Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/00201

 

 

 

 

  2021          01            18                                           101/ШШ2021/00201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М

Хариуцагч: Д.Э

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, *******, *******, нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би 2017 оны 4-р сарын 25-ны өдөр БЗД-ийн ******* тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг нийт 35 сая төгрөгөөр үнэлж орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж талууд гарын үсгээ зуран нотариатаар баталгаажуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд орон сууцны үнийг бэлэн төлөхөөр тохиролцон бэлэн 20 сая төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгийг cap бүрийн 20-ны дотор 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл 2019 оны 10 сарын 15 хүртэл мөнгөө төлж байгаад сүүлдээ төлбөрөө төлөхөө больж одоо болтол *******ээс үлдэгдэл 16,500,000 төгрөгийг авч чадаагүй бөгөөд би бусдад өгөх өр төлбөртэй учраас үлдэгдэл мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага16,500,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэв.  

******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15-р хороолол, 41-р байрны 22 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг нийт 35,000,000 төгрөгөөр үнэлж орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар орон сууцны нийт үнээс бэлэн төлөхөөр тохиролцон 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Харин үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө төлж байгаад сүүлдээ төлбөрөө төлөхөө байсан учраас хариуцагчаас нийт гэрээний үлдэгдэл төлбөр 16,500,000 төгрөгийг авч чадахаа байсан. Иймд үлдэгдэл төлбөрөө гэрээний үүрэгт заасны дагуу нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******тай Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15-р хорооллын 41/22 тоот 18 м.кв байрыг 35 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, бэлэн 21 \хорин нэгэн сая\ төгрөг өгөөд үлдсэн мөнгийг хувь лизингээр төлнө гэж гэж гэрээ хийж, нотиратдаар батлуулсан болно. Уг гэрээний дагуу бид зохих төлбөрийг хийж дуусгасан болно. Төлбөрөө 2019 оны 10-р сард төлж дуусгасан нь ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт нь байгаа болно. Гэтэл анх яригдаж байсан 50 \тавин сая\ төгрөгийн гэрээг гаргаж, надаас үндэслэлгүйгээр 16 сая 500 мянган төгрөг нэхэмжилж байна. Бидний хооронд тооцоо дууссан гэж хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан баримт байгаа учраас би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууны үнийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Төлбөр тооцооны гэрээ” нэртэй хэлцэл хийж хариуцагч нь нэхэмжлэгчид 49,900,000 төгрөг төлөх үүрэгтэйг хүлээн зөвшөөрч, 20,000,000 төгрөгийг төлж үлдэх 29,900,000 төгрөгийг сар бүрийн 15-20-ны өдрийн хооронд 500,000 төгрөг төлж дуусгахаар тохиролцжээ. Тус хэлцэл хийгдсэнээс 8 хоногийн дараа зохигчийн хооронд “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 41 дүгээр байрны 22 тоотод орших 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагчид худалдах, хариуцагч үнийг төлөх үүрэг хүлээжээ.

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч орон сууцны үнийг нэхэмжлэгчид дутуу төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч 16,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсссэн байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэл, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... орон сууцыг 35 сая төгрөгөөр үнэлж орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж ... баталгаажуулсан ... бэлэн 20 сая төгрөг өгсөн ... үлдэх мөнгийг сар бүрийн 20-ны дотор 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, 2019.10.15-аас хойш төлбөрөө төлөхөө больсон” гэх агуулгатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “49,900,000 төгрөгөөс хариуцагчийн орон сууцны үнэд төлсөн 21 сая, *******гийн өмнөөс Д.Цэнд-Аюушт төлсөн 6 сая төгрөгийг хасч үлдэх мөнгө 16,500,000 төгрөг” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч *******, ХААН банк ХХК дахь өөрийн ******* тоот данснаас хариуцагч *******гийн ******* болон түүний зөвшөөрснөөр ******* тоот дансанд 14 удаагийн гүйлгээгээр 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаас орон сууцны үнэд 20,000,000 төгрөг хүлээн авсан тухай дурдсан, зохигч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн төлбөр тооцоо дууссан тухай баримтаар хариуцагч, нэхэмжлэгчид 34,000,000 төгрөг төлснийг, орон сууцны ашиглалтын зардалд 1,411,000 төгрөг төлснийг тус тус орон сууцны үнэд тооцон тооцоо нийлжээ.

Нэхэмжлэгч *******, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2762 дугаартай иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо маргаж буй 22 тоот орон сууцыг 35,000,000 төгрөгтөөр *******т худалдсан гэх тайлбарыг гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч орон сууцыг 49,900,000 төгрөгөөр худалдахаар хариуцагчтай хэлцэл хийсэн гэх тайлбар үгүйсгэгдэх бөгөөд хариуцагчийн татгалзал, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзнэ. Түүнчлэн зохигчийн хооронд хийгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Төлбөр тооцооны гэрээ” нэртэй хэлцэл нь зохигчийн маргаж буй 22 тоот орон сууцны үнийг тохирсон, төлбөрийг хэрхэн төлөх талаархи тохиролцоо гэж шууд үндэслэн дүгнэх боломжгүй, хэлцлийн агуулгаас орон сууцыг худалдах-худалдан авахтай холбоотой агуулга, хүсэл зориг илэрхийлэгдэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хариуцагч орон сууцны үнэд нийт 35,411,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч *******гийн *******ээс орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ