Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0743

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү  

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э      

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: “МИАТ” ТӨХК,

Хариуцагч: “МИАТ” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “М х” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц” №2 МИАТ/20260102016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М х” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл” №2-ийн МИАТ/20260102016 дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “МИАТ” ТӨХК-ийн “М х” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26/230 дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх МИАТ/20260102016” гэрээг хүчингүй болгуулах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0766 дугаар шийдвэр,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр  

Хэргийн индекс: 128/2026/0731/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц” №2 МИАТ/20260102016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М х” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл” №2-ийн МИАТ/20260102016 дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “МИАТ” ТӨХК-ийн “М х” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26/230 дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх МИАТ/20260102016” гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0766 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.2, 26.9, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК-иас гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц” №2 МИАТ/20260102016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М х” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл” №2-ийн МИАТ/20260102016 дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “МИАТ” ТӨХК-ийн “М х” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26/230 дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх МИАТ/20260102016” гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “... Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтод нийцээгүй дээж ирүүлсэн “М х” ХХК-г сонгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т "Санал болгосон бараа ажил үйлчилгээ нь техникийн нийцсэн байх гэсэн хуулийн заалтыг илтэд зөрчсөн гэвч шүүх болон хариуцагчийн бид нар төсвийн хөрөнгийг нийтийн ашиг сонирхлын хүрээнд хэмнэх шаардлагатай учраас энэ зарчмыг баримтлан шийдвэр гаргасан гэх тайлбарыг буруутгахгүй мөн эдгээр нь гүйцэтгэлд нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн гэвч төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зарчим баримтлах нь тухайн асуудлыг чиглүүлэн зохицуулсан хууль зүйн баримт бичгийг зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн тендерт ялж гэрээ байгуулсан “М х” ХХК нь багц №2 тендерт оролцохдоо чихэвчний дээжээ өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №2 болон №3 дээр гишүүдийн харилцан ярианаас тодорхойлогддог тодруулбал үнэлгээний хорооны гишүүн З.Анарын хэлснээр чихэвч нь байхгүй байна” гэж хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байхад шүүгч “Хэдийгээр нэхэмжлэгчээс “... “М х”  ХХК-ийн дээжид чихний бөглөө ирүүлсэн үгүй нь тодорхой бус" гэж дурдах боловч хамтын шийдвэр гаргадаг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд чихний бөглөө нь бизнес ангиллын багц дээрээ шаардлага хангаж байсан учир шаардлага хангаж байна гэж үзсэн талаар тодорхой тусгагджээ. Гэж үзсэн Үнэлгээний хорооны гишүүд багц №2- ийн тендерийн шалгаруулалт хийж байх үеэрээ “Б” ХХК-ийн оролцоогүй багц №1 буюу бизнес ангилал дээр “М х” ХХК чихний бөглөөний дээжээ ирүүлсэн гэж 2 тусдаа багцыг хамаатуулж үнэлж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 зүйлийн 27.9- т зааснаар "Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүр дээр үнэлгээ хийх..............." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл байхад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0766 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. “Б” ХХК-иас “МИАТ” ТӨХК, түүний тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц” №2 МИАТ/20260102016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М х” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл” №2-ийн МИАТ/20260102016 дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “МИАТ” ТӨХК-ийн “М х” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26/230 дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх МИАТ/20260102016” гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. “МИАТ” ТӨХК-иас зарласан МИАТ/20260101016 дугаартай “Аяллын иж бүрдэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц2 “Энгийн ангиллын аяллын багц”-д “Б” ХХК, “М х” ХХК-иуд тендер илгээжээ.

4. Хариуцагчаас ирүүлсэн тендерийг үнэлээд, “Б” ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж, харин “М х” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэн шалгаруулж, улмаар “Энгийн ангиллын аяллын багц нийлүүлэх” 26/230  дугаартай гэрээг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.

5. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан үндэслэлээ “... “М х” ХХК-ийн ирүүлсэн тендерийн дээжид техникийн тодорхойлолтод нийцээгүй бараа өгсөн ба тендерийн саналдаа “... гаднах уут нь техникийн тодорхойлолт болон загварыг эцэслэн баталсны дараа эцсийн байдлаар үйлдвэрлэх болно” гэж, мөн дээжид чихний бөглөө ирүүлээгүй, нүдний хаалт нь өөр өнгийн нүдний хаалт байсан” гэж тайлбарлаж байна.  

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгоно”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага ... тусгана”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж, 

7. Тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтийн 17.4-т “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх эсэх: “Тийм” - Санал болгож буй бараа бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр загвар дээж ирүүлнэ. /Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө захиалагчийн хаягаар битүүмжлэн авчрах шаардлагатай/ - Логогүй байж болох бөгөөд шалгарсан тохиолдолд логог техникийн тодорхойлолтод зааснаар нийлүүлнэ. “МИАТ” ТӨХК-ийн үйлчилгээнд хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнийг загвар, дээжээр ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж тус тус заажээ.

8. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02, 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нь “Аяллын иж бүрдэл”, Багц2: Энгийн ангиллын аяллын багцад загвар, дээж болох чихний бөглөө ирүүлээгүй байх боловч Багц1: Бизнес ангиллын аяллын багцад чихний бөглөөг ирүүлсэн байна.

9. Бизнес ангиллын аяллын багцын техникийн тодорхойлолтод “Чихний бөглөө”-г “Фом(foam) материалаар хийгдсэн хос чихний бөглөө нь гадна талаараа пластик уут (PE)-тай байх бөгөөд уутны гадна талд ашиглах зааварчилгааг танилцуулсан байна. Дугуй конусан хэлбэртэй байх ба урт нь 2,5 см, суурийн диаметр нь 1,4 см байна. Цэнхэр (285C) эсвэл улбар шар(1495C) өнгөтэй, NRR(Noise Reduction Ratinгр)=29dB буюу түүнээс дээш үзүүлэлттэй байна. Техникийн тодорхойлолтод заасан шаардлагын дагуу загвар дээж ирүүлнэ” гэж,

Энгийн ангиллын аяллын багцын техникийн тодорхойлолтод “Чихний бөглөө”-г “Фом(foam) материалаар хийгдсэн хос чихний бөглөө нь гадна талаараа пластик уут(PE), савлагаа(PP)-тай байна. Дугуй конусан хэлбэртэй байх ба урт нь 2,5 см, суурийн диаметр нь 1,4 см байна. Цэнхэр (285C) эсвэл улбар шар(1495C) өнгөтэй, NRR(Noise Reduction Ratinгр)=29dB буюу түүнээс дээш үзүүлэлттэй байна” гэж тус тус заажээ.

10. Гуравдагч этгээд “М х” ХХК-иас бизнес ангиллын аяллын багцад чихний бөглөөний загвар, дээжийг ирүүлсэн, бизнес болон энгийн аяллын багцын чихний бөглөөний техникийн тодорхойлолт ижил энэ тохиолдолд хариуцагчаас чихний бөглөөний загвар, дээжийг үнэлэхдээ “Бизнес ангиллын аяллын багц дээр шаардлага хангаж байсан учир шаардлага хангасан гэж үзнэ” гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй, түүнчлэн анхан шатны шүүхээс техникийн тодорхойлолтыг “... тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар дээжийг ирүүлэхээр, ийнхүү ирүүлэхдээ санал болгож буй бүтээгдэхүүн тус бүрээр загвар дээж ирүүлэхээр заасан боловч тухайн бүтээгдэхүүнийг багц тус бүрээр давхардуулан ирүүлэх шаардлага тавигдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

11. Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод Багц2: Энгийн ангиллын аяллын багц – “2. Нүдний хаалт 2 давхар 100 хувийн даавуу(Jersey)-н эсвэл 50% даавуу, 50% полиeстер материалаар хийгдсэн байх бөгөөд зүүсэн үед гэрэл нэвтрэхээргүй байна. 180мм*8 мм-ийн хэмжээтэй, 31 см-ийн урттай, 0,6 см-ийн өргөнтэй 2 ширхэг, эсвэл 2-2,5 см-ийн сунадаг зөөлөн резинэн оосортой байна. Гадна талын давхарга болон дотор тал нь хар өнгийн материалаар хийгдсэн байна”, “4. Уут Өргөн: 120мм-130мм, Өндөр: 140мм-150мм, Материал: Пластик гялгар уут Дизайн: Pantone Хөх (287C) өнгийн суурь дээр МИАТ ХК-ийн дугуй логог цагаан өнгөөр голлуулан байрлуулсан байх ба доод хэсэгт SWEET DREAMS бичвэртэй байна. Tearline хэсгээр урж онгойлгоход хялбар байх ба zipline-аар амыг дарсан байна” гэж,

12. Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материалаас үзвэл, “2. Нүдний хаалт - Өнгө:Гадна тал, дотор тал хар өнгөтэй - Материал: 50% даавуу, 50% полиeстер материалаар хийгдсэн, зүүсэн үед гэрэл нэвтрэхгүй. - Оёдол:180мм*80мм-ийн хэмжээтэй, 31 см-ийн урт болон 0,6см-ийн өргөн бүхий 2 ширхэг сунадаг зөөлөн резинэн оосортой. Үйлдвэрийн аргаар цэвэрхэн оёж бэлтгэсэн”, “4. Уут - Өргөн: 130мм, Өндөр: 150мм, - Материал: Пластик гялгар уут Дизайн: Pantone Хөх (287C) өнгийн суурь дээр МИАТ ХК ийн дугуй логог цагаан өнгөөр голлуулан байрлуулсан байх ба доод хэсэгт SWEET DREAMS бичвэртэй байна. Tearline хэсгээр урж онгойлгоход хялбар байх ба zipline-аар амыг дарсан байна”  гэж,

13. Мөн “М х” ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26/0416-03 дугаар албан бичгээр “Гаднах уут нь техникийн тодорхойлолт болон загварыг эцэслэн баталсны дараа эцсийн байдлаар үйлдвэрлэх болно. Загвар нь зөвхөн материалын хувьд танилцуулж байгаа болно. 2. Нүдний хаалт нь техникийн тодорхойлолтын дагуу гадна талын давхарга болон дотор тал нь хар өнгийн материалаар хийгдэх болно. Загвар нь зөвхөн материалын хувьд танилцуулж байгаа болно” гэж мэдэгдлийг хүргүүлсэн.

14. Хэдийгээр гуравдагч этгээд нь нүдний хаалтын загвар, дээжийг гадна тал хар хөх, дотор талыг хар өнгөтэйгөөр ирүүлсэн байх боловч санал болгож буй техникийн тодорхойлолт болон албан мэдэгдлийн дагуу хар өнгөөр хийх талаар тусгасан, мөн уг загвар нь зөвхөн санал болгож буй барааны материалыг танилцуулах зориулалттай байсан гэж тайлбарлаж буйг буруутгах боломжгүй.  

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-т “Харьцуулах үнэ” гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг ойлгоно”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 11.4.1-д “Харьцуулах үнэ”, 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-т “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг ... тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-т “Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж,

16. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-т “Өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол тендер үнэлэх үндсэн шалгуур нь харьцуулах үнэ байна”, Өгөгдлийн хүснэгтийн 29.2-т “Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх: “Үгүй”” гэж  тус тус заасан.

17. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн илгээсэн тендерийн хэн аль нь шаардлага хангасан нь тогтоогдох тул хамгийн бага үнийг санал болгосон “М х” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан, харин “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд ... үр ашигтай, хэмнэлттэй ... байх зарчмыг баримтална” гэж заасантай нийцнэ.  

18. Нэгэнт хариуцагчийн “М х” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан, харин “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр хуульд нийцэж буй тохиолдолд дахин үнэлгээ хийхийг даалгах боломжгүй. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж зааснаар “МИАТ” ТӨХК болон “М х” ХХК-ийн хооронд байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26/30 дугаартай гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй.

19. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН