Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 118/ШШ2022/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б., Ч., Г., Л., Э., С, Ц., Б. нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын Сонгуулийн хороонд холбогдох

Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б. , Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгах, Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., Ч. /онлайнаар/, өмгөөлөгч М. /онлайнаар/, хариуцагч Завхан аймгийн сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Д.хүү, гуравдагч этгээд Ж., түүний өмгөөлөгч О. /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нь Завхан аймгийн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

1.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон байна.

Завхан аймгийн сумын Өгөөмөр багт Ардчилсан намаас Б., Ч., Г., Л., Э., С, Ц., Б. нар, Монгол Ардын намаас Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нар нэр дэвшин оролцож, Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарыг сонгогчдын олонхын санал авсан гэж үзэн Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

1.3. Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Ардын намаас нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарыг сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар жаргал, хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл сумын Өгөөмөр багийн малчин айлууд болох С., Ж., А. гэх мэт айлуудаар очиж биднийг багаар нь дэмжээрэй, намайг сонгоорой гэх сонгуулийн сурталчилгаа хийсэн. Мөн дээрх айлуудаар орохдоо архи, ундаа тарааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсан нь бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн. Мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч Ю. болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч дээрх 8 хүмүүс болон сумын Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Э. нар 2020 оны 10 сарын 13-наас 16-ны өдрүүдэд урьдчилан бэлтгэж зохион байгуулалттайгаар сумын болон Өгөөмөр багийн харьяалалтай Улаанбаатар хотод ажиллаж, сурч байгаа иргэд оюутнуудын саналыг татах зорилгоор хотоос /1 талдаа 1110 км/ нэгдсэн журмаар 45 хүний суудалтай 96-28 УНЕ улсын дугаартай автобус хөлслөн, сонгогчдын тээврийн зардлыг нь төлж Улиастай сумд авчирсан. Мөн Улиастай сумаас сумын Өгөөмөр багт санал өгөх 8 оюутан буюу Р., Б., Б., А., Ц., Н., У., Ч. нарыг замд нь буулган 2 хуваан Өгөөмөр багийн санал авах байр хүртэл үнэ төлбөргүй авчран МАН-ыг багаар нь дэмжээрэй гэж санал авах байр луу оруулсан. Эдгээр санал өгүүлсэн 8 оюутнууд бүгд МАН-аас аймаг болон суманд нэр дэвшсэн нэр дэвшигч нарыг дэмжсэн санал өгсөн. Эдгээр 8 оюутны нэг болох Б. нь өөрийн саналын хуудас тэмдэглэсэн байдлаа баталгаажуулах зорилгоор гар утсаар өөрийн санал өгсөн саналын хуудасны зураг авсныг Сонгуулийн хэсгийн хорооны дарга С. харж түүний гар утсанд байх зургийг шалгаж үзэхэд МАН-ын аймаг, суманд дэвшсэн бүх нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудасны зураг байсан ба өөрөөр нь устгуулсан. Энэ оюутнуудад сумын МАН-ын хорооноос 2020 оны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох батламж олгосон байна. Мөн хотоос авчирсан 8 оюутнаа 2020 оны 10 сарын 18-ны өдөр буцаагаад хот руу ирсэн автобусаар нь үнэ төлбөргүй хүргэж өгсөн байна. МАН-аас нэр дэвшсэн 8 нэр дэвшигч эхний 8-д орж дээрх үнэ төлбөргүй ачигдаж ирсэн 8 оюутны санал сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Б. 1 хүний саналаар 9 дүгээрт, 6 хүний саналаар Г. 10 дугаарт, 8 хүний саналаар Ч., Л. нар саналын зөрүүгээр ялагдсан. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил, сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсон тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно., 47 дугаар зүйлийн 47.1-д Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх сонгогчдын санал татах зорилгоор болон дараах үйлдэл үйл ажиллагааг явуулахыг хориглоно, 47.1.1-д мөнгө, эд зүйл тараах бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх /хот хоорондын болон сум хоорондын ирэх буцах тээврийн хөлс/ гэх мэт хуулиар хориглосон үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Иймд дээрх Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн гаргасан үйлдлүүд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа байтал сумын Сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч таслан зогсоогоогүй явдал нь сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм... энэхүү эс үйлдэхүй нь тухайн МАН-ын нэр дэвшигчидтэй нэг тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч бид нарын сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрх ашгийг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэр дэвшигч дээр дурдсан хориглосон үйлдлийг гаргавал тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй. Гэтэл Завхан аймгийн сумын Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчдийг хасахгүйгээр санал хураалт явуулж, улмаар хууль зөрчсөн нэр дэвшигчдэд өгсөн саналыг хүчинтэйд тооцож, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон явдалд гомдолтой байна. Хууль зөрчсөн нэр дэвшигчийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон энэхүү шийдвэр нь тус тойрогт АН-аас нэр дэвшсэн нэхэмжлэгч бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон. сумын Сонгуулийн хороо хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, санал хураалтын дүн гарахаас өмнө дээрх хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах ёстой байсан. Гэвч сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санал хураалтын дүн гарч, бүр Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гарсан тул уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3-т зааснаар сонгууль зохион байгуулах төрийн байгууллага, албан тушаалтан сонгууль зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. ...Энэ нь нийтийн ашиг сонирхолд ч нийцэхээр байсан. Сонгууль бол нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа юм. Хэрэв сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах шаардлага үүсэхгүй байх боломжтой байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёрхон боломжийг хуульчилж өгсөн. Эхний боломжийг сумын Сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй учраас хоёр дахь боломжийг ашиглах ганцхан сонголт үлдсэн. Иймд сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулсан МАН-ын нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын МАН-аас нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг, ...Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг сумын Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаагаа сая хэлсэн. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг мөн бүрэн дэмжиж байна. Нэмж хэлэхэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгийн сумын Өгөөмөр багт Ардчилсан намаас нэхэмжлэгч нар нэр дэвшин өрсөлдсөн. Энэ сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшин өрсөлдсөн Б., Ж., Д., А., Ц., Г., Д., Ж. нар нь сонгуулийн санал хураалтын үеэр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан мөн сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа хэлбэрээр саналыг татах зорилгоор хөнгөлөлттэй үнээр болон төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн зөрчлийг гаргасан гэж үзэж энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон. Энэ хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаартай магадлалаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргаснаар Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаар тогтоолоор сонгуулийн жил эхэлснээс хойш үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлсэн энэ зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан нь тогтоогддог гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.1-д мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэх эдгээр зөрчлийг гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайлбал, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэвэр, түүнийг хянасан Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай магадлалуудаар тухайн үед Монгол Ардын намын даргаар ажиллаж байсан Ю. нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож шийтгэл ногдуулсан байдаг. Уг зөрчлийн хэрэг энэ хэрэгтэй яаж холбогдоод байна гэхээр Завхан аймгийн сумын Өгөөмөр багт харьяалалтай 8-н оюутан үнэ төлбөргүйгээр ирж санал өгсөн хууль зөрчсөн үйлдэл нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн. Хэдийгээр энэ хэргийн гуравдагч этгээд нар нь зөрчлийн хэргээр шалгагдаж шийдвэрлэгдээгүй боловч зөрчлийн хэргээр тогтоогдсон үйл баримт нь Өгөөмөр багийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэдгийг давж заалдах шатны шүүхийн тогтоолд тодорхой дүгнэсэн байдаг. Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэх , , , , , , , гэх эдгээр иргэдийн тухайд зөрчлийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Өгөөмөр багт санал өгсөн, үнэ төлбөргүй үйлчилгээ авсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хавтаст хэрэгт авагдсан баримт, сая дурдагдсан баримтаар хууль бус болох нь нотлогдож байгаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4.7-д дахин сонгууль гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно гэж заасан. Мөн дахин сонгуулийг энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заахдаа энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 74.3-т заасны дагуу төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг хүчингүйд тооцсоноор дахин сонгууль явуулна гэж заасан. Эдгээр үндэслэлүүдээр дахин сонгуулийг явуулах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү эсхүл их байхыг ойлгоно гэж байгаа. Тэгэхээр сая дурдсан үнэ төлбөргүйгээр үйлчилгээ аваад санал өгсөн 8 сонгогчийн санал нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тухайлбал нэхэмжлэгч Б.ын тухайд Монгол Ардын намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс 1 саналын зөрүүгээр, Ч.гийн хувьд 8 хүний саналын зөрүүгээр ялагдсан байдаг. Тэгэхээр хуульд зааснаар саналын зөрүү их буюу тэнцүү байхад сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэх юм байна гэж ойлгож байгаа. Эцэст нь хэлэхэд өмнөх шүүхийн шийдвэрүүдээр нэр бүхий гуравдагч этгээд нартай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон зүйл байхгүй боловч энэ хэрэгтэй холбоотойгоор хууль бусаар сонгуульд ноцтой нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн болох нь хавтаст хэргээс харагдаж байна. Үүнийг шүүх онцгой анхаарч үзэхийг хүсэж байна. Ю.гийн хувьд тухайн Монгол Ардын намын даргаар ажиллаж байсан хүн. Монгол Ардын намаас зохион байгуулалттайгаар хууль бус үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн хариуцлагыг намын дарга нь хүлээгээд, түүний үр шимийг нь намын гишүүд нь хүртсэн байна. Энэ нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.хүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай 05 дугаар тогтоолыг сумын сонгуулийн хороо гаргасан. Энэ талаар өмнөх сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан М. тодорхой тайлбарласан байдаг. Ерөнхийдөө сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааны талаар цаг хугацаанд нь ямар нэг санал гомдол ирүүлж байгаагүй юм байна лээ. Мөн 8 нэр дэвшигчийг мөнгө төгрөг тараасан, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн гэх шийдвэр гараагүй, үнэ төлбөргүй үйлчилгээ авсан гэх 8 оюутан нь Монгол Ардын намыг дэмжиж санал өгсөн гэдгийг нотолсон шийдвэр мөн байдаггүй. Тийм учраас сумын сонгуулийн хороо 05 дугаар тогтоолоо хүчингүй болгохгүй. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2020 оны сонгуульд наймуулаа оролцсон. Нэхэмжлэлийн талаар нэг байр суурьтай байна...Нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй. Бид айлд архи ундаа тараасан, хүүхдүүдийг автобусаар авч ирж санал өгүүлсэн зүйл байхгүй. Ямар гэрч баримттайгаар ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна гэв.

Гуравдагч этгээд Ж.ын өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зүгээс гуравдагч этгээдүүдийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчиж сонгуулийн сурталчилгаа дууссан үед сурталчилгаа явуулсан, иргэдэд үнэ төлбөргүйгээр автобусаар үйлчилсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаад төлөөлөгчөөр сонгогдсон 8-н хүнд энэ асуудал хамааралгүй юм байна, харин Ю. үүнийг зохион байгуулж 45 хүнийг санал өгүүлсэн явдал байна гэдгийг тогтоосон. Шүүхийн шийдвэр ч мөн ингэж гарсан. Үүнийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн зохицуулалт байгаа. Энэ нь юуг хэлээд байна гэхээр Ю. гэдэг хүн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Хэрвээ энэ хүн төлөөлөгчөөр сонгогдсон бол хуулийн 74.3-т зааснаар төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг нь хүчингүй болгох ёстой. Гэтэл төлөөлөгчөөр сонгогдсон дээрх 8-н хүн ийм зөрчил гаргасан гэж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйл байхгүй. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс , , , , , , , нарыг Өгөөмөр багт санал өгсөн байна гэж ярьж байна. Эдгээр 8-н хүн Өгөөмөр багт санал өгсөн байж болно. Гэхдээ гуравдагч этгээдүүдийн төлөө санал өгсөн гэх ямар ч баримт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Үүнээс харахад төлөөлөгчөөр сонгогдсон 8-н хүний хувьд гэм буруутай, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг нь тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байхад сонгогдох эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө эрхийг нь зөрчих нөхцөл байдал байж болохгүй. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд гэм буруугийн ял зэмлэлийг бусад этгээдэд халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн зохицуулалттай. Энэ нь юуг хэлээд байна гэхээр Ю. гэдэг хүний гэм буруутай байдал тогтоогдсон нь нэг намын гэдэг утгаараа гуравдагч этгээд нарт халдаан хэрэглэж болохгүй. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд сонгуулийн дүнг хүчингүй болгох гэдэг асуудал яриад байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн ямар заалтаар сонгуулийн дүнг хүчингүй болгох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Сонгуулийн ерөнхий хорооноос сүүлд нотлох баримтаас сумын Өгөөмөр багт нэр дэвшсэн нэр дэвшигч нарын авсан саналын дүнг харахад Ардчилсан намаас нэр дэвшсэн Б. 186 санал, Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ж. 187 буюу 1 санал, А. 189, Ж. 208 санал авсан байна. Тэгэхээр Б., Ж. нарын хувьд 22 саналын зөрүүтэй байна. Ийм олон саналын зөрүү гарсан байхад хуулийн 79.5-д заасан сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх зөрчил гарсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэр дурдсан 8 оюутан гуравдагч этгээдүүдийн төлөө санал өгсөн байдал харагдахгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7-д заасны дагуу сумын Сонгуулийн хороог Сонгуулийн Ерөнхий хороо байгуулах ёстой байтал аймгийн Сонгуулийн хороо байгуулсан нь хууль бус, одоо ажиллаж байгаа сумын Сонгуулийн хороо нь эрх зүйн чадамжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 118/АБ2022/0131 дугаартай албан бичгээр Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ талаар тодруулахад дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий Б. нарын нэхэмжлэлтэй дээрх хэргийг хянан шийдвэрлэхэд Сонгуулийн Ерөнхий хорооноос сумын Сонгуулийн хороог байгуулах үндэслэлгүй юм гэсэн хариуг ирүүлсэн байна. сумын Сонгуулийн хороог Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба мөн аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сумын Сонгуулийн хороог татан буулгаж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын Сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй, хүчин төгөлдөр байгаа талаар талууд маргаагүй байна.

1.1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж заасан.

1.2. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор /хэргийн 3-р хавтасны 112-р хуудас/ Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.*******, гишүүн Н.*******, Ч.*******, Д.*******, А. нарыг аймгийн сонгуулийн хорооноос чөлөөлсөн байх бөгөөд Завхан аймгийн Сонгуулийн хороо нь бүрэлдэхүүнгүй болж ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй болсон талаар Б.******* мэдүүлсэн байна.

1.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж зааснаас үзвэл аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороог байгуулах эрх бүхий этгээд байх бөгөөд аймгийн Сонгуулийн хороо нь үйл ажиллагаагаа  дуусгавар болоогүй үед бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сумын сонгуулийн хороог байгуулсан, энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр байх тул Д.хүүг сумын сонгуулийн хороог төлөөлүүлэн оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч нарын Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолоос Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон гэх Б., Д.У, Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг Өгөөмөр багт явуулахыг даалгуулах, Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Сумын Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу орон нутгийн сонгуулийг тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах эрх хэмжээтэй байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байх ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5-д зааснаар сумын Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж нийтэд мэдээлэх, сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх эрх, хэмжээтэй байна.

2.2. Хариуцагч Завхан аймгийн сумын Сонгуулийн хороо дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолыг /хэргийн 1-р хавтасны 17-р хуудас/ гаргасан байна.

2.3. Маргаан бүхий захиргааны акт болох уг тогтоолоор Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг хавсралтаар баталж, тэднийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, уг шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

2.4. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана, 73 дугаар зүйлийн 73.2-д Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно, 73.3-д Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ, 73.4-д Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заажээ.

2.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна гэж дахин сонгууль явуулах үндэслэлийг тодорхой зохицуулсан. Мөн хуулийн 74.3-т Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж зааснаас харахад Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг хүчингүйд тооцсон нөхцөлд дахин сонгууль явуулах үүрэг хариуцагч сумын Сонгуулийн хороонд үүсэхээр байна.

2.6. Нэхэмжлэгч Б., Г., Ч., Л., Э., С, Ц., Б. нар Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-2-4 дүгээр тойрог /Өгөөмөр баг/-т Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн ба дараах үндэслэлээр Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой гэж маргасан байна.

2.7. Гуравдагч этгээд болох Б., Д.У, Ж., Ц., Г., Д., А., Ж. нарыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл сумын Өгөөмөр багийн малчин айлууд болох С., Ж., А. гэх мэт айлуудаар очиж биднийг багаар нь дэмжээрэй, намайг сонгоорой гэх сонгуулийн сурталчилгаа хийсэн. Мөн дээрх айлуудаар орохдоо архи, ундаа тарааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсан нь бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.

2.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ...аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэж,

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16-д Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал... сонгогчдын саналыг татах зорилгоор: 16.1.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн; 18-д Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад: 18.1.хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, 18.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн зөрчилд хариуцлага оногдуулах гэж тус тус заасан байх ба тэдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж, эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 9 болон 2.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан байна.

2.8. Завхан аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/869 /хэргийн 1-р хавтасны 96-р хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 1/400 /хэргийн 2-р хавтасны 244-р хуудас/, аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 37/1314 , Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/02 /хэргийн 1-р хавтасны 214-р хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/120 /хэргийн 2-р хавтасны 246-р хуудас/ дугаар албан бичгүүд болон 2023000259, 2023000261 дугаартай зөрчлийн хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээс харахад гуравдагч этгээд нарт холбогдуулан шалгасан зөрчлийн хэрэг байхгүй байна.

2.9. Монгол Ардын намаас нэр дэвшигч нар нь Өгөөмөр багийн айлуудаар орж эд зүйл тараасан гэх үйлдлүүд нь зөрчлийн хэрэгт цугларсан материал, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна гэж үзэн Завхан аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.*******гийн 2020 оны 11 сарын 29-ны өдрийн тогтоолоор /хэргийн 1-р хавтасны 179-р хуудас/ зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор /хэргийн 3-р хавтасны 35-р хуудас/ иргэн Ч.гоос гаргасан гомдлыг хүлээн авч, зөрчлийн 2023000261 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон.

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор /хэргийн 3-р хавтасны 37-р хуудас/ нэг холбогдогчид хамааруулж 4 хүн гомдол гаргасан ... нь тогтоогдсон, нэг хүний үргэлжилсэн үйлдэл байна гэж үзэн зөрчлийн 2023000259, 2023000261 дугаартай хэргүүдийг нэгтгэж, Ю.д холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба үүнд нэхэмжлэгч Б., Ч., Г. нараас гомдол гаргаагүй байна.

2.10. Ю.д холбогдох дээрх зөрчлийн хэргийн материалаас харахад гуравдагч этгээд нар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

2.11. Гэрч Ц., А., Б., Р., У., Б.******* нар нь сумын харьяалалтай иргэдийг Улаанбаатар хотоос үнэ төлбөргүй автобусаар зөөвөрлөсөн гэх үйл баримтын талаар мэдүүлсэн боловч уг ажиллагааг зохион байгуулахад Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нар оролцсон болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдохгүй байна.

2.12. Мөн гэрч С.ийн ...ямар ч байсан хүмүүс сурталчилгаа хийж ирсэн гэсэн. Ямар нэгэн эд зүйл тараасан зүйл байхгүй. 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр манайд ямар ч хүн ирээгүй /1-р хавтаст хэргийн 175-р хуудасны ар/ гэсэн, гэрч Б.******* /Ж.ын ээж/ ...МАН-аас нэр дэвшигч нар гээд хэдэн хүмүүс манайхаар 2020 оны 10 сарын 12-ны үеэр ирэх нь ирсэн. Ирэхдээ сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас өгчихөөд явсан. Ямар нэгэн эд зүйл өгсөн юм байхгүй. 2020 оны 10 сарын 14-ний өдөр манайд гаднаас ирсэн хүн байхгүй гэсэн /1-р хавтаст хэргийн 176-р хуудасны ар/, А.ын ...Сонгуульд нэр дэвшиж байгаа Ардчилсан нам болон Монгол Ардын намын тус бүр 8 хүн 10 сарын 8, 9-ны өдрүүдэд айлуудаар явж уулзалт хийсэн. Манайд ч орж ирсэн. Хоёр намын нэр дэвшигчид аль аль нь манайхаар орж ирсэн. Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, сонгуулийн хэвлэсэн материалуудаа өгөөд явсан....Нэр дэвшигчид нэг л удаа манайхаар орж ирсэн. Түүнээс хойш дахиж ирээгүй. Санал хураалтын өмнөх өдөр хэн ч ирж уулзаагүй. Манайх ганц гэрээрээ намаржаандаа байсан. Ойр хавиар айлууд байгаагүй гэсэн /хэргийн 1-р хавтасны 125-126-р хуудас/, гэрч П.гийн /ын эхнэр/ ...Манайхаар 2020 оны 10-р сарын 12-ны үед МАН-аас нэр дэвшигч нар гээд хэдэн хүн ирсэн, ирээд зурагт хуудас бүхий танилцуулга л өгсөн. Өөр ямар нэгэн эд зүйл тараасан өгсөн юм байхгүй. 2020 оны 10 сарын 14-ны өдөр манайд гаднаас ямар нэгэн хүн ирээгүй. Тийм зүйл байхгүй /1-р хавтаст хэргийн 178-р хуудасны ар/ гэсэн мэдүүлгүүдээр гуравдагч этгээд нарын хууль бус сурталчилгаа хийсэн, эд зүйл тараасан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

2.13. Монгол Ардын намаас сумын Өгөөмөр багт нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нар нь хуулиар хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан, сонгогчдын саналыг татах зорилгоор архи, эд зүйл тараасан, мөрийтэй тоглуулсан, Улаанбаатар хотоос сонгогчдыг үнэ төлбөргүй тээвэрлэсэн, өөртөө санал өгүүлэхээр ятгасан, амлалт өгсөн гэх зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай зөрчлийн болон эрүүгийн хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдээгүй талаар Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/185, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/02, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/120 дугаар албан бичгүүдээр /хэргийн 2-р хавтасны 246-р хуудас/ тус тус тогтоогдож байна.

2.14. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч сумын Сонгуулийн хорооны 2020 оны 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан Энэ хуулийн ...47.1, 47.5.1, 47.5.2...-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон... гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул сумын сонгуулийн хорооны 2020 оны 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон бол энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана. гэж заасан ба нэхэмжлэгч талаас  Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгох үндэслэлээ Завхан аймгийн сумын Монгол Ардын намын хорооноос сонгуулийн өдөр Улаанбаатар хотоос 45 хүний суудалтай автобусаар Өгөөмөр багийн 8 сонгогчийг үнэ төлбөргүй тээвэрлэж, ...Монгол Ардын Намын байранд аваачиж хооллож, үнэгүй авчирсан юм чинь хэнд өгөхөө мэдэж байгаа байлгүй гэх мэтээр сонгогчдын санал өгөх эрхэд халдаж тус байрнаас Өгөөмөр багийн сонгуулийн байр руу дахин 2 жижиг тэргээр үнэ төлбөргүй тээвэрлэн 8 хүнийг санал өгүүлснээр нэхэмжлэгч Б. 1 хүний саналаар, нэхэмжлэгч Ч. 7 хүний саналаар, нэхэмжлэгч Г. 5 хүний саналаар ялагдаж тухайн үйл ажиллагааны улмаас сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн тул Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.

3.1. Сумын сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-д зааснаар сумын Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж нийтэд мэдээлэх бүрэн эрхтэй байх ба Өгөөмөр багийн сонгуулийн дүнгээр /хэргийн 3-р хавтасны 90-р хуудас/ Б. 232, Г.******* 221, Д.У 213, Д. 213, Ц. 213, Ж. 208, А. 189, Ж. 187, Б. 186, Г. 181, Ч. 179, Л. 179, Э. 157, С 154, Б. 150, Ц. 149 сонгогчийн санал авснаар тус тус сонгуулийн дүн гарсан байна.

3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-т заасан сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэдгийг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно гэж тайлбарласан байна. Үүнээс үзэхэд урьд зарласнаас өөр байранд санал авсан, санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан, саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн зэрэг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулах талаар зохицуулсан агуулга бүхий байна. Энэхүү маргааны хувьд тус хуулийн 79.1.1, 79.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгч нараас дахин санал хураалт явуулах талаар биш дахин сонгууль явуулах талаар маргаж байгаа энэ тохиолдолд мөн хуулийн 79.5-д заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй.

3.3. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ЗШ/64 дугаартай шийтгэврээр /хэргийн 2-р хавтасны 202-р хуудас/ зөрчилд холбогдогч Ю.г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1 дэх заалтад заасан сонгогчдын саналыг татах зорилгоор үнэ төлбөргүй зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хариуцлага ногдуулсан байна. Түүний энэ үйлдлийн улмаас нэр бүхий 8 сонгогч сумын Өгөөмөр багт очиж санал өгснөөр тэдгээр сонгогчдын санал нэхэмжлэгч Б., Ч., Г. нарын сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц байх хэдий ч 8 сонгогч Өгөөмөр багт очиж санал өгсөн энэ байдал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-д заасанд хамаарахгүй байна.

3.4. Иймд сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй бөгөөд уг сонгуулийн дүнгээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг Өгөөмөр багт явуулахыг хариуцагч тус сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлагын тухайд:

4.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 4.7-д зааснаар Дахин сонгууль гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон, ...тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгох бөгөөд мөн хуулийн 77.1-д Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана гэж зааснаас харахад Сонгуулийн дүн гарсан шийдвэрийг хүчингүй болгосон, Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдлуудад дахин сонгууль явуулахаар байна.

4.2. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас Өгөөмөр багт нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нараас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5.1, 47.5.2-д заасныг зөрчсөн талаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул тус сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өгөөмөр багт дахин сонгууль явуулах эрх зүйн үндэслэл бий болоогүй байна.

4.2. Хариуцагч сумын Сонгуулийн хороо болон шүүхээс маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хүчингүй болгох үндэслэлгүй байх тул сумын Өгөөмөр багт дахин сонгууль явуулах үүрэг үүсээгүй байна.

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 2/179 дугаартай /хэргийн 1-р хавтасны 35-р хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 118/АБ2022/0083 дугаартай /хэргийн 2-р хавтасны 249-р хуудас/ албан бичгүүдээр нэхэмжлэгч нараас сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулах талаар сумын Сонгуулийн хороонд гомдол, хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад хариуцагчийн 2020 оны 11 сарын 09 /хэргийн 1-р хавтасны 34-р хуудас/, 2020 оны 11 сарын 23 /хэргийн 1-р хавтасны 36-р хуудас/-ны өдрүүдийн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нараас сумын сонгуулийн хороо болон хэсгийн хороонд ямар нэгэн гомдол, санал хүсэлт албан ёсоор ирүүлээгүй талаар тайлбарласан байна.

4.4. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр ...гомдолд дурдсан хууль бус сурталчилгаа явуулсан сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлсөн зэрэг зөрчлүүдийг аймгийн Сонгуулийн хороо шалгах эрх хэмжээ байхгүй бөгөөд дээрх гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж тогтоох эрх бүхий байгууллагад хандаж шалгуулах боломжтой гэсэн хариу /хэргийн 1-р хавтасны 40-р хуудас/ өгч байснаас үзэхэд сонгуулийн дүн гарсан шийдвэр болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай сумын Сонгуулийн хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагч сумын Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэхүй байхгүй тул дахин сонгууль явуулахыг даалгах шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх эрх зүйн үндэслэлүүдээр сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын холбогдох хэсэг болон уг Сонгуулийн хорооны үйл ажиллагаа нэхэмжлэгч нарын сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нэмж төлсөн байх бөгөөд нэг хариуцагчид холбогдуулж шаардлагаа нэмэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг хариуцагчид холбогдуулан явуулсан тул нэхэмжлэгч нарын илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б., Д., Ж., Ц., Г., Д., А., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий иргэн Б. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.АМАРЗАЯА