| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
2024 02 29 2024/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхжин, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн “2411000000055” дугаартай, 186/2024/0161/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,
- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, шадивлангийн 12 дугаар гудамжны 1265-А тоот гэртээ байхдаа хамтран амьдрагч Н.Уыг өмнөх амьдралаа дуусгасангүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед “баруун зулайн хуйханд шарх, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зулгаралт, бүсэлхий баруун гуя өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Уын:...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Бийн төрсөн өдөр болсон учраас бид хоёр гэртээ 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Бийн төрсөн өдрийг тэмдэглэхээр болоод дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн “Xapaa” нэртэй архи, амттан зэрэг зүйл аваад гэртээ ороод уугаад сууж байтал миний өмнө нь хамт амьдарч байсан залуу залгаад надтай ярьсан. Б.Б нь өнгөрсөн амьдралаа дуусгаж чадахгүй байнга ярьж байх юм ямар учиртай юм бэ, гэх зэргээр уурлаж эхлэхээр нь би тэр хүн чинь Америкт байгаа бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй гээд тайлбарласан. Тухайн үед бид хоёр хоёулаа нилээн согтуу байсан учраас нэг нэгнийхээ үгийг сонсохгүй маргалдсаар байгаад асуудал хүндрээд Б.Б нь надад гар хүрсэн. Тухайн өдөр Б.Б нь миний зүүн талын хацарт гараараа 2-3 удаа алгадсан, маргалдах үедээ намайг түлхэхэд нь би үүдний хэсэгт байсан мөсөн дээр халтирч унасан унах үедээ хаалганы босго мөргөөд толгойгоо хагалсан. Бид хоёр хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Энэ хугацаанд надад гар хүрч зодож цохиж байсан удаа бол байхгүй анх удаа л ийм асуудал болж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн:...Намсрайжавын Учрал нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвийн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ гэх үйлчилгээ 120.000 төгрөг, Яаралтай тусламжийн үйлчилгээ 160.000 төгрөгийн зардал тус тус гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг ./хх-ийн 15-16 дугаар тал/,
2.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Уын биед баруун зулайн хуйханд шарх, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зулгаралт, бүсэлхий баруун гуя өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 22-23 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, шадивлангийн 12 дугаар гудамжны 1265-А тоот гэртээ байхдаа хамтран амьдрагч Н.Уыг өмнөх амьдралаа дуусгасангүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож, улмаар түүний биед “баруун зулайн хуйханд шарх, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зулгаралт, бүсэлхий баруун гуя өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Н.Уын:...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Бийн төрсөн өдөр болсон учраас бид хоёр гэртээ 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Бийн төрсөн өдрийн тэмдэглэхээр болоод дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн “Xapaa” нэртэй архи, амттан зэрэг зүйл аваад гэртээ ороод уугаад сууж байтал миний өмнө нь хамт амьдарч байсан залуу залгаад надтай ярьсан. Б.Б нь өнгөрсөн амьдралаа дуусгаж чадахгүй байнга ярьж байх юм ямар учиртай юм бэ, гэх зэргээр уурлаж эхлэхээр нь би тэр хүн чинь Америкт байгаа бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй гээд тайлбарласан. Тухайн үед бид хоёр хоёулаа нилээн согтуу байсан учраас нэг нэгнийхээ үгийг сонсохгүй маргалдсаар байгаад асуудал хүндрээд Б.Б нь надад гар хүрсэн. Тухайн өдөр Б.Б нь миний зүүн талын хацарт гараараа 2-3 удаа алгадсан, маргалдах үедээ намайг түлхэхэд нь би үүдний хэсэгт байсан мөсөн дээр халтирч унасан унах үедээ хаалганы босго мөргөөд толгойгоо хагалсан. Бид хоёр хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Энэ хугацаанд надад гар хүрч зодож цохиж байсан удаа бол байхгүй анх удаа л ийм асуудал болж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
-иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн:...Н.У нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвийн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ гэх үйлчилгээ 120.000 төгрөг, яаралтай тусламжийн үйлчилгээ 160.000 төгрөг, нийт 280.000 төгрөгний зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг . /хх-ийн 15-16 дугаар тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Уыг “өмнөх амьдралаа дуусгасангүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож, улмаар түүний биед “баруун зулайн хуйханд шарх, доод уруулд шарх, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зулгаралт, бүсэлхий баруун гуя өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Бийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
хохирогч Н.У нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирогч Н.У нь шүүх хуралд оролцохгүй, хохиролтой холбоотой баримт гаргаж өгөхгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн гэсэн тул шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Уд төлөх төлбөргүй, харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Н.Уын эмчилгээ, үйлчилгээ авсан 280.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хохирогч Н.У нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бээс 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд төлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ