Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0757

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

  

Нэхэмжлэгч: “Х б” ХХК    

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар   

Гуравлдагч этгээд: “М а М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““М а М” ХХК-ийн нэгж талбарын 1780600590 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зохид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0711 дүгээр шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Хот байгуулалт, хотын стандарын газрын итгэмжлэгдсэн төлөлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр 

Хэргийн индекс: 128/2026/0207/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х б” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “М а М” ХХК-ийн нэгж талбарын 1780600590 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зохичд буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0711 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.2.3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хэсгийн 3.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Х б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Х б” ХХК-ийн гомдлыг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулгаас хальж, захиргааны байгууллагаас аль хэдийн албан ёсны хариуг нь өгч шийдвэрлэсэн асуудлаар “гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй” хэмээн буруу дүгнэж, улмаар захиргааны байгууллагад хууль зүйн болон бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “М а М” ХХК-ийн нэгж талбарын 1780600590 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг даргад болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” хэмээн тодорхойлсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргасан “... барилгын ажлыг зогсоохгүй байгаа эс үйлдэхүй”-г шийдвэрлэхдээ хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон мөртлөө нийслэлийн Засаг даргад холбогдох хэсгийн хангаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эс үйлдэхүй гэж гаргахдаа ямар тоот албан бичгийг захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гэж үзээд байгаагаа өөрөө тодорхойлоогүй бөгөөд барилгын ажлыг зогсоохгүй байгаа эс үйлдэхүй гэж тодорхойлсон. Шүүхээс эс үйлдэхүй гэж үзэхдээ үндэслэх хэсгийн 18 дахь хэсэгт “... “Х б” ХХК-иас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08/21 тоот албан бичгээр нийслэлийн албанд хандан гаргасан “... уг газартай дүйцэхүйц үнэ цэнэ бүхий газар дүйцүүлэн олгох” хүсэлтийг шийдвэрлээгүй тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргахгүй байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч газар эзэмших эрх нь зөрчигджээ” гэж үзэж үүнийг эс үйлдэхүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, тус бичгийн хариуг 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02-07/5820 дугаар албан бичгээр тус компанид хүргүүлсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар хууль ёсны захиргааны акт гаргах үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл гаргахаас татгалзсан гомдол эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан. Үүнийг үндэслэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн эзэмшиж буй газар нь Энхтайваны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын загвар зургийн трасст өртсөн тул Нийслэлийн Ерөнхий архитектуроос тус компанийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал өөрөө “дүйцэхүйц үнэ цэнэ бүхий газар дүйцүүлэн олгох” хүсэлт гаргаж, уг асуудлыг захиргааны байгууллагаас шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад анхан шатны шүүх эдгээр ач холбогдол бүхий үйл баримтууд, хэрэгт авагдсан баримтуудад хууль зүйн бодит дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Нэгэнт газрын байршил шилжүүлэх, дүйцүүлэн олгох асуудал яригдаж, замын трасст өртсөн бодит нөхцөл байдал тогтоогдсон байхад Засаг даргад “Гомдлыг дахин шийдвэрлэхийг даалгах” нь захиргааны байгууллагад биелүүлэх боломжгүй үүрэг хүлээлгэж байгаа ба энэ нь шүүхийн шийдвэр биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

3.2.  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Х б” ХХК-ийн зүгээс тус шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн.

 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага “Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын баталсан 2025/00-631 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 тоот шийдвэрээр олгогдсон газар дээр баригдаж буй “М а М” ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах,


2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага “М а М” ХХК-ийн нэгж талбарын 1780600590 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах”

2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрдүүлбэр хангах нь гэдгээр “... Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын баталсан 2025/00-631 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд ... маргаан бүхий архитектур төлөвлөлийн даалгаврыг баталсан этгээд нь өөрчлөгдөхгүй тул хариуцагч өөрчлөгдөх үндэслэлгүй, нийслэлийн Засаг даргаас Хот байгуулалтын тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээг аваагүй, зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж манай компанийн газар эзэмших эрхэд халдаад байгаа үйл баримтын талаар хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасныг шийдвэрлүүлэхээр зохих захиргааны актыг гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах”

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 09 дүгээр сарын 16-ны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо “М а М” ХХК-ийн нэгж талбарын дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах”

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан бөгөөд эцсийн байдлаар 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд тодорхойлсон “М а М” ХХК-ийн нэгж талбарын дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болох Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” шаардлагын хүрээнд шүүхээс хэргийг шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.1-д “Хот байгуулалт, хотын стандартын газраас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/327 тоот албан бичгээр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй” гэх боловч нэгж талбарын 1780600590 дугаар бүхий “Монгол алт МАК” ХХК-ийн эзэмшлийн газарт барилгын ажил явагдаж байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгээр, агаар сансрын зурагт тусгагдсанаар тус тус тогтоогдов” гэж дүгнэсэн.


“М а М” ХХК-ийн хувьд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1780600590 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э- 2206001386 дугаартай, үйлчилгээ зочид буудлын зориулалт бүхий 15.091 м.кв газрыг 2004 оноос хойш холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдсон гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа болно. Манай компани нь тус газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор зочид буудал, оффисын зориулалт бүхий “МАК Тауэр” барилгыг барихаар төлөвлөж 2004 онд газар эзэмших эрх авснаас хойш холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийг авч, 2008 онд барилгын суурийн ажил хийгдсэн боловч хөрөнгө оруулалтын асуудлаас болоод барилгын ажил зогсож ямар ч барилгын үйл ажиллагаа хийгдээгүй, зөвхөн барилгын суурийн ажил эхлэх үед арматурын төмрөөр босгосон суурийн бага хэсгийг байгаль цаг уурын нөхцөл байдлын улмаас муудаж, үгүй болгохгүй гэсэн үүднээс арчилж, хамгаалж байгаа талаар шүүхэд тайлбар болон шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлаж байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс одоо буюу маргаан шийдвэрлэж байгаа үед барилгын суурийн ажил явагдаж байгаа, хийгдэж байгаа мэтээр хэрэгт байгаа баримтыг мушгин тайлбарлаж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №2/787 дугаар албан бичгээр хавсаргасан ирсэн 2019 он, 2021 он, 2022 оны агаар сансрын зураг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэгийн фото зургаас юу тодорхой харагдаж байгаа вэ? гэхээр “М а М”  ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр барилгын суурь гэх арматур төмрөөр босгосон зүйл байгаа боловч барилгын ажил явагдаагүй болох, уг барилгын суурь өмнө нь буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүсэхээс ч өмнө байсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, бодит байдлыг үгүйсгэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Уг барилгын суурийг олон жилийн өмнө тавьсан талаарх гуравдагч этгээдийн тайлбарт итгэхгүй байгаа бол шүүх өөрийн санаачилгаар уг суурийн ажлыг хийх барилгын ажлын зөвшөөрлийг гуравдагч этгээд өмнө нь авч байсан эсэх лавлагаа, баримтыг цуглуулах боломжтой байхад энэ талаарх нотлох баримтыг цуглуулахгүйгээр, шүүх зохих зөвшөөрөл авалгүйгээр суурь хийх барилгын ажил явуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.2-д “Нэгж талбарын 1780610352 дугаар бүхий нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын хэвлийд 300  мм-ийн голчтой шугам болон 800мм-ийн голчтой 1а магистралын 2 хос дулааны шугам шилжүүлэн байрлуулсан болох нь... тогтоогдов” гэж, мөн 4.3-д “Үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй газар нь хойд талаараа дулааны шугам, баруун талаараа авто зам, зүүн талаараа “М а М” ХХК-ийн эзэмшиж буй газар, урд талаараа орон сууцны хорооллын хашаагаар битүү хүрээлэгдсэн байдалтай болсон, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нөхцөл байдал тогтоогдов” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.


Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх 2019 онд анх үүссэн байх бөгөөд уг эрх анх үүсэхэд л нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хойд талд шугам хоолой, зүүн тал гуравдагч этгээдийн газар, урд талд орон сууцны хороолол, баруун талд авто зам байсан. Энэ нөхцөл байдал шүүхийн шийдвэрт бичээд байгаа дулааны шугам хоолойг нэхэмжлэгчийн газар доогуур хийсний улмаас үүссэн нөхцөл байдал биш.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2019 онд үүсч 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар авах үед, загвар зургаа батлуулах үед ч нэхэмжлэгчийн газар дээр дулааны шугам байсан, баруун талд авто зам, урд орон сууцны хороолол, зүүн талд гуравдагчийн эзэмших эрх бүхий газар байж л байсан. Ил байсан дулааны шугамыг газар доор оруулж байрлуулсан нь шүүхийн шийдвэрт бичээд байгаа нөхцөл байдлыг үүсгээгүй.

Тодруулбал хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нэхэмжлэгчийн өөрийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврын төлөвлөлтийн хязгаарын схем зурагт, мөн нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №76 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвасын зураглалд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар дээр дулааны шугам байсан болох нь бүрэн харагдаж байгаа. Мөн 2020 оны П.Сайнбаярын үйлчилгээний барилга загвар зурагт “инженерийн шугам сүлжээний хариуцсан байгууллагаас шугам сүлжээг зөөж шилжүүлэх техникийн нөхцөл гарсан тохиолдолд ажлын зураг боловсруулах шаардлагатай, улс нийслэлээс хэрэгжүүлэх дэд бүтцийн ажилд саад учруулахгүй байх, төрөөс татаас нэхэмжлэхгүй байх шаардлагатай” гэж тэмдэглэгдсэн тэмдэглэгээнээс нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар дээр дулааны шугам хоолой анхнаасаа байсан, улс, нийслэлийн ажил хийгдэх үед саад учруулахгүй байх талаар эрх бүхий байгууллагаас сануулж байсан болох нь харагдаж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн газар дээр ямар ч дулааны шугам хоолой байхгүй байсан мэтээр, нэхэмжлэгч дулааны шугам хоолойг мэдээгүй байсан мэтээр, дулааны шугам хоолойг нэхэмжлэгчийн газар доогуур гэнэт шилжүүлж суурилуулсан мэтээр, ингэснээр нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа мэтээр дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт судлаагүй, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “М а М” ХХК-ийн нэгж талбарын дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болох Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” гэж тодорхойлсон бөгөөд шүүхээс уг шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс “Нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилга баригдаж буй үйл ажиллагаанд хяналт тавих үү хэрэгжүүлээгүй... Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлыг бодит нөхцөл байдалд “тохируулан” гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн, хуульд заасан арга хэлбэрээр шийдвэрлэж, газар эзэмшигчид хуулиар олгогдсон газраа эзэмших эрхийг хангах нь зүйтэй” гэж дүгнэн “Х б” ХХК-ийн гомдлыг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Тодруулбал нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “М а М” ХХК-ийн нэгж талбарын дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болох Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” гэсэн байхад шүүхээс өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж “... “Х б” ХХК-ийн гомдлыг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж... шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эс үйлдэхүйг тодорхойлохдоо барилгын ажлыг зогсоохгүй байгаа эс үйлдэхүй гэж тайлбарлаж маргаж байгаа болохоос гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан барилгын ажил явагдаж байгаа, барилгын ажлыг зогсоох гэсэн агуулга бүхий гомдлыг гаргаж байгаагүй бөгөөд зөвхөн дулааны шугамын шинэчлэлтэй холбоотой гомдол гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гомдлоос бүрэн харагдаж байгаа болно. Гуравдагч этгээдийн газар дээр одоогоор барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй, барилгын ажил явагдаагүй болохоор нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаж байгаагүй болох нь тодорхой байгаа юм.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн барилгын суурийн ажлаас болоод нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдөж байгаа гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Харин дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар дээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дулааны шугамын барилгын ажил явагдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь гомдол гаргаж байсан мөртлөө гуравдагч этгээдийн өөрийн газар дээрээ олон жилийн өмнө хийсэн суурийн улмаас эрх ашиг нь зөрчигдсөн мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг шүүх ялгаж, салгаж чадсангүй.

Дараах баримтаар нэхэмжлэгчийн газар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа, мөн төрөөс хэрэгжүүлж буй замын трассын ажилд хамрагдаж байгаа болох нь бүрэн харагдаж байна. Үүнд:

Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 07 дугаар сарын 29-ний №12/1469 дугаар албан бичигт “Энхтайвны гүүрний зүүн талд иргэн П.Сайнбаярт эзэмшүүлсэн 1780610352 нэгж талбарын дугаартай газар дахь Үйлчилгээний түр барилга, байгууламжийн төлөвлөлт нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын баталсан 2025 оны 2501080209 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын загвар зургийн трасст өртсөн байх тул 2020 оны ГБМЗХ2020/20-16 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн загвар зургийг цуцалсан болно” гэж, Нийслэлийн ерөнхий архитекторын 2026 оны 07 дугар сарын 03-ны өдрийн №А/07 дугаар “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалд "Энхтайвны гүүрний зүүн талд иргэн П.Сайнбаярт эзэмшүүлсэн 1780610352 нэгж талбарын дугаартай газар дахь үйлчилгээний түр барилга, байгууламжийн төлөвлөлт нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын баталсан 2025 оны 2501080209 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын загвар зургийн трасст өртсөн байх тул 2020 оны ГБМЗХ2020/20-16 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн загвар зургийг тус тус цуцалсугай” гэж, Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №01-05/8893 дугаар “Х б” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “Танай эзэмшлийн газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр “Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчин дулааны шугамын хамгаалалтын бүсэд тус тус өртсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг үүгээр мэдэгдье”, Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №01-05/4141 дугаар “Х б” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “... газар нь Газрын тухай хуулийн 35.3.1..., 35.3.2..., 33.6... дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 33.1... дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 61.1 ... дэх хэсэгт заасны дагуу танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг үүргээр мэдэгдэж байна...” гэж.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар бус өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №128/ШШ2026/0711 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Анх “Х б” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “Улаанбаатар хотын ерөнхий архитетур бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын баталсан 2025/00-631 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчингүй болгох, нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 тоот шийдвэрээр олгогдсон газар дээр баригдаж буй “Монгол алт МАК” ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““М а М” ХХК-ийн нэгж талбарын 1780600590 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” гэж өөрчилжээ.

3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

4. Тодруулбал, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага орхигдуулсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүх эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, шаардагдах захиргааны акт гаргахыг даалган шийдвэрлэхээр байна.

5. Нэхэмжлэгч нь ““М а М” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй” маргах боловч үндэслэлээ “... “Х б” ХХК нь нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй. Тус газар нь “М а М” ХХК-ийн эзэмшлийн газартай хил залгаа байрладаг. Энэхүү хоёр газрын дээгүүр дулааны болон цэвэр, бохир ус татан зайлуулах төв магистраль шугам явдаг. Гэтэл “М а М”  ХХК-ийн газар дээгүүр явж байсныг өөрчилж, зөвхөн “Х б” ХХК-ийн газар дээгүүр явуулахаар шугамын өөрчлөлтийг хийсэн. Энэ нь “Х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж тайлбарлажээ. /2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс/ 

6. “Х б” ХХК-иас 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Хот байгуулалт, хотын стандартын газарт 11/07 дугаартай албан бичгээр, мөн өдөр нийслэлийн Засаг даргад хандаж 11/04 дугаартай албан бичгээр “... хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж, “М а М” ХХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар манай газарт шилжүүлэн барьсан шугам сүлжээг чөлөөлөх талаар хуульд заасан холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргасан байх бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/7833 дугаартай албан бичгээр “... гадна дулааны шугамын трасс нь “Х б” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан” гэх хариуг хүргүүлсэн,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2/787, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02/1109 дүгээр албан бичиг болон түүнд хавсаргасан баримтуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцалгүй, нэхэмжлэгчийн газарт дулааны шугамын трасс байршиж байгаа нь тогтоогдож байна. Мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/327, 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/751, 05 дугаар сарын 1-ний өдрийн 01/884 дүгээр албан бичгийг “М а М” ХХК-д барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй гэж, гуравдагч этгээдээс “... 2002 онд барилгын суурийн ажил хийгдсэн боловч хөрөнгө оруулалтын асуудлаас болоод барилгын ажил зогсож ямар ч барилгын үйл ажиллагаа хийгдээгүй” гэж тайлбарлах боловч 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл барилгын ажил явагдаж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг шууд үгүйсгэх боломжгүй байна. 

  1. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь “хоёр газрын дээгүүр дулааны болон цэвэр, бохир ус татан зайлуулах төв магистрал шугам явдаг. “М а М” ХХК-ийн газар дээгүүр явж байсныг өөрчилж, зөвхөн “Х б” ХХК-ийн газар дээгүүр явуулахаар шугамын өөрчлөлтийг хийсэн” гэж маргах боловч хариуцагч нийслэлийн Засаг даргаас дулааны шугамын трасс ““Х б” ХХК-ийн газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан гэх хариу хүргүүлсэн, мөн холбогдох газруудаас ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгчийн газар дээр дулааны шугамын трасс байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагаа гуравдагч этгээдийн барилгын ажлыг зогсоохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй маргасан, гуравдагч этгээд нь барилгын үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн зөрүүтэй байдал, мөн маргааны үйл баримтад холбогдуулан хариуцагч нарын ямар эс үйлдэхүйтэй маргаж байгаа, цаашлаад нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагчийг тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ, “... 8. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас нэгж талбарын 1780600590 дугаар бүхий газарт “М а М” ХХК-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй байх тул зөвшөөрөлгүйгээр барилга барих үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг хүлээхгүй байна... 13. ...нийслэлийн Засаг даргаас хариу өгөхдөө Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн зөрүүтэй тодорхойлолтод үндэслэн ““Х б” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан” гэх хариу өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлаас зөрүүтэй байх тул хариуцагч нь “Х б” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлээгүй гэж үзэхээр, тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/7833 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцээгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрлээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй” гэсэн атлаа “... нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар аливаа шийдвэр гаргаагүйн зэрэгцээ “Х б” ХХК-иас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08/21 тоот албан бичгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан “Уг газартай дүйцэх үнэ цэнэ бүхий газар дүйцүүлэн олгох” хүсэлтийг шийдвэрлээгүй тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч газар эзэмших эрх нь зөрчигджээ” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

9. Өөрөөр хэлбэл, “Х б” ХХК-иас хариуцагчийн “Барилгын ажлыг зогсоохгүй байгаа” эс үйлдэхүйтэй маргаж байхад нэхэмжлэгчийн газар дүйцүүлэн олгох хүсэлтийг шийдвэрлээгүй, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн зэргээр дүгнэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. 

10. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ  

        ШҮҮГЧ                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН 

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН