| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫАЫЫ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан /цахимаар/
Шүүгдэгч Э.Сүхбат нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алаг адуут овогт Эрдэнэбаярын Сүхбатад холбогдох эрүүгийн 2340000000063 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Алаг адуут овогт Эрдэнэбаярын Сүхбат. /СИ99031619/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Сүхбат нь Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр баг “Замын худаг” гэх газарт нутаглах хохирогч Э.Батцэцэгийн бэлчээрт байсан үхрээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн үхэр сүрэгт нийлсэн 1 тооны үхрийг авч, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Сүхбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн.” гэв.
Эрүүгийн 2340000000063 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/
-Хохирогч Э.Батцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох замын худаг гэх газар нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. Би өөрөө тус багийн засаг даргаар ажилладаг учраас сум хөдөөгүүр ирэн очин байдаг. Манай нөхөр тогтмол мал дээрээ байдаг юм. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу мягмар гаригт манай нөхөр Болор-Эрдэнэ малдаа яваад ирэхдээ манай үхрүүд маань гэрээсээ хойд зүгт 5 орчим километрийн зайд бэлчээртээ байна. Тэгээд бүртгээд үзсэн чинь хоёр чих нь үзүүр нь ухам мөн зөв чих нь шар өнгийн бирктэй хар зүсмийн үнээ маань алга болсон байна, ойр хавиар эрж хайгаад ямар нэгэн зүйл мэдэгдсэнгүй. Чи цагдаад мэдэгд гэсэн тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид бичгээр гомдол гаргасан юм.
Хар зүсмийн, хоёр чих нь үзүүрээсээ ухам, мөн хумбан эвэртэй, зөв чих нь шар өнгийн бирктэй байсан юм. Одоо 6 настай сувай үнээ байгаа юм. Би өөрийн алдсан үнээгээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна, уг асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
-Хохирогч Э.Батцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Манайх өмнөх өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 23-нд тоолсон манай үхрүүд бүгд байсан. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 24-нд байхгүй байсан тул цагдаад мэдэгдсэн. Өмнөх өдөр нь би өөрөө үхрээ тоолоход үхрүүд бүгд зүсээрээ байсан. Миний алдсан үхэр 2 чих нь үзүүртээ ухам имтэй хар зүсмийн сувай үнээ байсан. Энэ үхэр нь манай малын им тэмдэгнээс өөр им тэмдэгтэй байсан. Учир нь жилийн өмнөөс Цэнхэрмандал сумаас авчирсан үнээ байсан юм. Тухайн цаг хугацаанд Э.Сүхбатынх болон манайх мөн бэлчээр 4-5 км зайтай байсан. Сүхбат манай малын им тэмдгийг мэднэ. Хулгайлсан үхэр нь 2 жилийн өмнө манайх худалдаж аваад удаж байсан. Сүхбат надад 2.000.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал алга..." гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 дугаар хуудас/
-Хохирогч Э.Батцэцэгийн “Миний бие Эрдэнэбаатар овогтой Батцэцэг нь Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багт амьдардаг, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 чих үзүүрээсээ ухам, зөв чих шар өнгийн бирктэй, сувай хар үнээ алдсан тул цагдаад мэдэгдсэн. Манай үнээг авч цагдаад баригдсан Сүхбат гэгч нь надад хохирол болох 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцох боломжгүй. Сумаас алслагдсан цас ихтэй зудын байдалтай тул ноториатаар баталгаажуулах боломжгүй байна” гэх хүсэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/
-Гэрч Ж.Отгонжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт Хэрлэнгийн 2-14 тоотод хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хөдөө гэр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг сангийн далай багт Улаан өндөр гэх газар байдаг хөдөө гэрт маань Сүхбат гэдэг хүү маань ганцаараа малаа хараад байдаг. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд хөдөө байдаг хүү рүүгээ утсаар яриад ээжид нь мөнгөний хэрэг гараад ээж нь эмээг нь хот руу эмчилгээнд авч явхаар боллоо яах уу гэхэд хүү маань надад хандан би хонь мал өгч чадахгүй ганц үхэр хэвтээд хачин байгаа та энийг ирээд аваад яв гэсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн 80-15 УЕО улсын дугаартай “Prius” маркийн машинтайгаа ганцаараа хөдөө гэр лүүгээ явсан. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан. Тэгээд би 19 цагийн орчимд хөдөө гэртээ очсон. Тэгтэл хүү маань нөгөө үхрээ хийчихсэн байгаа гээд гэрийн баруун талаас даавуу дэлгээд дээгүүр нь даавуугаар хучсан байсан үхрийг миний машинд ачиж өгсөн юм. Тухайн үед хүү маань гэртээ ганцаараа байсан. Би үхрийнхээ махыг ачаад эргээд Хэнтий аймгийн төв рүү явсан. Тэр үед цаг 20 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд би шөнө 23 цагийн орчимд Хэрлэн голын гүүрээр Хэнтий аймаг руу орж ирээд шууд гэртээ хариад амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед "Өгөөмөр" махны бой руу явж үхрийнхээ махыг Эндгээ гэдэг махны ченжид өгсөн. Би хэний үхэр байсан гэдгийг мэдэхгүй байна. Анх намайг хүүтэйгээ уулзахад манай хүү өөрийнхөө үхрээс ажилласан гэж надад хэлж байсан. Үхрийн мах ачихад хажууд нь хар зүсмийн үхрийн арьс толгой шийр байсан. Би тухайн үхрийн махыг зарахдаа гарал үүслийн бичиг аваагүй. 179 хил болсон. 1.611.000 төгрөг болсон. Би өөрийн төрсөн ах Батбаатарын дансанд хийлгэсэн. Би хотод байдаг охин руугаа эмээгийнхээ эмчилгээнд яаралтай мөнгө хэрэг гарвал өгөөрэй гээд 400.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 450000 төгрөгөөр цэцэг ломбарданд ээмгээ тавьсан байсныг авсан. Үлдсэн мөнгө нь одоо надад байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/
-Гэрч Ж.Отгонжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:”...Би өөрөө очиж өгсөн. Ямар нэгэн настай хүн би дагуулж очоогүй. Харин манай ах Батбаяр тэр үед эхнэрээ хүргэж өгөхөөр бойн дээр очсон байхад нь таарч дансанд нь мөнгөө хийлгэсэн юм. Манай үхрийн им нь зөв тал араасаа догол, буруу тал нь цуулбар имтэй юм. Гэхдээ манайх авбал мал ганц нэг байдаг, тухайн үхэр авдаг орой харанхуй болж байхад ирээд хүүгээрээ махаа ачуулаад л шууд буцсан. Тухайн үхрийн им тэмдгийг анзаараагүй юм. Гадаа хогийн савны хажууд байлгаж байсан чинь хог ачдаг машин хогтой хамт ачаад явчихсан байсан. Аймгийн бой арьс шир, толгой шийр авахгүй болохоор нь гаднаа байлгаж байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 88-91 дүгээр хуудас/
-Гэрч Ж.Батбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэнгийн 4-9 тоотод эхнэр хүүгийн хамт амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай өөрийн төрсөн дүү болох Отгонжаргал нь над руу утсаар яриад ахаа би хаан банкны виза картаа эрээд олдоггүй та дансаа өгөөч ээжийн бие муудаад байна би эмчилгээнд авч явах гэсэн юм. Тэгээд нэг үхрээ хөдөө гэрээс махалж авчраад хүнд зарж байгаа юм. Тэгээд мөнгөө авах виза карт байдаггүй гэхээр нь би өөрийн 5954428264 дугаарын хаан банкны дансаа өгсөн. Тэгтэл удаагүй миний дансанд “0” гэсэн утга бүхий 1.611.000 төгрөг орж ирсэн.Тэгээд Отгонжаргал манайд ирж миний хаан банкны виза картыг гуйгаад аваад явсан юм. Надад хэлэхдээ хөдөө гэрээсээ нэг үхэр нядлаж ирээд зарж байгаа юм гэж хэлж байсан. Харин хаана хэн гэдэг хүнд зарж байгаагаа хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
-Гэрч Т.Энхбаясгалангийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Өгөөмөр нэртэй махны бойнд мал мах авдаг. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд ажил дээрээ байж байтал нэг настайвтар эрэгтэй хүн ирж үхрийн мах өгөх гэсэн юм. Би тухайн үед махыг нь үзэж хараад килограммыг нь 9.000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үхрийн мах нь 179 кг болж байсан. Тэгээд би мөнгийг нь эхнэрийнхээ эзэмшлийн хаан банкны 5956025444 дугаарын данснаас Батбаатар гэсэн нэртэй 5954428264 тоот дансанд 1.611.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үхрийн махны арьс, толгой, гэдэс дотор гэж юм байгаагүй зөвхөн мах л байсан. Надад үнээний мах гэж зарсан санагдаж байна. Тухайн нэг тооны үхрийн махны гарал үүслийн бичиг гэж юм өгөөгүй би бичгээ өг гэж шаардсан боловч утсаар яриад явуулна гэж хэлээд явсан. Тэгээд эргэж ирээгүй. Би тэр өдөртөө худалдаж авсан махаа бөөгнүүлээд Улаанбаатар хот руу Хүчит шонхор зах руу хөлсний машинаар ачуулаад явуулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
-Гэрч Т.Энхбаясгалангийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тэр эмэгтэйтэй хамт 1 хүн явж байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө 1 настайвтар эрэгтэй хүнээс мах худалдаж авсан гэж мэдүүлсэн юм, эрэгтэй нь л зарж байна гэж бодсон юм. Ер нь бол яг хэнийх нь үхэр хэн нь зарж байгааг бол би мэдэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/
Яллагдагч Э.Сүхбатын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2340000000063 дугаартай тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг үйлдсэн. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. Тухайн үед манайх "Хадат-Улаан" гэх газарт өвөлжөөндөө буусан байсан, Э.Батцэцэгийнх Галшар сумын 4 дүгээр баг, Сангийн далайн баруун талаар нутаглаж намаржиж байсан, эдний үхэр тэр үед Сангийн далайн дэрс хавиар л бэлчдэг байсан байх, сайн мэдэхгүй байна. Тэдний үхэр мориор зөв тал нь урдаасаа догол, буруу тал нь сам имтэй байх гэж бодож байна, өөр хүний үхэр байдаг гэж сонсож байсан тэр үхэрнүүдийнх нь имийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/
-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-258 дугаартай шинжээчийн “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2340000000063 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгчийн өмгөөлөгч нь “улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхардаж байгаа тул шинжлэн судлуулсанд тооцуулна.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Сүхбат нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр баг “Замын худаг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Э.Батцэцэгийн бэлчээрт байсан үхрээс өөрийн үхэр сүрэгт нийлсэн 1 тооны үхрийг хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Э.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 14-15, 84-87, 109 дүгээр хуудас/, гэрч Ж.Отгонжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20, 88-91 дүгээр хуудас/, гэрч Ж.Батбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Т.Энхбаясгалангийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 100 дугаар хуудас/, яллагдагч Э.Сүхбатын 2023 оны оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/, “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-258 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Сүхбат нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр баг “Замын худаг” гэх газарт нутаглах хохирогч Э.Батцэцэгийн бэлчээрт байсан үхрээс өөрийн үхэр сүрэгт нийлсэн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Э.Сүхбатын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг өгсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Иймд шүүгдэгч Э.Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Сүхбат нь хохирогч Э.Батцэцэгт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Батцэцэг нь “Э.Сүхбат нь 2,000,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлгийг, шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Сүхбат нь “хохирогчид 2,000,000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлгийг, шүүх хуралдааны товыг хохирогч Э.Батцэцэгт мэдэгдэхэд “би хохирлыг бүрэн авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг тус тус өгсөн байна.
“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2 сая төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Сүхбат нь хохирогч Э.Батцэцэгт 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Э.Сүхбат нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Сүхбат нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр баг “Замын худаг” гэх газарт нутаглах хохирогч Э.Батцэцэгийн бэлчээрт байсан үхрээс өөрийн үхэр сүрэгт нийлсэн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Шүүгдэгч Э.Сүхбатын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Сүхбатын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Сүхбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг хугацаанд өөрийн оршин суугаа газар Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Э.Сүхбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хөдөө ганцаараа мал маллаж амьдарч, амьжиргаагаа залгуулдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Э.Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Э.Батцэцэгт 1 тооны үхэр буюу 1,500,000 /2 сая/ төгрөгийн хохирол учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,500,000 /2 сая/ төгрөгийг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Э.Сүхбат нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 108/
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч Э.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Э.Сүхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Сүхбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2,000,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Алаг адуут овогт Эрдэнэбаярын Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алаг адуут овогт Эрдэнэбаярын Сүхбатад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Сүхбатыг тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Сүхбатын тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сүхбат нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тайлбарласугай.
6.Шүүгдэгч Э.Сүхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 (хоёр сая) төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сүхбатад урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Сүхбатад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ