| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 2014001750086 |
| Дугаар | 2020/ДШМ/044 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2020/ДШМ/044
С.Н
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч С.Н
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр С.Н холбогдох эрүүгийн 2014001750086 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, С.Н, ........, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
С.Н нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоот хашааны гадна байсан иргэн *******ийн агуулах савд багтах эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалт бүхий хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын Субару импреза маркийн 36-66 УБИ улсын дугаартай автомашинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч урд салон дээрх түрүүвчтэй бэлэн мөнгө болох 595.600 төгрөг, эд зүйл хулгайлж 305.000 төгрөгийн нийт 900.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн өөрчилж, Шүүгдэгч С.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Нг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Н хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор *******гийн бичсэн 2 дугаар эсэргүүцэлд:
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгчийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх биш харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэж зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн нь тухайн автомашины кабинд нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал, санаа сэдэлт зэргийг харгалзан үзэлгүйгээр дээрх хулгайн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх нь үндэслэлгүй гэжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч С.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулан шийдвэрлэсэн байна.
Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд зааснаар 10 дахь хэсэгт заалтад “...агуулах сав гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг , хөргөх ба эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно’’ гэж, мөн 11 дэх заалтад орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг “багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байдалд нь сэм орох... зэрэг аргаар үйлдэхийг ойлгохоор тус тус тайлбарласнаар дүгнэхэд шүүгдэгч С.Нн үйлдэл нь бусдын агуулах савд багтах эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалт бүхий хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын автомашинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрсэн буюу онгорхой байхад нь сэм орсон үйлдэл байх туп түүний үйлдлийг тухайн автомашины кабинд нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эздсэн, салгасан байдал, санаа сэдэлт зэргийг харгалзан үзэлгүйгээр дээрх хулгайн гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилнэ гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь бусдын агуулах саванд нэвтрэх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг санаа, зорилгыг харгалзан үзэх бус тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэж буй арга хэрэгслээр нь зүйлчлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч С.Н холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолд хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Автомашины кабен нь агуулах саванд орох эсэх нь тодорхойгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Автомашинд нэвтэрч байгаа үйлдлийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн байна гэж үзсэн тул эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурор *******гийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-7-2 тоот хашааны гадна байсан иргэн *******ийн Субару импреза маркийн 36-66 УБИ улсын дугаартай автомашинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч урд салон дээрх түрүүвчтэй бэлэн мөнгө болох 595.600 төгрөг, эд зүйл хулгайлж 305.000 төгрөгийн нийт 900.600 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримт нь эрүүгийн 2014001750086 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч С.Хишигсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, С.Нн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч С.Нг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Тухайн түрүүвчтэй мөнгө нь машины салон дээр ил харагдаж байсан, Субару импреза маркийн 36-66 УБИ улсын дугаартай автомашины хаалга түгжээгүй байсан, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж онгойлгоогүй, С.Н нь зөвхөн гараа оруулаад л авчихсан байхад орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд С.Нн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг анхан шатны шүүхээс хөнгөрүүлэн шийдвэрлэсэн энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ