвчин намдаах эм зэргийг авч өгсөн надаас уучлалт гуйсан. Би У.Бийг уучилсан одоо тэр хүнээс нэхэмжлэх авах зүйл байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Би тийм хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар тал/, хохирогч Б.Цын дахин “...миний хохирол гомдлыг барагдуулсан. Миний нөхөр надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй, бид учир зүгээ олсон. Би сэтгэцэд учирсан гэм хор уршигийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэцэд ямар нэгэн гэм хор хохирол учраагүй. Би эмнэлэгт үзүүлэхэд миний биеийг зүгээр гэсэн. Одоо надад ямар нэгэн асуудал байхгүй. Миний бие одоо зүгээр болсон. Би өөрийн нөхөр Бөд шийтгэл оногдуулмаагүй байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуу/, гэрч  Ш.Эы “...Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн гэр болох Бор толгойн 31-25 тоотод Бийн хамтаар 2 том Сэнгүр нэртэй пивийг уугаад баар орохоор болоод бааранд орсон. Тэгсэн Бийн эхнэртэй бааранд таараад хамт явсан 2 залуугийн нэгэнтэй нь маргалдаад байхаар нь салгаад гэр рүүгээ дагуулаад явсан. Тэгээд бид хоёр унтах гээд орондоо орсон байхад Ц ээжтэйгээ орж ирээд Бийг архичин минь бос гээд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн над руу мөн дайраад дагуулж архи уулаа гээд миний толгой руу цохиод байсан. Үүний дараа маргалдаж байгаад Б эхнэрийнхээ хамар руу цохиход хамраас нь цус гарсан. Тэгсэн Б аавынд очъё гээд надтай хамт явсан, эхнэр болон хадам ээж нар нь дагаад явсан . Тэгээд би аавынд нь оруулж өгөөд эргээд гэртээ харьсан. Тэгсэн цагдаад дуудлага өгсөн байсан. Манай найз Б учруулсан. Өөр гар хүрсэн хүн байхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр нэг их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Бын Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 55.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100................. тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/, гэрч Б.Дын “....2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой би хамт ажилдаг найз Цын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Нэфтүн нэртэй бааранд ороод байж байтал гэнэт Цын нөхөр Б хүрч ирээд Цтай мэнд мэдээд зогсож байсан залуутай маргаад байсан. Би тэр үед нь гадаа гараад утсаар ярьчихаад эргээд ороод ирэхэд Ц болон У.Б нарын аль нь байхгүй болсон байсан. Ингээд маргааш нь 11 цагийн үед Ц ажилдаа ирэхдээ хамар нь хөхөрчихсөн ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад манай нөхөр найзындаа байхдаа миний хамар руу нэг удаа цохиод ийм болгочихлоо гэж ярьсан өөрөөр би юу болсон гэж нарийн асуугаагүй. Тухайн үед Цын хамар зүгээр байсан харин маргааш нь ажилдаа ирэхдээ хамар нь гэмтсэн байсан. Ямар ч гэсэн эхнэртээ гар хүрээд байдаг юм шиг санагдсан өөрөөр ямар зан араншинтай хүн болох талаар би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/, гэрч Ш.Зийн “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой би айлд бууз хийж байтал манай охин Ц Нэфтүн бааранд хүрээд ир гэж дуудсан бөгөөд намайг яваад очиход Б надтай тухайн баарнаас зөрөөд гарсан. Би ороод Цыг дагуулаад харихад Б байхгүй байсан бөгөөд Ц нь Бийг заавал олж уулзана гээд намайг дагуулж гараад манай хойно байдаг Э гэх айлд ороход Б байсан бөгөөд Ц Б рүү уурлаж хэрүүл маргаан болоод Б нь манай охин Цын хамар хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Б гараад явсан. Цын хамраас цус гараад байсан Ц цагдаа дуудаж цагдаа ирээд Бийг аваад явсан юм. Би яг яах гэж дуудсан талаар мэдэхгүй зүгээр хүрээд ир гэхээр нь би очсон юм. У.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бол их сайн хүү байгаа юм архи уучихаараа Цд жаахан агсан тавих гээд байдаг зантай юм. 2020 оноос хамт амьдарч байгаа гэхдээ гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хамт амьдардаг хүмүүс байгаа юм.  Э болон би байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед Ц бага зэрэг согтуу харин Б нь нэлээд согтуу байсан хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бөөс өөр хүн Цыг зодож цохиогүй. Ганцхан Б л Цыг нэг удаа гараараа хамар хэсэг нь цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/, яллагдагч У.Бийн  “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой нэлээд орой болсон байхад би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Нэфтүн нэртэй бааранд өөрийн найз Эы хамт ороход манай эхнэр Б.Ц тэр бааранд нэг танихгүй эрэгтэй хүнтэй юм яриад сууж байсан. Тэр үед би тэр танихгүй залуутай маргалдаад салсан бөгөөд эхнэртээ уурлаж маргаад тэр баарнаас шууд гарсан. Ингээд би найз Эы хамт гэрт нь очоод байж байтал манай эхнэр хадам ээж нар араас хүрч ирээд манай эхнэр надад уурлаж чи намайг хүмүүсийн дэргэд эвгүй байдалд орууллаа чи салах гээд явсан биз дээ гээд хагалсан түлээ авч шидээд миний мөр хэсэгт оносон юм. Тэгээд би уурлаж Б.Цын хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Ингээд би гарсан бөгөөд араас хадам ээж, эхнэр нар дагаж ирээд хэрүүл маргаан хийж байхад цагдаа ирж намайг авч явсан юм. Тухайн үед би найз Эы хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм их согтуу бол байгаагүй. Манай эхнэр Б.Ц тухайн үед архи уучихсан байх шиг байсан гаргаж буй авир нь согтуу хүн шиг байсан. Манай найз Э, хадам ээж З, болон манай эхнэр байсан өөр хүн байгаагүй. Би өөрийн эхнэр Б.Цд шаардлагатай эм танг авч өгсөн уучлалт гуйсан. Б.Ц намайг уучилсан. Бид хоёр эвлэрсэн одоо хамт амьдарч байгаа. Би эм тан авсан баримтаа гээгдүүлсэн гэхдээ Б.Цаас өөрөөс нь мэдүүлэг авбал эм тан авч өгсөн гэдгийг мөн намайг уучилсан гэдгээ хэлэх байх гэж бодож байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй учир нь тухайн үед Б.Цын шидсэн түлээ нь миний мөр хэсгийг шүргээд л өнгөрсөн ямар нэгэн гэмтэл учруулаагүй тийм болохоор би шүүх эмчид үзүүлэхгүй. Миний бие зүгээр. Би өөрийн эхнэр Б.Цын хохирол гомдлыг барагдуулж бид эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай “...Б.Цын биед хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч У.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч У.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Б.Цыг зодож эрүүл мэндэд нь хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч У.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэгт заасны дагуу тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын газраас холбогдох баримтын дагуу нэхэмжилсэн нэхэмжлэлийг  шүүгдэгч У.Бөөс гаргуулж иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Ч М /РД:........../-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 1009............... тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч У.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч У.Бөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овогт Угийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар

зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч У.Бөөс 55.000 /тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Ч М /РД:............./-д  Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100................... тоот дансанд олгосугай.  

 

6. Шүүгдэгч У.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийг хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

                                                                                             

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР