| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ч.Нарангэрэл
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт ******* Энхболд, Боржигон овогт Дамба-Ярьпилын нарт холбогдох эрүүгийн 2340000000067 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан-нуур суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум 1 дүгээр баг 2-64 тоотод оршин суух хаягтай, одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр 17-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* . //
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, яс үндэс халх, бүрэнд дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Авто тээврийн цехэд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр 07-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт ******* Энхболд. //
1Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур”-ын төвд хохирогч *******той маргалдаж, улмаар чихрийн тавгаар толгойн хэсэгт 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур”-ын төвд хохирогч *******тай маргалдаж улмаар модон сандлаар толгойн хэсэгт 1-2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
-Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би эхнэрийнхээ ажил дээр очсон чинь байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь 2-3 удаа тогшсон боловч тавихгүй байсан. Манай эхнэр мэдээж *******тай цуг “Дэлгэр нуур” рестораны 2 давхрын караоке өрөөнд 2-3 хоног 4-5 хүнтэй найзлаад яваад ууж идээд яваад байгааг мэдэж байгаа учраас ******* асуухаар шийдээд дээшээ гараад манай эхнэр хаана байна гэж асуухад танай эхнэрийг би яаж мэдэх вэ, өрөөндөө байгаа байх гэсэн. Өрөөндөө байхгүй байна гээд хэлсэн чинь ер нь та нарын амьдрал бид нарт ямар хамаатай юм бэ, танай янхан эхнэрийг чинь мэдэхгүй гэсэн ухааны юм ярьсан. Чи тэгвэл хаа байгаа газрыг нь олоод өг гэсэн чинь чи манай арын өрөөнүүдийг шалга байхгүй гэсэн. Намайг дагуулаад доод өрөөнд орсон. Хаалгыг нь нээгээд ороход манай эхнэр өрөөндөө байсан. Хаалгаа дотроосоо түгжээд суугаад байсан. Тэгээд ороод эхнэртээ хаалга үүдээ түгжээд гэр орондоо очихгүй өчнөөн хоногоор намайг хөөж туугаад байх юм. Одоо гэртээ хариад учир зүйгээ олмоор байна гэдгээ хэлсэн. Тэгсэн манай эхнэр миний үгийг тоогоогүй. ******* хажууд зогсож байсан. Би тэр хавийн хөшиг, ус буцалгагч, ширээн дээр байсан зүйл унагааж агсам согтуу тавих маягийн үйлдэл гаргасан. Би эхнэрээс танай найз чамайг янхнаар чинь дуудаад байна. Ямар учиртай юм бэ гэж асуусан чинь манай эхнэр ******* чи яагаад намайг тэгж хэлж байгаа юм бэ гэж асууж байх шиг байсан. Дараа нь *******тай маргалдсан санагдаж байна. ******* түрүүлээд чихрийн тавгаар миний толгой руу цохисон. Тэгэхэд миний толгойноос маш их хэмжээний цус гарсан. Тэрүүхэн хооронд миний уур хүрсэн. ******* дээшээ 2 давхар руу гараад гүйсэн. Би хойноос нь очиход ширээн дээрээ сууж байгаад намайг хараад босож зогссон. Ширээний хажууд хүрэн өнгийн сандал байсан. Чи яагаад миний толгойг цохиж байгаа юм бэ гээд янз янзаар хэлсэн. ******* эцсийн эцэст хэрүүл маргаан чамаас болсон. Та нарын ууж идэж байгаа архи дарснаас болсон. Чи яагаад миний толгой тархийг цохиж байгаа юм бэ гэж хэлээд хүрэн өнгийн сандлаар толгой руу нь нэг удаа цохисон. Цохихдоо би сандлын бариулаас бариад тал хөлөөр нь цохисон. ******* цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг аваад явсан. Тэр хавийн хүмүүс ******* агсам тавиад явсан гэсэн ойлголт төрүүлсэн байсан. Тэгээд цагдаа дээр очсон үлээлгээд эрүүлжүүлэхэд суусан. Толгойны цус тогтохгүй маш их хэмжээгээр цус гоожоод байхаар нь жижүүрийн цагдаад эмнэлэг ороод оёулмаар байна. Тэгэхгүй бол цус нь тогтдоггүй гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг орж 2-3 оёдол тавиулсан. ******* биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
-Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би ******* нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв
-Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тогооч нарын баярын өдөр болсон. Тухайн өдөр *******ын эхнэр болох Х.Батжаргал найзтайгаа дээшээ гарч ирсэн. Би анх удаа энэ хүмүүстэй Бор-Өндөрт ирснээсээ хойш пиво уусан. Тухайн өдөр ******* ярьж байгаагаар эхнэрээ зодоход нь би цуг гүйж орж ирээгүй. Эхлээд би дээрээс сонссон. ******* дээшээ гараад эхлээд надаас асуугаад гарсан. Миний өрөөнд байхгүй гэж хэлсэн. Тэгээд доошоо буугаад нэлээн хугацааны дараа байж байсан чинь эмэгтэй хүн орилсон. өрөө манай текэн доороос энгийн харьцаанаас арай нэг илүү жоохон чанга дуу ярихад цуурайтаж сонсогддог. Тэгээд намайг буугаад очиход Х.Батжаргал аль хэдийн газар хэвтчихсэн байсан. Цагдаа дуудсан байсан. Намайг ороход ******* эхнэрээ боогоод би арай гэж салгасан. Тэр талаарх зураг хавтаст хэрэгт ороогүй байсан. Би хэвтэрт байхдаа босож чадахгүй ийм байдалтай байна гээд бүх зургаа байцаагч руу явуулсан. Би “Дэлгэр нуур” рестораныг 1 сарын хугацаанд түрээслэхдээ Х.Батжаргалтай 10 гаран хоног харьцаж үзсэн. Би ресторанаа өдрийн 166,000 төгрөгөөр түрээсэлдэг. Тэгээд Х.Батжаргал надад *******ыг хүчирхийлэгч гэж ойлгуулсан. Энэ хэрэг болохын 2-3 хоногийн өмнө нүүр ам нь аймаар болчихсон ажил төрөлдөө ирэхгүй байгаа гэж манай нэг түрээслэгч найз нь гэрт нь очоод ирсэн байсан. Х.Батжаргал хэлэхдээ ******* бид хоёр цагдаа дуудах хэмжээний маргалдаагүй гэдэг. Намайг өрөөнд орохоос өмнө ухаан алдаад унасан байсан. Би доошоо буугаад тэрүүгээр байсан хүмүүст та нар ямар аймар юм бэ, эмэгтэй хүн ийм болсон байхад чинь та хэд цагдаа дууддаггүй юм уу гэж уурласан. Тухайн үед мниий түрүүлж үйлдэл хийсэн нь буруу байх. ******* хүчирхийлэгч биш байсан ч гэсэн би андуурсан байсан. Би *******ыг дандаа л эхнэр хүүхдээ зодож, дарамталдаг, дээрэлхдэг гэж ойлгосон байсан. Энэ хүн намайг боосны дараа дахиад эхнэрээ хэвтэж байхад нь очоод дэвсээд байхаар нь би чихрийн таваг аваад шидсэн. Намайг дээшээ гараад зугтаасан гэж байна. Би Энхболдоос айсан. ******* тэрүүгээр нэг орилж хашхираад хүнийг айдас хүргэтэл нь мэдрэмж төрүүлсэн. Би дээшээ гарахад ******* миний араас орж ирэхэд би 102-т дуудлага өгөөд миний утас тасраагүй туслаарай гэж байхад ******* намайг сандлаар цохисон. *******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
-Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...1-рт.шүүгдэгч *******оос 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд “Дэлгэр нуур” рестораныг түрээсэлж ажиллаж байхдаа 18,145,000 төгрөгийн орлого олсон. Энэ орлогыг ажлын 31 хоногт хуваахаар нэг өдрийн орлого 585,322 төгрөг болж байгаа. *******од зодуулж, гэмтэл авсны улмаас 7 хоног ажлаа хийгээгүй. 7 хоногийн хугацаанд олох байсан орлого 4,097,258 төгрөгийг гаргуулна. 2-рт. Ажилгүй байсан хугацааны 7 хоногийн түрээсийн төлбөр 1,166,666 төгрөгийг гаргуулна. 3-рт.Өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг гаргуулна. *******оос нийт 7,763,924 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
-Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр ******* архи уусан ажил дээр ирсэн. Би нөхөртэйгөө маргалдсан. Тэр хооронд ******* манай нөхөр *******ыг чихрийн болор тавгаар толгойг нь цохиж хагалсан. Толгойноос нь цус маш ихээр гарсан. Би цус хараад ухаан алдсан. Манай нөхөр намайг цохиж зодоогүй. Би эхлээд нөхрөө хаалга тогшиход онгойгоогүй. Дараа нь хаалга тогшихоор нь онгойлгосон. ******* манай нөхөртэй цуг өрөөнд орж ирсэн. Хэрэлдээд цуг орж ирсэн.” гэв.
Эрүүгийн 2340000000067 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:
-Хохирогч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр эхнэрийн ажил болох Дэлгэрнуур рестораны 1 давхраар ортол өрөөндөө байхгүй хаалга нь цоожтой байсан. Би тэгэхээр нь 2 давхар руу гараад гэх найзаас нь манай эхнэр хаана байна гэж асуусан. Тэгтэл хариуд нь доороо л байгаа биз дээ наад янхныг чинь би яаж мэддэг юм гэж хэлсэн. Тэгээд миний урд доошоо хамт буугаад хаалга тогшсон чинь эхнэр хаалга дотроосоо түгжээд байж байсан юм уу яасан юм дотроосоо онгойлгосон. Онгойлгохоор нь би ороод чи яагаад хаалга үүдээ түгжээд байгаа юм бэ гэж хэлээд гэр рүүгээ харъя гэж хэлсэн. Тэгтэл үгүй гэхээр нь энэ хүүхэн чинь чамайг янхан гэж хэллээ ямар учиртай юм бэ гэж асуусан. Надад яагаад намайг тэгж байгаа юм бол гэж байсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад тэгтэл голоор орж ирээд намайг түлхэхээр нь чи яах гээд байгаа юм. Өнөөдрийн маргааны гол буруутан нь чи шүү гэж хэлтэл чамаас болж манай эхнэр ийм байдалтай болсон нь чи хэд хоног хамт архи уулаа тэрнээс болсон шүү гэсэн. Хүний амьдралд битгий оролцоод бай гэхэд та нарын амьдрал надад ямар хамаатай юм гээд ширээн дээр байсан чихрийн тавгийг аваад миний толгойн зулай хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд гараад зугтаасан. Миний толгойноос маш их цус гарсан тэгэхээр нь би араас нь гараад дээшээ 2 давхарт ширээний хажууд зогсож байхаар нь чи яаж байгаа юм гээд хажууд гарт таарсан хүрэн өнгийн модон сандлаар 1 удаа цохисон. Тэгээд доошоо буугаад эхнэрийн өрөө рүү ортол цагдаа ирчихсэн. Эхнэр ажлынхаа өрөөнд ухаан алдаад унасан байсан. Намайг цагдаа аваад цагдаа руу ирээд эхнэрийг үлдсэн цагдаа нар эмнэлэг рүү хүргэж өгсөн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
-Хохирогч ******* 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 11 сарын 06-ны өдөр 14:10 цагийн орчимд сумын төвд Дэлгэрнуур төвийн 2 давхарт буюу өөрийн ажлын байран дээрээ байж байхад 1 давхарт бөөн дуу болоод эмэгтэй хүн орилохоор нь би буугаад очсон чинь 1 давхарт гоо сайхан бариа засал хийдэг Х.Батжаргал гэх эмэгтэй нөхөртөө зодуулж байхаар нь дундуур нь ороод болиоч чи, ямар зэрлэг юм бэ гээд загнасан чинь нөхөр нь болох залуу уурлаад намайг барьж аваад баруун шанаа орчим 1 удаа гараараа цохиод цамцны захаар намайг боогоод байсан, би арай хийж салгасан чинь тэр залуу цааш эргэж эхнэрээ газар байхад нь дэвсээд байсан. Би энэ үед чихрийн таваг авч шидчихсэн чинь тэр залуугийн толгой орчим онохоор нь би гараад зугтаасан. Өрөөндөө орж ирээд хэсэг болоход үүдээр орж ирээд өрөөнд байсан модон сандал барьж аваад чи яасан хүний амьдралд оролцдог юм бэ, чамайг алж байж шоронд явна шүү гээд тухайн модон сандлаараа миний толгойн тус газар 1-2 удаа цохисон, энэ үед өмнө нь дуудлага өгсөн байсан учраас цагдаа нар ирсэн ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
-Гэрч 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр ажил дээрээ хаалгаа дотроосоо түгжээд сууж байсан юм. Тэгтэл нөхөр Энхболд ирээд хаалга тогшоод байхаар нь жаахан уусан юм шиг санагдаад онгойлгоогүй юм. Тэгтэл яваад өгөх шиг болсон чинь яваагүй дээшээ 2 давхрын ресторан ажиллуулдаг руу ороод намайг асуусан юм шиг байгаа. Тэгээд тэр хоёр хамт бууж ирээд нөхөр хаалгыг маань хүчтэй түлхээд ороод ирсэн. Орж ирээд намайг яагаад хаалга түгжээд байгаа юм гээд хэрүүл хийгээд согтуу байсан болохоор агсраад үүдний хаалганы хөшиг татаж унагаагаад ус буцалгагч энэ тэрийг газраар шидсэн. Би чи яагаад байгаа юм тайвшралдаа гэхэд танай хамт ууж идээд байдаг найзаас чинь ороод асуусан чинь танай янхан эхнэрийг би мэдэхгүй гээд байх юм. Чамайг яагаад янхан гэж хэлж байгаа юм гээд над руу дайраад тэр хавиар юм хум авч шидээд байсан чинь хажуугаас нь зэрэгцэж зогсож байгаад ширээн дээр байсан чихрийн тавгаар манай нөхрийн толгой руу цохиод авсан чинь аймар их цус гараад тэгээд би цус хараад ухаан алдаад унаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй нэг сэргэхэд эмнэлэг рүү ирж байсан. Эмнэлэгт очоод би тайвшруулах тариа хийлгээд тэгээд гэр рүүгээ явсан. ...Тэр бол худлаа би хаалгаа тайлаагүй тэгээд нөхөр дээшээ гараад хамт бууж ирсэн юм билээ. Надтай маргалдаад чамайг найз чинь янхан гэлээ гээд уурлаад л юм авч шидээд байсан болохоос надад гар хүрсэн зүйл байхгүй. Бумдарийн ч баруун шанаа хэсэгт манай нөхөр намайг харж байхад л лав цохиогүй. Тэгээд намайг цус хараад ухаан алдсан чинь гараад дээшээ ажлын байр руугаа орсон юм шиг байна лээ. Тэгэхээр нь араас нь манай нөхөр ороод чамаас л бүх юм боллоо. Чи дандаа уруу татаж архи дарс уулгадаг гээд л толгойгоо хагалуулсан болохоор сандал аваад цохисон юм шиг байна лээ. Ер нь гэдэг хүүхнийг Сэлэнгэ аймгаас ирснээс нь хойш мэддэг болоод найз нөхөд гээд найзалсан юм. Тэрнээс хойш надаас мөнгө зээлье гээд байхаар нь би мөнгө зээлсэн чинь тэрнээс хойш мөнгийг маань өгөхгүй удаад л яваад байгаа юм. Тэр өдөр нөхөр дээшээ гараад чи яагаад эхнэрээс зээлсэн мөнгө төгрөгөө өгөхгүй байгаа юм гээд л хэрүүл болоод тэгсэн би өгөхгүй танай янхан эхнэрийг ч хаана байгааг мэдэхгүй гээд л маргаан дотроо үүссэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
-Гэрч А.Арвинжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай камерын хард нь гэмтээд Улаанбаатар хотоос олдохгүй Малайз улс руу захиалсан байгаа. Яаралтай сэлбэг нь ирвэл ажиллагаанд оруулах гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай “1.*******ын биед толгойн орой духны үстэй хэсгийн язарсан шарх бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай “1.Я.Бумдарийн биед толгойн зүүн зулай хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг болон зүүн гарын сарвууны ар хэсгүүдийн цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
-Гэрч ******* 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрнуур ресторанд дуудлага мэдээлэл ирсэн. Би Төгөлдөрийн хамт очсон. 2 давхарт гарахад гэх эмэгтэй сандлаар цохиулчихлаа гээд байж байсан. Хажууд нь Энхболд гэх залуу байсан. Толгойноос нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/
-Гэрч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Дэлгэрнуур ресторанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 13 цагийн үед үсчин орж үсээ янзлуулах гээд гарсан. 15 цагийн үед орж ирэхэд Бумдарийн толгойны дух хэсэгт нэлээн том хавдаад овойсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/
-Эд мөрийн баримтаар “түшлэгтэй хүрэн өнгийн сандал” тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 96 дугаар хуудас/
-Гэрч ******* 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрнуур ресторанд хүмүүс зодолдоод байна, хурдан очоорой гэсэн. Би *******ын хамт очсон. Очиход 2 давхарт гэх эмэгтэй толгойныхоо зүүн хэсэгт сандлаар цохиулсан гээд толгойн хавдсан байдалтай байсан. Хажууд нь Энхболд гэх залуу хоорондоо хэрэлдсэн зогсож байсан. Энхболдын дух хэсгээс цус гарч байсан.” /хх-ийн 93 дугаар хуудас/
-Шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би чихрийн таваг аваад Энхболд руу шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/
-Шүүгдэгч *******ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би болсон асуудлыг дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаа, Б.Ариунзул, Э.Баасанжав нарын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 264 дугаартай “1.Я.Бумдарийн биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн сарвуунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, нидрэх шүргэх үед үүсгэгдэнэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.******* хамрын таславчийн мурийлт нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2340000000067 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгч ******* өмгөөлөгч Ч.Нарангэрэл нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09 дүгээр хуудас/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 577 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/
-Иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/
-Гэрч Х.Мөнхдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/
-Гэрч М.Нямжаргалын мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/
-Эд мөрийн баримтаар “түшлэгтэй хүрэн өнгийн сандал” тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 96 дугаар хуудас/
-Шийтгэх тогтоолын хуулбар, шийтгэврийн хуулбар /хх-ийн 102-104, 110-113, 119 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур” ХХК-ийн байранд хохирогч *******тай маргалдаж, улмаар модон сандлаар толгойн хэсэгт 1-2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч ******* 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өрөөндөө орж ирээд хэсэг болоход үүдээр орж ирээд өрөөнд байсан модон сандал барьж аваад чи яасан хүний амьдралд оролцдог юм бэ, чамайг алж байж шоронд явна шүү гээд тухайн модон сандлаараа миний толгойн тус газар 1-2 удаа цохисон, энэ үед өмнө нь дуудлага өгсөн байсан учраас цагдаа нар ирсэн ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай “1.Я.Бумдарийн биед толгойн зүүн зулай хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг болон зүүн гарын сарвууны ар хэсгүүдийн цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
-Гэрч ******* 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрнуур ресторанд дуудлага мэдээлэл ирсэн. Би Төгөлдөрийн хамт очсон. 2 давхарт гарахад гэх эмэгтэй сандлаар цохиулчихлаа гээд байж байсан. Хажууд нь Энхболд гэх залуу байсан. Толгойноос нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/
-Гэрч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Дэлгэрнуур ресторанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 13 цагийн үед үсчин орж үсээ янзлуулах гээд гарсан. 15 цагийн үед орж ирэхэд Бумдарийн толгойны дух хэсэгт нэлээн том хавдаад овойсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/
-Эд мөрийн баримтаар “түшлэгтэй хүрэн өнгийн сандал” тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 96 дугаар хуудас/
-Гэрч ******* 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрнуур ресторанд хүмүүс зодолдоод байна, хурдан очоорой гэсэн. Би *******ын хамт очсон. Очиход 2 давхарт гэх эмэгтэй толгойныхоо зүүн хэсэгт сандлаар цохиулсан гээд толгойн хавдсан байдалтай байсан. Хажууд нь Энхболд гэх залуу хоорондоо хэрэлдсэн зогсож байсан. Энхболдын дух хэсгээс цус гарч байсан.” /хх-ийн 93 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаа, Б.Ариунзул, Э.Баасанжав нарын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 264 дугаартай “1.Я.Бумдарийн биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн сарвуунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учирчээ.” гэх дүгнэлт,
-Шүүгдэгч *******ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би болсон асуудлыг дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур” ХХК-ийн байранд хохирогч *******той маргалдаж, улмаар чихрийн тавгаар толгойн хэсэгт 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүний амьдралд битгий оролцоод бай гэхэд та нарын амьдрал надад ямар хамааттай юм гээд ширээн дээр байсан чихрийн тавгийг аваад миний толгойн зулай хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд гараад зугтаасан. Миний толгойноос маш их цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
-Гэрч 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* зэрэгцэж зогсож байгаад ширээн дээр байсан чихрийн тавгаар манай нөхрийн толгой руу цохиод авсан чинь аймар их цус гараад тэгээд би цус хараад ухаан алдаад унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
-Гэрч ******* 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрнуур ресторанд дуудлага мэдээлэл ирсэн. Би Төгөлдөрийн хамт очсон. 2 давхарт гарахад гэх эмэгтэй сандлаар цохиулчихлаа гээд байж байсан. Хажууд нь Энхболд гэх залуу байсан. Толгойноос нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/
-Гэрч ******* 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрнуур ресторанд хүмүүс зодолдоод байна, хурдан очоорой гэсэн. Би *******ын хамт очсон. Очиход 2 давхарт гэх эмэгтэй толгойныхоо зүүн хэсэгт сандлаар цохиулсан гээд толгойн хавдсан байдалтай байсан. Хажууд нь Энхболд гэх залуу хоорондоо хэрэлдсэн зогсож байсан. Энхболдын дух хэсгээс цус гарч байсан.” /хх-ийн 93 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай “1.*******ын биед толгойн орой духны үстэй хэсгийн язарсан шарх бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/
-Шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эхнэрээ өшиглөхөөр нь ширээн дээр байсан чихрийн таваг аваад шидчихсэн юм. Энхболдтой ойр байсан болохоор шидсэн гэх юм уу цохисон л гэх байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ба энэ гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хөнгөн хохирол учирсан үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур” ХХК-ийн байранд хохирогч *******той маргалдаж, улмаар чихрийн тавгаар толгойн хэсэгт 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрнуур” ХХК-ийн байранд хохирогч *******тай маргалдаж улмаар модон сандлаар толгойн хэсэгт 1-2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн байна.
Хохирогч ******* нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу шүүхээс дахин шинжээч томилсон.
Үүний дагуу Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаа, Б.Ариунзул, Э.Баасанжав нарын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 264 дугаартай “1.Я.Бумдарийн биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн сарвуунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учирчээ.” гэх дүгнэлт гарсан бөгөөд уг 264 дугаартай шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн хохирогч ******* биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 264 дугаартай шинжээч нарын дүгнэлт нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй, няцаагүй, 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гарсан байх тул уг дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******, шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан байна.
Шүүх хуралдаанд хохирогч ******* нь “1-рт. шүүгдэгч *******оос 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд “Дэлгэр нуур” рестораныг түрээсэлж ажиллаж байхдаа 18,145,000 төгрөгийн орлого олсон. Энэ орлогыг ажлын 31 хоногт хуваахаар нэг өдрийн орлого 585,322 төгрөг болж байгаа. *******од зодуулж, гэмтэл авсны улмаас 7 хоног ажлаа хийгээгүй. 7 хоногийн хугацаанд олох байсан орлого 4,097,258 төгрөгийг гаргуулна. 2-рт. Ажилгүй байсан хугацааны 7 хоногийн түрээсийн төлбөр 1,166,666 төгрөгийг гаргуулна. 3-рт.Өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг гаргуулна. *******оос нийт 7,763,924 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны олох байсан орлого, түрээсийн төлбөр, өмгөөлөгчийн хөлстэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Хохирогч ******* нь өөрийн олсон орлогыг нотлох зорилгоор шүүх хуралдаанд ХААН банкны дансны хуулгыг ирүүлсэн бөгөөд уг дансны хуулгаар Д.Бумдарийг өдөрт олсон орлогыг тодорхойлох боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч ******* нь “шүүгдэгч ******* нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Боржигин овогт ******* Энхболд, Боржигон овогт Дамба-Ярьпилын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн, шүүгдэгч ******* нь эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял, шүүгдэгч Д.Бумдарийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч ******* өмгөөлөгч Ч.Нарангэрэлээс “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү.” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч ******* нь гэмт хэргийг эхэлж үйлдсэн, *******ыг эхнэр Х.Батжаргалтай маргалдаж байсан гэх шалтгааны улмаас чихрийн тавгаар хохирогч *******ын толгойн тус газар цохиж гэмтэл учруулсны дараа ******* нь Д.Бумдарийг сандлаар цохиж гэмтэл учруулсан байх тул хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн ******* нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн “...шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын тогтмол орлогогүй, торгох ял оногдуулах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бумдарийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү.” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд түр оршин суудаг, хүү Б.Ирээдүй 3 настай, охин Б.Номин-Эрдэнэ 15 настай, бага насны хүүхдүүдийг асран хамгаалах зайлшгүй шаардлагатай зэргийг харгалзаж торгох ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2.08 хувийн согтолттойгоор гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түшлэгтэй хүрэн өнгийн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт ******* Энхболд, Боржигон овогт Дамба-Ярьпилын нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт ******* Энхболд, Боржигон овогт Дамба-Ярьпилын нарыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түшлэгтэй хүрэн өнгийн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ