Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч О.Баасанхүү,

шүүгдэгч Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Я.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Цээсүрэнгийн Батжаргалд холбогдох эрүүгийн 201624001045 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 1 дүгээр гудамж 20Б тоотод оршин суух, Яармаг ХХК-д тоологч, харуул ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Цээсүрэнгийн Батжаргал /РД:ХИ81040415/,

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 06 цагийн орчим Хан-уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Интермед эмнэлэгийн зүүн хойд замд Хьюндэй соната-5 маркийн 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 9.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Ё.Баярыг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Батжаргалаас: ...Би өглөө 06 цагийн үед ажилдаа явж байсан. Тухайн өдөр зам маш их халтиргаатай байсан. Гэтэл уулзвар гараад явж байхад гэнэт нэг хүн гарч ирсэн. Зам маш их халтиргаатай байсан болохоор зүүн тийшээ машиныхаа жолооны хүрдийг дарсан боловч амжилгүй хохирогчийг мөргөж амь насыг нь хохироосон. Тухайн үед эхнэртэйгээ хамт явж байсан болохоор эхнэрийгээ түргэн тусламж дуудаарай гэж хэлээд өөрийнхөө өмсөж явсан куртикээ доор нь дэвсээд газар хэвтүүлсэн. Шархыг нь ороолтоороо дарсан. Тэгээд даараад байх шиг болохоор нь машиныхаа хучлагыг гаргаж ирээд нөмрүүлсэн... гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаатарын: ...Талийгаач аав Ё.Баярын хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Талийгаач аав маань өглөө болгон гэрээсээ алхаж, Зайсангийн рашаан руу явж рашаан уудаг байсан юм. Харин 2016 оны 12 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ ганцаараа гарч алхангаа рашаан авахаар гараад тэр өдрөө ирээгүй байсан. Тэгсэн осолд ороод өнгөрсөн байсан. Аав маань үг дуу цөөнтэй, хүнтэй илэн далангүй ханддаг, архи, дарс, тамхи, хэрэглээд байдаггүй хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч З.Дашцэрэнгийн: ...Талийгаач нөхөр Ё.Баяр маань рашаанаа авах гэж гэрээсээ 06 цаг орчимд гарсан. Тэгээд эргэж ирээгүй. Бага хүү Мөнхбаатар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоно. Нөхрөө зуурдаар алдсандаа их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхзаяагийн: ...Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг 40 минутын орчим нөхөр Батжаргал бид хоёр ажлаасаа хоцрох гээд гэрээсээ гарсан. Хьюндай соната-5 маркийн 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг нөхөр Батжаргал жолоодоод, би жолоочийн хажуугийн суудалд суугаад Хан-Уул дүүргийн нутаг тэмээтэй хөшөөний зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгээр явж байтал гэнэт баруун гар талаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг хар юм машины урд тулаад ороод ирсэн. Нөхөр машиныхаа хүрдийг зүүн гар тал руугаа дартал машины урд хар юм мөргөгдөөд газар унасан. Бид хоёр нэлээд сандраад, нөхөр шууд машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод тэврээд суучихсан. Харин би 103, 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүнийг аваад явсны дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд, манай машиныг ачигчаар журмын хашаа руу авч явсан. Өглөө 06 цагийн үед хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун, харанхуй, зам хальтаргаатай гулгаатай байсан. Ослын улмаас манай машины баруун урд салхины шил хагарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

          Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2221 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.2.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх хурц цусан хураа, их болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх хурц цусан хураа, их болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, орой ба суурь ясны шугаман болон хэлтэрхий үүсгэсэн хугаралууд, уушгины няцрал, өвчүү ясны хугарал, нүүр, мөчдөд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш үйлчлэлээр үүсэх, нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь элэгний өөхлөлт, цөсний чулуужих өвчин бүхий архаг хууч өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй болно.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж хавагнаж нас баржээ.

5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

6. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

            2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 16/52907 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 4468УНХ улсын дугаартай Нyundai маркийн sonota 5 загварын цагаан өнгөтэй, БНСУлсад үйлдвэрлэгдсэн, 4468 УНХ улсын дугаартай KMHEN41MP6A221499 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1547 цагаас 1626 цаг хүртэл MNS4598:2011  Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон MNS5011:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад: +5мм/, зүүн урд дугуйн тоормосны хүч 1.9кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1.7кН, тоормосны хүчний зөрүү нь 10.53% (стандартаар <20%), зүүн хойд дугуйн тоормосны хүч 1,1кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1,0кН, тоормосны хүчний зөрүүнь 9,09%(стандартаар <30%) байгаа нь тоормосны системийн ажиллагаа хэвийн байв. Харин автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 20.4 мм/м (стандартаар <+5мм), зүүн их гэрлийн тусгалын чадал 0сd гэрэл хол дээрээ (стандартаар 10000-2250000cd), ерөнхий байдал өнгө үзэмж тэнцэхгүй зэрэг эвдрэл гэмтэл нь  MNS4598:2011 стандартын шаардлагыг хангахгүй болно.

Автомашины зүүн урд их гэрлийн чадал хүрэхгүй байгаа нь тухайн осол хэрэгт нөлөөлнө. /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

 

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Замын цагдаагийн албаны шинжээчийн 10 дугаартай дүгнэлтэнд:

  1. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад 44-68 УНХ улсын дугаартай Х.Сонота-5 маркийн автомашины жолооч Ц.Батжаргал нь Монгол Улсын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ үүнд: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замдаа явахдаа энэ дүрмийн 2 дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхгүй тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ё.Баяр нь Монгол Улсын ЗХД-ийн 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Бичиг баримт хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 119 дүгээр хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн  120 дугаар хуудас/,

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 135 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

         

          Шүүгдэгч Ц.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны  12 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн орчимд эхнэр Энхзаяа бид 2 ажил руугаа явах гээд би Х.Сонота-5 маркийн 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн нутаг Богдын музейн хойд талаар талаар нь ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд 50 гаран км цагийн хурдтай явж байтал гэнэт ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй нэг эрэгтэй хүн миний баруун гар талаас гэнэт гараад ирэхээр нь би тухайн үед машиныхаа тоормосыг гишгэчихвэл гулгаж очоод мөргөчихнө гэж бодоод зорчих хэсгийн 4 дүгээр эгнээ буюу зүүн гар тийш дарсан боловч амжилгүй нөгөө эрэгтэй явган зорчигчийг машиныхаа баруун урд талын салхины шил хэсгээр мөргөж унагасан. Тэгээд би тэр даруй машинаасаа буухдаа эхнэрийгээ түргэн дуудаарай гэж хэлээд нөгөө машинд мөргүүлсэн ах дээр явж очсон. Тэгээд удаагүй түргэн тусламжийн машин ирээд гэмтсэн хүнийг аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

          -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112 дугаар хуудас/,

          -Шүүгдэгчийн оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

          -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/,

          -Ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 127-131 дүгээр хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

         Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

           Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 06 цагийн орчим Хан-уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Интермед эмнэлэгийн зүүн хойд замд Хьюндэй соната-5 маркийн 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 9.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Ё.Баярыг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн мэдүүлэг болон 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Б.Энхзаяагийн ...Нөхөр машиныхаа хүрдийг зүүн гар тал руугаа дартал машины урд хар юм мөргөгдөөд газар унасан. Бид хоёр нэлээд сандраад, нөхөр шууд машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод тэврээд суучихсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас/, цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 16/52907 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-89 дүгээр хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Замын цагдаагийн албаны шинжээчийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн  120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Ц.Батжаргал нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч /амь хохирогч/ Ё.Баяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн /хх-ийн 94-95 дугаар хуудас/ нь гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нь нөлөөлсөн байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хүсэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Батжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгаагүй байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах  боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатараас гэмт хэргийн улсаас учирсан талийгаач Ё.Баярын оршуулгын зардалд нийт 12.728.835 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Батжаргалаас 4.194.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд Ц.Батжаргалаас үлдэгдэл 8.534.835 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатарт олгох нь зүйтэй байна.  

Хэрэгт хураагдсан В ангиллын №643012 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт Ц.Батжаргалын эзэмшлийн Hyundai Sonata-5 маркийн 44-68 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн болно.