Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/00535

 

 

 

 

 

 

 

 

                       2021        02          17   

         101/ШШ2021/00535

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимаас хэргийн оролцогчдыг цахимаар оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Д /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У /,

Хариуцагч: Б.М / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Б.У , Б.М  нар нь 2019 оны 01 сарын 08-ны өдөр мөнгө хэрэгтэй байна, та надад туслаач гэхээр нь ярилцан тохиролцоод 2019 оны 01 caрын 08-ны өдрөөс 2020 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл 5,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 0,5 хувийн алдангитай тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Мөн зээлийг 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Б.У , Б.М  нар нь 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл 1 саpын 10 хувийн хүү болох 10 сарын 5,000,000 төгрөгийг өгсөн нь үнэн болно. 2019 оны 12 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх 8 cарын хүү болох 4,000,000 төгрөг болон үндсэн мөнгө болох 5,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Мөн дахин 2019 оны 04 cарын 15-ны өдрөөс 2020 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл 4,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувь, 1 хоногийн 0,5 хувийн алдангитай байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн төлбөрөө өгч байсан. Сүүлдээ өгөхгүй байсан учраас 2 удаагийн зээлийг хамтад нь нэхэмжилсэн. 2019 оны 01 сарын 08-ны өдөр зээлсэн мөнгөний үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8 сарын хүү 4,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нэхэмжилж байна. 2019 оны 04  сарын 15-ны өдөр зээлсэн мөнгөний үндсэн төлбөр 4,000,000, нийт 7 сарын хүү 2,800,000 төгрөг, нийт 6,800,000 төгрөг төлөхөөс 2020 оны 07 сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 08 сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 08 сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг өгсөн. 6,800,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасаад 3,800,000 төгрөг нэхэмжилсэн, хүү, алданги нэхэмжлээгүй. Хариуцагч нараас нийт 17,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. 2018 оноос эхлэн Н.Д гээс бага хэмжээний зээл авч хүүгийн хамт үргэлж төлдөг найдвартай зээлдэгч байсан. 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөг, мөн 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр  зээлж авсан нь үнэн. Хоёр гэрээний дагуу авсан зээлийн төлбөрт нийт 12,120,000 төгрөгийг төлсөн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй зүйл нь хуульд зааснаар  төлбөрийг эхлээд үндсэн зээлийг, дараа нь хүү төлөх журмаар тооцвол төлбөр төлөгдсөнд тооцох боломжтой байна. 2019 оны 01 сарын 08-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийг төлсөн баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд эхлээд үндсэн зээлээ төлөөд дараа хүү, алданги төлнө гэж зохицуулсны дагуу энэ дарааллаар төлбөр төлөх ёстой гэж үзэж байна. 2019 оны 01 сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгөөс 2019.01.17-ны өдөр 200,000 төгрөг, 2019.01.25-ны өдөр 300,000 төгрөг хийсэн. Хуульд заасан зээл төлөлтийн дарааллаар 5,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хасахад 4,500,000 төгрөг үлдсэн. Хүү нь 450,000 төгрөг болно. 2019.02.09-ний өдөр 500,000 төгрөг, 2019.02.15-ны өдөр 200,000 төгрөг, 2019.02.25-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. 2 сард нийт 1,000,000 төгрөг төлсөн. 4,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг хасаад 3,500,000 төгрөг үлдсэн. Хүү нь 350,000 төгрөг бодогдож байна. 2019.03.08-ны өдөр 500,000 төгрөг, 2019.03.25-ны өдөр 300,000 төгрөг, 3 сард нийт 800,000 төгрөг төлсөн. 3,500,000 төгрөгөөс 800,000 төгрөг хасаад 2,700,000 төгрөг үлдсэн. Үүний сарын хүү нь 270,000 төгрөг болж байна. 2019.04.09-ний өдөр 500,000 төгрөг, 2019.04.15-ны өдөр 200,000 төгрөг, нийт 700,000 төгрөг төлсөн. 2,700,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг хасаад 2,000,000 төгрөг үлдсэн. 2019 оны 04 сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг дахин зээлсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж төлсөн мөнгөө 2 зээлэндээ хувааж төлсөн. 2019.05.10-ны өдөр 500,000 төгрөг, 2019.05.17-ны өдөр 400,000 төгрөг, нийт 900,000 төгрөг хийсэн. 2 зээлээс тус бүр 450,000 төгрөг хасагдана. 2,000,000 төгрөгөөс 450,000 төгрөг хасахаар 1,550,000 төгрөг үлдээд хүү нь 155,000 төгрөг бодогдоно. 4,000,000 төгрөгийн зээлээс 450,000 төгрөг хасагдаад 3,550,000 төгрөг үлдэнэ. Үүнээс 355,000 төгрөгийн хүү бодогдоно. 2019.06.06-ны өдөр 200,000 төгрөг, 2019.06.15-ны өдөр 400,000 төгрөг, 2019.06.28-ны өдөр 300,000 төгрөг хийсэн. Зээл тус бүрээс 450,000 төгрөгийг хасна. Эхний зээлийн үлдэгдэл 1,550,000 төгрөгөөс 450,000 төгрөг хасахаар 1,100,000 төгрөг, хүү нь 110,000 төгрөг болж байна. 4,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,550,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг хасахаар 3,100,000 төгрөг, хүү 310,000 төгрөг болж байна. 2019.07.08-ны өдөр 500,000 төгрөг, 2019.07.18-ны өдөр 400,000 төгрөг, нийт 900,000 төгрөг хийсэн Үүнийг 2 зээлэнд хувааж төлөөд эхний зээлийн үлдэгдэл 650,000 төгрөг, хүү 65,000 төгрөг, дараагийн зээлийн үлдэгдэл 2,650,000 төгрөг, хүү 265,000 төгрөг болж байна. 2019.08.01-ний өдөр 500,000 төгрөг, 2019.08.08-ны өдөр 500,000 төгрөг, 2019.08.17-ны өдөр 400,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг хийсэн. 2019 оны 08 сарын 17-ны өдөр зээл хийхэд 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дууссан. Зээл тус бүрээс 700,000 төгрөг хасахад эхний зээлийн үлдэгдэл 650,000 төгрөг төлөгдөөд 50,000 төгрөг үлдсэн нь хүүнээс хасагдана гэж үзэж байна. 2019.08.25-ны өдөр 500,000 төгрөг хийсэн. Эхний зээлийн хүүнд 250,000 төгрөг хасагдаад дараагийн зээлийн үлдэгдэл 2,650,000 төгрөгөөс 950,000 төгрөг хасахад 950,000 төгрөг үлдэж байна. 4,000,000 төгрөгийн зээл 2019 оны 08 сарын 25-ны өдөр дууссан. 5,000,000 төгрөгийн хүү 2,170,000 төгрөг, 4,000,000 төгрөгийн хүү 1,025,120 төгрөг болж байна. 2019 оны 10  сарын 25-ны өдөр хүртэл үндсэн төлбөрт 9,020,000 төгрөг төлсөн. Тооцооллоор 800,000 төгрөг илүү хийсэн байдаг. Баримтаар 800,000 төгрөгийн баримт гарч ирээгүй. Нийт 12,800,000 төгрөг төлсөнөөс үндсэн зээлэнд 9,020,000 төгрөг, хүү 3,195,120 төгрөг төлөгдөөд цаана нь илүү мөнгө гарсан. Нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Яаж тооцоо хийж байгаа эсэх нь тодорхойгүй, надаас юм авсан, өгөх ёстой гэдэг байдлаар хандсан. Зээлийн гэрээг 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хийгээд 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хугацаа сунгасан байхад алданги төлөгдөхгүй. 2020 оны 07 сарын 08-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл 13 хоногийн хугацаа хэтэрсэн, гэхдээ зээлээ төлсөн учраас тооцогдох хүү байхгүй, алданги төлөх ямар ч үндэслэлгүй. 4,000,000 төгрөгийн зээлийн хувьд алданги нэхэмжлээгүй. Хариуцагч нар гэрээний хугацаанд төлбөрөө төлсөн. Нийт 12,800,000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг зээл хүүнээс зэрэг хасахад 195,320 төгрөгийн хүү үлдсэн байсан. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хүүгийн хэмжээ өндөр байна. Хүүгийн хэмжээг арилжааны банкуудын дунджаар бодохгүй байлаа гэхэд ядаж 8 хувийн хүүгээр бодоход эргүүлж мөнгө авахаар байсан боловч илүү гарсан мөнгийг нэхэмжлэхгүй” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д  нь хариуцагч Б.У , Б.М  нарт холбогдуулан 2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг,  2019 оны 04  сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг, нийт 17,300,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

  • 2019 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй Зээлийн гэрээ /хх-6/
  • 2020 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан 2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан Зээлийн гэрээ /хх-7/
  • 2019 оны 04 сарын 15-ны өдөр байгуулсан  4,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй Зээлийн гэрээ /хх-8/.

Дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар зохигчид маргаагүй, мөн хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг дансаар шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргаж, Хаан банкин дахь Б.У ийн нэр дээрх 5014135244, Б.М ын нэр дээрх 5021613790 дугаартай дансны депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. Эдгээр  дансны хуулгаар нэхэмжлэгч Н.Д гийн 5017005404 дугаартай данс руу хариуцагч Б.У ийн данснаас 2019.01.25-ны өдөр 300,000 төгрөг, 2019.03.08-ны өдөр 500,000 төгрөг, 2019.03.25-ны өдөр 300,000 төгрөг, 2019.04.09-ний өдөр 500,000 төгрөг, 2019.04.15-ны өдөр 200,000 төгрөг, 2019.04.26-ны өдөр 300,000 төгрөг, 2019.05.10-ны өдөр 500,000 төгрөг, 2019.06.28-ны өдөр 300,000 төгрөг, 2019.07.08-ны өдөр 500,000 төгрөг, 2019.08.01-ний өдөр 500,000 төгрөг, 2019.08.08-ны өдөр 500,000 төгрөг, 2019.08.26-ны өдөр 500,000 төгрөг, 2019.09.09-ний өдөр 210,000 төгрөг, 2019.10.10-ны өдөр 500,000 төгрөг, 2019.10.25-ны өдөр 200,000 төгрөг, 2020.07.21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020.08.21-ний өдөр 500,000 төгрөг, 2020.08.31-ний өдөр 500,000 төгрөг, нийт 8,810,000 төгрөгийг, хариуцагч Б.М ын данснаас 2019.01.17-ны өдөр 200,000 төгрөг, 2019.01.25-ны өдөр 300,000 төгрөг, 2019.05.17-ны өдөр 400,000 төгрөг, 2019.07.18-ны өдөр 400,000 төгрөг, 2019.09.13-ны өдөр 219,000 төгрөг, нийт 1,519,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ төлсөн төлбөрөөс эхлээд үндсэн төлбөрийг хасч тооцон, үлдэгдэл дүнгээс хүү тооцвол зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байна. Мөн хариуцагч нар нь зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа нь эдийн засгийн хувьд зээлдэгч нарт илтэд хохиролтой байх тул зээлийн хүүгийн хэмжээг багасгуулж арилжааны банкны хүүгийн дундажаар тооцуулах хүсэлтийг гарган мэтгэлцсэн.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцэж байх боловч хариуцагч нар нь зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр тогтоосон гэж хүсэлт гаргасан байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан.

            Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банкуудын зээлийн хүүгийн хэмжээ зээлийн зориулалтаас хамаарч сарын 1,2 хувиас 2,5 хувь, банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн хэмжээ сарын 2,7 хувиас 5.0 хувь, барьцаалан зээлдүүлэх газрын сарын хүүгийн хэмжээ 3,0 хувиас 6.0 хувь хүртэл байна. Эдгээр зээлийн хүүгийн хэмжээтэй харьцуулахад зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг сарын 10 хувь гэж тохиролцсон нь хэт өндөр хэмжээгээр буюу зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний хүүгийн хэмжээг багасгаж 8.0 хувиар тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 5,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаа болох 12 сараар, мөн сунгасан хугацаа болох 6 сараар хүү тооцон шаардах эрхтэй. Мөн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаа болох 12 сараар тооцон шаардах эрхтэй.

2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөгийг шүүхээс багасгаж тогтоосон хүү болох 8 хувиар, гэрээгээр тохирсон 18 сарын хугацаа буюу 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, нийт 12,200,000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч нар нь 2020 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 7,329,000 төгрөг /хариуцагч Б.У ийн данснаас 5,810,000 төгрөг, хариуцагч Б.М ын данснаас 1,519,000 төгрөг шилжүүлсэн/ төлсөнийг гэрээний үүрэгт төлбөл зохих 12,200,000 төгрөгөөс хасч тооцоход үлдэгдэл 4,871,000 төгрөг  байна.

Зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй.

2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,871,000 төгрөгөөс алданги тооцож Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн алданги 2,435,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

2019 оны 04 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөгийг шүүхээс багасгаж тогтоосон хүү болох 8 хувиар, гэрээгээр тохирсон 12 сарын хугацаа буюу 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 3,840,000 төгрөг, нийт 7,840,000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын төлсөн төлбөрөөс хүүгийн төлбөрийг хасч тооцсон гэх тайлбарыг гарган, хариуцагч нарын 2020.07.21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020.08.21-ний өдөр 500,000 төгрөг, 2020.08.31-ний өдөр 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг шилжүүлснийг 2019 оны 04 сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт тооцсон гэх тайлбарыг гарган үлдэгдэл 3,800,000 төгрөг гэж тооцон шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2019 оны 04 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.У , Б.М  нараас 2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 4,871,000 төгрөг, алданги 2,435,500 төгрөг, 2019 оны 04 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг, нийт 11,106,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,193,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал”, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/74 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллах түр журам”-д тус тус зааснаар Zoom программ ашиглан хэргийн оролцогчдыг цахимаар шүүх хуралдаанд оролцуулан, хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д  заасныг баримтлан хариуцагч Б.У , Б.М  нараас зээлийн гэрээний үүрэгт 11,106,500 /арван нэгэн сая нэг зуун зургаан мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,193,500 /зургаан сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У , Б.М  нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 192,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР