Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

 

 

                                                                                       2024/ШЦТ/51

 

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П     

Шүүгдэгч: Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Л Эд холбогдох эрүүгийн 2412........... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ........... аймгийн .............. сумын ............багийн ............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Л Э /РД:............/  

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                      Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын үед А аймгийн Х сумын Н багийн С гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Алтайн сонгино”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр 19 кг-ыг түүсэн мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт байх Н багийн Шаагийн нүүр гэх газарт байрлах гэртээ хадгалж байгаль орчинд 2,407,300 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.     

 

               Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                                                                                                                                                         Шүүгдэгч Л.Э нь 2023 оны 10 дугаар сарын үед А аймгийн Х сумын Н багийн С гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Алтайн сонгино”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр 19 кг-ыг түүсэн мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт байх Н багийн Шаагийн нүүр гэх газарт байрлах гэртээ хадгалж байгаль орчинд 2,407,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                                                                                                                                                                                        Иргэний нэхэмжлэгч П.Бын өгсөн: “...Архангай аймгийн Хангай сумын иргэн Э нь Ноёнхангай багийн Сонгинот гэх газраас хууль бусаар Алтайн сонгиног зохих зөвшөөрөлгүйгээр 19 кг түүж байгаль орчинд 12.036.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт байгаль орчинд 12.036.500 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой  асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансад тушааж хохирлыг барагдуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар тал/,

 

             Гэрч Б.Мийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Хангай сумын Зарын сайтад Цэцэг Б. Гэсэн хаягнаас Зэрлэг сонгино зарна Утас 98.......... дугаарын утастай зар бичсэн байхаар нь утас руу залгаж үзэхэд эмэгтэй хүн утас аваад Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд байна гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгчид хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, 

 

             Гэрч  Б.Бийн өгсөн: “...би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12-13 цагийн үед өөрийн гар утаснаас хангай сумын зарын сайтад сонгино зарна гэж зар оруулсан юм. Би өөрийн ээж Эгийн түүж бэлтгэсэн уулын улаан зэрлэг сонгиныг намайг зараад өгөөрэй гэж хэлэхээр нь зарах гээд зар оруулсан юм. Манай ээж Э нь 2023 оны 10 дугаар сард /өдрийг нь сайн мэдэхгүй байна/ түүж бэлтгэсэн. Ганцаараа явсан байх, надад 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Хангай сумын төв явахад байхаараа гэж хэлээд ээж Э нь надаар сумын төв рүү явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/,

 

              Гэрч  Б.Бийн дахин өгсөн: “...манай ээж Э нь их тайван дөлгөөн зан төрхтэй ямар нэгэн хурц зан төрх гаргадаггүй, намбалаг хүн байгаа юм. Дүү бид хоёрт хүн амьтантай хэл ам хэрүүл битгий хийж байгаарай гэж захидаг хүн байгаа юм. Манай ээж Э нь ямар нэгэн хорт зуршил хэрэглэдэггүй, хөдөө малаа маллаж амьдардаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/,

 

             Гэрч С.А өгсөн “...Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Сонгинт гэх газар улсын тусгай хамгаалалтай газарт ордог. Сонгинот гэх газар алтайн улаан сонгино ургадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

            

             Шинжээч Б.С өгсөн: “...тухайн сонгины харагдах байдал улаан хүрэн өнгийн нимгэн хальсаар хучигдсан өндөг хэлбэрийн 2-4 см бүдүүн булцуутай байсан болохоор 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээ Алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээгээр гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/,

           

             Яллагдагч Л.Эгийн өгсөн: “...намайг сонгино түүхэд доод хэсэг нь гараад ирсэн байсан. Тэгэхээр нь би гараараа ишнээс нь татаж авсан. Ямар нэгэн багаж хэрэглээгүй. Миний үйлдэл тохирч байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дугаар тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-34 дүгээр тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13, 18-21 дүгээр тал/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 22-25 дугаар тал/,

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Архангай аймгийн Хангай сумын иргэн Л.Э нь зохих зөвшөөрөлгүйгээр 19 кг Алтайн сонгино бэлтгэсэн хэргийн байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчины хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ дахь заалтыг үндэслэн тооцоход ургамлын аймагт учирсан хохирлын хэмжээ 12.036.500 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар тал/,  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эг зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Л.Эг зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.407.300 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1“Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д байгаль орчинд учруулсан хохирлыг ургамалд учруулсан хохирол, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /2.407.300*5=12.036.500 /арван хоёр сая гучин зургаан мянга таван зуу/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 12.036.500 /арван хоёр сая гучин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын санд олгож,   шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан хохирлоо 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Эг зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх...” гэж заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 кг алтайн сонгиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Л.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, гэмт хэргийн шинж, прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж, шүүгдэгч Л.Эг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,  шүүгдэгч Л.Эг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Л Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч  Л.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Эг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсугай.

          4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Л.Эг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх хэсгийн 3-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Эгаас 12.036.500 /арван хоёр сая гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, хохирлоо 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 19 кг алтайн сонгиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР