Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар  2024/ШЦТ/08

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт П-н *******т холбогдох 2440000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны ... дугаар сарын ...-ны өдөр ...  аймгийн ... суманд төрсөн, 29 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, **************** ажилтай, ам бүл ..., ... хамт Хэнтий аймгийн .... сум **** баг **** байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *********** регистрийн дугаартай Б  овогт П-н *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 63 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг хүчтэй түлхсэнээс баруун гарын 1 дүгээр хурууны хэсгийн шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Г.*******ын “... Ингээд хэсэг хугацааны дараа гэртээ орсон чинь манай нөхөр П.******* бал цаас бэлдчихээд надаас салах өргөдлийг чинь бичье гээд үг сонсохгүй өөдөөс орилж хашхираад байсан. Би зарим үгийг нь сайн санахгүй байна. Намайг гэрээс гарах гэсэн чинь хаалга түгжчихээд гаргахгүй байсан. Тэгээд би жаахан тайвшруулчхаад гарч яваад найз *******ынд очоод байж байхад 17 цагийн орчим П.******* мөн л утсаар хэрүүл хийгээд байсан юм. Тэхээр нь би очихгүй гэсэн чинь хүүхэд орилоод байна гэхээр нь би утсаа тасалсан чинь дахин залгаад хүүхэд уйлаад байгаа биз дээ гээд хүүгийн уйлж байгаа дууг сонсгохоор нь хүүхэд айлгачихлаа гэж бодоод найз *******ыг дагуулаад гэртээ очсон, манай гадаа бид хоёр ирэхэд манай нөхөр, *******ыг чи муу зайл гээд үүднээс *******ыг гэр лүүгээ оруулаагүй буцаасан. Би гэртээ орж ирэхэд П.******* зүүн гараараа миний цээж хэсэг рүү хүчтэй түлхэх үед би хана луу саваад налж унасан, яг энэ үед миний баруун гарын эрхий хуруу эвгүй болчихсон юм. Дараа нь том өрөөнд бас буйдан руу түлхэх үед нь би унасан, гэхдээ анх үүдэнд түлхэх үед нь миний хуруу эвгүй болж гэмтсэн юм. Энэ үед цаг ойролцоогоор 18 цаг болж байсан." гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай  дүгнэлтэд

 

1. Г.*******ын биед баруун гарын 1-р хурууны /1-р үений/ хэсгийн шивнүүр  ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-н 13-14-р хуу)

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Эхнэрийг гаднаас орж ирэх үед би бага хүүгээ аваад ээжийндээ очих гээд хувцсыг нь өмсгөсөн байсан юм, тэгээд гаднаас орж ирэхээр нь түүнд хандан би хүүхдээ аваад явлаа гэсэн чинь би хүүхдээ авч үлдэнэ гээд бид хоёр хүүхдээ булаацалдаж байгаад би түүнийг хана руу нэг удаа хүчтэй түлхсэн, мөн том өрөөнд ороод нэг удаа ор луу түлхэж унагасан. Анх үүдэнд хана руу түлхэхэд эхнэр баруун гарынхаа эрхий хурууг хананд тулгаж эвгүй дараад гэмтээсэн юм шиг байна лээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.******* нь “... Нөхөртөө гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх (хх-н 42-р хуу)  хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт П-н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.Жанживт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР