Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0714

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Д.А

          Хариуцагч Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын дарга

          Гуравдагч этгээд Б.А

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар тушаал, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 46,168,350 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийхийг Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2026/0010 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Д.А

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

          Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 113/2026/0007/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар тушаал, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 46,168,350 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийхийг Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах”-аар маргасан байна.

          2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Ш сумын иргэн Д.Аээс Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, Ш сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ий 46,168,350 (дөчин зургаан сая нэг зуун жаран найман мянга гурван зуун тавь) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8,602,110 (найман сая зургаан зуун хоёр мянга нэг зуун арван) төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 37,566,240 (гучин долоон сая таван зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин) төгрөгийг Ш сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Нэхэмжлэгч нь Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ш сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 4,800,000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг Ш сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулахаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 785 дугаар магадлалыг 2025 оны Б/** дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Маргаан бүхий 2026 оны Б/** дугаар тушаалыг гаргахдаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4-т заасан ажиллагааг хийх шаардлагагүй.

          3.2 Нэхэмжлэгч өөрийнхөө ажлаа тасалж байсан үйлдэлтэй огт маргадаггүй, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг тул Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны А/** дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13.6 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллана” гэж заасныг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалд халах гэснийг чөлөөлөх болгон өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн болно.

          3.3 Сонсох ажиллагааны тухайд, ажлаа тасалсантай холбоотойгоор сонсох ажиллагаа хийсэн нь “Захиргааны актын дагалдах хуудас”, “Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэй Д.А-д сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл”-ээс харагдана. Иймд ажлаа тасалсантай холбоотойгоор сонсох ажиллагаа хийсэн тул шинээр гаргасан маргаан бүхий актуудтай холбоотойгоор сонсох ажиллагааг дахин хийх шаардлагагүй болно.

          3.4 Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тухайд, дээр дурдсаны дагуу хариуцагчийн зүгээс маргаан бүхий актуудыг үндэслэл бүхий гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 37,566,240 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зохицуулсан.

          3.5 Маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны Б/** дугаар “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал нь хууль зөрчөөгүй үндэслэл бүхий гарсан тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 37,566,240 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн 37,566,240 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ цалин хөлсийг хэрхэн, яаж тогтоож, шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

          3.6 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”, 121.2-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан.

          3.7 Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг буруу үнэлж, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Анх Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Д.А-г ажилд түр томилох тухай” Б/** дугаар тушаалаар ...төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн Д.А-г Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Төрийн албаны тусгай шалгалт зарлагдаж, сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаагаар түр томилсон.

          4. Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Д.А-г туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” Б/** дугаар тушаалаар Д.А-г Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтын 1 жилийн хугацаатайгаар томилсон.

          5. Мөн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дүгээр тушаалаар ... мэргэжилтэн Д.А-г Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилон ажиллуулжээ.

          6. Хариуцагч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Д.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дүгээр тушаалаар “...мэргэжилтэн Д.А нь төрийн хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 3 сарын хугацаанд цалингийн 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэсэн.

          7. Түүний дараа Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Д.А-г төрийн албанаас халах тухай” Б/** дугаар тушаалаар ...Д.А нь туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлыг цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, ...зэргийг харгалзан үзэж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсан байна.

          8. Дээрх 2025 оны Б/** дугаар тушаалыг эс зөвшөөрч Д.А нэхэмжлэл гаргасныг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 785 дугаар Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснээр Магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

          9. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагч захиргааны байгууллагаас Магадлалд заасан хугацаанд дахин шинэ акт гаргасан байна. Тодруулбал, маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Б/** дугаар тушаалаар “...тушаалын “халах” гэснийг “чөлөөлөх” гэж өөрчилж, мөн хууль болон журмын зарим заалтыг хасаж, нэмэлт өөрчлөлт зэргийг оруулсан байна.

          10. Улмаар нэхэмжлэгч нь гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/*** дүгээр албан бичгээр “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар дүгнэсэн ажиллагааг нэг бүрчлэн хийж, бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг баримталж, дахин шинэ захиргааны акт гаргах”-ыг Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.О-д үүрэг болгосон байна.

          11. Ингээд хариуцагч нь 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаал гарган, ...тушаалын Тушаах хэсгийн 1-д “төрийн албанаас халсугай” гэснийг “төрийн албанаас чөлөөлсүгэй” гэж, “удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, ...туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж” гэж тус тус дурдсаныг хассугай” гэж нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          12. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 46 дугаар зүйлийн 46.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж тус тус заажээ. 

          13. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 402 дугаар тогтоолоор батлагдсан, Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 1.4-д “Төрийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлага нь төрийн албан хаагчтай адил байна” 2.3-д “Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнийг тухайн ажлын байранд тавигдах шаардлага, хариуцах чиг үүргийг мэргэжлийн түвшинд, чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх чадварыг шалгах зорилгоор туршилтын хугацааг 6-12 сар хүртэл байхаар тогтоох шийдвэрийг томилох эрх бүхий этгээд гаргана”, 3.1-д “Туршилтын хугацаанд ажиллаж байгаа албан хаагч нь үйл ажиллагаандаа тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллана” тус тус журамласан байна.

          14. Дээрх хуулийн зохицуулалт болон журмаас үзэхэд, туршилтын хугацаанд ажиллаж байгаа албан хаагч нь төрийн албан хаагчийн нэгэн адил хуульд заасан нийтлэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хариуцсан чиг үүргээ чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба туршилтын хугацаанд ажлын цаг ашиглалт болон ажил үүргийн биелэлт хангалтгүй, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилттэй холбоотой гаргасан зөрчил, дутагдалд сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ.

          15. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.А нь 2024 оны 07 дугаар сард 64 цаг, 08 дугаар сард 24 цаг, 09 дүгээр сард 40 цаг (нийт 128 цаг) ажил тасалсан байх бөгөөд уг зөрчилд нь Ш сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б/61 дүгээр тушаалаар 3 сарын хугацаанд цалингийн 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. (1-р хавтаст хэргийн 66-69 дэх тал)

          16. Дээрх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш дахин 2024 оны 11 сард 40 цаг, 12 дугаар сард 40 цаг, 2025 оны 01 дүгээр сард 56 цаг, 02 дугаар сард 40 цаг, 04 дүгээр сард 88 цаг буюу нийт 264 цаг ажил тасалсан зөрчил удаа дараа гаргасан учраас сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан байдаг. (1-р хавтаст хэргийн 70-71, 61-64 дэх тал)

          17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 785 дугаар Магадлалаар “...Б/** дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, хариуцагчаас Магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд шинэ акт болох 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаалыг (одоо маргаж буй актууд) тус тус гаргажээ.  

          18. Хариуцагчаас 2026 оны Б/**, Б/** дугаар тушаалыг гаргахдаа өмнө нь гаргасан 2025 оны Б/** дугаар тушаалд дурдсан үйл баримт, сахилгын зөрчил, түүнийг үндэслэсэн нотлох баримт болон ажлаас халах шийдвэрийн агуулгыг үндсэнд нь өөрчлөлгүй, зөвхөн тушаалын хэлбэр, найруулга, хууль зүйн үндэслэлд нэмэлт өөрчлөлт оруулсан шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан нь тогтоогдож буй тул маргаан бүхий Б/**, Б/** дугаар тушаалууд нь өмнөх Б/** дугаар тушаалын агуулга, үр дагаврыг хэвээр хадгалсан захиргааны актыг дахин гаргасан гэж үзэхээр байна.

          19. Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталж, уг журмын 13. Ажилд авах, ажлаас чөлөөлөх, ажлаас халах. 6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллана”, 24. Цаг ашиглалт. 3-д “Дараах тохиолдолд ажил тасалсанд тооцно”, а/ Чөлөө зөвшөөрөлгүй хоёр цагаас дээш хугацаагаар ажлыг байрыг орхигдуулсан нөхцөлд тухайн өдрийн ажлыг, в/ Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирээгүй тухайгаа шуурхай мэдэгдээгүй, г/ Албан ёсоор чөлөө аваагүй ажил орхисон, ажилд ирээгүй” гэж тус тус журамлажээ.

          20. Нэхэмжлэгч Д.А өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн боловч сахилгын зөрчлөө давтан, удаа дараа ажил тасалсан, зохих журмын дагуу чөлөө, зөвшөөрөл аваагүй, хөдөлмөрийн сахилга, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас түүний гаргасан зөрчилд холбогдуулан “ажлаас чөлөөлөх” шийдвэр гаргасан нь бодит нөхцөл байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

          21. “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын Гурав. Туршилтын хугацааны ажил, гүйцэтгэл, үнэлгээ”, 3.3-д “Туршилтаар ажиллаж буй албан хаагч нь ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг чиг үүргийн дагуу хариуцсан нэгжийн удирдлага, томилох эрх бүхий этгээдийн өмнө хариуцна”, 3.7-д “Албан хаагч, ажилтныг тухайн албан тушаалд жинхлэх эсэхийг ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан шийдвэрлэнэ” гэж, мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 23. Албан хаагчийн эрх, үүрэг. 2-д Албан хаагч (ажилтан)-ийн үүрэг б/-д “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан болон гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хүлээсэн үүргээ хууль тогтоомж, захирамж, шийдвэр, журам, заавар, стандартын дагуу хангалттай сайн биелүүлж, гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн тухай тайлангаа зохих журам, зааврын дагуу хагас, бүтэн жилээр гаргаж тайлагнана. Удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр хангаж, тэдний өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, гүйцэтгэлийг эргэж заавал тайлагнах” гэж тус тус журамлаж, зохицуулжээ.  

          22. Төрийн албан хаагч нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг холбогдох журмын дагуу боловсруулж, удирдлагаар батлуулах, удирдлагаас өгсөн санал, зөвлөмж, засварын дагуу төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулах үүрэгтэй бөгөөд тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох үндэслэл болохоор байна.

          23. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.А-д явуулсан “Сонсох ажиллагаа”-ны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй, төлөвлөгөөний дагуу биелэлтийг тайлагнаагүй, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг зохих журмын дагуу үнэлүүлээгүй болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

          24. Нэхэмжлэгч нь төрийн албанд түр буюу туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байхдаа ажлын цаг ашиглалт болон ажил үүргийн биелэлт хангалтгүй, сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан байдлыг харгалзаж түүнийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагч Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаалууд хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2026/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.16, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ээс гаргасан “Говьсүмбэр аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар тушаал, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 46,168,350 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийхийг Ш сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

 

                                    ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ   

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА