Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/047

 

М.Б

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Шүүгдэгч М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

 Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор М.Б холбогдох эрүүгийн 1914004960311 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, М.Б, ........ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт  Д.С алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Быг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 237 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч М.Боос нийт 2275160 төгрөг гаргуулж, хохирогч *******д 745160 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 1530000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч ******* нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 , 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гандсан цайвар ногоон өнгийн даавуун дотоожны уранхай хэсэг 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, аймгийн цагдаагийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талийгаачийн гавлын яс, нуруу, аарцаг, дунд чөмөг, шилбэ, шаант яс, тахилцуур зэрэг холбоотой яснууд, гарын сарвууны жижиг яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д олгож, шүүгдэгч М.Бын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Б хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар хамтран тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Үүнд: М.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүхээс М.Быг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо М.Бын “Сандагдалай бид 2 архи уусан би түүний араар сууж архи уугаад явж байснаа санаж байна согтоод түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна... нэг сэрэхэд би газар түрүүгээ харсан хэвтэж байсан асаагуурын гэрэл гаргаад харахад Сандагдалай зүүн талаараа атираад хэвтсэн хамар амнаас нь цус гарсан цээжин дээр нь дарахад хүйтэн амьгүй болчихсон байсан гэх мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчдийн 1229 тоот дүгнэлт, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “ясанд тогтоогдсон гэмтлүүд 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр тогтоогдох боломжтой, гавал ясанд учирсан шинэ гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой гэх мэдүүлэгээр нас барсан байдал тогтоогдсон түүний үхэл шүүгдэгч М.Бын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Цуглуулсан нотлох баримт нь тухайн хэргийг хэрхэн үйлдсэн, амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд байна гэж дүгнэсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс М.Бын ямар үйлдэлийг амь хохирогч Сандагдалайн үхлийн шалтгаантай холбоотой болохыг тайлбарлаагүй.

1. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ өрөөсгөл хандаж, хийсвэр дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

Шийтгэх тогтоолын гол үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1229 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр:

-Зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны тос нүхний зүүн хэсэг хүрсэн, 2 нүдний ухархайн дээд хананы хугарал зэрэг

гэмтэл тогтоогдсон.

 -Эдгээр тархинд учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн.

- Дээрх гэмтлүүд нь хэдийд өөрөөр хэлбэл нас барахаас өмнө, хойно аль цаг хугацаанд үүссэнийг тогтоох боломжгүй.

Гэмтэлүүд юунаас үүссэнийг тогтоох боломжгүй .

3. Аймгийн прокурорын газрын 20 тоот албан даалгаварын хүрээнд шинжээч эмч нарыг асуусан. Тэдний тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар:

-Сандагдалайг чухам ямар шалтгаанаар нас барсан болохыг огт тогтоогоогүй бөгөөд тогтоох боломжгүй гэх

-Дан ганц гавал ясаар үхлийн шалтгаан бүрэн тогтоогдохгүй гэх

-Тархинд учирсан гэмтэл нь зөвхөн нэг удаагийн үйлдлээр үүснэ гэсэн тайлбар гаргасаар байхад шинжээч эмч Т.Чимэд-Очирын гавал ясанд учирсан гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой гэсэн тайлбарыг шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээч эмч нарын тайлбар хоорондоо зөрүүтэй байсан тул шинжээч нарыг бүрэлдхүүнээр нь шүүх хуралд оруулах хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны явцад мэдүүлгийн зөрүү арилж Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шинжээч эмч нар мэдүүлэг өгөхдөө “Талийгаач юунаас болж нас барсан, дээрх гэмтлийн улмаас нас барсан болон үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй амь хохирогчид учирсан шинэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтойг тайлбарласан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй хэсгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.

4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 569 дугаартай дүгнэлтээр М.Бын биед зүүн чамархайд сорви гэмтэл тогтоогдон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт гарсан.

Амь хохирогч Сандагдалайн тархинд учирсан гэмтэл нь тархины зүүн талыг хамарсан байх бөгөөд тэгэхээр дээрх 2 хүнд учирсан гэмтлийн харьцуулахад гэмтэл үүссэн байдал нь адил шинжтэй бөгөөд хоёулаа зүүн талаараа унасан байх боломтой *******ын мотоциклоос унасан гэх мэдүүлэг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгээ үнэн зөв өгсөн бөгөөд түүний мэдүүлэгийг газар дээр шалгахад үнэн зөв болох нь тогтоогдсон бөгөөд мэдүүлэг дээр дурдагдсан гэрчүүдийн мэдүүлэгийг шүүх нотлох баримтаар үнэлэхдээ тухайн цаг үед М.Бын нүүрний нэг тал нь зулгарсан, шалбараад цус гарчихсан, чих нь дотор нь цус хатчихсан байсан гэх гэрч П.Эрдэнэ-Очир, М.Баясгалан, Мөнхбат, Л.Баярсайхан, Одгэрэл нарын мэдүүлэгийг үнэлээгүй нь хэргийг шийдвэрлэхэдээ хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна.

6. ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд зааснаар уг гэмт хэргийг М.Б чухам яаж үйлдсэн, ямар сэдэлт зорилготой байсан, гэмт үйлдэлд нөлөөлсөн шалтгаан зэргийг тогтоогоогүй ба талийгаач ******* хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй, урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй, дотно харьцаатай байсан талаар гэрч *******, ******* *******, ******* нар мэдүүлдэг.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хамаарлын хүрээнд 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт амь хохирогч  Д.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл болох мотоцикль жолоодон явахдаа амь насаа алдаж энэ ослын улмаас М.Бын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Хэрэг учрал болсон үйл явдал нь тохиолдол гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Быг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Прокуророос М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт  Д.С алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх М.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б холбогдох хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоогоогүй, Прокуророос М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт  Д.С алсан гэж гэмт хэргийн товч агуулгыг хэт ерөнхий байдлаар буюу гэм буруугийн ямар хэлбэрээр, хохирогчийн эсрэг ямар үйлдэл хийж, хэрхэн амь насыг нь хохироосон талаар бичээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлттэй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэргийг шүүх хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаатын шатанд дээр дурдсан нотолбол зохих байдлууд нь нотлогдон тогтоогоогүй буюу гэмт хэргийн үйл баримт тогтоогдоогүй хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ “... хохирогчийн нас барсан нөхцөл байдал тогтоогдсон түүний үхэл нь шүүгдэгч М.Бын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. М.Б нь тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй юу хийсэн, дараа нь ямар байдалтай олдсон талаархи үйл явдал болон амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн М.Б нь амь хохирогч  Д.С алсаныг нотлох яллах талын нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн...” гэх дүгнэлтийг хийхдээ шүүгдэгч М.Бын ямар үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгааг хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн болох нь тодорхойгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоол гаргажээ.

Мөн шүүгдэгч М.Б, амь хохирогч  Д.С нарын унаж явсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн мотоциклийн өмчлөгч нь бөгөөд М.Б нь түүний зөвшөөрөлгүйгээр уг мотоциклийг захиран зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ын “...хамтран амьдардаг эмэгтэй нь..., ...Сандагдалай ах чинь Баацагаан сум руу хүнсэнд явна гээд унаад явсан гэж хэлсэн..., ...Уг мотоцикль нь миний өөрийн эзэмшлийн мотоцикль бөгөөд улсын дугааргүй байсан...”,”...Би мотоциклоо 1 000 000 төгрөгөөр, чанга яригчаа 50.000 төгрөгөөр үнэлэх болно, мотоциклоо төлүүлж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/,мотоцикльд хөрөнгийн үнэлгээ хийсэн Энх нахиа ххк-ийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар тал/

” ... 2018 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Эрдэнэцогт сумын хэсгийн төлөөлөгч ын мотоцикльтой хоёулаа өдөртөө ирнэ гээд явсан. Явахдаа М.Б мотоциклийг жолоодоод араар нь  Д.С сундлаад явсан...” гэх гэрч *******ийн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал/, “...гуйж байгаад мотоциклоо 400 000 төгрөгөөр зарж, тэднийг нэг хоноод маргааш нь Дашзэвэг гэх хүнээр нөгөө мотоциклоороо Архангай аймгийн Хангай сум руу хүргүүлсэн...” гэх М.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байхад Прокуророос уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр орхигдуулжээ.

 М.Б холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-д тус тус зааснаар нотолбол зохих байдлын талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй, Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэргийн товч агуулгыг хэт ерөнхий байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй бичсэн, хэргийн үйл баримтыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагатай нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр болгон гүйцэд шалган хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын “...хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах эсвэл хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэхийг...” хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 39.1.3- д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б холбогдох эрүүгийн 1914004960311 дугаар хэргийг Прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол М.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР, 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ