| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
2024 03 13 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, хохирогч П.С, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б.Эд холбогдох эрүүгийн “2311 00000 0755” дугаартай, 186/2024/0191/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, хххх тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Стэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь “хоншоор яс, хамар, хамрын таславч яс, хоёр ухархайн дээд хана, дотор хана, доод хананы нийлмэл цөмөрсөн зөрөөтэй, хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоёр нүдний зовхинд тархмал цус хуралт, хамрын угт язарсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би хохирлоо барагдуулж аваад өөр ямар нэг гомдол, санал байхгүй. Миний эмчилгээ үргэлжилнэ. Өмгөөлөгчийн зардлыг мөн шүүгдэгчээс гаргуулмаар байна. Би маргааш шинжилгээ өгөөд хагалгаанд орно. Миний нүднээс идээ гараад байсан учраас ажилдаа яваагүй удсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Сийн:..Б.Э нь манай угаалгад тухайн өдөр ажиллаж байсан А.Мөнхчулуунтай маргалдаад чи манай аавыг мэдэх үү манай аав бол том атаман хүн байсан, энэ тэр гээд жоохон агсарах гээд байсан учраас би Б.Эийг ахын дүү одоо боль чимээгүй бай зүгээр бай гээд нэг алгадаад автал Б.Э нь шууд босож ирээд намайг барьж авч газар шидээд бид хоёр хэсэг ноцолдсон. Тэгээд сүүлдээ Б.Э нь надтай ноцолдож байгаад надруу агсараад намайг цохиж эхэлсэн гартаа таарсан болгоноо авч шидээд тааралдсан хүн болгоноо цохиод байсан хамгийн сүүлд миний санаж байгаагаар бол би газар суучихсан Б.Э нь намайг өмдний тэлээгээр ороолгоод байсан, нэг мэдсэн дээрээс нэг юм шидэх шиг болсон тэрнээс хойш сайн санахгүй байгаа нэг сэрсэн чинь эмнэлэгт очсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн:..Д.С нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төв, мэс засал 2.736.150 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэмтэл согог судлалын төв, амбулторын үзлэг 15.000 төгрөгний үйлчилгээг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.799.150 төгрөгийг Б.Э гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнхчулууны:...Монхоо гэх залуу нь найзыгаа утсаар дуудаад удалгүй найз нь гаднаас орж иртэл Монхоо нь Д.С рүү дайраад маргаан үүсгээд Д.С, Монхоо хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Би дундуур нь ороод салгах гэтэл Монхоо гэх залуу бас миний биед халдаж цохиж зодсон, зодолдож өмднийхөө тэлээг тайлаад ороолгож байгаад ширээн дээр байсан архины шил аваад Д.Сийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Д.Сийн хамарнаас цус гараад эхэлсэн. Монхоо гэх залуу найзын хамт гараад явсан учраас би цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Баярбатын:...Б.Э нь савтай пивоноос аягалаад өгөхөөр нь амсчихаад сууж байтал Б.Э нь миний зүс таньдаг Д.С ахтай юм ярьж сууж байгаад муудалцаад шууд зодолдоод дээр доороо ороод цохилцоод байхаар нь би ингэж байгаад больчих байх гэж бодоод хэсэг харсан. Тэгээд болихгүй бүүр их зодолдоод байхаар нь салгах гээд дундуур нь ортол дийлдэхгүй намайг боль гээд хэлээд татахаар чи цаанаа байж бай би бүх асуудлаа өөрөө даана битгий оролцоод бай гээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/,
2.5. Шүүх шижилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4656 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Сийн биед хоншоор яс, хамар, хамрын таславч яс, хоёр ухархайн дээд хана, дотор хана, доод хананы нийлмэл цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоёр нүдний зовхинд тархмал цус хуралт, хамрын угт язарсан шарх, зүүн даланд цус хуралт, баруун ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна гэх дүгнэлт. /хх-ийн 36-38 дугаар/,
2.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн 114 дугаар шинжээчийн дүгнэлтэд:...
1. Д.С нь 2023 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэх мэт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2. Д.С-н сэтгэцэд учирсан хор уршгийн шинжийг бууруулах, сэтгэл зүйн хэвийн байдлыг дэмжих зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээнд хамруулах шаардлагатай.
3.4. Шүүх шинжилгээний байгууллагаас тус эмчилгээний зардлыг тогтоох боломжгүй.
5. Д.С нь 2023 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд сэтгэл зүйн гэмтлийн дараах стресс, дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, 25-27 дугаар тал/,
Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: хавтас хэргээс:...хохирогч Д.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, гэрч А.Мөнхчулууны мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/, гэрч П.Баярбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4656 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дугаар тал/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/, яллагдагч Б.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 68-84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хавтаст хэргээс тусгайлан судлуулах зүйл байхгүй гэм буруу дээр маргаан байхгүй гэв.
3.3. Хохирогчийн өмгөөлөгч хавтас хэргээс:... хохирогч Д.С нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай баримт /хавтаст хэргийн 17 дугаар тал/, мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, 1104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал хавтаст хэргийн 36-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.4. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нар: хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Стэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь “хоншоор яс, хамар, хамрын таславч яс, хоёр ухархайн дээд хана, дотор хана, доод хананы нийлмэл цөмөрсөн зөрөөтэй, хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоёр нүдний зовхинд тархмал цус хуралт, хамрын угт язарсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Сийн:..Б.Э нь манай угаалгад тухайн өдөр ажиллаж байсан А.Мөнхчулуунтай маргалдаад чи манай аавыг мэдэх үү манай аав бол том атаман хүн байсан, энэ тэр гээд жоохон агсарах гээд байсан учраас би Б.Эийг ахын дүү одоо боль чимээгүй бай зүгээр бай гээд нэг алгадаад автал Б.Э нь шууд босож ирээд намайг барьж авч газар шидээд бид хоёр хэсэг ноцолдсон. Тэгээд сүүлдээ Б.Э нь надтай ноцолдож байгаад надруу агсараад намайг цохиж эхэлсэн гартаа таарсан болгоноо авч шидээд тааралдсан хүн болгоноо цохиод байсан хамгийн сүүлд миний санаж байгаагаар бол би газар суучихсан Б.Э нь намайг өмдний тэлээгээр ороолгоод байсан, нэг мэдсэн дээрээс нэг юм шидэх шиг болсон тэрнээс хойш сайн санахгүй байгаа нэг сэрсэн чинь эмнэлэгт очсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,
-иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн:..Д.С нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төв, мэс засал 2.736.150 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэмтэл согог судлалын төв, амбулторын үзлэг 15.000 төгрөгний үйлчилгээг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.799.150 төгрөгийг Б.Ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар тал/,
- гэрч А.Мөнхчулууны:...Монхоо нь Д.С рүү дайраад маргаан үүсгээд Д.С, Монхоо хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Би дундуур нь ороод салгах гэтэл Монхоо гэх залуу бас миний биед халдаж цохиж зодсон, зодолдож өмднийхөө тэлээг тайлаад ороолгож байгаад ширээн дээр байсан архины шил аваад Д.Сийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Д.Сийн хамарнаас цус гараад эхэлсэн. Монхоо гэх залуу найзын хамт гараад явсан учраас би цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/,
- гэрч П.Баярбатын:...Б.Э нь савтай пивоноос аягалаад өгөхөөр нь амсчихаад сууж байтал Б.Э нь миний зүс таньдаг Д.С ахтай юм ярьж сууж байгаад муудалцаад шууд зодолдоод дээр доороо ороод цохилцоод байхаар нь би ингэж байгаад больчих байх гэж бодоод хэсэг харсан. Тэгээд болихгүй бүүр их зодолдоод байхаар нь салгах гээд дундуур нь ортол дийлдэхгүй намайг боль гээд хэлээд татахаар чи цаанаа байж бай би бүх асуудлаа өөрөө даана битгий оролцоод бай гээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/,
- Шүүх шижилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4656 дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн 114 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, юунаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн толгой хэсэгт архины шилээр цохиж түүний биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хохирогч Д.Стэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа болон архины шилээр цохисны улмаас түүний биед “хоншоор яс, хамар, хамрын таславч яс, хоёр ухархайн дээд хана, дотор хана, доод хананы нийлмэл цөмөрсөн зөрөөтэй, хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоёр нүдний зовхинд тархмал цус хуралт, хамрын угт язарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байх тул Б.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас нийт 18.230.810 төгрөгний хохирол учруулсанаас хохирогч Д.Сийн эмчилгээ сувилгаа хийлгэсэн болон сэтгэцэд учирсан хохирол болох 15.431.660 төгрөгийг хохирогчид олгох,
-мөн хохирогч Д.Сийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмчилгээ сувилгаа авсан төлбөрт 2.799.150 төгрөгийг шүүгдэгч Б.Ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх, хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг шүүх дурдаж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн зүгээс маргаагүй хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр өгч байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлхөө илэрхийсэн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, хараа нэртэй архины шилний 10 см урттай хагархай хүзүү хэсэг, цагаан эрээн өнгийн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний фудболк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ээс нийт 18.230.810 /арван найман сая, хоёр зуун гучин мянга, найман зуун арван/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С 15.431.660 /арван таван сая, дөрвөн зуун гучин нэгэн мянга, зургаан зуун жаран/ төгрөгийг олгох, Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд 2.799.150 /хоёр сая долоон зуун ерөн есөн мянга нэг зуун тавин/ төгрөгийг тус тус төлүүлсүгэй.
7. Хохирогч Д.С нь цаашид гарах гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 хараа нэртэй архины шилний 10 см урттай хагархай хүзүү хэсэг, цагаан эрээн өнгийн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний фудболк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ