Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 121/ШШ2022/0052

 

2022 оны 06 сарын 16 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0052                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаад холбогдох “Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаагийн зөрчилд холбогдогч О.Дамдинжавыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0142419 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаагаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаа би Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Цолмонгэрэлийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 51 дугаартай “Эрх бүхий ажилтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Тайж овогтой Оюунчимэгийн Дамдинжав /ЙР*****/-д холбогдох иргэний үнэмлэхийн 25 насны сунгалтыг 30 хоногийн дотор хийлгээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.24.1-д заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Цолмонгэрэлийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай “Эрх бүхий ажилтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлээс “Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаа нь холбогдогч О.Дамдинжав нь иргэний үнэмлэхний 25 насны сунгалтаа хийлгээгүй уг зөрчил нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдэж эхэлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "... 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн”, 8 дугаар зүйлийн 8.1 дэх "... Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 8.2 дахь "... Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх “... зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамруулахгүй” гэж тус тус хуульчилсныг зөрчсөн ...” гэж үзэн Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаагийн зөрчилд холбогдогч О.Дамдинжавыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0142419 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаа нь дээрх прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тус зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаагийн зөрчилд холбогдогч О.Дамдинжавыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0142419 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэдмаа зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.НЭРГҮЙ