Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/243

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2408000000117 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” караокены ариун цэврийн өрөөнд хохирогч **********үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гаргасан зөрчил үнэн болохоор шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Согтуу байсан. Ариун цэврийн өрөөнд мөргөлдсөнөөс болж маргалдаад зодсон. Хохирогчоос уучлалт гуйж, 2,5 сая төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Маш их харамсаж байна. Миний буруу” гэв.

Эрүүгийн 2408000000117 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********: “2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед найз **********ийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороонд байх “**********” гэх газарт найз **********, **********нар байна гэж яриад дуудсан. **********, **********2 архи уугаад сууж байсан. **********бид хоёр ороод нийлж архи аваад хувааж уусан. ********** бие засахаар яваад эргэж ирэхдээ “нүдэндээ цохиулчихлаа” гээд ирсэн. Яасан талаар асуухад “00-д танихгүй хүн цохичихлоо” гэж хэлсэн. **********бид хоёр очиход хажуу ширээний 2-3 залуу байсан. Нэг нь бид хоёр луу дайраад миний нүүр хэсэгт 3-4 удаа цохиж үүдэн шүдийг хөдөлгөөнтэй болгосон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр ирээд тэр залуучуудтай уулзахад ********** гэдэг залуу “би чамайг цохисон” гэж хэлсэн. Миний зүгээс тэр хүмүүсийг цохисон, зодсон зүйл байхгүй. Надад 150,000 төгрөгийн хохирол учирсан. Шүдээ янзуулахад 2,500,000 төгрөгийн эмчилгээ орно гэж хэлсэн. ...Надад ********** эмчилгээний зардал гэж 2,500,000 төгрөг өгсөн. Би авсан мөнгөөрөө шүд, хамраа засуулсан. Би эвлэрсэн, надаас уучлалт гуйсан. Хамт эмнэлгээр явж үзүүлж надад эмчилгээний мөнгө өгсөн. Миний сэтгэл санаанд ямар нэгэн гэм хор учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.01.03-ны өдрийн 863 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Гэрч **********: “2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...найз ********** 18 цагийн үед машинаа угаалгахаар ирсэн. Тэр үед танил ах **********, ********** нар ирж надад машиныхаа гэмтлийг үзүүлсэн. Тэгээд гадаа машинд нэг шил архи дөрвүүлээ хувааж уусан. Караоке орохоор болж ажлын хажууд байх “**********” караоке орсон. Тэнд 1 шил архи аваад ууж байхад ********** бие засахаар явсан. ********** 00-д байхдаа хүнтэй маргалдаж зодоон хийсэн. Бид нар салгаад **********ыг авч гараад би гэртээ аваачиж унтуулсан. ********** хүн зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),  

Шүүгдэгч Г.**********ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...20 цагийн үед найз ********** авто засварын газар очсон. 1 шил архи хувааж уусан. Тэгээд ********** танил 2 ах ирж “**********” караоке орж архи уусан. Би караокены 00-д орсон чинь 1 согтуу залуу дайралдаад хоорондоо мөрөөрөө мөргөлдсөн. Тэр хүний найз гээд 1 залуу ирэхээр маргалдаж тэр залуугийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Надтай хамт явсан хүмүүс салгаж караокеноос гарсан. Хохирогчид эмчилгээний зардал гэж 2,500,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),   

Дуудлагын лавлагааны хуудас (хх-2), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “Миний сэтгэцэд ямар нэгэн хор учраагүй” гэх загвар (хх-12), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хх-31-32), “хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн” гэх тэмдэглэл, дансны хуулга (хх-73, 74),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), “*******” ХХК-ийн “**********манай байгууллагад жолоочоор 2 сая төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн” гэх тодорхойлолт (хх-42), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-44), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-45), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-46), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-47), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-48), дансны хуулга (хх-49-61), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-62, 63), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-81), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-84-85), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-86) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, “**********” караокены ариун цэврийн өрөөнд хохирогч **********үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч ********** мэдүүлэг (хх-8-9, 11), шүүх эмнэлгийн 863 дугаар дүгнэлт (хх-25-26), гэрч ********** мэдүүлэг (хх-15-16), шүүгдэгч Г.**********ын мэдүүлэг (хх-35-36) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.**********ын согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч **********маргалдаж нүүрэнд хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 150,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн (хх-74), хохирогчийн “2,500,000 төгрөг авсан, гомдолгүй” гэх мэдүүлэг (хх-11)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “**********” нэртэй караокены ариун цэврийн өрөөнд хохирогч **********үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 780 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа маш их ойлгож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч **********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 780 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчтой маргалдан нүүрэнд хэд хэдэн удаа цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 150,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********780 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780,000 (долоон зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********780 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780,000 (долоон зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********780,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР