Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00079

 

    Ш.Ө-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00355 дугаар шийдвэртэй, Ш.Ө-ийн нэхэмжлэлтэй, А сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг тус сумын Бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Ш.Ө, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Т, түүний өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд томилохыг ажил олгогчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Ш.Ө миний бие өрх толгойлсон ганц бие эцэг бөгөөд бага насны 5 хүүхдийг тэжээн тэтгэдэг. Манай өрхөд надаас өөр ажил хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн чадвартай өөр хүн байхгүй, мал хөрөнгөгүй, нэн ядуу тарчиг амьдралтай. Миний бие А сумын ахлах сургуульд тус сургуулийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 14 тоот захирлын тушаалаар галч, манаачаар томилогдож, 5 жил 6 сар тасралтгүй ажилласан. Гэтэл тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 тоот тушаалаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тасалбар болгож, хавсран гүйцэтгэж байсан галчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ш.Ө миний бие анх галч, манаачаар томилогдсон тул хавсран гүйцэтгэж байсан галчийн орон тооны ажлаас чөлөөлөгдсөн тул манаачийн үүрэгт ажлыг хэвээр гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/02 тоот тушаалаар Ш.Ө намайг зөвхөн галчийн орон тооны ажлаас чөлөөлсөн ба манаачийн үүрэгт ажлаас чөлөөгүй тул манаачийн албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа нь ажил олгогчийн буруутай үйлдэл гэж үзэж байна. Одоогийн байдлаар А сумын ахлах сургуульд манаачийн 4 орон тоо байгаагаас 3 манаач ажиллаж байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд томилохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус сургууль өмнөх жилүүдэд нам даралтын зууханд 16 гэрээт галчийн ажилтантай ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дээд байгууллагын шийдвэрээр төвлөрсөн халаалтад шилжин улмаар тус сургуулийн халаалтын асуудлыг “Нур-Төре” ХХК гэрээгээр гүйцэтгэхээр болсон. Тус сургуульд улирлын чанартай гэрээгээр ажиллаж байсан 16 галчийн орон тоо болон цалин хөлсний зардал, төсөв 2018 оны төсвөөс хасагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т зааснаар оны эхнээс шинэ төсвөөр ажиллах болсон тул тус сургуулийн ажил, албан тушаалын жагсаалтыг батлахад галч нарын орон тоо ороогүй болно. Үүнийг үндэслэн ажил олгогчоос бүх галчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулан орон тоо цомхотгосон асуудлыг галчдын хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ш.Ө нь 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс галч, манаачийн ажилд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан боловч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс түүнтэй галчийн ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж түүнээс хойш галчийн орон тоонд ажиллаж цалин хөлс авч ирсэн. Энэ нь ажилтан Ш.Ө-тай байгуулсан 95 тоот хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар Ш.Ө нь манаачийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бол нэмэгдэл хөлс олгох тухай түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгагдах байсан. Иймээс галч, манаачийн орон тоо нь хоёр тусдаа ажлын байр гэж үзэж байна. Тухайн сургуулийн жил жилийн цалингийн цэс болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний хэмжээнээс үзэхэд Ш.Ө нь ТҮ-2 буюу галчийн цалингаар цалин хөлс авч ирсэн байна. Тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Н нь манаач галч нартай урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ээс дахин хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Ш.Ө-ыг галчийн орон тоонд ажиллуулахаар гэрээ хийгджээ. Тухайн гэрээг ажилтан Ш.Ө зөвшөөрч гарын үсэг зурж ямар нэгэн маргаан гаргаагүй байна. Өнөөдөр тус сургуульд манаачаар Т.А, Ж.Б, О.С нарын 3 хүн ажиллаж байгаа. Энэ нь тус сургуулийн орон тоо, бүтцэд 3 манаачийн орон тоо тусгагдсанаар ч нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Ш.Ө-ы нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00355 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.ыг Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд томилохыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасныг зөрчсөнөөр “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй зөрчилдөж байна.

Тус сургуульд нам даралтын зууханд 16 гэрээт галч ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дээд байгууллагын шийдвэрээр сургуулийн халаалт төвлөрсөн халаалтад шилжсэнээр улирлын чанартай гэрээгээр ажиллаж байсан 16 галчийн орон тоо болон цалин хөлсний зардал, төсөв 2018 оны төсвөөс хасагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1-т зааснаар оны эхнээс шинэ төсвөөр ажиллах болсон тул тус сургуулийн ажил, албан тушаалын жагсаалтыг батлахад галч нарын орон тоо ороогүй. Үүнийг үндэслэн ажил олгогчоос бүх галчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Мэдэгдэх хуудас” гардуулан орон тоо цомхотгосон асуудлыг галч ажилчдын хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ш.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-ыг хүлээн авсан тул ажил олгогч нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б\02 тоот тушаалаар 16 галчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлээд галч, манаачийн ажилд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан боловч 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш түүнтэй галчийн ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж галчийн орон тоонд ажиллаж цалин хөлс авч ирсэн. Энэ нь ажилтан Ш.Ө-тай байгуулсан 95 тоот хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар Ш.Ө нь манаачийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бол нэмэгдэл хөлс олгох тухай түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгах ёстой. Гэтэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгагдаагүй ба ажилтан Ш.Ө нь 2014 оноос хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл зөвхөн галчийн орон тоонд ажиллаж цалин хөлс авч байсан. Иймээс галч, манаачийн орон тоо нь хоёр тустаа ажлын байр гэж үзэж байна. Тухайн сургуулийн жил жилийн цалингийн цэс болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний хэмжээнээс үзэхэд Ш.Ө нь ТҮ-2 буюу галчийн цалингаар цалин хөлс авч ирсэн байна. Тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Нурлан нь манаач галч нартай урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ээс дахин хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Ш.Өыг галчийн орон тоонд ажиллуулахаар гэрээ хийгджээ. Тухайн хөдөлмөрийн гэрээг ажилтан Ш.Ө зөвшөөрч гарын үсэг зурж ямар нэгэн маргаан гаргаагүй байна. Ингэхээр ажилтан Ш.Ө нь манаачаар томилон ажиллуулахыг ажил олгогчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. Бодит байдалд Ш.Ө нь 2014, 2015, 2016, 2017 онд тус сургуульд манаачийн үүргийг огт гүйцэтгээгүй, зөвхөн галчаар ажиллаж байсан байдалд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй явдалд гомдолтой байна. Шүүхэд хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан А сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Г.Н, нягтлан бодогч К.К нарын мэдүүлгүүд, ажилтан Ш.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнд цалин хөлс олгосон жагсаалт зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “....нэхэмжлэгч Ш.Ө нь өрх толгойлсон, 5 хүүхдийг асарч байгаа ганц бие эцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна” гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ш.Өы асрамжид 3 хүртэлх насны хүүхэд байхгүй ба түүний хүүхдүүд нь бүгдээрээ том болж охин Жархыныг тус сургуульд ажилтай болгосон, зарим хүүхэд нь сумын ЗДТГ-т жолоочийн ажил эрхэлж байгаа. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130\ШШ2018\00355 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, Ш.Ө-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ш.Ө нь Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ. Хариуцагч гомдлыг эс зөвшөөрч мэтгэлцсэн байна.

            Зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тушаал, тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/85 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудас, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, А сумын бүрэн дунд сургууль болон “Нур төре” ХХК-ын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдлоо.

- Нэхэмжлэгч анх Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. Гэвч тэрээр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж, Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн ба үндэслэлээ “А сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тушаалаар галч, манаачийн ажилд томилогдож байсан, галчийн ажлаас чөлөөлөгдсөн учир манаачийн ажилд томилж өгнө үү” гэж тайлбарлажээ.

- Нэхэмжлэгч Ш.Ө нь ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар, орон тоо хасагдсан үндэслэлээр мөн сургуулийн галчийн ажлаас чөлөөлөгдсөн талаар маргаагүй бөгөөд ажилтныг уг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

- Ш.Ө нь ажил олгогчийн шийдвэрээр 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн галч, манаачийн ажилд томилогдож байсан хэдий ч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр галчийн ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан буюу бодит байдалд сургуулийн галчаар ажиллаж байсан талаар хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Түүнчлэн ажилтан, ажил олгогчийн хооронд манаачийн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасныг үндэслэл болгож, ажилтан Ш.Ө нь манаачийн ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд, тухайлбал галчийн ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг  хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн галчаар ажилласнаар ажил олгогчийн шийдвэрээр ажилтан Ш.Ө нь манаачийн ажлаас буруу халагдсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн талаар мэдсэн, мэдэх боломжтой ба хуульд заасан нэг сарын хугацаанд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Ш.Өы хариуцагч А сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээн авах нь зүйтэй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т заасан урьдчилсан нөхцөлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, бүхэлд нь хянах тул дараах дүгнэлтийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус, иргэн Т.А-ын Иргэний хууль,Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн агуулгатай байх тул уг гэрээг баталсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00187 дугаар шүүгчийн захирамжийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлт нь илт үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1.-т заасантай нийцээгүй. Учир нь хүсэлтэд хавсаргасан Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04, Б/06 дугаар тушаалууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаал зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед /2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар/ хэргийн оролцогчийн мэдэх боломжтой баримтууд байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Ө-ы анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00355 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ө-ы хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан “тус сумын Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн томилох тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Ө-ы анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК