| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
2024 03 05 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бод холбогдох эрүүгийн “2411000000079” дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ............................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, охин Б.Ц нарыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу, би өөрийн үйлдэлд гэмшиж байна...” гэв.
Эрүүгийн 2411000000079 дугаартай хэргээс:
1. Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой намайг гэртээ охин Б.Ц, зээ охин А нарын хамт байж байхад миний нөхөр Ж.Б гаднаас согтуу орж ирсэн. Манай охин Б.Ц “аав унтаж амар, агсам согтуу тавихгүй шүү” гэж хэлэхэд Ж.Б шууд агсарч охин бид хоёрыг элдвээр харааж зүхэж доромжилсон. Тэгсэнээ намайг баганын хажууд сууж байхад та нар муу пизданууд цагдаа дуудаж намайг бариулж гэж орилж босож ирээд миний үснээс зулгааж үүд рүү чирсэн тэгэхдээ миний толгой түрүүгүй гараараа цохиж зодсон ба охин Б.Ц аавыгаа надаас салгах гэтэл бас аавдаа зодуулсан. Тэгэхээр нь цагдаа дуудаж бариулна гэж хэлэхэд Ж.Б хувцсаа бариад гараад зугатаачихсан. Гараад явсных нь дараа цагдаа нар ирээд охин бид хоёр Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлээд буцаад гэртээ ирэхэд Ж.Б гэртээ ирчихсэн ба араас цагдаа нар ирээд Ж.Быг бариад аваад явсан... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг манай нөхөр Ж.Б гараараа цохиж учруулсан. Манай нөхөр намайг зодохоос гадна өөрийнхөө төрсөн охин Б.Цийг бас гараараа цохиж зодож гэмтэл учруулсан. Уг нь миний охин намайг хамгаалж ааваасаа салгах гэтэл өөрөө зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,
2. Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний төрсөн эцэг Ж.Б маш олон жил архи ууж байна. Бараг архи уух болгондоо ээжид агсам согтуу тавьдаг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой намайг ээж хүүхдийнхээ хамт гэртээ байж байтал гаднаас аав согтуу орж ирсэн ба агсрах гээд байхаар нь би аавд хандаж агсам согтуу тавихгүй шүү гэж хэлсэн чинь шууд орилж чарлаад ээжийг заамдаж барьж аваад үснээс нь зулгаагаад нүүр рүү нь гараараа цохиод үснээс нь чирсэн тэгэхээр нь би ээжийг салгах гээд очиход аав миний үснээс зулгаагаад гараараа миний нүүр нүд гар руу цохисон тэгэхээр нь цагдаа дуудая гэсэн чинь аав хувцсаа өмсөөд гараад явчихсан дуудлагаар ирсэн цагдаатай хамт ээж бид хоёр цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөд тэр шөнө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эргээд гэртээ ирэхэд аав гэрт байхаар нь цагдаа дуудаж бариулсан... Аав гаднаас согтуу орж ирээд ээж бид хоёрыг гараараа цохиж зодсон үснээс зулгаасан нүүр нүдгүй цохиж зодсон. Надад учирсан гэмтлийг аав надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
3. Гэрч А.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд эхнэр 3 хүүхдийнхээ хамт өөрийн хашаа байшинд амьдардаг юм. Миний төрсөн эгч Байгалмаа нөхөр Ж.Б хүүхдүүдийнхээ хамт манай гудамжинд тусдаа амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед шиг санаж байна намайг гэртээ байж байхад миний төрсөн эгч Байгалмаагийн хүү Амгаланбаатар гүйж орж ирээд аав согтуу ээж эгч хоёрыг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд очоогүй гэртээ байж байтал Байгалмаа эгч зодуулчихсан манай гэрт орж ирээд Ж.Б согтуу Б.Ц бид хоёрыг зодоод алах нь гэсэн тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол Ж.Б ах гэрээсээ гараад явчихсан байсан. Би тэр даруй цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгаж нөхөр нь согтуу эхнэр хүүхдээ зодоод байна гэж дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 733 дугаартай "...Б.Цийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, доод уруулын дотор салст, дух, баруун бугуйнд цус хуралт, баруун чамархай, доод уруулын зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хурууны хумс мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, алгадах үйлчлэлээр 2023.12.22-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно..." гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны едер гаргасан 736 дугаартай "...А.Бгийн биед дух, баруун зулайн хуйх, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун шанаа, хүзүү, баруун гарын алга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43/
6. Яллагдагч Ж.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 84- 79/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ж.Бод холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ............................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Б, охин Б.Ц нарыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой намайг гэртээ охин Б.Ц, зээ охин А нарын хамт байж байхад миний нөхөр Ж.Б гаднаас согтуу орж ирсэн. Манай охин Б.Ц “аав унтаж амар, агсам согтуу тавихгүй шүү” гэж хэлэхэд Ж.Б шууд агсарч охин бид хоёрыг элдвээр харааж зүхэж доромжилсон. Тэгсэнээ намайг баганын хажууд сууж байхад та нар муу пизданууд цагдаа дуудаж намайг бариулж гэж орилж босож ирээд миний үснээс зулгааж үүд рүү чирсэн тэгэхдээ миний толгой түрүүгүй гараараа цохиж зодсон ба охин Б.Ц аавыгаа надаас салгах гэтэл бас аавдаа зодуулсан. Тэгэхээр нь цагдаа дуудаж бариулна гэж хэлэхэд Ж.Б хувцсаа бариад гараад зугатаачихсан. Гараад явсных нь дараа цагдаа нар ирээд охин бид хоёр Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлээд буцаад гэртээ ирэхэд Ж.Б гэртээ ирчихсэн ба араас цагдаа нар ирээд Ж.Быг бариад аваад явсан... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг манай нөхөр Ж.Б гараараа цохиж учруулсан. Манай нөхөр намайг зодохоос гадна өөрийнхөө төрсөн охин Б.Цийг бас гараараа цохиж зодож гэмтэл учруулсан. Уг нь миний охин намайг хамгаалж ааваасаа салгах гэтэл өөрөө зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,
-Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний төрсөн эцэг Ж.Б маш олон жил архи ууж байна. Бараг архи уух болгондоо ээжид агсам согтуу тавьдаг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой намайг ээж хүүхдийнхээ хамт гэртээ байж байтал гаднаас аав согтуу орж ирсэн ба агсрах гээд байхаар нь би аавд хандаж агсам согтуу тавихгүй шүү гэж хэлсэн чинь шууд орилж чарлаад ээжийг заамдаж барьж аваад үснээс нь зулгаагаад нүүр рүү нь гараараа цохиод үснээс нь чирсэн тэгэхээр нь би ээжийг салгах гээд очиход аав миний үснээс зулгаагаад гараараа миний нүүр нүд гар руу цохисон тэгэхээр нь цагдаа дуудая гэсэн чинь аав хувцсаа өмсөөд гараад явчихсан дуудлагаар ирсэн цагдаатай хамт ээж бид хоёр цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөд тэр шөнө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эргээд гэртээ ирэхэд аав гэрт байхаар нь цагдаа дуудаж бариулсан... Аав гаднаас согтуу орж ирээд ээж бид хоёрыг гараараа цохиж зодсон үснээс зулгаасан нүүр нүдгүй цохиж зодсон. Надад учирсан гэмтлийг аав надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
-Гэрч А.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд эхнэр 3 хүүхдийнхээ хамт өөрийн хашаа байшинд амьдардаг юм. Миний төрсөн эгч Байгалмаа нөхөр Ж.Б хүүхдүүдийнхээ хамт манай гудамжинд тусдаа амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед шиг санаж байна намайг гэртээ байж байхад миний төрсөн эгч Байгалмаагийн хүү Амгаланбаатар гүйж орж ирээд аав согтуу ээж эгч хоёрыг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд очоогүй гэртээ байж байтал Байгалмаа эгч зодуулчихсан манай гэрт орж ирээд Ж.Б согтуу Б.Ц бид хоёрыг зодоод алах нь гэсэн тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол Ж.Б ах гэрээсээ гараад явчихсан байсан. Би тэр даруй цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгаж нөхөр нь согтуу эхнэр хүүхдээ зодоод байна гэж дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 733 дугаартай "...Б.Цийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, доод уруулын дотор салст, дух, баруун бугуйнд цус хуралт, баруун чамархай, доод уруулын зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хурууны хумс мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, алгадах үйлчлэлээр 2023.12.22-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно..." гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны едер гаргасан 736 дугаартай "...А.Бгийн биед дух, баруун зулайн хуйх, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун шанаа, хүзүү, баруун гарын алга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Бын хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.Б, Б.Ц нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба А.Б, Б.Ц нарын хувьд шүүгдэгчийн эхнэр, төрсөн охин тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэлтэйн дээр хоёр хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт бий болсон гэж дүгнэх боломжтой байна.
Энэхүү үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирчээ.
Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нэр, шинжийг тухайн хэсэгт нь заалгүй Эрүүгийн хуулийн өөр зүйл, заалтаас иш татах байдлаар зааж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлөх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан нь эрүүгийн эрх зүйн иш татсан диспозиц мөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж, мөн зүйл, хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тодорхойлсон нь шүүгдэгч Ж.Бын үйлдэлтэй тохирсон байх тул түүнийг дээрх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Шүүгдэгч Ж.Бын хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нар баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Ж.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийн хамааралтай 2 хүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж удаа дараа гэртээ агсам согтуу тавьдаг байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, ялын хэмжээг 420 цагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч Ж.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 837 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ба тэрээр энэ ялаа эдэлж эхлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 10-01/316 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 837 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР