| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/00304/И |
| Дугаар | 101/ШШ2021/00300 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/00300
2021 01 26 101/ШШ2021/00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд орших Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хүсэлттэй,
Н.Н-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гуравдагч этгээд Н.Н*******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс, төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н******* нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч 2020.02.05, 2015.06.19, 2015.03.04-ний өдрүүдэд удаа дараа эрүүлжүүлэгдэн, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь хохирогч холбогдогч нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, өмнө нь албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1,2 Согтуурах, мансуурах донтой хүнийг Захиргааны журмаар Албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.
Гуравдагч этгээд Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины эмчилгээнд өмнө нь явж байгаагүй. Би зөрчил гаргаагүй. Би согтуу явж байгаад сүүлд цагдаад баригдсан. Түүнээс өмнө 3-4 удаа дарааллаж архи уусан. Би эхнэр 3 хүүхдээсээ салчихсан. 2 том хүүхэд тусдаа гарсан, бага нь ээжтэйгээ цуг байдаг. Би аавтайгаа хамт амьдардаг. Архийг хааяа л уудаг. Би хувиараа засвар хийдэг. Би өмнөх жил ээж, дүү хоёроо алдсанаас хойш сэтгэл тавгүй байдаг учраас архи уудаг болсон. Дүү, аав, бид 3 нэг хашаанд боловч тусдаа гэрт байдаг. Дүү маань эхнэр 3 хүүхэдтэйгээ байдаг. Би сард 2-3 удаа архи уудаг. Засвар хийгээд олсон мөнгөөрөө хоолоо аваад, архи уудаг. Манай дүү н.Э******* бас засвар хийдэг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Н.Н*******г албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Н.Н******* нь 1974 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 47 настай, эрүүл мэндийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хориглох заалтад хамаарахгүй байна. Тэрээр Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байранд 2015.06.19, 2015.03.04, 2020.02.05-ны өдрүүдэд удаа эрүүлжүүлэгдсэн, архины хамааралтай, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь Н.Э*******ийн хүсэлт, архинд донтох эмгэгтэй болох нь Цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Н.Н******* нь архинд донтох эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдэж, удаан хугацаанд архи хэрэглэсэн болох нь нотлогдож байна. Тэрээр сайн дураар архины эмчилгээнд хамрагдахыг хүсээгүй, цагдаагийн байгууллагын оролцоотой шүүхэд албадан ирсэн ба өөрийн хүсэл зоригоор эмчилгээнд хамрагдах тухай тайлбарыг үгүйсгэх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах үндэслэл болно. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7-д зааснаар гуравдагч этгээд Н.Н******* согтуурах, мансуурах донтой эсэхийг нь тодорхойлсон дүгнэлттэй танилцсан, дүгнэлтэд гомдол гаргаагүй байна.
Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвөлгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Н.Н*******г албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 гудамж, 711 тоот хаягт оршин суух, Б******* овогт Н******* Н******* /РД:*******/-г албадан эмчилгээнд хамруулж, Н.Н*******г шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.Н*******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт Н.Н*******г албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ