Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 43

 

Г.Д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч Г.Д

 Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/395 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Г.Д холбогдох эрүүгийн 1914008470073 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Г.Д, 1986 оны 2 дугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-4 улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Г.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-наас 2019 оны 07 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах түйн голын эрэг дээр  Н.Б хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Г.Д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр дараах үндэслэл нотолгоо тогтоогдлоо. Үүнд

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад

Хохирогч  Н.Б…тухайн үед өмсөж явсан дотуур хувцасны нэг тал нь урагдаад утсан дээр тогтож яваад гэрт ороод тасраад унасан учраас хаясан. Өмсөж явсан плаж хормойгоороо цуурч урагдсан машинд миний хувцсыг тайлах гээд татаж байгаад урсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч Г.Анхбаярын ..  Н.Б нь надад хэлэхдээ Г.Дтой голын зах дээр машинд сууж байгаад машинаас нь буугаад зугтаагаад ирлээ гэж ярьсан. Яг хүчиндэхийг завдсан гэж юм яриагүй... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт ...миний хувьд ийм хэрэг хийгээгүй болохоо анхнаасаа илэрхийлсэн,... Н.Б нь замын цагдаа Мөнхбаяртай уулзаагүй шууд гол руу авч явсан гэж ярьдаг. Хэрвээ миний зүгээс тийм зүйл байсан бол Мөнхбаяртай таарахдаа энэ талаар хэлэх байсан байх гэх үүднээс Мөнхбаяраас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй ... гэх мэдүүлэг / хх-ийн 96-97 / зэргээс үзэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № 5/09 тоот зөвшөөрлөөр Цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Лхагважавд ... хохирогч  Н.Б өмсөж явсан /урагдсан/ гэх хувцаснуудыг .....түр хураан авах зөвшөөрлийг олгосон бөгөөд эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт авагдсан ба эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол / зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй, түүнчлэн хохирогч  Н.Бээс хураан авсан шар цэцэгтэй хар өнгийн даашинз тухайн хэрэгт хамааралтай эсэх , тэр өдөр ямар хувцастай байсныг гэрч Г.Анхбаяр, замын цагдаа Мөнхбаяр болон бусад хүмүүсээс тодруулж мэдүүлэг аваагүй,

 Мөн Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах түйн голд камер суурилуулсан эсэх талаар шалгах, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, тухайн камерийг бичлэгт үзлэг хийж хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авах ажиллагаа хийгээгүй орхигдуулсан,

Түүнчлэн хохирогч  Н.Б өмсөж явсан гэх шар цэцэгтэй хар өнгийн даашинзанд үүссэн урагдал нь механик урагдал уу, эсхүл ямар хүчний үйлчлэлээр урагдсан эсэхийг шалгаж тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах

2/ Шүүгдэгч Г.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт ...миний хувьд ийм хэрэг хийгээгүй болохоо анхнаасаа илэрхийлсэн. Өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагсан дээрх зүйлүүдийг тодруулж шалгуулах хүсэлтэй байна,.. Н.Б нь та нарыг чадчихаад би өөрөө ямар нэг аргаар шилжинэ гэж хэлээд хаалга саваад явсан... гэх мэдүүлэг ба хохирогч  Н.Б хувийн байдлыг тодруулахыг тулд 2018, 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргаж байсан өргөдөл, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр жолооч Батзаяад гомдол гаргаж, ёс зүйн хороогоор хэлэлцэгдэж байсан хурлын тэмдэглэл, 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай хурлын тэмдэглэлийг гаргуулж хэрэгт хавсаргах, мөн Батзаяа, Одбаяр Должинсүрэн, Рэнцэндорж нараас тодруулж мэдүүлэг авах шаардлагатай байна.

3/ Яллагдагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн №23 дугаар прокурорын тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8-т ... яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ... гэж хуульчилсан бөгөөд яллагдагч Г.Д 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр № 84 дугаар яллах дүгнэлтийг гардуулж өгсөн ба яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4-т ...гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гаргаж болохыг тайлбарлана... гэж хуульчилсан буюу аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй байтал энэ хугацааг хэрэгжүүлэх боломжийг хангахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь дээд шатны прокурорт гомдол гаргах эрх хязгаарлагдсан гэж үзэхээр байх ба хэрэгт дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Г.Д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулгын бичсэн 20 дугаар эсэргүүцэлд:

Шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Дийг 2019 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Түйн голын эрэг дээр  Н.Б хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн болно.

Яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж байгаа хүсэлт нь хохирогчийн хувийн байдлыг шалгаж тогтооход чиглэгдсэн ажиллагаануудыг хийлгүүлэхээр гаргаж байгаа бөгөөд хэрэгт хохирогч нь ямар хувийн байдалтай байх нь хамааралгүй, өмнө нь болсон байгууллагын дотоод асуудал, хэрүүл маргаан нь хэрэгт хамааралгүй болно.

Хохирогч нь Г.Д нь гол дээр машинд хүчиндэхийг завдсан, машинаас нь бууж зугтаагаад ажлынхаа Анхбаярыг дуудаж хүргүүлсэн гэж мэдүүлдэг бөгөөд Анхбаяр нь энэ байдлыг мэдүүлсэн болно. Мөн хохирогч нь замын цагдаа Мөнхбаяртай таарсан, таараагүй талаар мэдүүлээгүй бөгөөд Д нь гол явах замдаа Мөнхбаяртай таарсан гэж мэдүүлдэг тул Мөнхбаярыг гэрчээр асуух шаардлагагүй болно.

Дээрх хэрэг нь 2019 оны 07 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд хохирогч нь 2-3 сарын дараа гомдол гаргасан тул энэ хэргийн талаарх бичлэг нь хадгалагдах боломжгүй тул камерын бичлэгийг хураан авах нь хэрэгт ач холбогдолгүй болно.

Хохирогч нь тухайн цаг хугацаанд өмсөж явсан плаж урагдсан талаар мэдүүлсэн бөгөөд уг плажийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийж зургаар бэхжүүлж авсан бөгөөд плажийн урагдлыг юунаас болж яаж үүссэн байдлыг одоо шинжээч томилж тогтоох боломжгүй болно.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хохирогчийн хувийн байдал хэрэгт хамааралгүй тул хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломтой болно.          

Иймд эрүүгийн 1914008470073 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10- ний өдрийн 395 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг үүссэн шалтгаан нь гүтгэлэгийн шинжтэй байдаг. Мөрдөгч удаа дараа гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг нээхээс татгалзаж байсан. Мөн ганцхан плаж энэ хэргийн нотлох баримт дангаараа болохгүй. Плаж энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байдаг. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-наас 2019 оны 07 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах түйн голын эрэг дээр  Н.Б хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Н.Б хувийн байдлыг шалган тогтоох, тухайлбал Ж.Батзаяаг бэлгийн дарамт үзүүлсэн гэж тус газрын дарга О.Одбаярт тайлбар өгсөн, тайлбарыг хавсаргах, ёс зүйн хороогоор хэлэлцэж байсан эсэх,  Н.Бтэй холбоотой байгууллага дээр болж байсан асуудлуудыг баримтжуулан хавсаргах,

Яллагдагч Г.Д, хохирогч  Н.Б нарыг хамт явж байхад таарсан гэх цагдаа Мөнхбаяраас тухайн өдөр хаана таарсан эсэх, хохирогч  Н.Б нь ямар хувцастай байсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий зүйлсийн талаар тодруулж гэрчийн мэдүүлэг авах,

Хохирогч  Н.Б өмсөж явсан /урагдсан/ гэх хувцас нь тухайн хэрэг явдал болох үед өмсөж явсан эсэхийг гэрч Г.Анхбаяр, цагдаа Мөнхбаяр нараас асууж тодруулах,

Хэрэгт хураагдсан шар цэцэгтэй хар өнгийн даашинзыг эд мөрийн баримтаар тооцох эсэхийг тогтоох, даашинзанд үүссэн урагдлыг шинжээч томилж тогтоолгох, мөн тухайн үеийн камерын бичлэг байгаа эсэхийг тогтоох зэргээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурдагдсан ажиллагааг нэг бүрчлэн хийж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Г.Д холбогдох эрүүгийн 1914008470073 дугаартай хэрэгт шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/395 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын бичсэн 2020 оны 20 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Д урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.