| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
2024 03 13 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч А.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн “2411000000188” дугаартай, 186/2024/0192/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,
-урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, А.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр булгийн 2 дугаар гудамжинд явж байх үедээ М.Ттэй тааралдан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөж, биед нь “дух, хоёр хөмсөгний голд шарх зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Тгийн:...би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед санагдаж байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2 дугаар гудамжинд танидаг Баянмөнх гэх айлд утсаа цэнэглэх гээд ортол А.Г, Дээгий, Баяраа нар байсан тэгээд би гадаа гудамжинд зогсож байтал Баяраа Дээгий А.Г нар араас гарч ирсэн. А.Г маргаж байгаад намайг гараараа нүдрүү нүүрлүү 2-3 удаа цохисон. Манай эхнэр Л.Бямбасүрэн хүрч ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бямбасүрэнгийн....би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед санагдаж байна, би нөхөр М.Тгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 1 дүгээр гудамжинд худгийн ойролцоо явж байхад зүс танидаг А.Г, Баяраа нар гарч ирээд А.Г гэнэт уурлаад согтуу манай нөхөр М.Тгийн нүүрлүү маргаж байснаа 2-3 удаа мөргөж харагдаж байсан. Тэгээд эргээд нэг хартал манай нөхөр М.Тгийн нүүрнээс цус гарчихсан байсан цагдаа дуудлаа гэсэн чинь зодно гээд дайраад байхаар нь би 86110309 утсаараа 102 дугаарлуу залгаад дуудлага өгсөн, цагдаа нар ирсэн. Дараа нь бид ГССҮТ-рүү 103-н машинаар очсон. Тэгээд оёдол тавиулсан гэх мэдүүлэг. /хх- ийн 10 дугаар дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Шинэбаярын:...2024 оны 01 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2-124 тоотод найз болох А.Г болон Дээгий нарын хамт архи уугаад сууж байтал гаднаас М.Т орж ирээд архинаас 3 татаад гарсан. Дараа нь Баянмөнх А.Г рүү залгаад чи архи уугаад байгаа юм уу, М.Т хэллээ гэсэн чинь А.Г уурлаад М.Тг хов зөөлөө гээд араас нь гадагш гарч очоод шууд дух руу нь нэг удаа мөргөсөн. Өөрөөр зодож цохиогүй. М.Тгийн нүүрнээс цус гарчихсан газар сууж байсан. Тэр үед М.Тгийн эхнэр Бямбаа хараад зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,
2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1757 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.Тгийн биед дух, хоёр хөмсөгний голд шарх зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 17-18 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс:...яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судуулъя гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр булгийн 2 дугаар гудамжинд явж байх үедээ М.Ттэй тааралдан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөж, биед нь “дух, хоёр хөмсөгний голд шарх зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч М.Тгийн:...би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед санагдаж байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2 дугаар гудамжинд танидаг Баянмөнх гэх айлд утсаа цэнэглэх гээд ортол А.Гг, Дээгий, Баяраа нар байсан тэгээд би гадаа гудамжинд зогсож байтал Баяраа, Дээгий, А.Г нар араас гарч ирсэн. А.Г маргаж байгаад намайг гараараа нүдрүү нүүрлүү 2-3 удаа цохьсон. Манай эхнэр Л.Бямбасүрэн хүрч ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,
- гэрч Л.Бямбасүрэнгийн....би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед санагдаж байна, нөхөр М.Тгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 1 дүгээр гудамжинд худгийн ойролцоо явж байхад зүс танидаг А.Г, Баяраа нар гарч ирээд А.Г гэнэт уурлаад согтуу манай нөхөр М.Тгийн нүүрлүү маргаж байснаа 2-3 удаа мөргөж харагдаж байсан. Тэгээд эргээд нэг хартал манай нөхөр М.Тгийн нүүрнээс цус гарчихсан байсан цагдаа дуудлаа гэсэн чинь зодно гээд дайраад байхаар нь би 86110309 утсаараа 102 дугаар луу залгаад дуудлага өгсөн, цагдаа нар ирсэн. Дараа нь бид ГССҮТ-рүү 103-н машинаар очсон. Тэгээд оёдол тавиулсан гэх мэдүүлэг. /хх- ийн 10 дугаар дугаар тал/,
- гэрч Р.Шинэбаярын:...2024 оны 01 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2-124 тоотод найз болох А.Г болон Дээгий нарын хамт архи уугаад сууж байтал гаднаас М.Т орж ирээд архинаас 3 татаад гарсан. Дараа нь Баянмөнх А.Г рүү залгаад чи архи уугаад байгаа юм уу, М.Т хэллээ гэсэн чинь А.Г уурлаад М.Тг хов зөөлөө гээд араас нь гадагш гарч очоод шууд дух руу нь нэг удаа мөргөсөн. Өөрөөр зодож цохиогүй. М.Тийн нүүрнээс цус гарчихсан газар сууж байсан. Тэр үед М.Тгийн эхнэр Бямбаа хараад зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1757 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн биед гэмтэл учруулсан байгаа талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөж, биед нь “дух, хоёр хөмсөгний голд шарх зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1757 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.Ггийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж А.Гг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч А.Гг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч М.Т нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүхээс хохирогч М.Ттэй утсаар ярьсан тэмдэглэл, шүүх хуралд оролцохгүй, хохиролтой холбоотой баримт гаргаж өгөхгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгч А.Гг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2024.03.15 09 цаг 35 минут